Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/292

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

       шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч

       улсын яллагч Ц.Л

       хохирогчийн төлөөлөгч О.Э

       шүүгдэгч М.Э, М.Б, түүний өмгөөлөгч Д.Э, Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

         Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э, М.Б нарт холбогдох эрүүгийн 1825007890469 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч :Монгол улсын иргэн, М.Э

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  М.Б

      Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос,шүүгдэгч М.Эг нийтийн албан тушаалд буюу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017, 2018 онуудад албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “Зургаан зараа” ХХК-ны оролцсон 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5-р хорооллын 6,7 дугаар байрны дээврийн засварын ОР-24/2017 дугаартай 50.733.251 төгрөгийн ажил,

       -2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-р хорооллын 23 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-127/2017 дугаартай 24.563.684 төгрөгийн ажил,

        -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4-р хорооллын 6 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-32/2018 дугаартай 20.009.181 төгрөгийн ажил,

        -2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын ОР-137/2018 дугаартай 31.296.934 төгрөгийн ажил,

       - “Ахин ундрах” ХХК-ны оролцсон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн 1-р хорооллын 5 дугаар байрны 5-р блокийн дээврийн засварын ОР-145/2017 дугаартай 20.897.637 төгрөгийн ажил,

       -2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн 2-р хорооллын 6 дугаар байрны 2-р блокийн дээврийн засварын ОР-144/2017 дугаартай 20.631.021 төгрөгийн ажил,

-2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн 2-р хорооллын 11б дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-151/2017 дугаартай 20.842.738 төгрөгийн ажил,

       -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 2-р хорооллын 5 дугаар байрны 2-р блокийн дээврийн засварын ОР-28/2018 дугаартай 19.867.732 төгрөгийн ажил,

-2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 2-р хорооллын 11а дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-29/2018 дугаартай 20.145.837 төгрөгийн ажил,

     -Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн М.Бтай бүлэглэн түүний болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгж болох “Ричи ойл” ХХК-ны оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн Оюут баг 2-5 дугаар байрны дэргэд тогтоолын талбай байгуулах ОР-22/2018 дугаартай 44.516.383 төгрөгийн ажил,

       -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 8-р сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын ОР-16/2018 дугаартай 82.830.884 төгрөгийн ажил,

      - “Ган бөмбөрцөг” ХХК-ны оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 6-р хорооллын 15 дугаар байрны 4-р блокийн дээврийн засварын ОР-34/2018 дугаартай 24.633.012 төгрөгрийн ажил,

       -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 6-р хорооллын 16 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-35/2018 дугаартай 21.633.012 төгрөгийн ажлуудын тендерийн зохион байгуулалтанд оролцож, сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллан “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин дээрхи нэр бүхий компаниудыг шалгаруулж бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 402,105,510 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

          2.Шүүгдэгч М.Быг нийтийн албан тушаалд буюу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2018 онд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “Ричи ойл” ХХК-ны оролцсон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эхлүүлсэн Баянцагаан баг шинэ хороололд зөөврийн худаг барих ОР-120/2018 дугаартай 20.494.350 төгрөгийн тендер зохион байгуулалтанд оролцож “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин тус компанийг шалгаруулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 20.494.350 төгрөгийн хохирол учруулсан,

      -Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн М.Этай бүлэглэн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгж болох “Ричи ойл” ХХК-ны оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн Оюут баг 2-5 дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах ОР-22/2018 дугаартай 44.516.383 төгрөгийн ажил,

       -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 8-р сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын ОР-16/2018 дугаартай 82.830.884 төгрөгийн ажил,

       -“Ган бөмбөрцөг” ХХК-н оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 6-р хорооллын 15 дугаар байрны 4-р блокийн дээврийн засварын ОР-34/2018 дугаартай 24.633.012 төгрөгрийн ажил,

      -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 6-р хорооллын 16 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-35/2018 дугаартай 21.633.012 төгрөгийн ажлуудын тендерийн зохион байгуулалтанд оролцож, сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан М.Эд шууд нөлөөлж “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин дээрх нэр бүхий компаниудыг шалгаруулж бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт 171,117, 494 төгрөгийн, нийт 193,611,845 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт;  

             -шүүгдэгч М.Эгийн мэдүүлсэн: “Зургаа зараа” ХХК, “Ахин ундрах”ХХК-ний тендерүүдийг авч үзвэл ЗДТГ шууд гэрээ байгуулсан байдаг. Өмчийн газраас санал авдаггүй. Би шийдвэр гаргах түвшний ажилтан биш.Эдгээр компаниуд 2013 оноос хойш байнга л тендер авч байсан.Би материалыг шалгаж танилцуулдаг, ЗДТГ-ын дарга гэрээ байгуулдаг.Буянбатыг 2013 оноос тендерт орох болсноос хойш мэднэ,Баттулга нь дунд ангид хамт сурч байсан байдаг.Сүүлд мэдсэн.Зургаанзараа ХХК түүнийх гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг,

 

          -шүүгдэгч М.Бын мэдүүлсэн: Баянцагаан багийн худгийн тендерийг зохион байгуулж оролцсон.Тендерийг нээхэд ямар ч компани ороогүй байсан.Оролцогч байхгүй,тендер амжилтгүй болсон.Энэ тухай дүгнэлтийг захиалагч ЗДТГ-т хүргүүлж үүгээр миний ажил дуусгавар болсон.Худалдан авах ажиллагаа зохион байгуулах мэрэгжилтнээр ажилласан.Эцсийн шалгаруулах эрх захиалагч буюу ЗДТГ-т байдаг.4 тендерт Эд нөлөөлж бүлэглэсэн гэсэн байдаг.Эцсийн шалгаруулах эрх захиалагчид байдаг.Эд яаж нөлөөлсөн байх вэ.Нөлөөлөх боломжгүй гэх мэдүүлэг,

    -хохирогч О.Э мэдүүлсэн: Тухайн тендерүүдэд оролцсон компаниуд ажил гүйцэтгэсэн.захиалагч хүлээн авсан байдаг.Ажил чанарын шаардлага хангасан,мөнгөн хохирол учраагүй гэж үзсэн.Гүйцэтгэлийг хүлээн авсан тул санхүүжилт олгосон байдаг.Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

        Хавтаст хэргээс яллах болон цагаатгах талуудын шинжлэн судалсан:

        - Хохирогч О.Э мэдүүлсэн...Төрийн сангийн хөрөнгө нь орон нутгийн төсвөөс бүрддэг. Орон нутгийн төсөвт хохирол учирсан бол түүнийгээ нэмэмжлэх байр сууринаас оролцоно...” гэсэн мэдүүлэг /1-р хх-48/,

        - гэрч Б.Буянбатын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-13-41/,

          - гэрч Э.Даваасүрэнгийн мэдүүлсэн...Би М.Б гэх одоо Орон нутгийн өмчийн газарт мэргэжилтнээр ажилладаг залуутай 1998 онд нэг жил Булган аймгийн 1-р 10-н жилийг төгссөн. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2012 онд нийтийн тээвэрт явж байхад М.Б цугтаа явж таарсан. Тэгээд бие биенийгээ мэдэлцээд түүнээс хойш холбоотой болсон. Ингээд 2014 онд билүү 2015 онд би барилгын компани сонирхож явж байгаад М.Б таараад барилгын тохижилт үйлчилгээний “Ричи ойл” ХХК-ийг зарна гэхээр нь М.Баас худалдан авахаар тохирсон. Тэгсэн чинь М.Б компаниа 100% зарахгүй, эхнэр Д.Эрдэнэчимэг нь шатахууны бизнес хийх санаатай байгаа юм. Тиймээс 50%-ийг нь чам дээр шилжүүлж болно гэсэн. М.Баас компанийх нь 50%-ийг худалдаж авсан. Түүнээс хойш би 2017 онд дангаараа “Ган бөмбөрцөг” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Ричи ойл” ХХК-иар 2017, 2018 онд орон сууцны дээвэр засварын ажлыг 5 удаа, тохижилтын ажил 2 удаа, худгийн ажил 1 удаа тендерийн сонгон шалгаруулалтаар авч хийсэн. “Ган бөмбөрцөг” ХХК-иар 2017, 2018 онд орон сууцны дээврийн ажлыг 4 удаа, тохижилтын ажил 1 удаа тендерийн сонгон шалгаруулалтаар авч хийсэн. 2 компаниараа буюу “Ган бөмбөрцөг” ХХК, “Ричи ойл” ХХК-иар зөөврийн худаг барих тендерийн урилга авсан боловч оролцоогүй. Дараа нь өөрт байсан материалаараа оролцоод үзье гэж хүсэлтээ өгөөд ЗДТГ-тай гэрээ байгуулсан. Тус тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга М.Б байсан юм байна лээ. Би Баас тендерт оролцох урилга авсан.Тендерт оролцох урилга аваад шалгараад гэрээ байгуулсан, хэлэлцээр хийсэн эсэхээ санахгүй байна.6-15 байрны 4-р блок, 6-16 байрны 1-р блокийн дээврийн засварын ажпын тендер нэг өдөр зарлагдаж оролцох журмаар оролцоод шалгарсан. 2-5 байрны тоглоомын талбайн тохижилтын ажил тендер амжилтгүй болсныг мэдээгүй. 8-р сургуулийн биеийн тамирын гадна талбайг иж бүрэн тохижуулах тендерийг миний танил дүү “Ди Ти И Эм Строй” ХХК-ний захирал Э.Тэмүүжин надаас “Ричи ойл” ХХК-иар чинь тендер авья гэж гуйсан. Би өөрийн нэрээр материал бүрдүүлж өгөөд ажлыг нь Э.Тэмүүжин хийсэн... /1-р хх-55-56/, ...Би өөрийн ХААН банкин дахь 5093243405 тоот данснаас 2018 оны 05 сарын 3-ны өдөр М.Бын ХААН банкин дахь 5097002963 тоот данс руу шилжүүлсэн 50.000 төгрөг нь зээлүүлсэн мөнгө байгаа юм. Эргүүлээд хэзээ өгснийг нь санахгүй байна. 2017 оны 9 сарын 4-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 10 сарын 1-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 100.000 төгрөгийг М.Б надаас зээлсэн мөнгө байгаа юм. Ер нь М.Б бид хоёрын хувьд хоорондоо шилжүүлсэн гүйлгээнүүд дандаа зээл байгаа байх. Мөнгө төгрөг яаралтай хэрэг болсон үедээ бие биенээсээ зээлэх тохиолдол их байдаг. 2017 оны 11 сарын 8-ны өдрийн Д.Эрдэнэчимэгээс орлогоор орж ирсэн 455.000 төгрөг, 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 325.000 төгрөгийг, 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 1.000.000 төгрөгийг, 2017 оны 12 сарын 2-ны өдрийн 200.000 төгрөгийг, 2018 оны 2 сарын 6-ны өдрийн 100.000 төгрөгийг санахгүй байна. 2018 оны 2 сарын 6-ны өдөр орлогоор орж ирсэн 40.000 төгрөг нь цагаан сарын айраг худалдан авсан мөнгө байх. 2018 оны 3 сарын 9-ний өдрийн 1.000.000 төгрөгийг ямар зорилгоор Д.Эрдэнэчимэг рүү шилжүүлснээ санахгүй байна”... гэсэн мэдүүлэг /1-р хх-58-59/,

 

        -Гэрч Д.Э-ийн мэдүүлсэн...Миний өөрийн үүсгэн байгуулсан хуулийн этгээд гэж байхгүй. Нөхөр М.Бын 2014 онд үүсгэн байгуулсан “Ричи ойл” ХХК гэж байгаа. Би тус компанийн 50%-ийн хувьцааг эзэмшдэг. Үлдсэн 50%-ийг Э.Даваасүрэн гэж залуу эзэмшдэг. Компанийн үйл ажиллагаа нь худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Би Э.Даваасүрэнг нөхөр М.Бын танил гэдгээр нь мэднэ.../1-р хх-ийн 60-р хуудас/ ...Ч.Баттулга, Б.Буянбат нарыг огт танихгүй. М.Э нь нөхөр М.Бтай хамт ажилладаг хүн гэдгээр нь мэднэ. Э.Даваасүрэн мөнгө төгрөг зээлээч гэж гуйсан байхдаа, тэгээд л шилжүүлсэн байх. Ч.Буянбатаас орж ирсэн 4.000.000 төгрөгийг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-61-62/,

 

       -Гэрч П.О-ийн мэдүүлсэн...Ричи ойл” ХХК-ийг нөхөр Э.Даваасүрэнгийн найз М.Б үүсгэн байгуулсан. Компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаатай холбоотой нарийн асуудлыг би мэдэхгүй байна. Нөхөр Э.Даваасүрэн болон М.Б нар л мэдэх байх. “Ган бөмбөрцөг” ХХК-ийг нөхөр Э.Даваасүрэн үүсгэн байгуулсан. Миний хувьд дээрх хоёр компанийн санхүүгийн тайланг гаргадаг, аль алиных нь нягтлан бодогчоор ажиллаж байна. Нөхөр Э.Даваасүрэн ярихдаа М.Бтай дунд сургуулийн найзууд гэж хэлдэг. Одоо бид нар гэр бүлийн найз нөхдийн холбоотой байдаг... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 63-64/,

      - Гэрч Л.О-ийн мэдүүлсэн...2018 оны 11 сард Авилагтай тэмцэх газраас шалгалт ирэх үеэр М.Бын эхнэр Д.Эрдэнэчимэг нь “Ричи ойл” ХХК-ний 50 хувийн хувьцааг эзэмшдэг талаар мэдсэн. Тэгээд шалгалтынхан явсны дараа би М.Бтай уулзаж өөрөөс нь асуухад үнэн гэж надад хэлсэн. “Ричи ойл” ХХК нь 2018 онд шууд гэрээ байгуулах аргаар 3 ажил авсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-65- 66-р/,

        -Гэрч М.М-ийн мэдүүлсэн...Би “Мэргэн мэд” ХХК-иар Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 онд зарласан 2 удаагийн тендер сонгон шалгаруулалтанд оролцсон. Би Баянцагаан багт зөөврийн худаг барих тендер сонгон шалгаруулалтанд оролцох урилгыг авсан. Намайг урилга авсны дараа аймгийн ОНӨГ-аас нэг эрэгтэй хүн утсаар залгаад “худалдан авах ажиллагааны газраас ярьж байна, материалаа өгөх шаардлага байхгүй” гэж хэлсэн. Би анх удаагаа тендерт оролцож байсан учраас ярианых нь өнгөнөөс болохгүй юм байна гэж ойлгосон. Яагаад материалаа өгч болохгүй талаар нь тухайн үед асууж тодруулаагүй...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-69/,

 

        -Гэрч Э.Т-ийн мэдүүлсэн...8-р сургуулийн биеийн тамирын гадна талбайг иж бүрэн тохижуулах тендер 2 удаа зохион байгуулагдсан бөгөөд эхний удаад нь “Ди Ти И Эм Строй” ХХК-иас гадна “Сайхан хульж” ХХК оролцоод амжилтгүй болсон. Дараа нь дахин сонгон шалгаруулалт зарлахаар нь манай “Ди Ти И Эм Строй” ХХК ганцаараа оролцоод бас шаардлага хангаагүй гээд амжилтгүй болсон. Сүүлд нь Э.Даваасүрэнгийн “Ричи ойл” ХХК нь шууд гэрээ байгуулсан байсан. Ижил төстэй ажил хийж байгаагүй, туршлага байхгүй гэдгээр хасаад байдаг. Тэгсэн мөртлөө Э.Даваасүрэнгийн “Ган бөмбөрцөг” ХХК болон “Ричи ойл” ХХК-тай гэрээ байгуулчихсан байдаг” гэсэн мэдүүлэг. /1-р хх-70-71/,

 

      -Гэрч Д.Т-ын мэдүүлсэн...2000 онд “Сайхан хульж” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2017 оноос хойших хугацаанд 20 гаран удаагийн барилгын засварын чиглэлийн тендер сонгон шалгаруулалтанд оролцож байсан боловч нэг ч удаа тендер аваагүй. 8-р сургуулийн биеийн тамирын гадна талбайг иж бүрэн тохижуулах тендерт ямарч байсан тендерийн материал өгсөн. Тэгээд надад тендерт шаардлага хангахгүй материал өгсөн гэсэн хариу өгсөн...гэх мэдүүлэг

 

      -Гэрч Б.Б-ийн мэдүүлсэн...6-15 байрны 4-р блокийн дээвэр засварын ажлын тендерт тендерийн материалыг худалдан авч өөрийн материалаа бүрдүүлээд өгсөн. Гэтэл 2017 оны санхүүгийн тайланг баталгаажуулаагүй гэдэг шалтгаанаар тэнцэхгүй гэсэн хариу өгсөн. Жижигхээн шалтгаанаар унагаагаад байдаг... Жижигхэн ч хамаагүй өө шалтаг олоод унагаадаг. Арай үг үсгийн алдаатай байна гэж л унагаахгүй байх. Шалгараад байгаа компанийн материал үнэхээр төгс гэдэгт гайхдаг” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73/,

       -Гэрч М.А-йн мэдүүлсэн ...Зөөврийн худаг барих ажлын 20,494,350 төгрөгийг гүйцэтгэгч “Ричи ойл” ХХК-ийн Капитрон банкны 3052004867 дансанд шилжүүлсэн. Оюут баг 2-5 байрны дэргэд тоглоомын талбай байгуулах ажлын 44,516,383 төгрөгийг гүйцэтгэгч “Ричи ойл” ХХК-ийн Капитрон банкны 3052004867 дансанд шилжүүлсэн. 8-р сургуулийн биеийн тамирын гадна талбайг иж бүрэн тохижуулах ажлын 82,830,884 төгрөгийг гүйцэтгэгч “Ричи ойл” ХХК-ийн Капитрон банкны 3052004867 дансанд шилжүүлсэн. 6-15 байрны 4-р блокийн дээвэр засварын ажлын 24,137,216 төгрөгийг гүйцэтгэгч “Ган бөмбөрцөг” ХХК-ийн Хас банкны 5002019667 дансанд шилжүүлсэн. 6-16 байрны 1-р блокийн дээвэр засварын ажлын 21,633,012 төгрөгийг гүйцэтгэгч “Ган бөмбөрцөг” ХХК-ийн Хас банкны 5002019667 дансанд шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 74-75-р хуудас/ ...5-6, 7-р байрны дээвэр засварын ажлын санхүүжилт 50,733,251 төгрөгийг 2017-7-21-ний өдөр “Зургаан зараа” ХХК-ний ХХБ-ны 407256570 данс руу шилжүүлсэн. 2-23 байрны 1-р блокийн дээвэр засварын ажлын санхүүжилт 24,563,684 төгрөгийг 2017-10-26-ны өдөр “Зургаан зараа” ХХК-ний ХХБ-ны 407256570 данс руу шилжүүлсэн. 4-6 байрны 1-р блокийн дээвэр засварын ажпын санхүүжилт 20,009,181 төгрөгийг 2018-10-04-ний өдөр “Зургаан зараа” ХХК-ний ХХБ-ны 407256570 данс руу шилжүүлсэн. БОЭТ-ийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын ажлын санхүүжилт 23,808,484 төгрөгийг 2018-7-9-ний өдөр “Зургаан зараа” ХХК-ний ХХБ-ны 407256570 данс руу шилжүүлсэн. /эхний гүйцэтгэлээр/ 7,488,450 төгрөгийг 2019-4 сард “Зургаан зараа” ХХК-ний ХХБ-ны 407256570 данс руу шилжүүлсэн. /сүүлийн гүйцэтгэлээр/ 2-11а байрны 1-р блокийн дээвэр засварын ажлын санхүүжилт 20,145,837 төгрөгийг 2018-8-7-ны өдөр “Ахин ундрах” ХХК-ний ХХБ-ны 407255429 данс руу шилжүүлсэн. 1-5 байрны 5-р блокийн дээвэр засварын ажлын санхүүжилт 20,897,637 төгрөгийг 2017-10-26-ны өдөр “Ахин ундрах” ХХК-ний ХХБ-ны 407255429 данс руу шилжүүлсэн. 2-6 байрны 2-р блокийн дээвэр засварын ажпын санхүүжилт 20,631,021 төгрөгийг 2017-10-26-ны өдөр “Ахин ундрах” ХХК-ний ХХБ-ны 407255429 данс руу шилжүүлсэн. 2-11 байрны 1-р блокийн дээвэр засварын ажлын санхүүжилт 20,842,738 төгрөгийг 2017-10-26-ны өдөр “Ахин ундрах” ХХК-ний ХХБ-ны 407255429 данс руу шилжүүлсэн. 2-5 байрны 2-р блокийн дээвэр засварын ажлын санхүүжилт 19,867,732 төгрөгийг 2018-8-7-ны өдөр “Ахин ундрах” ХХК-ний ХХБ-ны 407255429 данс руу шилжүүлсэн”... гэсэн мэдүүлэг. /1-р хх-76-77/,

        -Гэрч Ч.Б-ын мэдүүлсэн...”Зургаан зараа” ХХК-ийг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр үүсгэн байгуулж байсан...Ч.Б-ыг 2016 оноос хойш мэднэ. Нэг чиглэлийн ажил хийдэг гэдэг утгаараа бие биенийгээ мэдэх болсон. Тэгэхдээ хамт ажиллаж байсан удаа байхгүй. М.Эг Эрдэнэтийнх гэдгээр нь мэднэ. Найз нөхдийн холбоо байхгүй. Б.Буянбат өөрийнхөө компанийн санхүүгийн тайланг Э.Золзаяагаар гаргуулдаг юм байна лээ. Тэгээд би Буянбатаас гайгүй ня-бо байна уу гэж асуухад Э.Золзаяаг зааж өгч байсан. түүнээс хойш Э.Золзаяагаар санхүүгийн тайлангаа гаргуулж байна. Тендерийн баримт бичгийн бүрдлийг би өөрөө бүрдүүлээд бэлтгэхийг Э.Золзаяагаар бэлтгүүлж байсан.../1-р хх-83-84/, ...Тендерт оролцохдоо бүрдүүлж өгсөн ажиллах ажилтны танилцуулганд бичигдсэн хүмүүсийг огт ажиллуулаагүй, утсаар мэдээллийг нь аваад бүрдүүлж өгсөн. Тендерт шалгарсан тохиолдолд бригадаар засвар хийдэг хүмүүстэй хөлсөө тохирч хийж гүйцэтгүүлдэг... /1-р хх- ийн 85-р хуудас/ ...2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр М.Эгаас орж ирсэн 10.000 төгрөгийн орлогыг санахгүй байна. 2018 онд М.Этай аймгийн Засаг даргын тамгын газарт таарсан чинь 1.000.000 төгрөг зээлээч гээд би бэлнээр өгч байсан...гэсэн мэдүүлэг /1-р хх-86- 88/,

        -Гэрч Б.Б-ын мэдүүлсэн...2016 оны 1 дүгээр 21-ний өдөр “Ахин ундрах” ХХК-ныг үүсгэн байгуулсан. Манай компанийн тайланг гаргадаг Э.Золзаяа гэж хүн байдаг. Э.Золзаяа тендерийн баримт бүрдүүлдэг. “Зургаан зараа” ХХК нь бас Э.З-аар тендерийн баримт бүрдүүлдэг. Тиймээс инженер техникийн ажилтнууд нь адилхан бичигдсэн байхаа. М.Эг ажлын шугамаар танина. Ч.Баттулгыг барилгын ажпын шугамаар танина”.../1-р ХХ-ийн 89-90-р хуудас/ ...Тендерийн материалд хавсаргасан ажилтанууд хамт ажиллаж байгаагүй. Компанид ажилтнаар томилсон тушаал байхгүй. Дипломын хуулбарыг аваад хавсаргачихсан юм. Мессежинд бичигдсэн Пил, Сувданзаяа, Цэцгээ нар барилга захиалагчийн албанд ажилладаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-91/,

         -Гэрч Э.З-гийн мэдүүлсэн...Миний хувьд Ч.Баттулга, Б.Буянбат нараас материалаа бүрдүүлж өгөхөөр нь түүнийг бэлтгэж боловсруулдаг. Ч.Баттулга, Б.Буянбат нар ямар материал өгнө яг тэрүүгээр нь би бэлтгэж байгаа. Хэрвээ инженер техникийн ажилтнууд 1 хүмүүсийг өгсөн бол би яг тэрүүгээр нь бэлтгэж өгсөн гэсэн үг юм. Би “Ахин ундрах” ХХК, “Зургаан зараа” ХХК-иудын тайланг гаргадаг...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-94/,

          -Гэрч Б.Э-гийн мэдүүлсэн...”Зургаан зараа” ХХК-ийн захирал Ч.Баттулга, мөн “Ахин ундрах” ХХК-ний захирал Б.Буянбат нар 10 жилийн найзууд гэж хүмүүс ярьдаг... “Зургаан зараа” ХХК, “Ахин ундрах” ХХК-иуд нь сүүлд гарч ирсэн шинэ компаниуд. М.Этай найзууд учраас ихэнх тендерийн ажлыг авч байна гэж харж байгаа. Өөрсдөд нь ямарч ажилчид байхгүй юм байна. Тендер аваад хүмүүсээр ажлаа хийлгэчихдэг. Үүнийг бол би баттай мэдэж байна. Миний хувьд дээрх тендерт оролцохоор урилга авсан хэдий ч “Зургаан зараа” ХХК-ийг оролцож байгааг нь мэдээд материалаа өгөхөө больчихсон. “Зургаан зараа” ХХК, “Ахин ундрах” ХХК- ийн оролцож байгаа тендерт яагаад ч шалгарна гэж байхгүй юм байна лээ” гэсэн мэдүүлэг /1-р хх-101-102/,

          -Гэрч Б.Б-ын мэдүүлсэн...Дээрх тендерүүдийн талаар анх удаа сонсож байна. Надад Орхон аймгийн Засаг даргын тамгын газар болон Орон нутгийн өмчийн газраас дээрх 3 тендерт оролцуулахаар үнийн санал авах урилга ирүүлж байгаагүй. Мөн дээрх тендерүүдэд оролцохоор цахим сайтаас урилга болон материал худалдан авч байгаагүй.Анх удаа сонсож байна”... гэсэн мэдүүлэг /1-р хх-104-105/,

         -Гэрч Б.З-ын мэдүүлсэн...БОЭТ-ийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын ОР-137/2018 дугаартай тендерийн талаар би одоо л анх удаа сонсож байна. Надад тус тендерт оролцохоор үнийн санал авах тухай урилга ирж байгаагүй. Мөн тус тендерт оролцохоор урилга болон материалыг худалдан авч байгаагүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-106-107/,

         -Гэрч Б.Бын мэдүүлсэн...Тендерт оролцох үнийн санал авах урилга огт аваагүй. Анх удаа сонсож байна... гэсэн мэдүүлэг /1-р хх-108-109/,

         -Гэрч Б.Т мэдүүлсэн..Үнийн санал авах тухай урилгыг хүлээн аваагүй. Анх удаа сонсож байна... гэсэн мэдүүлэг /1-р хх-112/,

        -Гэрч Ц.Эын мэдүүлсэн...Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.С-гийн гарын үсэгтэй ямарч урилга хүлээн аваагүй. Би өөрөө цахим сайтаар орж зарласан тендерүүдээс сонгон авч оролцож байсан. Тэгээд ялихгүй зүйл дээр шаардлага хангаагүй гэж татгалзсан байсан. Өөрөөр хэлбэл бүрдүүлж өгсөн материалыг товьёог байхгүй гэж татгалзсан. Энэ нь барилгын ажил хийхэд ямар ч хамааралгүй зүйл, мөн хуулин дээрээ товьёгийн дагуу материалыг өгнө гэсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-113-114/,

         -Монгол улсын Сангийн яамны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/8009 дугаартай албан бичгээр ирүүлсэн тайлбар /1-р хх-183-186/

        -Монгол улсын Сангийн яамнаас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6-1/1838 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмж /1-р хх-192-193/,

       -Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн лавлагаа /1-р хх-207/,

          -Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн худалдан авах ажиллагааны баримтууд, тэдгээрийн хуулбар,

         -Шүүгдэгч, гэрчүүдийн банкны дансны хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

           ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч М.Э нь Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017-2018 онуудад, ерөнхий боловсролын сургуульд нэг ангид сурч байсан Ч.Баттулгын эзэмшлийн “Зургаан зараа” ХХК-ны оролцсон 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5-р хорооллын 6,7 дугаар байрны дээврийн засварын ОР-24/2017 дугаартай 50,733,251 төгрөгийн ажлын,

       -2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-р хорооллын 23 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-127/2017 дугаартай 24,563,684 төгрөгийн ажлын,

        -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4-р хорооллын 6 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-32/2018 дугаартай 20,009,181 төгрөгийн ажлын

        -2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын ОР-137/2018 дугаартай 31,296,934 төгрөгийн ажлын

        -Хувийн харилцаа холбоотой Б.Буянбатын эзэмшлийн “Ахин ундрах” ХХК-ны оролцсон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1-р хорооллын 5 дугаар байрны 5-р блокийн дээврийн засварын ОР-145/2017 дугаартай 20,897,637 төгрөгийн ажлын

         -2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-р хорооллын 6 дугаар байрны 2-р блокийн дээврийн засварын ОР-144/2017 дугаартай 20,631,021 төгрөгийн ажлын,

         -2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-р хорооллын 11б дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-151/2017 дугаартай 20,842,738 төгрөгийн ажлын,

          -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  2-р хорооллын 5 дугаар байрны 2-р блокийн дээврийн засварын ОР-28/2018 дугаартай 19,867,732 төгрөгийн ажлын,

        -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2-р хорооллын 11а дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-29/2018 дугаартай 20,145,837 төгрөгийн ажлын тендер шалгаруулах зохион байгуулалтын ажилд оролцож дээрхи нэр бүхий компаниуд нь тендерт оролцох шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад шалгаруулсан

          2.Шүүгдэгч М.Б нь Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа эрх нөлөөгөө ашиглан эдгээр компаниуд нь тендерт оролцох шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад 2018 онд өөрийн эхнэрийн 50% хувийн, холбоо харилцаатай Даваасүрэнгийн 50% эзэмшдэг “Ричи ойл” ХХК-ны оролцсон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Баянцагаан багийн шинэ хороололд зөөврийн худаг барих ОР-120/2018 дугаартай 20.494.350 төгрөгийн ажлын,

     - 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Оюут баг 2-5 дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах ОР-22/2018 дугаартай 44.516.383 төгрөгийн ажлын,

-2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 8-р сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын ОР-16/2018 дугаартай 82.830.884 төгрөгийн ажлын тендер зохион байгуулалтанд оролцон тус компанийг шалгаруулсан,

         -Хувийн харилцаа холбоотой Э.Даваасүрэнгийн эзэмшлийн “Ган бөмбөрцөг” ХХК-ны оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6-р хорооллын 15 дугаар байрны 4-р блокийн дээврийн засварын ОР-34/2018 дугаартай 24.633.012 төгрөгрийн ажлын,

       -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6-р хорооллын 16 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-35/2018 дугаартай 21.633.012 төгрөгийн ажлын тендерийн сонгон шалгаруулалтын ажилд оролцон тус компанийг шалгаруулсан байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв

           Шүүгдэгч М.Э, М.Б нарын, өөрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой хүмүүсийн эзэмшлийн компаниудын оролцсон тендерийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцож уг компаниуд нь тендерт оролцох шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад албан тушаал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж шалгаруулсан үйлдэл нь гэрч Э.Даваасүрэнгийн ...Би 2015 онд М.Бтай таараад барилгын тохижилт үйлчилгээний “Ричи ойл” ХХК-ийн 50 хувийг худалдаж авсан.Түүнээс хойш би 2017 онд ”Ган бөмбөрцөг” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Ричи ойл” ХХК-иар 2017, 2018 онд орон сууцны дээвэр засварын ажлыг 5 удаа, тохижилтын ажил 2 удаа, худгийн ажил 1 удаа тендерийн сонгон шалгаруулалтаар авч хийсэн. “Ган бөмбөрцөг” ХХК-иар 2017, 2018 онд орон сууцны дээврийн ажлыг 4 удаа, тохижилтын ажил 1 удаа тендерийн сонгон шалгаруулалтаар авч хийсэн ...Ер нь М.Б бид хоёрын хоорондоо хийсэн гүйлгээ дандаа зээл байдаг. Мөнгө төгрөг яаралтай хэрэг болох үед бие биенээсээ зээлэх тохиолдол их байдаг...гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэчимэгийн...Нөхөр М.Бын 2014 онд үүсгэн байгуулсан “Ричи ойл” ХХК-ийн 50 хувийг би эзэмшдэг. Үлдсэн 50 хувийг Э.Даваасүрэн гэж залуу эзэмшдэг... Ч.Буянбатаас орж ирсэн 4.000.000 төгрөгийг би мэдэхгүй...гэх мэдүүлэг, гэрч П.Одонтунгалагийн ...”Ричи ойл” ХХК-ийг нөхөр Э.Даваасүрэнгийн найз М.Б үүсгэн байгуулсан. “Ган бөмбөрцөг” ХХК-ийг нөхөр Э.Даваасүрэн үүсгэн байгуулсан. Миний хувьд дээрх 2 компанийн санхүүгийн тайланг гаргадаг. Аль алиных нь нягтлан бодогчоор ажилладаг....” гэх мэдүүлэг,гэрч Л.Оюунгэрэлийн ...2018 оны 11 дүгээр сард Авилгалтай тэмцэх газраас шалгалт ирэх үед “Ричи ойл” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг талаар мэдсэн. Тус компани нь 2018 онд шууд гэрээ байгуулах замаар 3 ажил авсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Тэмүүжингийн “...Сонгон шалгаруулалт зарлахаар нь “Ди Ти И Эм Строй” ХХК ганцаараа оролцоод шаардлага хангаагүй гээд амжилтгүй болсон. Тэгсэн мөртлөө Э.Даваасүрэнгийн “Ган бөмбөрцөг” ХХК болон “Ричи ойл” ХХК-тай гэрээ байгуулчихсан байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Д.Төмөрбаатарын ...2000 онд “Сайхан хульж” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2017 оноос хойшхи хугацаанд 20 гаруй удаагийн барилгын засварын чиглэлийн тендер сонгон шалгаруулалтад оролцож байсан боловч нэг ч удаа тендер аваагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батзоригийн “...Ер нь бол тендерийн материал шалгаруулж байгаа мэргэжилтэн дурын компанийг унагаана гэвэл унагаадаг юм байна лээ...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Баттулгын “...Зургаан зураа” ХХК-ийг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан. Ганцаараа үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М.Эгаас орж ирсэн 10.000 төгрөгийн орлогыг санахгүй байна. М.Этай танилаас цаашгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Буянбатын ...2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Ахин-Ундрах” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай тайланг гаргадаг Э.Золаяа гэж эмэгтэй байдаг. “Зургаан зараа” ХХК нь бас Э.Золзаяагаар тендерийн баримт бүрдүүлдэг.Тиймээс инженер техникийн ажилтнууд нь адилхан бичигдсэн байхаа. М.Эг ажлын шугамаар танина...” гэх мэдүүлэг, гэрч Э.Золзаяагийн ...Миний хувьд Ч.Баттулга, Б.Буянбат нараас материалаа бүрдүүлж өгөхөөр нь түүнийг бэлтгэж боловсруулдаг. Хэрвээ инженер техникийн ажилтнууд нэг хүмүүсийг өгсөн бол би яг түүгээр нь бэлтгэж өгсөн гэсэн үг. Би “Ахин-Ундрах” ХХК, “Зургаан зараа” ХХК-иудын тайланг гаргадаг...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэбилэгийн ...”Зургаан зараа” ХХК-ийн захирал Ч.Баттулга, “Ахин-Ундрах” ХХК-ийн захирал Б.Буянбат нар 10 жилийн найзууд гэж хүмүүс ярьдаг. Сүүлд гарч ирсэн шинэ компаниуд юм. М.Этай найзууд учраас ихэнх тендерийн ажлыг авч байна гэж харж байгаа. Өөрсдөд нь ямар ч ажилчид байхгүй юм байна лээ. Тендер аваад хүмүүсээр ажлаа хийлгэчихдэг. Дээрх хоёр компанийн тендерт орж байгаа үед тендерт шалгарна гэж байхгүй юм байна лээ...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Оргилын ...”Шинэ Эрдэнэт Констракшн” ХХК 2018 онд Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Оюут баг 2-5 дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах ОР-22/2018 дугаартай тендерт оролцох урилгыг аваагүй. Ийм тендер зарлагдсан талаар огт мэдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Болдбаатарын “...Надад Орхон аймгийн Засаг даргын тамгын газар болон орон нутгийн өмчийн газраас дээрх 3 тендерт оролцуулахаар үнийн санал авах урилга ирүүлж байгаагүй. Анх удаа сонсож байна... гэх мэдүүлэг, гэрч Б.Золжаргалын “...Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын ОР-137/2018 дугаартай тендерийн талаар би одоо л анх удаа сонсож байна. Мөн тендерт оролцохоор урилга болон материал худалдан авч байгаагүй.” гэх, гэрч Б.Баттуулын “...Тендерт оролцох үнийн санал авах урилга огт аваагүй. Анх удаа сонсож байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Туулын ...Үнийн санал авах тухай урилгыг хүлээн аваагүй. Анх удаа сонсож байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Энхбатын “...Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн гарын үсэгтэй ямар ч урилга хүлээн аваагүй. Ялихгүй зүйл дээр шаардлага хангаагүй гэж татгалзсан байсан...” гэх мэдүүлэгүүд, “Зургаан зараа” ХХК, “Ахин-Ундрах” ХХК, “Ричи Ойл” ХХК, “Ган бөмбөрцөг” ХХК-иудын улсын бүртгэлийн лавлагаанууд,гэрчилгээнүүд, гэрч Б.Буянбатын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч, гэрчүүдийн дансны гүйлгээ зэрэг баримтуудаас гадна,

            -шүүгдэгч М.Э нь Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017-2018 онуудад, ерөнхий боловсролын сургуульд нэг ангид сурч байсан Ч.Баттулгын эзэмшлийн “Зургаан зараа” ХХК-ны оролцсон 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5-р хорооллын 6,7 дугаар байрны дээврийн засварын ОР-24/2017 дугаартай 50,733,251 төгрөгийн ажлын,

      -2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-р хорооллын 23 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-127/2017 дугаартай 24,563,684 төгрөгийн ажлын,

        -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4-р хорооллын 6 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-32/2018 дугаартай 20,009,181 төгрөгийн ажлын

         -2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын ОР-137/2018 дугаартай 31,296,934 төгрөгийн ажлын тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллан эрх нөлөөгөө ашиглан тус компанийг шалгаруулсан болох нь 6,7,10,11,12,21,22-р хавтаст хэрэгт авагдсан тендерийн сонгон шалгаруулалтад холбогдох баримтууд, 1-р хавтаст хэргийн 192-195 дугаар хуудаст авагдсан Монгол Улсын Сангийн яамны зөвлөмж тайлбарт “...Орон сууцны 2-23-р байрны 1-р блокийн тендер шалгаруулалт...онцгой журам болох харьцуулалтын аргаар зохион байгуулагдсан бөгөөд ...үнийн саналын урилгыг “Ахин ундрах” ХХК, “Зургаан зараа “ХХК, “Сонгинотамир”ХХК-д хүргүүлсэн...нэг ч тендер ирээгүй тул үнэлгээний хорооноос ...гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Энэ хуулийн ...14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан...гэсэн шаардлагыг хангахгүй тендерт гэрээ байгуулах эрх олгосон байна.Гэрээ байгуулах эрх олгосон зургаан зараа ХХК-ны инженер техникийн ажилтан болох Б.Отгонбаасан, Б.Баясгалан, Б.Чимэдлхам нар нь “Ахин-Ундрах” ХХК-д ажилтнаар давхар томилогдсон байх тул хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн болон чадавхийн шаардлагад нийцэхгүй байна.Шаардлагад нийцэхгүй тендерт гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн байна... 5-р хорооллын 6,7 дугаар байрны дээврийн засварын ОР-24/2017 дугаартай тендер шалгаруулалт...“Ахин ундрах” ХХК, “Зургаан зараа “ХХК, “Бурхууд”ХХК-д хүргүүлсэн...Тендерийн нээлтэд “Зургаан зараа “ХХК үнийн санал ирүүлсэн бөгөөд гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай машин механизм тоног төхөөрөмжийн гэрчилгээний хуулбар,түрээсийн гэрээ ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ...д заасан шаардлагыг хангахгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн байна... 4-р хорооллын 6 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-32/2018 дугаартай тендер шалгаруулалт... онцгой журам болох харьцуулалтын аргаар зохион байгуулагдсан бөгөөд ...үнийн саналын урилгыг “Зэст орд” ХХК, “Зургаан зараа”ХХК, “Атласын өндөрлөг” ХХК-д хүргүүлсэн...шаардлага хангах нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.Зургаан зараа” ХХК-ны барилгын инженер Б.Отгонбаасан “Ахин-Ундрах “ХХК-ны инженерээр давхар томилогдсон нь хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн болон чадавхийн шаардлагад нийцэхгүй тул хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчиж гэрээ байгуулах эрх олгосон байна.. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын ОР-137/2018 дугаартай...тендер шалгаруулалт онцгой журам болох харьцуулалтын аргаар зохион байгуулагдсан бөгөөд ...үнийн саналын урилгыг “Зургаан зараа”ХХК, ”ДШТД”ХХК, ”Хөрөнгийн бэл” ХХК-д хүргүүлсэн...нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Зургаан зараа”ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон...”гэх тайлбар,хэргийн 3-р хавтасны 38-47 дугаар хуудаст авагдсан Орхон аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн “сурагчдын тухай дэлгэрэнгүй бүртгэл,2002-2003, 6-ын 7 анги, 2003-2004 7-ын 7 анги, 2004-2005 8-ын 7 анги” гэх баримтуудаар,

 

          -Хувийн харилцаатай Б.Буянбатын эзэмшлийн “Ахин ундрах” ХХК-ны оролцсон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1-р хорооллын 5 дугаар байрны 5-р блокийн дээврийн засварын ОР-145/2017 дугаартай 20,897,637 төгрөгийн ажлын,

         -2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-р хорооллын 6 дугаар байрны 2-р блокийн дээврийн засварын ОР-144/2017 дугаартай 20,631,021 төгрөгийн ажлын,

           -2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-р хорооллын 11б дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-151/2017 дугаартай 20,842,738 төгрөгийн ажлын,

       -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  2-р хорооллын 5 дугаар байрны 2-р блокийн дээврийн засварын ОР-28/2018 дугаартай 19,867,732 төгрөгийн ажлын,

         -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2-р хорооллын 11а дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-29/2018 дугаартай 20,145,837 төгрөгийн ажлын тендер шалгаруулах зохион байгуулалтын ажилд оролцож албан тушаалын эрх нөлөөгөө урвуулан ашиглаж дээрхи нэр бүхий компанийг шалгаруулсан  болох нь 8,9,13,14,25,26-р хавтаст хэрэгт авагдсан тендерийн сонгон шалгаруулалтын баримтууд,1-р хавтаст хэргийн 192-195 дугаар хуудаст авагдсан Монгол Улсын Сангийн яамны зөвлөмж тайлбарт ... 2-р хорооллын 11б дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-151/2017 дугаартай тендер шалгаруулалт: ...тендер шалгаруулалт онцгой журам болох харьцуулалтын аргаар зохион байгуулагдсан бөгөөд ...үнийн саналын урилгыг “Ахин –Ундрах” ХХК,“Зургаан зараа”ХХК,”Эрдэнэт констрактив”ХХК-д хүргүүлсэн... нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн бөгөөд “Ахин-Ундрах”ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон... Ахин -Ундрах” ХХК-ний тендер хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн болон чадавхийн шаардлагад нийцэхгүй байхад эрээ байгуудлах эрх олгосон нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн байна... 2-р хорооллын 11а дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-29/2018 дугаартай тендер шалгаруулалт......тендер шалгаруулалт онцгой журам болох харьцуулалтын аргаар зохион байгуулагдсан бөгөөд ...үнийн саналын урилгыг “Ахин –Ундрах” ХХК,” Эм Ти Ай Эс”ХХК-д хүргүүлсэн... “Ахин -Ундрах” ХХК-ны барилгын инженер Б.Отгонбаасан “Зургаан зараа “ХХК-ны инженерээр давхар томилогдсон нь хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн болон чадавхийн шаардлагад нийцэхгүй тул хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчиж гэрээ байгуулах эрх олгосон байна... 2-р хорооллын 6 дугаар байрны 2-р блокийн дээврийн засварын ОР-144/2017 дугаартай ...тендер шалгаруулалт: онцгой журам болох харьцуулалтын аргаар зохион байгуулагдсан бөгөөд ...үнийн саналын урилгыг “Ахин -Ундрах” ХХК, “Зургаан зараа” ХХК, ”Эрдэнэт констрактив” ХХК-д хүргүүлсэн... нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн бөгөөд “Ахин-Ундрах”ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон... “Ахин -Ундрах” ХХК-ний тендер хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн болон чадавхийн шаардлагад нийцэхгүй байхад гэрээ байгуудлах эрх олгосон нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн байна...1-р хорооллын 5 дугаар байрны 5-р блокийн дээврийн засварын ОР-145/2017 дугаартай тендер шалгаруулалт: онцгой журам болох харьцуулалтын аргаар зохион байгуулагдсан бөгөөд ...үнийн саналын урилгыг “Ахин -Ундрах” ХХК, “Ган бөмбөрцөг” ХХК, ”Эрдэнэт констрактив” ХХК-д хүргүүлсэн... нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн бөгөөд “Ахин-Ундрах”ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон. Ахин-Ундрах” ХХК-ний инженер техникийн ажилтан болох Б.Отгонбаасан, Б.Баясгалан, Б.Чимэдлхам нар нь “Зургаан зараа” ХХК-д ажилтнаар давхар томилогдсон байх тул хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн болон чадавхийн шаардлагад нийцэхгүй байна.Шаардлагад нийцэхгүй тендерт гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн байна…2-р хорооллын 5 дугаар байрны 2-р блокийн дээврийн засварын ОР-28/2018 дугаартай тендер шалгаруулалт: онцгой журам болох харьцуулалтын аргаар зохион байгуулагдсан бөгөөд ...үнийн саналын урилгыг цахим системд нийтэлсэн. Тендер шалгаруулалтад ” Эм Ти Ай Эс”ХХК, “Ахин -Ундрах” ХХК, “Орхон нүнжиг ХХК санал ирүүлсэн...Ахин-Ундрах” ХХК-ний инженер болох Б.Отгонбаасан “Зургаан зараа” ХХК-д ажилтнаар давхар томилогдсон нь хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн болон чадавхийн шаардлагад нийцэхгүй байна.Шаардлагад нийцэхгүй тендерт гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн байна...гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар,

         -Шүүгдэгч М.Б нь Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2018 онд эрх нөлөөгөө ашиглан өөрийн эхнэрийн 50% хувийн, Э.Даваасүрэнгийн 50% эзэмшдэг “Ричи ойл” ХХК-ны оролцсон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Баянцагаан багийн шинэ хороололд зөөврийн худаг барих ОР-120/2018 дугаартай 20.494.350 төгрөгийн ажлын,

     - 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Оюут баг 2-5 дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах ОР-22/2018 дугаартай 44.516.383 төгрөгийн ажлын,

       -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 8-р сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын ОР-16/2018 дугаартай 82.830.884 төгрөгийн ажлын тендер зохион байгуулалтанд оролцон тус компанийг шалгаруулсан болох нь, эхнэр Д.Эрдэнэчимэгтэй хамтарч аж ахуй эрхэлдэг нэгдмэл сонирхолтой Э.Даваасүрэнгийн эзэмшлийн “Ган бөмбөрцөг” ХХК-ны оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6-р хорооллын 15 дугаар байрны 4-р блокийн дээврийн засварын ОР-34/2018 дугаартай 24.633.012 төгрөгрийн ажлын,

        -2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6-р хорооллын 16 дугаар байрны 1-р блокийн дээврийн засварын ОР-35/2018 дугаартай 21.633.012 төгрөгийн ажлын тендерийн зохион байгуулалтад оролцон тус компанийг шалгаруулсан болох нь 15, 16, 17,19, 20, 23, 24-р хавтаст хэрэгт авагдсан тендерийн сонгон шалгаруулалтад холбогдох баримтууд, 3-р хавтаст хэрэгт авагдсан   “Ричи ойл” ХХК, “Ган бөмбөрцөг”  ХХК- ны улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдон тогтоогдсон байна.       

     Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан М.Б, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар цахим худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан М.Э нарын дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар үл зөвшөөрч маргасан ч дээрхи нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах, эргэлзэх баримт, нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн...3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:...4.1.1.төрийн...захиргааны,...албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...гэж, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаал:...12.1.8.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал;...гэж тус тус заасны дагуу аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэрэгжилтнүүд нь төрийн захиргааны албаны гүйцэтгэх албан тушаалтан бөгөөд нийтийн албан тушаалтан мөн. Иймд тусгай субъектын хувьд Эрүүгийн хуулийн “Авилгын гэмт хэргийн” субъект болно.   “АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ”-ийн 3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4.“давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг...ойлгоно” гэж зааснаар шүүгдэгч М.Э,М.Б нарын үйлдэл нь төрийн албаны хэвийн үйл ажиллагаа, төрийн алба шударга ,хууль ёсны байх зарчим, үнэт зүйлд халдсан,албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж өөртөө болон бусдад эд хөрөнгийн ашигтай байдал буй болгосон шинжтэй байна.

        Прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл муутай байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэсэн, тухайлбал, шүүгдэгч М.Б нь сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан М.Эд шууд нөлөөлж бүлэглэсэн гэх нөхцөл байдал шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

      Мөн шүүгдэгч нарын үйлдлийн улмаас төсөвт их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсонгүй.Тендер сонгон шалгаруулсан ажлуудыг захиалагч буюу Орхон аймгийн ЗДТГ хүлээн авч гүйцэтгэлээр нь санхүүжилт олгосон баримтууд хэрэгт авагдсан, хохирогчийн төлөөлөгч мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хохирол учраагүй гэж мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүгдэгч М.Э, М.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, санаатай үйлдэл болох нь тогтоогдсон тул мөн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нар албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, албан тушаалаа хэрхэн урвуулсан нь тогтоогдоогүй.Тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан .Шууд гэрээ байгуулахад захиалагч өөрөө шийднэ, эдгээр хүмүүс ямар ч үүрэггүй. Шүүгдэгч нар шийдвэр гаргах эрхгүй. Таамаглалд үндэслэж болохгүй, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж мэтгэлцсэн.

          НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана, 8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэснийг болон Авилгын эсрэг хуулийн 7.1. Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох... гэснийг зөрчиж тендерт оролцож сонгон шалгаруулсан дээрхи компаниудын эзэмшигч нартай шүүгдэгч М.Э нь хамаарал бүхий, М.Б нь хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой атлаа ашиг сонирхлын зөрчилгүй гэж мэдэгдэл гаргаж, санаатай, идэвхитэй үйлдлээр тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцсон байна. Шүүгдэгч М.Э нь ерөнхий боловсролын сургуульд нэг ангид сурч байсан Ч.Баттулгын эзэмшлийн “Зургаан зараа” ХХК, хувийн харилцаа холбоотой /мөнгө зээлж, өгч авалцаж холбоотой байдаг/ Б.Буянбатын эзэмшлийн “Ахин ундрах” ХХК-ыг тендерт шалгарах хуулийн шаардлага хангаагүй үзүүлэлт бүхий байхад эрх нөлөөгөө ашиглан шалгаруулсан, М.Б нь өөрийн эхнэр Д.Эрдэнэчимэгийн 50%, Э.Даваасүрэнгийн 50% эзэмшдэг “Ричи ойл”ХХК, Э.Даваасүрэнгийн эзэмшлийн “Ган бөмбөрцөг” ХХК-ны оролцсон удаа дараагийн тендерийн сонгон шалгаруулалтад эрх нөлөөгөө ашиглан оролцож шалгаруулсан нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоос ангид байх, ашиг сонирхлын зөрчилтэй байдлаа мэдээлэх, албан үүргээ гүйцэтгэхээс татгалзах үүргээ биелүүлээгүйгээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болжээ.    

         Шүүгдэгч нар ажил үүргийн дагуу тендерийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явуулахдаа ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ хуулийн 47 дугаар зүйлд заасан... 47.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх... гэсний дагуу гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхдөө дээрхи хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн болон чадавхийн шаардлагад нийцэхгүй тендерт гэрээ байгуулах эрх олгосон нь тендерийн сонгон шалгаруулалтын баримтууд,Сангийн яамын тайлбар зөвлөмж,гэрчүүдийн мэдүүлэг зэргээр мөн тогтоогдсон.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар санал үндэслэлгүй байна.

     Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасч, торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

           Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч О.Энхбаяр “...эдгээр ажлууд бүрэн хийгдэж, захиалагч хүлээн авсан. Учирсан хохирол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч М.Э, М.Б нараас гаргуулах төлбөргүй байна

       Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.                

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                                                                                                                                           

 

        1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П овогт М-ын Э, Ачуут овогт М. Б нарт Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

        2. Шүүгдэгч М.Э, М. Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

     3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, М.Б нарыг тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 /долоон сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, М.Б нарт оногдуулсан 7,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх, биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

         5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан худалдан авах ажиллагааны 15 хавтас материалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт буцаан олгохыг Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримтын комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Д.АРИУНЦЭЦЭГ