Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 112

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 716 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох эрүүгийн 2109003840144 дугаартай хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шуудай овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, өөрийн оршин суух хаягаас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б болон иргэний хариуцагч “А” ХХК-иас 61,265,098 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Б-т олгуулах,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас 1,411,800 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д олгуулах, “А” ХХК нь гэм хорын хохирлыг арилгасан тохиолдолд Б.Баас хохирол шаардах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.”,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.”,

4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Б-т учирсан хохирол 61,265,098 төгрөгийг иргэний хариуцагч “А” ХХК-иас гаргуулан олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч, “А” ХХК нь иргэний нэхэмжлэгч Ц.Б-т 4,496,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч, хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар магадлалын иргэний иргэний нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэсэн 4 дэх заалт нь Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Б-т учирсан хохирол 61,265,098 төгрөгийг иргэний хариуцагч “А” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Гэтэл хэргийн үйл баримтаас үзэхэд осол гарахад унаж явсан тээврийн хэрэгслийг ажлын хэрэгцээнд унаж ашигладаг хэдий ч тухайн өдрийн хувьд машины тормос эвдрэлтэй байгааг ажилд гарахаас өмнө мэдсэн тул ажилд гаргахгүй байх арга хэмжээг авсан байтал жолооч тормосны шингэнээ нэмээд ажилд гарсны улмаас осол гарсан байдаг. Хавтас хэргийн 137-138 дугаар дах хуудаст авагдсан гэрч Б.Б-ын мэдүүлэгт “...Б хоцорч ирэнгүүтээ хуруугаа дарж цагаа бүртгүүлээд надтай уулзсан, Б.Б 39-62 УНД “Киа бонго” машины тормос сул бариад байна гэж хэлсэн. Тэгэнгүүт 39-62 УНД дугаартай машиныг явах боломжгүй байна гэж мэдээд 94-60 УНГ дугаартай машиныг үйлдвэр дээрээ дуудаад тэр машинд 39-62 УНГ машинд ачсан байгаа барааг зөөж шилжүүлээд ажилд нь гаргахаар хүлээж байсан... 5-10 минутын дараа Б туслах Б-ын утсаар над руу залгаад тоормосны шингэнээ солиод хийчихлээ гайгүй юм шиг байна, яваад үзъе гэж хэлэхээр нь хэрэггүй наад машинаа үйлдвэр дээр үлдээ, ирж байгаа машинд бараагаа сольж ачаад шаардлагатай бол дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй газруудаар 10-79 дугаартай машиныг унаад яв гэж хэлсэн, тэр үед Б 39-62 УНД дугаартай машинаар яваад үзъе гээд түгээлтдээ гараад явсан...” гэжээ.

Энэ нь тухайн өдрийн ажилд компани, хариуцсан менежер нь нөхцөл байдлаас хамааран зохицуулалт хийн машиныг замын хөдөлгөөнд гаргахгүй байхаар арга хэмжээ авч Б.Б-ыг томилж ажилд гаргаагүй байхад жолооч Б.Б нь өөрөө дур мэдэн ажилд гарсан байгааг үнэлж дүгнээгүй, эзэмшигч өөрөө томилсон гэж хуулийн заалтад хамааруулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. “А” ХХК нь жолоочийн дур мэдсэн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцлагыг хүлээх ёсгүй.  Иргэний хуулийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах” гэсэн зохицуулалтыг анхаарч үзнэ үү.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал гаргасан саналдаа “Давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. “А” ХХК-ийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын асуудал тодорхой журмаар зохицуулагдаагүй нөхцөл байдалтай байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл дээр өдөр бүр үзлэг шалгалт хийгээд түгээлтэд гарах эсэх асуудлыг шийдэж явах үүрэгтэй. Гэтэл утсаар яриад зөвшөөрөл өгөөгүй байхад аваад явсан байна гэдэг мэдүүлгээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй. Аюулгүй ажиллагаанд баримтлах дүрэм, журмаа хуульд заасны дагуу боловсруулж ажиллагаагүйгээс шалтгаалж гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа учир тус компани 100 хувь хариуцлагаа хүлээж, хохирлыг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлтэй” гэв.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд гаргасан саналдаа “Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн талаар эрх бүхий албан тушаалтанд хэлж байсан тухай баримт хэрэгт авагдсан. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлийг зөв хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн” гэв.

Тус шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн 2109003840144 дугаартай Б.Б-т холбогдох хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан хэлэлцэх үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай, бүрэн шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэргийн бодит байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүнтэй буюу үндсэн шинжид Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх шинжид нь хамруулахаар заасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж шийдвэрлэхдээ түүнийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг оршин суух газраас явахыг хориглох, ... үүрэг хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж хоёрдмол салаа утгагүйгээр шууд зааж тодорхойлсон ба шүүхээс шүүгдэгчийн оршин суух газрыг өргөн хүрээгээр тайлбарлан аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, үүрэг хүлээлгэн шийдвэрлэж буй хуулийн хэрэглээ нь гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамтай нийцэхгүй юм. Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч “А” ХХК болон шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөж шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь “А” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэдэг, түүний жолоодож явсан “Кiа Воngо-3” загварын 39-62 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “А” ХХК болох нь “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажилд авах тухай тушаал, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”; 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу “А” ХХК нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй, бүрэн хариуцахаар байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулсан буюу шүүгдэгчийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох заалтыг хүчингүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 24 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт, Олимпийн гүүрний замд “А” ХХК-ний эзэмшлийн “Kia Bongo-3” загварын 39-62 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан Р.М жолоочтой “Toyota Sia загварын 26-20 УБЗ улсын дугаартай, Э.Б жолоочтой “Mercedes Benz G-63 загварын 01-10 УНТ улсын дугаартай, Б.Г жолоочтой “Toyota Prius-20” загварын 34-91 УАН улсын дугаартай автомашинуудыг мөргөж “Kia Bongo-3” загварын 39-62 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч “А” ХХК-д 1,745,000 төгрөгийн, “Toyota Prius-20” загварын 34-91 УАН улсын дугаартай автомашины эзэмшигч Э.С-д 258,000 төгрөгийн, “Toyota Sia загварын 26-20 УБЗ улсын дугаартай автомашины эзэмшигч Р.М-т 4,450,000 төгрөгийн, “Mercedes Benz G-63 загварын 01-10 УНТ улсын дугаартай автомашины эзэмшигч Ш.Адьшаад 48,068,039 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 54,521,039 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Ийнхүү Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, авто ослын шалтгаан нөхцөл, шүүгдэгч болон иргэний хариуцагч “А” ХХК-ийн гэм буруу, учирсан хохирлын хэр хэмжээ зэрэг хэргийн нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв тогтоосон боловч тухайн хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл байх шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэснээс гадна мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан билээ.

Хууль тогтоогч 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол ...” гэж тодорхойлсныг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг батлахдаа өөрчилж, тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” хэмээн томъёолж, харин энэ гэмт хэргийг согтуурсан, эсхүл мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тохирох заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хүний биед хөнгөн гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцоогүй, харин автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1, 2, 51 дэх хэсэгт (Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих) заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчилсныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Бын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн “а” заалтыг зөрчин тоормосны систем гэмтэлтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан иргэний нэхэмжлэгч, хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхисон бөгөөд иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 716 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр тус тус хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ХОСБАЯР

                                    ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН                                                                    

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Б.ЦОГТ

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН