Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0599

 











 

Дорнод аймгийн Булган сумын 

Засаг даргын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-өлзий, нэхэмлэгч Д.Базаргүр, өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэнгэлмаа Б.Ариунзаяа нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Дорнод аймаг дахь Төрийн аудитын байгууллагад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар:  Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 15 дугаар зүйлийн 15.1.12, 19 дүгээр зүйлийн 19.3, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга Д.Базаргүрийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Төрийн аудитын байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн аудитын байгууллагын 01/49НАГ-2019/06/-НА дугаар төлбөрийн актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хариуцагчийн зүгээс энэхүү акт нь хууль журамд нийцэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбарыг хүргүүлсэн. 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан гэж үзэж манай актыг хүчингүй болгосон байна. 

Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “...Төрийн аудитын тухай хуулийн 19.1 “Төрийн аудитын байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа, байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно” гэж заасны дагуу Дорнод аймаг дахь Төрийн аудитын байгууллагын аудитор нар нь Булган сумын орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт-д нийцлийн аудитыг хийхдээ, ... тусгай удирдамжгүй, эрх бүхий албан тушаалтныг байлцуулахгүйгээр хяналт шалгалтыг явуулж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийн актыг тогтоосон гэж үзэхээр байна” гэжээ. 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 34.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. 

Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 19.2-т “Төрийн аудитын байгууллага аудитын зорилт, хамрах хүрээний талаар аудит хийлгэх байгууллагад аудит эхлэхээс өмнө мэдэгдэнэ” гэж заасны дагуу аудитын нээлтийг аймгийн ТЕЗ болон ЗДТГ-ын холбогдох албан тушаалтныг байлцуулан хийж, сумдад очиж ажиллахдаа МУЕА-ын баталсан нэгдсэн удирдамжийг танилцуулан аудитыг хийсэн бөгөөд уг удирдамжийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Булган сум нь аудитыг очиж гүйцэтгэсэн 13 дахь сум бөгөөд хариуцагчийн зүгээс “Урьдчилан утсаар ярьж мэдэгдэхэд Засаг дарга тухайн өдөр өөр газар ажилтай тул бусад албан тушаалтныг байлцуулах тухай хариу мэдэгдэж, Засаг дарга байхгүйгээс аудитыг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгч аудитын баг очиж ажиллах тухай байснаа ч Засаг дарга тухайн хуралдаан дээр хэлсэн. Удирдамжгүй хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй явуулсан тухай нотлох баримт байхгүй, аудит хийх удирдамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад ЗХХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасны дагуу нотлох баримтыг бодитой үнэлэлгүйгээр шийдвэрээ гаргасан. 

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Төрийн аудитын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... төлбөрийн актад Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн зааврын 7.4 дэх заалтыг зөрчсөн талаар тайлбарлаж, ... дээрх акт нь өнөөдөр хүчингүй болсон хэдий ч аудит хийсэн 2019 оны 3 дугаар сард хүчинтэй байсан хэмээн тайлбарладаг. Гэтэл сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/76 дугаар захирамж батлагдсаны 5 хоногийн дараа Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаал, “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар” нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Сангийн сайдын 228 дугаар тушаалаар хүчингүйд тооцож уг тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн журам”-аар зохицуулагдахаар өөрчлөгдсөн болно” гээд Төрийн аудитын байгууллагыг хүчингүй болсон заалтаар акт тогтоосон гэж үзжээ.  

Аудит нь өнгөрсөн үйл явдлыг дараа жилд нь хөөн шалгадаг процесс бөгөөд хариуцагчийн зүгээс  шүүх хуралдаанд “тус заавар нь аудит хийсэн 2019 оны 03 дугаар сард хүчингүй болсон байсан ч тухайн шалгагдаж байгаа 2018 оны ОНХС-ийн зарцуулалт хийгдсэн хугацаанд хүчинтэй байсан” тухай тайлбар өгсөн байхад шүүх “2019 оны 3 дугаар сард хүчинтэй байсан” хэмээн тайлбарласан гэж ойлгон шийдвэрээ гаргасан байна. МУЕА-ын баталсан аудитын нэгдсэн удирдамжид ч тухайн зааврыг шалгуур болгон ашиглахаар баталсан бөгөөд ОНХС-аас хөрөнгө зарцуулах батлагдсан заавар хүчинтэй байсан тул уг захирамжийн дагуу зарцуулагдсан хөрөнгийг буцаан төвлөрүүлэх тухай төлбөрийн актыг шүүх 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан шинэ журмаар тогтоогоогүй, хүчингүй зааврын заалтыг баримталсан байна гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. 

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч сумын Засаг дарга нь хашаалуулан цэгцэлж, хаягжуулалт хийж, айл өрхийг нэгдсэн эгнээнд оруулах ажил нь сумын тохижилтод хамааралтай хэмээн тайлбарлаж байна. Гэсэн ч сумын тохижилтод хашаажуулалт хамааралтай эсэх талаарх шийдвэр болон түүний үндэслэлийг үндэслэх хэсэгт тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн байна. 

Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Тус сумын... иргэдийн саналын дагуу ажиллаж байгаа ...., үнэ төлбөргүй олгох талаар эрхийн акт гараагүй, ... дараагийн шатны асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаад явж байгаа гэх тайлбар, сумын Засаг даргын 2019 оны 1/145, 1/46, Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дүгээр албан бичгүүд, гэрчүүдийн ... хашаалуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хэд хэдэн уд аа тавьж байсны дагуу хийгдсэн ажил гэ ойлгож байгаа... манай өмчийн хашаанаас урагш хоёр метрийн зайтай баригдсан хашаа байгаа, ... хашааг хүлээж авсан зүйл байгүй, улсын юмыг зүгээр юу гэж авах билээ” зэрэг тайлбараас үзэхэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын айл өрхүүдэд 10.0 сая төгрөгийн хашааг иргэдэд үнэ төлбөргүй олгосон болох нь тогтоогдохгүй байна” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. 

Үнэ төлбөргүй олгосон гэсэн нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг нэхэмжлэгчийн тайлбар, сумын Засаг даргын болон Орон нутгийн өмчийн газрын албан бичгүүд, гэрчийн тайлбар зэрэгт үндэслэн гаргахдаа, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “сум нь 2018 онд уг ажилд зарцуулсан 10.0 сая төгрөгийг зардалд тусгаж, тухайн хашааг хөрөнгөөр бүртгэх тухайд ямар ч шийдвэр, санал, хүсэлт гаргаагүй нь Төсвийн тухай хуулийн 4.1.24 “хөрөнгө оруулалт гэж төсвөөс санхүүжүүлж, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг” гэсэн заалтад нийцэхгүй байгаа эргэж хөрөнгөөр бүртгэх байсан бол авлагаар тусгагдана, санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээр буюу 2018 оны аудитлагдсан балансад 10.0 сая төгрөгийн хашаа байхгүйгээр тусгагдсан” гэснийг, хөрөнгөөр бүртгэх тухай асуудалтай холбоотой албан бичгүүд нь төрийн акт тогтоосноос хойш авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болохыг, гэрчийн зүгээс улсын юмыг яаж зүгээр авах билээ тодорхой хэмжээний үнэ хөлсийг төлнө гэсэн /гэрчийн хариултын утгыг буруу, дутуу тусгасан/ зэргийг харгалзан үзээгүй нь, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. 

Шүүх төрийн аудитын байгууллага нь аудит хийх акт тогтоохдоо холбогдох хууль, журмын дагуу шалгагдагчид тайлбарлах боломж олгоогүй, санал аваагүй, актыг тайлангийн хамт хүргүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан тайлбар, санал гаргах боломж олгох тухай заалтыг зөрчсөн гэж үзэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. 

Хариуцагчаас “аудитын явцад тухай сумд хийгдсэн аудитын дүнтэй сумын Засаг даргын орлон  болон ЗДТГ-ын дарга танилцаж гарын үсэг зурсан, тайлбар, санал өгөх боломжтойг хэлсний дагуу сумын Засаг дарга аудитын дүнгийн талаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тайлбар ирүүлж, тухайн тайлбарт тусгагдсан 1 саналыг хүлээн авч тайлангаас хасаж, хашаажуулалтай холбоотой саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн 03 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийн актыг сумын Засаг даргад өөрт нь гардуулж өгсөн, аудитын тайланд Булган сумын ОНХС-тай холбоотой энэ төлбөрийн актаас өөр асуудал байхгүй тухай” тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн. Мөн актыг хүлээн авснаас хойш сумын Засаг дарга 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин ирүүлсэн тайлбарт, Төрийн аудитын газраас 04 дүгээр сарын 10-ны өдөр хариу тайлбар хүргүүлсэн тухайг шүүхэд бичгээр гаргасан тайлбарт тусгасан бөгөөд уг албан бичгүүдийн хуулбар нотлох баримтаар байхад шүүх шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгчийн тайлбарт хэт авсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. 

Иймд 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 26 тоот Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ :

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хянав. 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга нь тус аймгийн Төрийн аудитын байгууллагын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/49НАГ-2019/06/-НА дугаар төлбөрийн актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Уг актаар Булган сумын Орон нутгийн санхүүжилтийн хөрөнгөөр “Хашаажуулах төсөл”-ийн ажлаар сумын айл өрхүүдэд нийт 10,000,000 төгрөгийн хашааг үнэ төлбөргүй олгосон нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар батлагдсан, Орон нутгийн хөгжлийн сангийн зааврын 7.4 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д заасны дагуу 10,000,000 төгрөгийг Булган сумын Орон нутгийн хөгжлийн дансанд 2019 оны 05 дугаар сарын 25-ны дотор Төрийн Аудитын байгууллагад ирүүлэхийг Булган сумын Засаг дарга Д.Базаргүр, нягтлан бодогч Х.Үржинлхам нарт хариуцуулав гэжээ.    

Дээрх акт болон хариуцагчийн тайлбар, талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас дүгнэхэд  1/ нийт 10.0 сая төгрөгийн хашааг үнэ төлбөргүй олгосон эсэх, 2/ хашаа нь тохижилтын ажил гэсэн ойлголтод хамаарах эсэх 3/ хяналт, шалгалт нь тодорхой удирдамжтай явагдсан эсэх, хууль журамд заасан дэс дарааллын дагуу явагдсан эсэх талаар маргажээ.

Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна 

Тодруулбал :Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын жагсаалтыг Булган сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцүүлэн сумын Засаг даргад уламжилж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалтын ба хөрөнгө оруулалтын бус төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын “Хашаажуулах төсөл”-ийн төсөвт 10,000,000  төгрөгөөр батлагдсан байна. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Хашаажуулах төсөл” гудамж эгнээг цэгцлэх ажилд 10 ,000,000 төгрөг төсөвлөн батлагдсаны дагуу “Ойн баялаг шилтгээн” ХХК-тай “Хашаажуулах төсөл гудамж эгнээ цэгцлэх ажлын гэрээ”-г байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сумын Засаг даргын А/76 дугаар “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж гарчээ.

Хариуцагч талаас тохижилтын ажилд хашаажуулах ажил хамаарах эсэх талаар маргаж байна. Гэвч хуулиар Сангийн сайд болон Аудиторч нарт тохижилтын ажилд ямар ажил хамаарах, эсхүл хамаарахгүйг тогтоох эрх хэмжээ байхгүйн зэрэгцээ хот, суурин газрын төлөвлөлт, тохижилт, барилгажилт зэрэг асуудал нь Сангийн сайдын болон яамны эрхлэх асуудалд огтхон ч хамааралгүй байна. 

Дараагийн нэг үндэслэл нь удирдамжгүй хяналт шалгалт хийсэн эсэх тухай маргаж байна. Анхан шатны шүүх удирдамжгүй шалгалт хийсэн гэж дүгнэжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Булган сумын тухайд Үндэсний аудитын газар болон Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас тухайлан шалгах удирдамж гэж гараагүй болох нь тогтоогджээ. 

Түүнчлэн Үндэсний  Аудитын газрын 2019 оны “Аудитын төлөвлөгөө” гэсэн баримтад зааснаар “Аудитыг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор С.Энхбаатар хянан удирдаж, үе шатны чанарын хяналтыг Аудитын менежер Х.Болдбаатар хэрэгжүүлж, аудитор Л.Нямтөмөр, Б.Чимэдлхам, С.Сугармаа нар болон “Аймаг, Нийслэл дэх Төрийн аудитын газрууд төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу нэгдсэн удирдамжаар гүйцэтгэнэ” гэж заажээ. 

Үндэсний аудитын газрын даргын “Ажлын төлөвлөгөө” гэсэн баримтад дурдсан албан тушаалтнууд Булган сум дээр ажилласан тухай баримт байхгүй, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газын ажилтнууд ажилласан байгаа боловч ямар нэгэн удирдамжгүй ажилласан байна. Өөрөөр хэлбэл тухайн орон нутаг дахь Төрийн аудитын байгууллага аудит хийх ажилд оролцох гэж байгаа бол Ажлын төлөвлөгөөнд заасны дагуу “...төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу нэгдсэн удирдамжаар...” гүйцэтгэх ёстой байжээ. 

Нөгөө талаар маргаан дагуулаад байгаа хашааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас үнэ төлбөргүй олгох талаар ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, хэнд ч үнэ төлбөргүй олгоогүй, дараагийн шатны асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаад явж байгаа гэх тайлбарлаж байх бөгөөд уг хашааг орон нутгийн өмчид бүртгэн авахаар ажиллаж байгаа болох нь Сумын Засаг даргын 2019 оны 1/145, 1/146, Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дүгээр албан бичгүүд, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. 

Булган сумын Чулуут багийн 10,000,000 төгрөгийн “Хашаажуулах төсөл”-ийн гүйцэтгэлийн ажлын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болоогүй үргэлжилж байгаа учир Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана заасныг хэрэгжүүлж арга замыг нь тодорхойлж өгөх боломжтой байсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                    Б.ТУНГАЛАГСАЙХАН 

ШҮҮГЧ                    Г.БИЛГҮҮН

 ШҮҮГЧ                    Э.ЗОРИГТБААТАР