Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

            Шүүгдэгч Ч.Б,түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ч.Бт холбогдох эрүүгийн 1809000001269 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягт бүртгэлтэй, оршин суудаг гэх, 1996 онд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 1997 онд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн гэх, У овогт Ч.Б. /регистрийн дугаар /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Б 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх автомоторс” ХХК-ний борлуулалтын цэгийн шилийг хагалж, хохирогч Ч.Батбилэгт 431.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан эд хөрөнгийг гэмтээсэн, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын Клиникийн нэгдсэн 1 дүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт эмчлүүлж байсан хохирогч Д.Должинсүрэнгийн 32.000 төгрөгийн үнэ бүхий “эл жи” маркийн гар утас, хохирогч Л.Нарантуяагийн 112.000 төгрөгийн үнэ бүхий “самсунг галакси нөт 4” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтрэн хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ч.Батбилэгийн “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 06 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх моторс” авто худалдааны төвийн нүүрний эгнээний 195x130 см хэмжээтэй 4 милометр зузаантай шилэн цонхыг үл таних этгээд чулуугаар цохиж хагалсан, дотор талд эвдэрсэн, нэвтэрч орсон зүйл байхгүй шилэн цонхыг төлүүлж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Бийн гэрчээр өгсөн “...би архи уугаад тасарсан байсан... эхнэр надад хэлэхдээ намайг подвол руу ус гуйж ороод жижүүртэй нь маргалдсан гэж хэлсэн. Би “Баянзүрх моторс” гэсэн машин зардаг барилгын шилийг хагалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эхнэр Мөнхцэцэгтэй хэрэлдээд ууртай явж байхдаа өшиглөж хагалсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 80-82 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ хх-ийн 126-128 дугаар хуудас,

Хохирогч Д.Должинсүрэнгийн “...би Улсын Клиникийн нэгдсэн 1 дүгээр төв эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн үед манай өрөөний үүдэнд 40 орчим настай, жижиг биетэй, халтайсан хүн зогсож байхаар нь яах гэж байгаа юм гэж асуухад хүнтэй уулзъя гэж хэлсэн. Хариуд нь “чамтай уулзах хүн энд байхгүй” гэж хэлэхэд тэр хүн 5 давхар руу гараад явсан. Удалгүй сувилагч эмэгтэй ирээд “саяны хүн хулгайч уу” гэж асуухаар нь “тийм байна” гэж хэлээд сувилагчтай хулгайчийн араас гүйсэн. Тэр үед цагдаа таарч тэр хүнийг барьсан. Би утсаа цонхны тавцан дээр тавиад цэнэглэж байсан бөгөөд утсаа авах гэтэл алга болсон байсан... “эл жи” брэндийн ягаан өнгийн утас, өөр алдагдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дүгээр хуудас/,

     Хохирогч Л.Нарантуяагийн “...миний бие Улсын Клиникийн нэгдсэн 1 дүгээр төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн 410 дугаартай өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан. Өглөө 7 цаг өнгөрч байхад хамт нэг өрөөнд хэвтэж байгаа Должинсүрэн босчихсон утсаа хайгаад байсан. Нараа эгч миний утас руу залгаач гэхээр нь би цонхон дээр цэнэглээд орхичихсон байгаа гэхэд миний гар утас бас байхгүй байсан. Хар өнгийн корпустай “самсунг галакси нөүт 4” маркийн гар утсыг Америкаас манай охин явуулсан болохоор үнэлгээг нь мэдэхгүй байна... коридорт хяналтын камер байгаа байх” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Должинсүрэн, Л.Нарантуяа нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7, 11 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Ч.Бийн өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Багшийн дээдийн нүхэн гарцан дээр гуйлга гуйдаг залуутай таараад нүхэн гарцны урд талын эмнэлгийн хашаан дотор 0.75 граммийн “Өргөө” гэх нэртэй архи хувааж уусан, нөгөө хүн нэрийг нь мэдэхгүй нэг газар орж унтана гээд явсан. ...Мөнхцэцэгтэй арслантай гүүрний хажууд тааралдаад нэг дулаахан газар орж сууя гэж бодоод 1 дүгээр эмнэлэгрүү орсон. Тэгээд би 1 дүгээр эмнэлэг дотроос гар утаснуудыг авсан. Тэр утаснуудыг ширээн дээр ил тавьсан байсан учраас би авсан. Би эхний утсаа аваад сим картыг нь салгаад Мөнхцэцэгт өгсөн. Харин дараачийн утаснуудынх нь сим картыг салгалгүй зүгээр авч явж байгаад цагдаад баригдсан. ...би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх автомоторс” ХХК-ний борлуулалтын цэгийн шилийг хагалж, хохирогч Ч.Батбилэгт 431.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Мөн Прокуророос шүүгдэгч Ч.Бийг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын Клиникийн нэгдсэн 1 дүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт эмчлүүлж байсан хохирогч Д.Должинсүрэнгийн 32.000 төгрөгийн үнэ бүхий “эл жи” маркийн гар утас, хохирогч Л.Нарантуяагийн 112.000 төгрөгийн үнэ бүхий “самсунг галакси нөт 4” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтрэн хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Б “…арслантай гүүрний хажууд Мөнхцэцэгтэй тааралдаад нэг дулаахан газар орж сууя гэж бодоод 1 дүгээр эмнэлэгрүү орсон. Би 1 дүгээр эмнэлэг дотроос гар утаснуудыг авсан. Тэр утаснуудыг ширээн дээр ил тавьсан байсан учраас би авсан...”гэж, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...эмнэлэгийн ширээн дээр байсан ариутгалын спиртыг авч уух санаатай байсан ч гар утас байхаар нь авсан” гэж тус тус мэдүүлжээ.

Үүнээс үзэхэд шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг үйлдэх зорилгоор Улсын клиникийн нэгдсэн 1 дүгээр төв эмнэлэгт ороогүй, нийтийн үйлчилгээний газарт хууль ёсоор нэвтэрч орсны дараа өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн ороогүй, цонхны тавцан дээр байсан утаснуудыг авсан байна.

Иймд шүүгдэгч Ч.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч нь хохирогч Д.Должинсүрэнгийн 32.000 төгрөгийн үнэ бүхий “эл жи” маркийн гар утас болон хохирогч Л.Нарантуяагийн 112.000 төгрөгийн үнэ бүхий
“самсунг галакси нөт 4” маркийн гар утсыг тус тус биет байдлаар хүлээлгэн өгсөн,  хохирогч Ч.Батбилэг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Ворлд Нави Бат” ХХК-ийг төлөөлж шүүгдэгч Ч.Бийн эхнэр Т.Мөнхцэцэгээс 300.000 төгрөгийн хохирол авсан байх ба эдгээр баримтууд нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон гэмт хэргийн хохирол, хор уршиг, хувийн байдал, хохирлоо нөхөн төлснийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.                        

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч энэ хэргийн улмаас нийт 129 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Бийн цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч У овогт Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ч.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 340 /гурван зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Бийн цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасч тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ОДОНЧИМЭГ