Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 110/2018/0056/З |
Дугаар | 221/МА2019/0568 |
Огноо | 2019-11-06 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0568
Ш.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0055 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сумын улсын бүртгэгч М.Розад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0055 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4,3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1,12.11.3,12.16, 28 дугаар зүйлийн 28.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Мын г овогтой Быг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Хабиба нарт үрчилснийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.Бын эцэг Х.г нь 1999 онд гадаад улсын иргэн болсон хэдий ч нэгдүгээрт, Х.г нь өмнө нь гадаад улсын иргэн биш, Монгол Улсын иргэн байсан болохыг онцгойлон анхаарч үзэх ёстой, нөгөөтээгүүр, Х.г нь хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөн, харин эх М.А нь мөн өмнө нь гадаад улсын иргэн биш, Монгол Улсын иргэн байсан, ингэхдээ М.А хувьд 2013 онд гадаад улсын иргэн болсон, өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн байхдаа буюу 2012 онд хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрч, энэ талаар нотариатаар гэрчлүүлсэн. Түүнчлэн Ш.М, С.Хабиба нарын сумын Засаг даргад бичгээр гаргасан хүсэлт зэрэг нь, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “... Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна...” 55.6-д “...Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана...”, 55.7-д “...Сум дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана...” гэж заасантай бүрэн нийцсэн байх ба хуулийн энэхүү шаардлагыг хангасан нөхцөлд сумын Засаг дарга хүүхэд үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь хуульд тусгагдсан байна.
Учир нь дээр дурдсанчлан Г.Бын эцэг, эх Х.г, М.А нар өмнө нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд хүүхэд үрчлүүлэх тухай зөвшөөрлөө сайн дураараа өгсөн байх тул сумын Засаг дарга хүүхэд үрчлүүлэх шийдвэрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан нь ямар нэгэн зөрчил агуулахгүй, тухайн захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүйгээс гадна Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж хүчин төгөлдөр бөгөөд анхан шатны шүүхээс илт хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-47.1.7 дахь хэсэгт заасан тохиолдол тус бүрээс харахад захиргааны актыг илт хууль бус болох үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн Долдугаар бүлгийн Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх хэсэгт гадаад улсын иргэний хүүхдийг үрчлэх, Монгол улсын иргэн хүүхэд үрчлэн авах асуудлыг хориглосон хуулийн заалт байхгүй болохыг дурдаж байна.
Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д: Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна гэж заасан.
Хэдийгээр Г.Б нь Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй боловч төрснөөсөө өнөөдрийг хүртэл нагац өвөг эцэг, нагац эмэг эх нарын хамт эрүүл саруул эсэн мэнд бойжиж, хүмүүжигдэж байгааг анхан шатны шүүх шийдвэр гаргахад нэн тэргүүнд анхаарч үзсэн.
Г.Быг төрснөөс нь хойш нагац өвөг эцэг, нагац эмэг эх нар нь асарч, халамжилж байгаа учир тэднийг төрсөн эцэг, эхээ гэж ухамсарлан ойлгодог ба харин жинхэнэ эцэг эхээ танихгүй, хэн гэдгийг нь ч мэдэхгүй өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Одоо Х.г, М.А нар нь гэрлэлтээ цуцлуулсан, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй тодорхой бус. Тэд тухайн үед сайн дурын үндсэн дээр өөрсдийнхөө зөвшөөрлөө өгч Казакстан Улс руу явснаас хойш өнөөдрийг хүртэл холбоо бариагүй, хүүхдээ эргэж ирээгүй, холбоо тасарсан болно.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна” гэж заасан учир Г.Б нь нэгэн адил энэ хуулийн хамгаалалтыг эдлэх эрхтэй. Мөн хүүхдийн эрхийн конвенцийн 21 дүгээр зүйлийн 1. Үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих бөгөөд тэдгээр нь:
(а) хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ;
(b) хэрэв хүүхдийн хүмүүжил буюу үрчлэлтийг хангаж чадахуйц гэр бүлд байлгах буюу хүмүүжүүлэх зорилгоор шилжүүлэх, эсхүл тухайн хүүхдийн төрсөн оронд зохих ёсоор нь асрамжлах боломжгүй бөгөөд өөр оронд үрчлүүлэх нь хүүхдийг асарч хамгаалах боломжтой арга хэмээн авч үзэж, хүүхдийг асран хамгаалалтад түр шилжүүлэх, тохирох гэр бүлд үрчлүүлэх, эсхүл эх оронд нь зохих ёсоор асран халамжлах боломжгүй бол үндэстэн дамнан үрчлүүлэхийг хүлээн зөвшөөрнө;
(c) хүүхдийг улс хооронд үрчлүүлэх тохиолдолд тухайн улсад хүүхэд үрчлүүлэхэд дагаж мөрддөг баталгаа болон хэм хэмжээг адил хэмжээнд хангана;
(d) улс хооронд үрчлүүлэх хүүхдийг шилжүүлэн суурьшуулахад оролцсон хүмүүс энэхүү үйл ажиллагаанаас санхүүгийн ашиг хонжоо олохгүй байх шаардлагатай бүх арга хэмжээ авна; гэж тус тус зааснаас үзэхэд, хүүхдийг дээрх байдлаар үрчлүүлж байгаа тохиолдолд ямар нэгэн хууль зөрчсөн асуудал харагдахгүй байна.
Мөн Харьяатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхэд Монгол Улсын харьяат байна” гэж заасныг анхаарч, улсын бүртгэгчийн эс үйлдэхгүйгээс болж, Г.Бын эсэн мэнд амьдрах эрх, хөгжих эрх, сурч боловсрох эрх, хамгаалуулах эрх, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох эрх нь тус тус зөрчигдөж байна.
Дахин хэлэхэд, Х.г, М.А нар нь угийн гадаад улсын иргэд биш, Монгол Улсын иргэд байсан бөгөөд гагцхүү Казахстан улсад амьдралын шаардлагаар нүүсэн иргэд юм.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.16-д “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ” гэж заажээ. Энэхүү хуульд заасан журмын дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр эх М.Аийг Монгол улсын харьяатаас гарах хүртэл хугацаанд /2013.07.04/ хүүхдээ Монгол улсын төрсний бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээ авах эрхтэй байсан ба тэд бүртгүүлээгүй боловч эцэг, эх нь харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрч Ш.М, С.Хабиба нарт үрчлүүлснийг эцэг, эхийн харилцан тохиролцох гэж үзэх бүрэн боломжтой. Нөгөө талаар Г.Б Казахстан улсад төрж, тухайн улсын төрсний бүртгэлийн дэвтэртэй байгаа нь түүнийг шууд Казахстан улсын иргэн буюу гадаад улсын иргэн гэж үзэх нь учир дутагдалтай. Нэгэнт дээр дурьдснаар эцэг, эхийн зөвшөөрөл нь байгаа, харин эцгийнх нь зөвшөөрөл бүхий баримт нь хожим үйлдэгдсэн нь эцгийнх нь зөвшөөрөлгүй гэдгийг нотлохгүй. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийн аль нэг нь тухайн үед Монгол Улсын иргэн байсан ба Монгол улсад бүртгүүлэх хүсэлтэй байсан болох нь нотлогдож байна.
Одоо Г.Б Казахстан улсын төрсний бүртгэлийн дэвтэртэй байгаа боловч Оросын холбооны улс, Монгол Улс, Казахстан улсын хилээр нэвтрэн орж, гарах ямар нэгэн гарц байхгүй учраас Монгол улсын төрсний бүртгэлийн гэрчилгээ авахаас өөр аргагүй.
Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хууль ёсны бөгөөд хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0055 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, зохих өөрчлөлтийг оруулав.
Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ш.Маас “г овогтой Быг нагац өвөг эцэг Ш.М, нагац эмэг эх С.Хабиба нарт үрчилснийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Үйл баримтын талаар дурдвал: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/260 дугаар захирамжаар г овогтой Быг нагац өвөг эцэг Ш.М, нагац эх С.Хабиба нарт үрчлүүлэх тухай шийдвэр гаргажээ.
Улмаар уг захирамжийн дагуу Г.Быг нагац өвөө Ш.М, нагац эмээ С.Хабиба нарт үрчлүүлэхээр хүүхэд шийдвэрлэснийг улсын бүртгэлд бүртгүүлэн, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгуулах тухай хүсэлт гаргасныг хариуцагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сумын улсын бүртгэгч М.Роза тус үрчлэлтийг ”...Г.Б нь Казахстан улсад төрсөн, тус улсын гэрчилгээтэй, Монгол Улсад амьдарч байгаа ч Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгэлгүй, регистрийн дугааргүй,...эцэг эх нь болох иргэд нь Монгол Улсын харьяатаас гарсан ...” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Дээрх шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, 12.11.3, 12.16, 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтуудтай нийцсэн байх тул хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгчээс “... төрсөн эцэг, эх болох Х.г, М.А нар Монгол улсын иргэд байсан, Казахстан улсруу амьдралын шаардлагаар нүүсэн... Г.Б нь Монгол Улсын төрсний гэрчилгээ аваагүй боловч төрснөөсөө өнөөдрийг хүртэл нагац өвөг эцэг, нагац эмэг эх нарын хамт эрүүл саруул эсэн мэнд бойжиж, хүмүүжигдэж байгаа... Гэр бүлийн тухай хуулийн Долдугаар бүлгийн Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх хэсэгт гадаад улсын иргэний хүүхдийг үрчлэх, Монгол Улсын хүүхэд үрчлэн авах асуудлыг хориглосон хуулийн заалт байхгүй ... улсын бүртгэгч үрчлэлтийг бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй ...” гэж маргажээ.
Харьяатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг нь Монгол Улсын иргэний үнэмлэх, түүнийг авах хүртэл хугацаанд төрсний гэрчилгээ байна”, 7 дугаар зүйлийн 2-т “Эцэг, эхийн аль нэг нь Монгол улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасан.
Мөн Г.Быг 2009 онд төрөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-д “Эцэг, эх хэрэв эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэх буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгааны улмаас бүртгүүлэх боломжгүй бол тэдний төрөл садны хүн буюу хүүхэд байгаа эмнэлгийн байгууллагын эрх бүхий ажилтан хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ.”, 12.11-т “Төрсний гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана”, 12.11.3-д “төрсний бүртгэл үйлдсэн газрын нэр, гэрчилгээний болон регистрийн дугаар”, 12.16-д “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Монгол Улсын харьяат иргэн бүр регистрийн дугаартай байна”, 28.2-т “Регистрийн дугаар нь Монгол улсын иргэний үнэмлэх, эсхүл түүнийг орлох баримт бичиг, энгийн гадаад паспорт болон иргэний гэр бүлийн байдлын гэрчилгээ, хадгаламж, даатгалын дэвтэр, жолоодох эрхийн үнэмлэх зэрэг баримт бичигт бичигдэнэ” гэж тус тус зохицуулжээ.
Дээр дурдсанаар 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г.Быг төрөх үед эх М.А нь Монгол улсын харьяатаас гараагүй, харин эцэг Х.г нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 211 дүгээр зарлигаар Монгол Улсын харьяатаас гарч, Казахстан Улсын харьяат болсон байсан. Харин тэдний хүү Г.Б Казахстан улсын нутаг дэвсгэр дээр төрснийг Казахстан улсад төрсний бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон нь хэрэгт баримтаар авагдсан байна.
Харин Г.Б нь Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан болон төрсний бүртгэлд бүртгэгдсэн тухай баримт, лавлагаа байхгүй.
Г.Быг эцэг, эх нь дээрх дурдсанаар хууль тогтоомжид заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр хуульд заасан боломжит хугацаанд шинэ төрсөн хүүхдээ Монгол Улсын төрсний бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээ авах эрхтэй байсан боловч бүртгүүлэлгүй, харин Казахстан улсад бүртгүүлсэн нь маргаан үүсэх шалтгаан болсон байна.
Мөн түүнчлэн анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар захирамжийн талаар дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт байна гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасантай нийцээгүй байна.
Дүгнэн үзвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг дүгнэн, нотлох баримтуудыг цуглуулж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь зөв байх боловч нэхэмжлэгчийн маргаагүй актын талаар дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0055 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2” гэснийг хассан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР