Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 26

 

      Дорнод аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

      Нэхэмжлэгч: Дорнод аймгийн БСЗД Д.Б-ийн нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: Дорнод аймаг дахь ТАБ-д холбогдох, 

      Нэхэмжлэлийн шаардлага: “Тус аймгийн төрийн аудитын 01/49НАГ-2019/06/-НА” дугаар төлбөрийн актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч ТАБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Нэхэмжлэгч Б сумын ЗД шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас тус сумын  2018 оны  Орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ гэх зарцуулалтанд нийцлийн аудит хийж, Б сумын ОНХС-ийн хөрөнгөөр “Хашаажуулалт төсөл” ажлаар сумын айл өрхүүдэд нийт 10.000.000 төгрөгийн хашааг үнэ төлбөргүй олгосон гэж ... Монгол Улсын  Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ыг үндэслэн 10.000.000 төгрөгийг Б сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоосон.

      Энэ төлбөр тогтоосон акт нь хууль зүйн үндэслэлгүй, захиргааны актын хувьд утга агуулгын илэрхий алдаатай байгаа тул дараах үндэслэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

     1. Төлбөрийн актын тэмдэглэх хэсэгт: Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1 дэх заалт /орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ/ Сайдын 2014 оны 43 дугаар тушаал батлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн зааврын 7.4 /сум ОНХС-ийн хөрөнгөөр Төсвийн тухай хуулийн 58.4-т заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлж болно/ дэх заалтыг зөрчсөн, Б сумын ОНХС-ийн хөрөнгөөр “Хашаажуулах төсөл” ажлаар сумын айл өрхүүдэд нийт 10.000.000 төгрөгийн хашааг үнэ төлбөргүй олгосон гэх байдлаар дурдсан.

       2017 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7-р хуралдааны 5 дугаар тогтоолоор 10.0  сая төгрөгийн төсөв батлагдсан.  Сумын ЗД  2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “О Б Ш” ХХК-тай хашаажуулах төсөл, гудамж эгнээг цэгцлэх ажлын ОНХС-ийн 02/2018 дугаар гэрээ байгуулж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлж шууд худалдан авах ажлыг хянаж хүлээн авах комисс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр актаар хянаж хүлээн авсан.

        Б сумын ОНХС-ийн хөрөнгөөр “Хашаажуулах төсөл” ажлаар сумын айл өрхүүдэд нийт 10.000.000 төгрөгийн хашааг үнэ төлбөргүй олгосон гэсэн нь тус арга хэмжээний нэрийг бүрэн тусгаагүй, /Хашаажуулах төсөл, гудамж эгнээ цэгцлэх/, түүнчлэн сумын айл өрхүүдэд үнэ төлбөргүй олгосон гэх байдлаар ТАБ. төлбөрийн актад дурдсан байна. Энэ нь “захиргааны акт нь хууль бус бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн шаардлагад нийцэхгүй байна”. ... иргэдэд үнэ төлбөргүй олгосон ямар нэгэн шийдвэр захиргааны акт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ЗДас гараагүй болно.

       Тус хөрөнгө оруулалтын ажил нь сумын ЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд иргэдээс гарсан саналын дагуу ...хэрэгжиж байгаа бөгөөд сумын иргэдийн сэтгэлд бүрэн нийцсэн ажил болсон.

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн харилцааг зохицуулах журам”-ын 3.3 дахь хэсэгт /эзэмшигч нь тодорхойгүй хөрөнгө оруулалтыг орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллагатай зөвшилцөж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тогтоол гарсны дараа хөрөнгийг холбогдох заавар журмын дагуу бүртгэж авна/ заасны дагуу аймгийн орон нутгийн өмчийн газар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлаад байна гэж  Дорнод аймаг дахь ТАГ-т албан бичиг явуулсан. Тус газрын 251 тоот албан бичиг нь ...актын талаарх ойлголтын зөрүүг бий болгох эрх зүйн  үр дагавар үүсгэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасны дагуу хууль бус гэж үзэх үндэслэл болж байна. Мөн Б сумын багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналын дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай сумын хувьд “Мянганы зам” дайран өнгөрөх бүсэд багтдаг. Иймээс нүүрний эгнээ цэгцлэх саналыг дэмжиж ажилласан. Хяналт шалгалтын үед албан томилолттой байхгүй байсан.

         Иймд  Дорнод аймаг дарь Төрийн Аудитын газрын 01/49НАГ-2019/06/-НА” тоот төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ тавьсан акт нь өөрөө хууль зүйн хувьд хүчингүй юм. Захиргааны хууль үйлчлээд эхэлсэн цаг тухайд ТАБ хяналт шалгалт хийх объектэд өөрийнхөө ажлын хамрах хүрээ чиглэлээ зайлшгүй заавал мэдэгдэх ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдгээр Дорнод аймгийн ЗДд албан тоот хүргүүлсэн асуудлаа, Б сумын ЗД-д хүргүүлсэн гэж ойлгож болохгүй юм. Энэ байгууллагад хяналт шалгалт хийх гэж байгаа бол Төрийн хяналт шалгалтын тухай хууль, аудитын байгууллагын тухай хуулинд заасны дагуу зайлшгүй хүргүүлсэн байх ёстой. Яагаад гэхээр Төсвийн ерөнхийлөн захирагчийг байхгүй  байхад хяналт шалгалт  явуулж процесын алдаа гаргасан гэж үзэж байна. Дараагийн асуудал шалгачихаад шалгасан ажлынхаа цар хүрээ, тайлан, дүгнэлтийг энэ байгууллагад хүргүүлээгүй. Яагаад гэвэл энэ сумын эрх ашиг хөндөгдөж байна. Энэ сумын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ хууль дүрэмд нийцэж байна уу гэдгийг  анхаарч, энэ байгууллагад хүргүүлж, мэдүүлсэн байх шаардлагатай. Гэтэл өнөөдөр веб сайтанд тавигдсанаа энэ хүнд мэдэгдсэн гэж хэлж болохгүй. Иргэдэд үнэ төлбөргүй олгоогүй байна гэдэг нь юугаар харагдаж байна вэ гэхээр хоёр гэрч болон газрын кадастрын зураглалтай холбогдуулаад план зураг гаргаж өгсөн. Тэр план зураг дээр айлын өмчлөлийн газрын гадна талд барьсан хашааг тэр айлын өмчийн зүйл гэж ярих ёс байхгүй. Энэ бол тухайн айлын өмч биш эзэмшүүлж авсан газраараа харъяалагдана. Энэ барьсан хашаа нь мянганы замын босоо тэнхлэг дагуу барьсан зорилго, чиглэл нь сумынхаа тохижилт, өнгө үзэмжийг сайжруулъя гэсэн асуудал байгаа. Хашааг үнэ төлбөргүй өгсөн гэж буруу тайлбар гаргаад торгууль тавьж, акт гаргасан байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хууль хэрэглээний хувьд алдаатай байгаа нь бодиттой байдалтай энэ захиргааны акт нь нийцэхгүй байна. Шалгаж байгаа хүний үзэмж, ойлголтоор харагдаад байгаа учраас аудитын байгууллагын хяналт, шалгалтын гол зорилго бодитой байх ёстой, үнэн зөв байх шаардлагатай нийцэхгүй байна гэж үзэж байна. Санхүүгийн хяналт шалгалт хийгээд ирэхээр тухайн санхүүгийн асуудлыг нягтлан бодох бүртгэлийн тайлангаар нягтлан хүн хийж байгаа. Нягтлан бодох бүртгэлд алдаа байвал хөрөнгийн орлого, зарлагыг ямар байдлаар хийхийг засаж сайжруулах боломжтой. Санхүүгийн тушаал, шийдвэр тавиад явах боломжтой байсан. Үүнд заавал акт тавих шаардлагагүй байсан. Үндсэн хөрөнгөнд бүртгэж авна гэхээр үндсэн эзэмшигч тогтоогдоогүй байхад, энийг сумын ЗД үндсэн хөрөнгөдөө бүртгэж авахгүй, сумын ЗД-ын дэргэд өмчийн алба гэж байна. Өмчийн алба нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг хариуцна. Хариуцахдаа иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор танай өмч боллоо гээд хөрөнгийн бүртгэлээр орж ирнэ. Миний хувьд энэ хөрөнгө бол замд яваа хөрөнгө гэж үзэж байгаа. Энэ хашаа бол хариуцах эзэнд нь хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгөх асуудал нь албан тоотын хүрээнд л явж байхад та нар хийгээгүй байна гэж үзэж болохгүй. Акт бол төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэнд хашаа барьж өгсөн. Төсвийг зориулалтын бусаар зарцуулаагүй гэдэг Орон нутгийн хөгжлийн сангийн журам, Төсвийн тухай хуулинд зааснаар сумын тохижилтын  ажлыг хийсэн. Сайдын 2013 оны 43-р тушаалаар баталсан гээд бичсэн байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй байна гэж үзэж байна. Хяналт шалгалт хийхдээ хүчингүй болсон захиргааны актыг баримталсан, хүчингүй болсон хэм хэмжээний актаар акт тогтоож болохгүй.  2019 оны 3 дугаар сарын 22-ны 01/49 тоот төлбөрийн акт тогтоох эрх хэмжээг нь өгөөгүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлсэн, үндэслэлгүй буюу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан байхад зориулалтаар бусаар ашигласан гэж акт тогтоосон нь буруу юм.

         Хариуцагч Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь  санхүүгийн, тайлангийн, гүйцэтгэлийн нийцлийн гэсэн 3 аудит хийх эрхтэй. Энэ аудит бол Монгол улсын Ерөнхий аудитын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хийгддэг. Нээлт нь албан ёсоор төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн ЗД М.Б болон холбогдох бүх мэргэжилтэнд мэдэгдэж аудитыг нээсэн байгаа. Булган суманд очихоос өмнө бид бусад сумдаар явсан, сумдын холбогдох санхүү албаны дарга нартай утсаар ярьж мэдэгдсэн байгаа. Энэ аудитын үеэр сумын ЗД Б өөрөө байгаагүй, сумын орлогч дарга, Тамгын газрын дарга, санхүүгийн ажилтан байсан. Тийм болохоор би захиргааны хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Төрийн  аудитын тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.1.12-т акт тогтооно гэж нийцлийн аудит, гүйцэтгэлийн аудитыг тогтооно гэх ч юм уу ингэж заагласан юм байхгүй. Бүх аудитын явцад илэрсэн зөрчилд акт болон албан шаардлага эсвэл боловсронгуй болгох санал хүргүүлэх эрхтэй байдаг. Тэр нөхцөл байдлаас хамаараад ямар нөхцөлд акт тавих уу, ямарт нь албан шаардлага өгөх үү, ямарт нь санал хүргүүлэх үү зэрэг нь манай өөрийн байгууллагын эрх хэмжээ бөгөөд Монгол улсын Ерөнхий аудиторын баталсан журам байгаа. Тэр журмын дагуу акт тогтоогоод үндэслэлийг нь бичсэн. Иймээс бид энэ актыг тогтоох бүрэн эрхтэй юм. Бид энэ актыг бичихдээ зөрчлийн утга, хууль зүйн үндэслэл, хуулийн зүйл заалт зэргийг бүрэн бичиж захиргааны ерөнхий албан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Тэр тухай тайлбараа ч шүүхэд гаргаж өгсөн. Манай актыг хууль зүйн үндэслэлгүй гэснийг хүлээж авах боломжгүй юм. Мөн хууль зөрчиж акт тогтоосон гэж  тайлбар өгсөн байна. Төсвийн тухай хуулийн  58 дугаар зүйлийн  58.4.8-д сумын тохижилт, мод, ургамал цэцэрлэгжүүлэлт, явган зам, амралт болон хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах арчлах талаар тодорхой заасан байдаг. Тэгээд тохижилт гэдгийг бүрэн задалж Сангийн сайд заавар баталдаг. Үүнийг   Б дарга сайн мэдэж байгаа.  Энэ зааврын 7 дугаар зүйлийн 7.4.6-д сумын тохижилт, мод, ургамал цэцэрлэгжүүлэлтэнд юу юу хийх вэ гэдэг нь  7 дугаар зүйлийн 7.4.6 “а”-аас “ө” хүртэлх бүгдийг тайлбарлаад бичсэн байгаа. Үүнд сумын иргэдэд хашаа барьж өгч болох тухай заалт байхгүй. Мөн батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулна гэж заасан байгаа.   2018 оны 12 дугаар сарын 31-нээр бүх санхүүгийнхаа үйл ажиллагааг гаргаж тайланд тусгах ёстой. Гэтэл хашаажуулах төслөө “зардал” гэж бичсэн байгаа. Тэр нь бүртгэлдээ зардал биш байх юм бол авлага юм уу?  Хэрвээ энэ хашааг үнэ төлбөргүй олгоогүй байсан бол үр дүнгийн тайланд зардалд бүртгэхгүй байх байсан. ...авлагаар тусгах ёстой байсан,  зарлагаар тусгагдсан байна гэдэг нь мөнгө болоод гараад явсан гэсэн үг. Гэтэл хашааг хөрөнгөөр ч аваагүй, авлагаар ч аваагүй байгаа...  Тэгэхээр мөнгө санхүү хөрөнгө гэдэг нь бүртгэлээр нотлогдоно. Энэ хашаа үнэ төлбөргүй иргэдэд олгогдоод явсан байна. Иргэдтэй гэрээ байгуулаад үнийг нь төлүүлнэ гэсэн бол үнэ төлбөргүй олгоогүй юм байна гэсэн асуудлыг ярих байсан. Тухайн ажил дуусахад хөрөнгийн газар хандаад энийг бид хөрөнгөнд авмаар байна гээд явсан бол нотлох баримт болох байсан. Гэтэл бид нарыг акт тогтоогоод явсаны дараа энийг хөрөнгөнд авах ёстой юм байна. Одоо өмчийн газарт бичиг өгөөд явж байгаа нь төсөв захирагчийн үүргээ биелүүлээгүй. Ингээд явж байхад акт тогтоосон гэж бид нарыг гүтгэж байна. Өмчийн газраас “нийтийн зориулалттай хөрөнгө мөн байх юм бол танайх наадахаа бүртгэлдээ тусгаад аваарай” гэж хариу өгсөн байгаа. Тэгэхээр нийтийн эзэмшлийн хөрөнгө гэдгийг юу гэж үзээд байгаа юм бэ, хүний хувийн хашааг нийтийн эзэмшил гэж үзэх үү. Тэр хашааны зөвхөн урд тал нь нийтийн эзэмшлийнх нөгөө гурван тал нь хувийнх гэсэн асуудал байхгүй. Иргэний хувийн газраас нийтийн эдэлбэр рүү ЗД тусгай иргэнтэй гэрээ хийсний үндсэн дээр шилжүүлж болох тухай Газрын тухай хуулийн заалт байгаа болохоос нийтийн эдэлбэрийн газраас хүний хувийн хашаа руу халдах зохицуулалт байхгүй. ЗД-ын захирамжинд заасан хэмжээний газрыг л газар эзэмших гэрээнд заасны дагуу эзэмшүүлээд тойруулаад авах эрхтэй. Тэгээд энэ заавар дээр хашаажуулах гэж байхгүй, хаягжуулах гэж байгаа. Чойбалсан, Чулуунхороот сумдууд хаягжуулж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагад  2017 оны асуудал огт хамааралгүй учраас тухайн оны шалгалтын талаар ярихгүй. Б даргад өөрт явуулсан тайлбар болон захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн тайлбаруудаа энэ нөхцөл байдлуудыг тодорхой дурьдсан байгаа гэв.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч  Б сумын  ЗД нь тус аймгийн Төрийн аудитын байгууллагын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/49НАГ-2019/06/-НА” дугаар төлбөрийн актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага[1] гаргасан. Тэрээр шаардлагын үндэслэлээ: Б сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Хашаажуулах төсөл”-ийн хүрээнд сумын айл өрхүүдэд нийт 10.0 сая төгрөгийн хашааг үнэ төлбөргүй олгосон ямар нэгэн шийдвэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ЗДас гараагүй... хэмээн маргажээ.

       Дорнод аймаг дахь Төрийн аудитын байгууллагын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/49НАГ-2019/06/-НА[2] дугаар төлбөр тогтоох тухай актад: Б сумын  Орон нутгийн санхүүжилтийн хөрөнгөөр “Хашаажуулах төсөл” ажлаар сумын айл өрхүүдэд нийт 10.0 сая төгрөгийн хашааг үнэ төлбөргүй олгосон нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар батлагдсан, Орон нутгийн хөгжлийн сангийн зааврын 7.4 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр, Төрийн адитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д заасны дагуу 10.0 сая төгрөгийг Б сумын Орон нутгийн хөгжлийн дансанд 2019 оны 05 дугаар сарын 25-ны дотор ТАБ.д ирүүлэхийг Б сумын ЗД Д.Б, нягтлан бодогч Х.Ү нарт хариуцуулав гэжээ.

       Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

        Орон нутгийн  хөгжлийн сангаар хийгдэх ажлын жагсаалтыг  Б сумын  1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцүүлэн ... сумын ЗД-д уламжилж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ба хөрөнгө оруулалтын бус төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын “Хашаажуулах төсөл”-ийн төсөвт 10.0 сая төгрөгөөр батлагдсан болох нь Багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр тогтоол[3], Хуралд оролцогчдын бүргтгэл, хуралдааны тэмдэглэл[4], Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  “Төсөв батлах тухай”  05 дугаар[5] тогтоолын 3-р хавсралт зэргээр нотлогдож байна. Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Хашаажуулах төсөл гудамж эгнээг цэгцлэх” ажилд  10 сая төгрөг төсөвлөн  батлагдсаны дагуу “О Б Ш” ХХК-тай “Хашаажуулах төсөл гудамж эгнээ цэгцлэх” ажлын гэрээг[6] байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сумын ЗД-ын  А/76 дугаар “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж[7]  гарсан байгаа бөгөөд, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

        Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 “ТАБ. нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно” заасны дагуу Дорнод аймаг дахь Төрийн Аудитын байгууллагын аудитор нар нь Б сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт”-д  нийцлийн аудитыг хийхдээ, ...тусгай удирдамжгүй, эрх бүхий албан тушаалтныг байлцуулахгүйгээр хяналт шалгалтыг явуулж,  2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийн  актыг тогтоосон гэж үзэхээр байна. 

       Төрийн аудитын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...төлбөрийн актад     Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар батлагдсан  “Орон нутгийн хөгжлийн сангийн зааврын 7.4 дэх заалтыг зөрчсөн талаар тайлбарлаж, ...дээрхи акт нь  өнөөдөр хүчингүй болсон хэдий ч аудит хийсэн 2019 оны 3 дугаар сард хүчинтэй байсан хэмээн тайлбарладаг.  Гэтэл сумын ЗД-ын 2018 оны  09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/76 дугаар захирамж батлагдсаны таван хоногийн дараа  Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаал, “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар” нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Сангийн сайдын 228 дугаар тушаалаар хүчингүйд тооцож, Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулахаар өөрчлөгдсөн болно.

     Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.8-д “сумын тохижилт, мод ургамал цэцэрлэгжүүлэлт, явган зам, амралт болон хүүхдийн талбайг тохижуулах арчлах” талаар хуульчилсан. Гэтэл хариуцагч нь “сумын тохижилтод нь хашаажуулах төсөл хамааралгүй, ...айл өрхийн хашаанд хаягжуулалт хийхийг зөвшөөрсөн болохоос “хашаажуулах” гэсэн зүйл байхгүй гэсэн тайлбарын дагуу нэхэмжлэгч сумын ЗД нь ...хашаажуулан цэгцэлж, хаягжуулалт хийж  айл өрхийг нэгдсэн эгнээнд оруулах ажил нь сумын тохижилтод хамааралтай хэмээн тайлбарлаж байна.

      Тус сумын тухайд мянганы замын хэвтээ байрлалд байрладаг учраас сумын өнгө үзэмжид онцгойлон анхаарч, ... иргэдийн саналын дагуу ажиллаж байгаа..., сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ЗД-аас үнэ төлбөргүй олгох талаар ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, хэнд ч үнэ төлбөргүй олгоогүй, дараагийн шатны  асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаад явж байгаа гэх тайлбар, Сумын ЗД-ын 2019 оны 1/145, 1/146, Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дүгээр албан бичгүүд,  гэрчүүдийн ...2017 оны  09 дүгээр сард  багийн иргэдийн хурал дээр хашаажуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хэд хэдэн удаа тавьж байсны дагуу хийгдсэн ажил гэж ойлгож байгаа ... манай өмчийн хашаанаас урагш хоёр метрийн зайтай баригдсан хашаа байгаа, ...хашааг хүлээж авсан зүйл байхгүй, улсын юмыг зүгээр юу гэж авах билээ”[8] зэрэг тайлбараас үзэхэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын айл өрхүүдэд 10,0 сая төгрөгийн хашааг иргэдэд үнэ төлбөргүй олгосон болох нь тогтоогдохгүй байна. 

         Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 “Аудит дуусаж, тайлангийн төсөл бэлэн болсоны дараа ТАБ нь аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч, ажлын 10 хоногийн дотор саналаа өгөхийг хүсэх, хуулийн 19.3.2-т аудит хийлгэсэн газраас ирүүлсэн саналыг судлан үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл өөрийн дүгнэлтийг нэмэлт нотлох зүйлээр бататгах арга хэмжээ авна” Монгол Улсын Ерөнхий Аудиторын А/95 тоот тушаалын хавсралт “Төрийн аудитын байгууллагын акт  тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 7 дугаар зүйлийн 7.3.1.-т ...  нийцлийн аудитаар тавигдсан акт, албан шаардлагыг ...баталгаажуулан аудитын тайлангийн хамт албан бичгээр хүргүүлэх талаар хуульчлан, журамласныг хариуцагч  байгууллага  хэрэгжүүлээгүй болох нь  нэхэмжлэгчийн ... шалгалтыг хийх үед албан томилолттой байсан, тайлбарлах боломж олгоогүй, акт, тайланг албан ёсоор хүргүүлээгүй” гэх, хариуцагч тал ...тайланг холбогдох хүмүүст хэвлэж өгөх хүндрэлтэй байдаг учир  сум руу нь хүргүүлээгүй, нэгдсэн журмаар ... албаны сайтад тавьсан  түүнээс үзэх боломжтой, ...аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч М.Б-д хүргүүлсэн ... зэрэг тайлбаруудаас үзэхэд дээрхи хууль журмыг хэрэгжүүлээгүй, ...актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн  26 дугаар зүйлийн 26.1 “Захиргааны актыг  ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий  нөхцөл байдлын талаар “тайлбар” “санал” гаргах боломж олгоно” заасныг зөрчжээ.

        Б сумын Чулуут багийн 10.0 сая төгрөгийн “Хашаажуулах төсөл”-ийн гүйцэтгэлийн ажлын  эрх зүйн  үйлчлэл нь дуусгавар болоогүй үргэлжилж байгаа  учир ТАБ. нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага  үйл ажиллагаандаа хууль  тогтоомж  нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана” заасныг хэрэгжүүлж  арга замыг нь тодорхойлж өгөх боломжтой байсан байна

       Хариуцагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг захиргааны шийдвэрийг мэдэгдсэнээс хойш  30 хоног гэж заасныг зөрчиж, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсний тухайд: Нэхэмжлэгч сумын ЗД нь Нийцлийн аудитын хяналт шалгалт явуулж байх хугацаанд “албан томилолттой” байсан бөгөөд, Аудитын байгууллагын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 251 тоот албан бичиг нь тус сумын ЗД-ын Тамгын газрын “Ирсэн бичиг” бүртгэлийн 255-рт 4 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь тухайн үед хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /ар гэрийн гачигдал/ 4 дүгээр сарын 24-ний өдөр гардаж авсан[9] зэрэг баримтаас үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болно.

       Иймд нэхэмжлэгчийн Дорнод аймаг дахь ТАБ-ын 0/49НАГ-2019/06/-НА дугаар төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5, дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Төрийн аудитын тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.4, 15 дугаар зүйлийн 15.1.12, 19 дүгээр зүйлийн  19.3, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорнод аймгийн Б сумын ЗД Д.Бийн  нэхэмжлэлтэй, тус аймгийн ТАБ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ТАБ-ын 01/49НАГ-2019/06/-НА” дугаар төлбөрийн актыг  бүхэлд нь хүчингүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3, 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Дорнод аймаг дахь ТАБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.                                                 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.ОЮУН                    

 

 

 

 

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-5-р хуудас

[2] Хавтаст хэргийн 7-р хуудас

[3] Хавтаст хэргийн 13-р хуудас

[4] Хавтаст хэргийн 15-р хуудас

[5] Хавтаст хэргийн 27-28-р хуудас

[6] Хавтаст хэргийн 30-р хуудас

[7] Хавтаст хэргийн 31-р хуудас

[8] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 12-13-р хуудас

[9] Хавтаст хэргийн 107-110-р хуудас