Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 679

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ж.Энх-Амгалан,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/366 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Д.Энхтөрийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Бт холбогдох ......................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч.Б, 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, ..................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 61 дугаартай “Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсан 790 жилийн ойг тохиолдуулан эмэгтэйчүүд, хүүхэд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд” өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 5 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,  

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 407 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 240 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 24 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:............................../;

 

Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх автомоторс ХХК-ний борлуулалтын цэгийн шилийг хагалж, хохирогч Ч.Батбилэгт 431.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын клиникийн нэгдсэн 1 дүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт эмчлүүлж байсан хохирогч Д.Должинсүрэнгийн 32.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Жи” маркийн гар утас, хохирогч Л.Нарантуяагийн 112.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Нөт 4” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Урианхай овогт Чулуунбаатарын Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Ч.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 340 /гурван зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Бийн цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасч тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Ч.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Энхтөр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцахад шүүх нь шүүх хуралдааны үйл явцыг үнэн зөвөөр дүгнээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрсэн” хулгайлах гэмт хэргийн талаар шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Учир нь шүүгдэгч Ч.Б Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дотрын тасгийн 410 тоот өрөөнд 06 цагийн орчим орж унтаж байсан эмчлүүлэгчдийн гар утсыг авсан нь үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн агуулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч Д.Должинсүрэнгийн: ... би Улсын нэгдүгээр эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 09-нд өглөө 06 цагийн үед манай өрөөний үүдэнд 40 орчим настай, жижиг биетэй, халтайсан хүн зогсож байсан яах гэж байгаа юм гэхэд хүнтэй уулзъя гэж надад хэлэхээр нь би чамтай уулзах хүн энд байхгүй гэж хэлэхэд тэр хүн 5 давхар луу гараад явсан, удалгүй сувилагч эмэгтэй ирээд саяны хүн хулгайч уу гэж асуух үед тийм байна гэж хэлээд би сувилагчтай тэр хулгайчийн араас гүйж байхад цагдаа таарч тэр хүнийг барьсан. Миний утас цонхны тавцан дээр цэнэглэж байсан юм утсаа авах гэтэл алга болсон... эл жи брэндийн ягаан өнгийн утас байгаа, өөр алдагдсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хуудас/,

2. Хохирогч Л.Нарантуяагийн: .. мэдрэлийн тасгийн 410 дугаар өрөөнд хэвтэж байгаа юм. Өглөө 07 цагийн өнгөрч байхад хамт нэг өрөөнд хэвтэж байгаа Должинсүрэн босчихсон утсаа хайгаад байсан. Тэгснээ Нараа эгч миний утас руу залгаач гэхээр нь би цонхон дээр цэнэглээд орхичихсон байгаа гэхэд миний гар утас бас байхгүй байсан хар өнгийн корпустай самсунг галакси нөт 4 маркийн гар утсыг Америкаас манай охин явуулсан болохоор үнэлгээг нь мэдэхгүй байна... коридорт хяналтын камер байгаа байх... гэх мэдүүлэг / хэргийн 9-10 дугаар хуудас/,

3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: / хэргийн 7, 11 дүгээр хуудас/,

4. Эд зүйлийн үнэлгээ: / хэргийн 23 дугаар хуудас/,

5. Сэжигтэн Ч.Бийн: ...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Багшийн дээдийн нүхэн гарцан дээр гуйлга гуйдаг залуутай таараад нүхэн гарцны урд талын эмнэлгийн хашаан дотор 0.75 гр литрийн Өргөө гэх нэртэй архи хувааж уугаад тэр нэрийг мэдэхгүй нэг газар орж унтана гээд явсан. ... Мөнхцэцэгтэй арслантай гүүрний хажууд тааралдаад нэг дулаахан газар орж сууя гэж бодоод 1 дүгээр эмнэлэг рүү орсон. Тэгээд би 1 дүгээр эмнэлэг дотроос гар утаснуудыг авсан. Тэр утаснуудыг ширээн дээр ил тавьсан байсан учраас би авсан. Би эхний утсаа аваад сим картыг нь салгаад Мөнхцэцэгт өгсөн. Харин дараачийн утаснуудынх нь сим картыг салгалгүй зүгээр авч байгаад цагдаад баригдсан. ... би Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа... гэх мэдүүлэг /хэргийн 31 хуудас/,

6. Мөн шүүгдэгч Ч.Бийн “... би эмчилгээний спирт уухаар ороод коридорт хүн байхгүй байхаар нь эмчлүүлэгчдийн өрөө рүү ороод хүмүүс нь унтаж байхаар нь гар утсыг нь аваад гарсан юмаа” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь нийтийн үйлчилгээний бус эмнэлгийн өвчтөнүүдийн өрөөнөөс орж гар утас авсан нь тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн гэмт хэрэг болох нь нотлогдож байна.

Хэдийгээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх зориулалттай байранд Ч.Б нь орсон боловч Ч.Б Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дотрын тасгийн 410 тоот өрөөнд 06 цагийн орчимд байх хууль ёсны эрх үүсээгүй, хохирогч нарт үйлчилгээ үзүүлж байхад нууцаар, сэм аргаар нэвтэрч орсон байхад шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд бодит дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэжээ.

Түүнчлэн шүүгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг шийтгэх тогтоол дээр өөрөөр дүгнэн бичжээ. Учир нь шүүгч гэм буруугийн шүүх хуралдааны тогтоолыг уншиж танилцуулахдаа “шүүгдэгч Ч.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн байдаг. /шүүх хуралдааны бичлэг, хуралдааны тэмдэглэл, улсын яллагчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж...” гэж, мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж заасан байхад шүүгч танхимд уншиж сонсгосон шийдвэрээ цагаатгасан гэж шийтгэх тогтоол дээр өөрчилж бичсэн.

Иймд Ч.Бт холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/366 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.  

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Хэдийгээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх зориулалттай байранд Ч.Б нь орсон боловч Ч.Б Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дотрын тасгийн 410 тоот өрөөнд 06 цагийн орчимд байх хууль ёсны эрх үүсээгүй, хохирогч нарт үйлчилгээ үзүүлж байхад нууцаар, сэм аргаар нэвтэрч орсон байхад шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд бодит дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэжээ.

Түүнчлэн шүүгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг шийтгэх тогтоол дээр өөрөөр дүгнэн бичжээ. Учир нь шүүгч гэм буруугийн шүүх хуралдааны тогтоолыг уншиж танилцуулахдаа “шүүгдэгч Ч.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн байдаг. /шүүх хуралдааны бичлэг, хуралдааны тэмдэглэл, улсын яллагчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж...” гэж, мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж заасан байхад шүүгч танхимд уншиж сонсгосон шийдвэрээ цагаатгасан гэж шийтгэх тогтоол дээр өөрчилж бичсэн.

Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Ч.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй, мөн шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн шийдвэрт өөрөөр бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, анхан шатны шүүх нь шүүгдэгч Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цатгаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй”, 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй” гэсэн заалтуудыг зөрчиж гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд энэ талаар бичсэн Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/366 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ