Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 109

 

М.Б, М.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Гүнбилэг, Х.Оюунбат, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар магадлалтай, М.Б, М.Э нарт холбогдох 1825007890469 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ачуут овогтой М.Б;

 2.Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Паалин овогтой М.Э.

М.Б, М.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.Э, М.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч М.Э, М.Б нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч М.Э, М.Б нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ .

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос М.Э, М.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхсайхан бичсэн эсэргүүцэлдээ ...Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэн, 28 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэсэн, тухайлбал М.Б нь М.Эд шууд нөлөөлж бүлэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын үйлдлийн улмаас улсын төсөвт их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн шийдвэрлэсэн боловч шүүгдэгч М.Э, М.Б нарын бүлэглэн үйлдсэн гэж ялласан 4 үйлдлийг буюу

- “Ричи ойл” ХХК-ийн оролцсон “Оюут баг 2-5 дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах ОР-22/2018” дугаартай сонгон шалгаруулалт,

- “Ричи ойл” ХХК-ийн оролцсон “8 дугаар сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын ОР-16/2018” дугаартай сонгон шалгаруулалт,

- “Ган бөмбөрцөг” ХХК-ийн оролцсон “Согоот баг 6-р хорооллын 15 дугаар байрны 4 дүгээр блокийн дээврийн засварын ОР-34/2018” дугаартай сонгон шалгаруулалт,

-“Ган бөмбөрцөг” ХХК-ийн оролцсон Согоот баг 6-р хорооллын 16 дугаар байрны 1 дүгээр блокийн дээврийн засварын ОР-35/2018” дугаартай тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажилд оролцож, тус компаниудыг шалгаруулж бусдад давуу байдал бий болгосон үйлдлүүдэд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасныг зөрчиж дүгнэлтээсээ зөрүүтэй шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон атлаа шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын төсвөөс олгогдсон хөрөнгийг /давуу байдал бий болсон этгээд олж авч ашигласан/ хохирол гэж үзээгүй нь ойлгомжгүй байна.

Хэрвээ гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй бол хэн нэгэн хүн, хуулийн этгээд тендер сонгон шалгаруулалтад шударгаар оролцон уг хөрөнгийг захиран зарцуулах боломж байсан бөгөөд хохирогчийн төлөөлөгч “хохирол учраагүй” гэж мэдүүлснийг үндэслэл болгон “их хэмжээний хохирол учруулсан” үйлдлийг хэрэгсэхгүй болгож зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй болсон.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б, М.Э нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байхад Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй гэхээс илүүтэй холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлд хамаарч байх ба тэдгээрийн үйлдлийг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна гэж дүгнэн шүүгдэгч М.Б, М.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Б нь Баянцагаан багийн шинэ хороололд зөөврийн худаг барих ОР-120/2018 дугаартай 20.494.350 төгрөгийн тендерийг зохион байгуулах ажиллагаанд оролцон өөрийн хамаарал бүхий компани болох “Ричи ойл” компани, мөн тус компаний захирал Л.Даваасүрэнгийн эзэмшдэг “Ган бөмбөрцөг” компаниудад тендерт оролцуулах урилга хүргүүлсэн, ... уг тендерийг “Ричи ойл” ХХК авсан болох нь тогтоогдож М.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг хангасан байхад Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Быг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна гэж дүгнэсэн, шүүгдэгч М.Эг “Ахин Ундрах” ХХК-ийн захирал Б.Б, “Зургаан зараа” ХХК-ийн захирал Ч.Б нартай ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал хэрэгт авагдсан дансны хуулганууд, гэрч Б.Ш, М.Ц нарын “...Э, Б нар сайн найзууд, одоо ч гэсэн найз нөхдийн холбоотой байдаг...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог гэж дүгнэсэн атлаа дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримтыг дурдалгүй шүүгдэгч М.Эг “Ахин-Ундрах” ХХК-ийн захирал Б.Б, “Зургаан зараа” ХХК-ийн захирал Ч.Б нартай хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй болно гэж зөрүүтэй дүгнэлт тус тус хийж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс илт зөрүүтэй Эрүүгийн хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн.

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, М.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож байгааг дурдаагүй.

Мөн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байна, үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт нь хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн нь тогтоогдвол уг шийдвэрийг дэмжсэн бүх гишүүдэд ... хариуцлага хүлээлгэх..., мөн шүүгдэгч М.Эг дангаар шийдвэр гаргадаг эрх бүхий этгээдтэй адилтган үзэн дүгнэж Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин дээрх нэр бүхий компаниудыг шалгаруулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Х.Оюунбат хэлсэн саналдааПрокурорын эсэргүүцлийн Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэл нь хуульд заасан шаардлагад хамааралгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Яллах дүгнэлтэд дурдсан М.Бын үйлдэлд анхан болон давж заалдах шатны шүүх адил дүгнэлт хийсэн буюу Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд мөн хуулийн 34.19 дүгээр зүйлд заасныг дурдаагүй нь 39.8 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцсоныг анхаарч шийдвэрлэж өгнө үү. Прокурор шүүх хуралдаанд эсэргүүцлийг дэмжихгүйгээр хэргийг прокурорт буцаах дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй. Учир нь Д.Соёлчхүү гэм буруутай эсэхэд урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Гүнбилэг хэлсэн саналдааМ.Б “гэрээний урилга гэх зүйлийг өгсөн” гэж прокурор иргэний эрх зүйн мэдлэгийн алдаа гаргасан. Тендерийн урилгыг салбарын байгууллагуудад л явуулсан. Уг саналд очиж гарын үсэг зурснаар гэрээ болно. Тэгэхээр М.Бын тухайд урилга явуулсны дараа бусад үйл ажиллагаанд огт оролцоогүйг анхаарахыг хүсье. Тендер бол хэн нэгэнд давуу байдал олгож буй үйл ажиллагаа юм. Гэхдээ гэмт үйлдэл бий эсэхэд дүгнэлт хийх ёстой. М.Б ямар ч тендерт нарийн бичгээр оролцоогүй гэдгийг цохон тэмдэглэе. Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэгт тооцох үйлдэл хийгээгүй бол ямар учраас хохирол учирсан гэдэг нь тодорхой. Прокурор эсэргүүцлийг дэмжихгүй, шинэ санал гаргалаа. Хуулийн байгууллага М.Быг залхаан цээрлүүлэх гэж байгаа мэт дахин дахин шалгаж болохгүй. Бидэнд хүний эрхийг хангах мэдрэмж байх ёстой. Шүүгдэгч М.Бын хувьд ямар ч буруугүй” гэв.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Д.Энхцэцэг хэлсэн саналдааОрхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Прокурорын бичсэн эсэргүүцэл нь хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байна. Иймд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Хяналтын шүүх хуралдаанд оролцож буй прокурор эсэргүүцлийг дэмжихгүй нөхцөл байдал илэрлээ. Зөвхөн эсэргүүцлийн хүрээнд хэргийг хэлэлцэх учир прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Б, М.Э нарыг нийтийн албан тушаалд буюу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон гэж дүгнэж прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч М.Б, М.Э нарын албан үүрэгт ажлын үр дүнд захиалагч буюу Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Соёлчхүү гэрээ байгуулж төрийн өмчөөр ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа явагддаг болох нь тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох Д.Соёлчхүүд хэрхэн нөлөөлсөн, ямар байдлаар, ямар аргаар давуу байдал бий болгосныг шалгахгүйгээр шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.Б, М.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч М.Б, М.Э нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах замаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч М.Б, М.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзлээ.

Монгол Улсын Их хурлаас “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц”-д нийцүүлэн баталсан “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозицэд заасан “Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарах, мөн “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчлан аутентик тайлбар хийснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Э нь 2017, 2018 онд Орхон аймгийн Орон нутгийн өмчит газарт худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зарим барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерт оролцох шалгуурыг хангаагүй, нэг ангид хамт сурч байсан Ч.Б захиралтай “Зургаан зараа” ХХК-ийг захиалагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай OP-24/2017 дугаартай 50,733,251 төгрөгийн, OP-127/2017 дугаартай 24,563,684 төгрөгийн, OP-32/2018 дугаартай 20,009,181 төгрөгийн, OP-137/2018 дугаартай 31,296,934 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг,

мөн тендерт оролцох шалгуурыг хангаагүй, хувийн харилцаа холбоотой Б.Б захиралтай “Ахин ундрах” ХХК-ийг захиалагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай OP-145/2017 дугаартай 20,897,637 төгрөгийн, OP-144/2017 дугаартай 20,631,021 төгрөгийн, OP-151/2017 дугаартай 20,842,738 төгрөгийн, OP-28/2018 дугаартай 19,867,732 төгрөгийн, OP-29/2018 дугаартай 20,145,837 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус шууд байгуулахад албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон,

шүүгдэгч М.Б нь 2017-2018 онд Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн эхнэр Д.Эрдэнэчимэг болон хувийн харилцаа холбоотой Э.Даваасүрэн нарын тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшдэг “Ричи ойл” ХХК-ийг захиалагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай OP-120/2018 дугаартай 20,494,350 төгрөгийн, OP-22/2018 дугаартай 44,516,383 төгрөгийн, ОР-16/2018 дугаартай 82,830,884 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг,

мөн Э.Даваасүрэнгийн эзэмшлийн “Ган бөмбөрцөг” ХХК-ийг захиалагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай OP-34/2018 дугаартай 24,633,012 төгрөгийн, OP-35/2018 дугаартай 21,633,012 төгрөгийн ажлын гэрээ тус тус байгуулахад албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж, өөртөө болон бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан М.Б, М.Э нар нь “Зургаан зараа”, “Ахин ундрах”, “Ричи ойл”, “Ган бөмбөрцөг” нэртэй компаниуд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх тендерт шалгарч, захиалагчтай шууд гэрээ байгуулсан үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж оролцоогүй хэмээн маргаж буй хэдий ч дээрх компаний удирдлагууд нь шүүгдэгч нартай хувийн харилцаа холбоотой, нэгдмэл ашиг сонирхолтой болох нь гэрч Э.Даваасүрэн, Д.Эрдэнэчимэг, П.Одонтунгалаг, Ч.Б, Б.Б, Э.Золзаяа, Б.Эрдэнэбилэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, тэдгээрийн гар утасны болон дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хувьцаа эзэмшигч болон удирдлага нь шүүгдэгч М.Этай найз нөхдийн харилцаа холбоотой “Зургаан зараа”, “Ахин ундрах” нэртэй компаниуд тендерт оролцох техникийн болон чадавхийн шаардлагыг илтэд хангаагүй атлаа удаа дараа захиалагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шаардлагыг зөрчсөн ба энэхүү үйл баримт нь Сангийн яамны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6-1/1838 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн зөвлөмж, тайлбар /1хх-192/, холбогдох тендер сонгон шалгаруулалтын материал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогджээ.

Түүнээс гадна шүүгдэгч М.Б, М.Э нар нь Орхон аймгийн Орон нутгийн өмчит газарт худалдан авалт хариуцсан мэргэжилтний хувьд тус аймагт төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын тендерт оролцохоор материал ирүүлсэн, эсхүл уг ажлыг гүйцэтгэхээр захиалагч Засаг даргын тамгын газартай шууд гэрээ байгуулсан нэр бүхий компаниудтай ашиг сонирхлын зөрчилтэй талаараа “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдүүлэх үүргээ биелүүлж байгаагүй бөгөөд тендерт оролцох урилга хүргүүлсэн гэх бусад компаниуд бодит байдалд урилга хүлээж аваагүй, мөн урилга хүлээж авсан боловч аймгийн Орон нутгийн өмчит газраас материал ирүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэний дагуу тухайн тендерт оролцоогүй, эсхүл шүүгдэгч нарын хамаарал бүхий компаниудын оролцсон тендерт бусад компани шалгарч байгаагүй талаар гэрч Л.Оюунгэрэл, Б.Эрдэнэбилэг, Ж.Оргил, Б.Болдбаатар, Б.Золжаргал, Б.Баттуул, Б.Туул, Ц.Энхбат, М.Майцэцэг нарын өгсөн мэдүүлгүүд, холбогдох тендерийн материалуудаар шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа ашиглан тендер шалгаруулах үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж, бусад компаний тендерт шударгаар өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Ийнхүү анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.Б, М.Э нарыг албаны эрх нөлөө буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой “Зургаан зараа”, “Ахин ундрах”, “Ричи ойл”, “Ган бөмбөрцөг” зэрэг компаниудыг Орон нутгийн өмчит газраас зарласан тендер шалгаруулахад нөлөөлж, өөртөө болон бусдад хууль бус давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч М.Б, М.Э нарт тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд Орхон аймгийн Орон нутгийн өмчит газраас 2017-2018 онд зохион байгуулсан зарим тендер шалгаруулах ажиллагаанд Орон нутгийн өмчит газрын мэргэжилтэн М.Б, М.Э нартай ашиг сонирхлын зөрчил бүхий, мөн тендерт оролцох техникийн болон чадавхийн шаардлага хангаагүй компаниуд удаа дараа шалгарч, захиалагчтай шууд гэрээ байгуулсан үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь харьцуулан үнэлэх замаар шүүгдэгч М.Б, М.Э нарын үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахгэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бодит байдлаар сэргээн тогтоож, тэдгээрийн үйлдэл болон үр дагаврын шалтгаант холбоо, гэм буруугийн бодит хамаарлыг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүхээс Орхон аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зарим ажлын тендерт нэр бүхий компаниуд шалгарч, захиалагчтай гэрээ байгуулсан үйл ажиллагаанд Орон нутгийн өмчит газрын мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч М.Б, М.Э нар хэрхэн хууль бусаар нөлөөлсөн нь тогтоогдоогүй, тэдгээрийн гэм буруутай эсэхэд эргэлзэх нөхцөл байдал үүссэн гэх агуулга бүхий дүгнэлт хийж, улмаар шүүгдэгч М.Б, М.Э нарын хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудын харилцан хамаарал, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг нэг бүрчлэн үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилснийг хяналтын шатны шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн тул тухайн шийдвэрийг эс зөвшөөрч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаар Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхсайханы бичсэн эсэргүүцэл, мөн хэргийг прокурорт буцааж бусад албан тушаалтны үйлдлийг нэмж шалгуулах талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын гаргасан дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлгүй юм.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд тендер шалгаруулах үнэлгээний хороо болон захиалагч Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтныг холбогдуулан шалгасан эсэх нь шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч М.Б, М.Э нарын гэм бурууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхсайханы бичсэн эсэргүүцлээс шүүгдэгч М.Б, М.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

            ДАРГАЛАГЧ                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                              Б.БАТЦЭРЭН

    Ч.ХОСБАЯР

     Б.ЦОГТ