Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/31

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Т.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай овогт Тгийн Лд холбогдох эрүүгийн 1912000590029 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 29-03 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Далай овогт Тгийн Л/РД:МЗ............/ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 29-03 тоотод иргэн Н.Мтой хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 

       *Эрүүгийн 1912000590029 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

       *Хохирогч Н.Мын өгсөн:

 

“...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зах дээр таньдаг хүнтэйгээ таараад 3 шил архи уучихаад эгчийнд их согтуу ирсэн. Тэгээд ээжийн тэтгэврийн мөнгөний талаар яриад уурлаж хэрүүл маргаан үүсгэсэн. Гэтэл дүү Т.Л гаднаас орж ирээд намайг аашилж загнаад байсан. Би зарим зүйлүүдийг санахгүй байна. Намайг хөөгөөд гэрээс чирч гаргахаар нь би сүх бариад айлгах гэж орсон. Би архи хэтрүүлэн хэрэглэснээс хэрүүл маргаан үүсгэснээс эгч дүү нар уурлаж ийм байдалд хүрсэн. Толгой руу нэг удаа гараараа цохьсон. Тэгээд  намайг унахад дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/ 

            “Гэрч Н.Жын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой эмнэлэг яваад ирэхэд Н.М манай гэрт архи уугаад байж байсан. Би хоол унд хийгээд байж байтал Н.М уурлаад байх шиг байсан, би чих хатуу болохоор юунаас болж яагаад уурлаад байгааг нь мэдээгүй. Гэтэл дүү бэлтгэлээсээ тарж ирээд архи уугаад байхаар нь Н.Мыг аашилж та чинь яахаараа архи уугаад байдаг юм бэ эмээгийн бие муу сахиуртай байхад юу бодож санаж явдаг юм бэ гэхэд өөдөөс нь хэрүүл маргаан үүсгээд байхаар нь дүү архиа гэртээ орж уу гээд чирээд гаргасан. Гэтэл Н.М сүх бариад орж ирээд Т.Л рүү дайрахаар нь би гараад явсан. Н.М Т.Лг хөөгөөд тэр хоёр гэрт үлдсэн. Т.Л удалгүй гарч ирээд цагдаа дуудсан. Би түрүүлээд гарсан болохоор цохиж зодсонг мэдэхгүй байна. Тухайн үед хөдөөнөөс тэтгэврээ авахаар ирсэн манайхтай айл аймаг байсан нэг хөгшин, 2 хүүхэд  байсан. Бид бүгдээрээ гарчихсан болохоор сайн мэдэхгүй байна. Хаяа нэг архи уугаад буруу зөрүү юм ярьж л байдаг. Би архи уухаар нь аашилж хэлдэг. Н.М манай бага дүү болохоор багаасаа эрх танхил өссөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/

 

*Яллагдагч Т.Лгийн өгсөн: 

“...2019 оны 01 сарын 14-ний орой 21 өнгөрч байх үед бэлтгэл тараад гэртээ ирэхэд авга ах Н.М нь гэрт согтуу ирээд эгчтэй эмээгийн тэтгэврээс болж маргаан үүсгэсэн байдалтай байж байсан. Манай эгч Жыг дээрэлхээд агсам согтуу тавиад байхаар нь гэртээ орж архиа уу гэж хэлсэн. Тэгээд гарахгүй маргалдаад байхаар нь чирээд гаргасан чинь хаалга онгойлгоод ална гээд орилоод байсан. Тэгж байснаа сүх бариад орж ирээд над руу дайрахад гэрт байсан Ж эгч, жаахан хүүхдүүдтэйгээ гараад явсан. Над руу сүхээр цохих гэж байгаад гэрийн багана хуга цохьсон. Тэгэхээр нь би нэг удаа цохиод унахаар нь дээрээс нь 1 дэвсчихээд гараад цагдаа дуудсан. Гараараа нэг удаа нүүр рүү нь цохьсон, унахаар нь дээрээс нь хөлөөрөө 1 удаа толгой руу нь дэвссэн. Би архи уугаад агсам тавиад үгэнд орохгүй байхаар нь уурласандаа болж цохьсоноос болж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаартай дүгнэлтэнд: 

“...Н.Мын биед духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хөмсөгний голыг хамарсан язарсан шарх, хамарт цус хуралт, буруун шилбэний урд дунд хэсэгт зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 15 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/ 

 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 35, 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 29-03 тоотод иргэн Н.М нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Л үйлдсэн болох нь хохирогч Н.Мын”... Гэтэл дүү Т.Л гаднаас орж ирээд намайг аашилж загнаад байсан. Би зарим зүйлүүдийг санахгүй байна. Намайг хөөгөөд гэрээс чирч гаргахаар нь би сүх бариад айлгах гэж орсон. Би архи хэтрүүлэн хэрэглэснээс хэрүүл маргаан үүсгэн эгч дүү нар уурлаж ийм байдалд хүрсэн. Толгой руу нэг удаа гараараа цохьсон. Тэгээд  намайг унахад дээрээс хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Жын ”... . Гэтэл Н.М сүх бариад орж ирээд Т.Л рүү дайрахаар нь би гараад явсан. Н.М Т.Лг хөөгөөд тэр хоёр гэрт үлдсэн. Т.Л удалгүй гарч ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 49 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Т.Лгийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Лгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Т.Л нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Н.М нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Т.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Т.Л нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Т.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Д овогт Тгийн Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Т.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР