Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  П.Над холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Б.Алтанчимэг

Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, П.Над холбогдох 1712001810063Т дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт  Пгийн Н

 

П. Н нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой иргэн Я.От 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ холбогджээ

 

Архангай аймгийн Прокурорын газраас П.Над холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Б овогт Пгийн Ныг хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож; Шүүгдэгч П.Над холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож; Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокуроын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч П.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой иргэн Я.От 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч П.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Я.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Я.От холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч П.Над холбогдох хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч П.Ныг хуурамч бичиг баримт үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон хуулийн ерөнхий зохицуулалтыг баримталсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй шийдвэр болжээ.

Иймд П.Над холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй болж чадаагүй учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр П.Над холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийг баримтлах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч П.Над холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч П.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой иргэн Я.От 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь  тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх  хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

  Анхан шатны шүүх шүүгдэгч П.Ныг хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх ба шүүх хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч П.Над холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

 Харин хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь заалтыг баримталсан нь буруу байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцохыг зохицуулсан  бөгөөд тухайн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан. 

 

Шүүгдэгч П.Нын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруутайд тооцогдож байгаа хэдий ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын...”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт”  гэснийг   “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

 

                              ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ