Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/23

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шр овогт Дгийн Мд холбогдох эрүүгийн 1812004950001 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:, Ш овогт Дгийн М/РД: 

 

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 45 минутаас 14 цаг 10 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэрх худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ дээр иргэн Б.Агийн зарлага хийж үлдээсэн 2.000.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*Эрүүгийн 1812004950001 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Б.Агийн өгсөн: 

“...Би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цаг 40 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэрх худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Хаан банкны АТМ дээр өөрийн картыг уншуулж 2 сая төгрөгийн гүйлгээ хийсэн бөгөөд яарч байсан учраас мөнгөө аваагүй гараад явсан. Тэгээд Тэрх худалдааны төвөөс гараад явж байтал миний утсанд мессеж ирэхээр нь нээгэд хартал миний данснаас 2 сая төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд гэнэт картаа уншуулснаа санаад эргээд Тэрх худалдааны төв рүү ортол миний мөнгийг хэн нэгэн аваад явчихсан байсан. Хяналтын камерийг шүүлгүүлэхэд нэг эрэгтэй хүн миний мөнгийг аваад халаасандаа хийгээд гарч байгаа нь харагдсан. Уг хүний дүрсийг өөрийн гар утсаар авч хүмүүст харуулахад уг хүнийг О гэдэг гэж хүмүүс хэлсэн. Тэр хүнээс би 1.900.000 төгрөгөө авсан. Одоогоор үлдсэн 100.000 төгрөгийг  аваагүй байна. Уг хүн ачааны автомашинтай хот хооронд ачаа ачдаг хүн гэсэн. Би уг хүнийг урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн байна лээ. Би өөрийн нөхөр болох Бтайгаа хамт явсан. Өөр хэн нэгэн мэдэхгүй байх. Манай нөхөр Б үүнийг сайн мэднэ. Би буруутай этгээдэд гомдолтой байна, 100.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/ 

 

*Гэрч Ч.Бын өгсөн: 

     “...Манай эхнэр Б.А нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цаг 40

минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт

үйл ажиллагаа явуулдаг Тэрх худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Хаан банкны

АТМ дээр өөрийнхөө виза картыг уншуулан 2 сая төгрөгийн зарлага хийсэн боловч мөнгөө

авалгүй орхиж явсан. Тэгээд Тэрх худалдааны төвөөс гараад явж байтал манай эхнэр

Агийн гар утсанд түүний данснаас 2 сая төгрөгийн зарлага хийгдсэн тухай мессеж

ирсэн. Тэгээд А бид хоёр буцаад Тэрх худалдааны төв рүү ортол мөнгө нь байхгүй

байсан. Хяналтын камерийг нь шүүлгэхэд нэг эрэгтэй хүн уг мөнгийг аваад халаасандаа

хийгээд буцаж байгаа бичлэг байсан. Тухайн бичлэгийг хүмүүст үзүүлж таних эсэхийг нь

асуухад уг хүнийг О гэдэг гэж хэлсэн. Тухайн хүнийг олж уулзаж 1.900.000

төгрөгийг буцаан авсан. Уг хүн эхлээд тийм байхгүй гээд мөнгө төгрөг өгөхгүй байсан.

Сүүлд нь өөрийнхөө бичлэгийг үзэж байж дээрх мөнгийг манай эхнэр Ад өгсөн

Одоо 100.000 төгрөг өгөхгүй байгаа. 100.000 төгрөгөөр автомашиндаа түлш хийсэн талаар

хэлж байсан. Тухайн үед хөдөө хуриманд явах гээд маш их ажилтай яарч явсан учраас

мөнгөө АТМ-ээс авалгүй орхисон. Манай эхнэр А бид хоёр хамт явсан юм. Манай эхнэр А Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн

нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэрх худалдааны төвд бэлэн хувцас зарж борлуулдаг

бөгөөд дээрх 2.000.000 төгрөг нь манай эхнэр Агийн мөнгө. Уг мөнгө нь 

худалдаа наймаа хийдэг, эргэлтийнх нь мөнгө. Одоо хараад танихгүй. Тухайн үед улаан ч билүү шар ч билүү юүдэнтэй цамцтай хүн байсан. Хүмүүст түүний зурагийг үзүүлэхэд таньж байсан. Тухайн хүний нэрийг О гэдэг гэж байсан. Оыг ачааны автомашинтай тээвэрт явдаг гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/ 

*Яллагдагч Д.Мын өгсөн: 

“...Би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байрлах Тэрх худалдааны төвийн АТМ дээр мөнгө авах гээд иртэл АТМ-ийн мөнгө гаргах хэсэгт их арвин мөнгө гарчихсан байсан. Би тэр үед мал ачих гээд яаруу ажилтай явсан учраас уг мөнгийг аваад уг мөнгөний 100,000 төгрөгөнд нь түлш хийгээд аймгаас гараад явсан. Намайг АТМ-ээс мөнгө авснаас хойш 3 цаг орчмын дараа над руу нэг эмэгтэй хүн залгаад та М гэдэг хүн мөн үү гээд АТМ дээрээс олсон мөнгөө авчираад өгчихөө, манай ээж гээгдүүлсэн байна гэж байсан. Би мөнгийг олсон гэхдээ би цагдаагийн байгууллагаар дамжуулж өгнө өө гэж хэлсэн. Тэгэхэд та наад мөнгөө авчихаад өгчихөө би таньд тодорхой хувийг нь өгье гэсэн. Тэгэхэд нь та нар цагдаагийн байгууллагад очоод энэ мөнгөний эзэн мөн гэдгээ нотлоод байж бай гэсэн. Тэгээд би 1 цагийн дараа аймаг орж ирээд шууд цагдаа дээр ирж мөнгийг эзэнд нь хүлээлгэн өгсөн. Тухайн үед би уг мөнгөнөөс 100,000 төгрөгөөр нь түлш хийчихсэн байсан учраас 100,000 төгрөгийг нь Улаанбаатар хотоос ирээд шилжүүлье гэсэн. Тэгээд уг мөнгөний эзэн надад баярласан талархсанаа илэрхийлэд явсан. Би 100,000 төгрөгийг нь А гэх хүний дансаар шилжүүлэн өгсөн. Намайг ороход АТМ дээр хүн байгаагүй. Намайг ортол АТМ-ны мөнгө гарах хэсэг нээлттэй тэр мөнгө гараад ирчихсэн байсан. Би өөрийн Хаан данснаас бэлэн мөнгө гарган авахаар очсон. Би АТМ дээр мөнгө авахаар очиход урдаас өчнөөн мөнгө гараад ирсэн учраас би мөнгө аваагүй. Би тухайн үед маш яаруу ажилтай явсан учраас уг мөнгийг авчирч өгөх боломжгүй байсан. Би тэр үед мөнгийг аваад явахдаа мөнгөний эзэн АТМ-ийн камераар намайг хараад залгана гэдгийг мэдэж байсан. Би тэр үед нь цагдаагийн байгууллагаар дамжуулж байж мөнгийг өгнө гэж бодож байсан. Тухайн үед надад шууд цагдаагийн байгууллага дээр ирэх боломж байгаагүй. Би маш яаруу ажилтай явсан юм. Уг мөнгөний эзэн над руу залгаад надад тодорхой хувийг нь өгөөд мөнгөө буцаагаад авъя гэхэд нь би өөрөө заавал цагдаагийн байгууллагаар дамжуулж өгнө гэсний дагуу иргэн А цагдаагийн байгууллагад мэдэгдэж би мөнгийг хүлээлгэн өгсөн. Надад уг мөнгийг завших санаа зорилго байгаагүй. Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1980 онд төрсөн. Архангай аймгийн 10 жилийн 3 дугаар сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын ЭКО ази дээд сургуулийг Байгаль орчны менежентийн ангийг суралцаж төгссөн. Одоо тус аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт эхнэр 3 хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг. Манай эхнэр Оюунгэрэл Өндөр-Улаан сумын Хануй багийн бага сургуульд бага ангийн багшаар ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 36 дугаар тал/ зэрэг болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 45 минутаас 14 цаг 10 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тэрх худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ дээр иргэн Б.Агийн зарлага хийж үлдээсэн 2.000.000 төгрөг алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.М үйлдсэн болох нь хохирогч Б.Агийн “...Хяналтын камерийг шүүлгүүлэхэд нэг эрэгтэй хүн миний мөнгийг аваад халаасандаа хийгээд гарч байгаа нь харагдсан. Уг хүний дүрсийг өөрийн гар утсаар авч хүмүүст харуулахад уг хүнийг О гэдэг гэж хүмүүс хэлсэн. Тэр хүнээс би 1.900.000 төгрөгөө авсан. Одоогоор үлдсэн 100.000 төгрөгийг  аваагүй байна. Уг хүн ачааны автомашинтай хот хооронд ачаа ачдаг хүн гэсэн. Би уг хүнийг урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн байна лээ. Би өөрийн нөхөр болох Бтайгаа хамт явсан..” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”... Хяналтын камерийг нь шүүлгэхэд нэг эрэгтэй хүн уг мөнгийг аваад халаасандаа 

хийгээд буцаж байгаа бичлэг байсан. Тухайн бичлэгийг хүмүүст үзүүлж таних эсэхийг нь

асуухад уг хүнийг О гэдэг гэж хэлсэн. Тухайн хүнийг олж уулзаж 1.900.000

төгрөгийг буцаан авсан. Уг хүн эхлээд тийм байхгүй гээд мөнгө төгрөг өгөхгүй байсан.

Сүүлд нь өөрийнхөө бичлэгийг үзэж байж дээрх мөнгийг манай эхнэр Ад өгсөн

Одоо 100.000 төгрөг өгөхгүй байгаа. 100.000 төгрөгөөр автомашиндаа түлш хийсэн талаар

хэлж байсан. Тухайн үед хөдөө хуриманд явах гээд маш их ажилтай яарч явсан учраас

мөнгөө АТМ-ээс авалгүй орхисон...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Мын өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримт Сиди бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй,  хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгч Д.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Д.М бусдын гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Дгийн Мыг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР