Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 332

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Н Ц.Т Я.З, Н.Л Г.Ч Г.Д Л.Ц Т.У, П.Э, Д.А Б.Д Л.Г М.Д Н.Н Д.Э Д.О, Р.Б, Д.Д, Л.У

 Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

 Гуравдагч этгээд: “Ө төв” 

 Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н Ц.Т Я.З, Н.Л Г.Ч Г.Д Л.Ц Т.У, П.Э, Д.А Б.Д Л.Г М.Д Н.Н Д.Э Д.О, Р.Б, Д.Д, Л.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Г нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын аман дахь “Хараацай” хүүхдийн зуслангийн ажилчдын зуслангийн оршин суугч нэр бүхий иргэд бид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлэх гомдол гаргасан бөгөөд тус гомдлынхоо хариуг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр авсан.

Нийт газар эзэмшигч иргэд бид тус 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр тодорхойлсон “Хараацай" зуслангийн Санхүү, захиргааны хэлтсийн дарга Ч.Ж гэх хүний гарын үсэгтэй “Мэдэгдэх хуудас” гэх баримт болон А/539 дүгээр захирамжийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зусландаа гарахад хаалганд наасан байдалтайгаар үлдээснээр мэдсэн.

Энэхүү 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамж нь газар эзэмших нэр бүхий иргэд биднийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнээд газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Газар эзэмших нэр бүхий иргэд бид уг захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд энэхүү захирамж нь нэр бүхий иргэд бидний газар эзэмших эрхийг хөндөж, үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлавал:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийн хувьд:

Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь нэр бүхий иргэд биднийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр буруутгахдаа тус захирамждаа газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй гээд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5 дахь заалтуудыг үндэслэсэн байна.

Гэтэл газар эзэмшигч нэр бүхий иргэд биднийг яг яаж, хэрхэн газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлоо биелүүлээгүйг, эрх бүхий байгууллагаас хэзээ, ямар үндэслэлээр шаардсан нөхцөл болзлыг биелүүлээгүйг мөн бусдын ямар газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчсөн байгааг тогтоож, шалгаагүй атлаа шууд хууль дээрх үндэслэлээр бидний газар эзэмших эрхийг бүгдийг нь хавтгайруулан хүчингүй болгосонд гомдолтой байна. Нэр бүхий иргэд бид газар эзэмшигчийн үүргээ хууль ёсоор биелүүлж ирсэн. Мөн биднийг газрын тухай хуулийн үүрэг бүхий заалтыг зөрчсөн тухай нэгээхэн ч албан бичиг, тоот эрх бүхий байгууллагаас ирж байгаагүй болно. 

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн хувьд:

Мөн нэр бүхий иргэдийг буруутгахдаа яг хэдэн оны хэдэн сарын газрын төлбөрийг төлөөгүй болон дутуу төлсөн болохыг газар эзэмшигч бидэнтэй тооцоо нийлж, акт үйлдэж гаргаагүй атлаа ийнхүү тодорхойгүй зүйлээр буруутгаж буй нь илт үндэслэлгүй болно.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн хувьд:

Газар эзэмшигч нэр бүхий иргэд бид тус газраа жил бүр зориулалтын дагуу ашигладаг бөгөөд гэр бүлээрээ хамтдаа жил бүр зусланд гарч амардаг болно. Мөн тус газар дээр бидний 100 хувь засан сайжруулж, авсан зуслангийн байр байршдаг бөгөөд өнөөдрийг болтол газар эзэмшигч бид гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар хатган амьдарч, ашигласаар байна. Энэхүү нэхэмжлэлдээ тус газраа хэрхэн ашиглаж байгаа, хашаа хатган хэрхэн амьдарч байгаа зургаа хавсаргаж өгөх болохоор зургаас тус газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг хуулийн үндэслэл бүрдээгүй болохыг харж болно.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын гаргасан маргаан бүхий захирамж нь дээр дурдсанаар 40.1.1, 40.1.5, 40.1.6-г үндэслэж гарсан байхад Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн огноотой 3/4668 дугаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдлын хариуд тэс ондоо Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1391 дүгээр тоот албан бичгийг үндэслэсэн гэжээ. Гэтэл тус 1/1391 дүгээр албан бичигт нэхэмжлэгч нарын нэр болон эзэмших эрхийг цуцлуулах тухай асуудал огт байхгүй буюу нэхэмжлэгч нарт огт хамааралгүй албан тоот байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгч нарт хамааралгүй актыг үндэслэж, маргаан бүхий захиргааны акт гарсан гэж урьдчилан шийдвэрлэх гомдлын хариуг өгсөн.

Хамгийн гол нь бидний зүгээс тус газраа хайр гамтай, байгаль орчинг эрүүл, цэвэрхэн ашиглаж байгаа бөгөөд тус хэсгийн газрыг хашаалж авснаараа бусдын сөрөг нөлөөнөөс хамгаалж өнөөдрийг хүртэл байгалийн төрхөөр нь байлгаж, хамгаалж ирсэн болно. "Хүүхэд асран хамгаалах төв"-ийн ахмадууд болох иргэд бид Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж "ХАХТ"-д насаараа ажиллаж тэтгэвэртээ суусан бөгөөд Монгол улсын хойч ирээдүй болсон хүүхэд, тэр тусмаа өнчин хүүхдүүдийн эцэг, эх нь болж тэдний төлөө амьдралынхаа нэгээхэн хэсгийг сэтгэл зүрхээрээ зориулж тухайн үеийн "ХАХТ"-д ажиллаж байсан ба зарим нь одоо хүртэл тус төвд ажиллаж байгаа билээ.

Иймд дээрх бүх үндэслэлийг харгалзан үзэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

 Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:      “... 2015 оны А/539 дүгээр захирамжид үндэслэл болгож буй 2015 оны Сүхбаатар дүүргийн Өмч, газрын албаны албан бичигт Сүхбаатар дүүргийн н.О гэх хүн нөхөн олговор олгосон нь хүчингүй болсон дурдсан бөгөөд энэ албан бичиг нь манай нэхэмжлэгч 19 иргэнд огт хамааралгүй.

Захиргааны акт нь хуульд үндэслэн гарна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан 6 үндэслэл байвал газар эзэмших эрх дуусгавар болно. Засаг дарга өөрийн дур зоргоор захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж материаллаг эрх зүйн шаардлага хангаагүй, баримт нь архивт хадгалагдаагүй байсан.

Гуравдагч этгээдийн газар маргаан бүхий газар дээр давхцаагүй. Гуравдагч этгээд маргаан бүхий газар дээр захирамж гаргаад гэрээ, гэрчилгээ аваагүй. Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хүчингүй болохоор бид газрын авна гэж тайлбарладаг. Үүгээрээ өнчин хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх гээд байна гэж тайлбарладаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүний эрхийг эрх тэгш хамгаалах ёстой. Энэ 19 иргэн өнөөдөр Монгол Улсын иргэн юм. Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нар газрыг эзэмшиж аваад өнөөдрийг хүртэл өмчилж байгаа. Энэ хүмүүсийн эрх ашгийг яах вэ? Хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөөд байна гээд 19 иргэний газрыг цуцлаад оронд нь өргөдлөө өгөөд газрын авъя гэдэг байдлаар ярьж болохгүй. Үүнийг шүүгч анхаарч үзнэ үү” гэв. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий 2015 оны А/539 захирамж нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35 дүгээр зүйлийн 35.3.2, 35.3.3, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.6, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.6 Байгал орчин, ногоон хөгжлийн газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1391 тоот албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 8/7755 тоот албан бичгийг үндэслэн гарсан.

Байгаль орчны газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1391 тоот албан бичгээр хэд хэдэн иргэний газрын талаар хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад явуулсан. Түүнээс цуцална гээгүй. Нэр бүхий иргэдэд нэхэмжлэлд гаргасан 19 хүн байхгүй байгаа. Хариуцагч захирамж гаргахдаа хууль бус үндэслэлийг дурдсан. Энэ үндэслэлүүд нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогддоггүй. Гэрчээр Сүхбаатар дүүргийн бичиг хэргийн мэргэжилтэн захирамж гарахдаа ямар дарааллаар явдаг талаар шүүгч асуухад бичиг хэргийн ажилтан захирамжийн үндэслэх хэсэг болсон баримтуудыг бүрдүүлж байж, захирамж гаргадаг, ингэж бүрдүүлдэг гэж мэдүүлсэн. Маргаан бүхий захирамж ямар нэг бичиг баримт байхгүй, үндэслэх хэсэгт заасан заалтыг үндэслэсэн баримт байдаггүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна”  гэв. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий 2015 оны А/539 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.1.6-д заасан үндэслэлийг дурдсан байдаг.

Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлийн тухайд маргаан бүхий актыг гаргах явцтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын хэлтэст шүүхээс үзлэг хийсэн. Ямар нэгэн ажиллагаа хийгдээгүйгээр энэ захирамж гарсан буюу үзлэгээр А/539 дугаар захирамжтай холбоотой баримтууд байхгүй байсан. Үүгээр ноцтой зөрчсөн гэдэг үндэслэл нь үгүйсгэгдэж байна.

Зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд хүмүүс газар дээрээ хашаа хатгасан бөгөөд цахилгааны төлбөр төлсөн баримтууд байдаг. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас энэ иргэд 1998 оноос хойш амьдарч байгааг нотолсон баримтыг гаргуулан авч нотлох баримтаар өгсөн. Үүгээр дээрх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлийн тухайд бид нэхэмжлэлтэйгээ хамт газрын төлбөр төлсөн баримтуудаа иргэн бүрийн холбогдох материалын хамт гаргаж өгсөн. Үүгээр дээрх үндэслэл үгүйсгэгдэж байна. Мөн тухайн захирамж гарахад нөхцөл байдлыг шалгаж, тогтоосон баримт бичгүүд архивт байхгүй байсан. Үүгээр захиргааны байгууллагаас шалгасан үйл ажиллагаа хийгдээгүй болох нь харагдаж байна. Захиргааны байгууллагаас аливаа этгээдийн эрхийг хөндөж байгаа захиргааны акт гаргахдаа материаллаг болон процессын эрх зүйн шаардлагыг хангасан байх ёстой. 

Маргаан бүхий газар нь Монгол Улсын өмч байхад анх удаа нэхэмжлэгч нар 1998 оноос хойш бодитой эзэмшиж байсан бөгөөд 2005 онд анхны эзэмшигч нар болсон. Үүнээс өмнө төр эзэмшдэг байсан. 1992 оноос хойш 19 иргэн амьдардаг байсан. Гэтэл өнчин хүүхдийн нэрийг барьж асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд 1998 оноос хойш эрх ашиг зөрчигдөж байсан юм ярих гээд байна. Маргаан бүхий захиргааны актын улмаас эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээд гуравдагч этгээд байх ёстой. 120 хүүхдийн эрх ашгийг ярьж, 2015 онд энэ үндэслэлээр төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр иргэдийн газар эзэмших эрхийг цуцлуулсан. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчээр булааж байгаа асуудал байна. Маргаан бүхий захиргааны актаар нэр бүхий 19 иргэний эрхийг дуусгавар болгосон хоёр талт акт юм. Харин гуравдагч этгээд рүү чиглэсэн үйлчлэлтэй акт биш юм. Иймд нэхэмжлэгч 19 иргэний эрх дуусгавар болохоос өөр үр дагавар үзүүлэхгүй байгаа акт байгаа. Гуравдагч этгээд ямар нэг үндэслэлгүйгээр орж ирээд 2007 оны захирамж, 1998 оны үйл баримт ярьж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 

Хариуцагч нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Т.Н нарын нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай А/539 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. 

Дүүргийн газрын харилцаатай холбоотой асуудлаар Засаг даргад туслах чиг үүрэг бүхий газрын албаны архивт тус иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай холбогдох материал хадгалагдаагүй бөгөөд уг асуудлаар тус шүүхэд дүүргийн газрын албанаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1531 дүгээр албан бичгээр тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 200 дугаар захирамжаар нэхэмжлэгч нар газрыг эзэмших болсон. Гуравдагч этгээдийн захирал байсан Ж.Д гэдэг хүн 2007 онд 212 дугаар албан бичиг өгсөн. Энэ албан бичигт манай багш, ажилчдын зуслангийн газрыг баталгаажуулж өгнө үү гэсэн байдаг. Баталгаажуулах гэдгийг Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалаар гэрээ гэрчилгээ байгуулж тамга дарах, гарын үсэг зурахыг ойлгоно гэжээ. Гуравдагч этгээд нь өөрөө иргэдэд энэ газраа өгөх хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. 

Дүүргийн газрын алба бол тусгай чиг үүрэг бүхий субъект юм. Миний бие энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байхдаа бие даан А/539 дүгээр захирамжтай нэхэмжлэгч нарын холбогдох хувийн хэргийг дүүргийн газрын албанаас нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргаж байсан. Шүүх өөрөө үзлэг хийгээд газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1531 албан тоотоор 19 иргэний газар эзэмших эрхтэй холбогдох материал хадгалагдаагүй байна гэсэн хариу ирүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасны дагуу тухайн газар давхацсан байх асуудал нь хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээгээр эрх олгосон байхыг шаарддаг. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзсэн учраас гуравдагч этгээдийг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулснаас биш эрх ашиг нь хөндөгдсөн гэж дүгнээгүй. Хавтас хэрэгт байгаа нотлох баримтаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлж, ашиглуулсан зүйл байхгүй. Төр өмчлүүлснээс бусад бүх газар төрийн өмч байдаг. Төр өөрийн газрыг хэрхэн эзэмшүүлж, өмчлүүлэх нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудал байдаг. Иймд Газрын тухай хуулийг ингэж ойлгох нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс хүлээн зөвшөөрч дэмжиж байна” гэв.

Гуравдагч этгээд "Ө"-өөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт:  “...1. Манай байгууллага хувийн хэвшлийн, ашгийн төлөө, сайн дурын зэрэг аж ахуй нэгж байгууллага биш, харин ямар онцлогтой, ямар бүтэц, зохион байгуулалттай, манайд эцэг эхгүй, өвчтэй, оюуны хомсдолтой хэдэн хүүхэд, ямар орчинд өсч, хүмүүжиж амьдарч байгууллагын хууль ёсны асран хамгаалалтад байдаг, тэдгээрийг хэн, ямар нөхцөлд хүмүүжүүлдэг, ямар зориулалттай зуны цэцэрлэг болохыг нэхэмжлэгч нар нь манайд 1982 оноос эхлэн тодорхой хугацаанд ажиллаж байсныхаа хувьд маш сайн мэдэж байгаа юм.

2. Нэхэмжлэгч нар нь Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн даргаар тасралтгүй 25 жил ажиллаж байсан Ж.Дү зөвхөн 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн газрын албанд хаягласан 212 тоот албан бичгээр өнөөдрийг хүртэл хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн амьдралын баталгаа болсон, тэднийг зуны улиралд зусланд гарахад нь сурган хүмүүжүүлж, асран хамгаалж байдаг багш, ажилчдын байрладаг 25-н байшингийн доорхи газрыг 

эзэмших үндэслэлгүй юм. Учир нь: Тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомж, Ж.Д захирлын эрх хэмжээг тогтоосон дүрэм, журмын дагуу маргаан бүхий газарт байрлах багш, ажилчдын модон байшинг нэр бүхий ажилчдын нэр дээр баталгаажуулахыг хүсэхдээ Төрийн захиргааны эрх бүхий байгууллагад албан ёсоор мэдэгдэж, дарга нь ямар нэгэн саналаа уламжлах, Нийслэлийн өмчид бүртгэлтэй гэх данснаас хасуулах, актлах, бусдад шилжүүлэх арга хэмжээг шат дараалан авсан байхыг шаарддаг гэж үзэж ойлгож байна. 

3. Манай байгууллагад олон жил ажиллаж байсан нэр бүхий албан хаагчид Сүхбаатар дүүргийн Газрын албанд өөрсдийн газар эзэмших тухай хүсэлтийг гаргахдаа эзэмшихийг хүсч байгаа газар дээр өнөөдрийг хүртэл үндсэн хөрөнгөндөө бидний бүртгүүлж ирсэн багш, ажилчдын зуслангийн байшин байрладаг талаар зориуд огт бичээгүй, зөвхөн би энэ байгууллагад ... жил ажиллаж байхдаа энэ байшинд ... жип зун нь амьдарч ирсэн тул газрыг миний эзэмшилд олгож өгнө үү, мөн өмч хувьчлалын дагуу газрыг өмчлүүлж өгнө үү, газрыг хувьчилж өгнө үү, зохих журмын дагуу хувьдаа эзэмшихийг хүсч байна гэжээ. Т.Н нарт 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжийг гаргах, уг захирамжийг гаргахад иргэдээс бүрдүүлсэн анхан шатны баримтууд нь хуульд нийцэж байгаа эсэх, эзэмшихийг хүсч байгаа газар нь бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэх, тухайн газарт барилга, байшин байрладаг эсэх, барилга байгууламжтай тохиолдолд уг байшингийн гарал үүсэл, хууль ёсны шударга эзэмшигч нь хэн болох, зуслангийн байшин нь хувьчлагдсан ба актлагдсан эсэх зэргийг газар зохион байгуулагч нарийвчлан хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэг бүрчлэн нягтлах үүргээ биелүүлээгүй тул Засаг даргын захирамж гарсан гэж  ойлгогдохоор байна. 

4. 2013 оны 12 дугаар сард Ж.Д даргыг ажлаа хүлээлгэж өгсөний дараа багш, ажилчдын байр нь тус тусдаа эзэмшигчтэй болсон гэдгийг мэдсэн Б.Б дарга Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 79 тоот хүсэлтээр уламжилсан байх ба үүнд тус төвийн балансад 1982 оноос өнөөдрийг хүртэл бүртгэлтэй 25 айлын ажилчдын байрны газрыг Т.Н нарын нэр бүхий 25 иргэнд холбогдох хуулийг зөрчиж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн алдаа дутагдлыг засаж залруулан манай төвийн өмчлөлд уг газруудын эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтийг гаргаж байсан юм.

5. Түүнчлэн нэр бүхий нэхэмжлэгч нар буюу манай хуучин ажилчид 2014-2016 онуудад хүүхдүүдийг асран хамгаалж байсан багш, ажилчдыг байранд нь байрлуулахаас илтэд татгалзаж байсан тул бид үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд 4-5 байшинг нь зуны сард буюу 1 сарын 50 000 төгрөгөөр түрээсэлж хүүхдүүдээ асарч байсан. Тэр ч бүү хэл газрын маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл 4-н гэр барьж хүүхдүүдийг асран хамгаалж байх үед барьсан гэрийг бариулахгүй гэж гэрийн унь ханыг авч шидэж танхайрч байсан юм.

6. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Б манай хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэхдээ Т.Н нарын газар эзэмшигч нар нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн тухай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 тоот захирамжид дурьдаж энэхүү захирамжийн 1 дэх хэсгээр уг нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий шийдвэр юм.

7. Манай байгууллага 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 тоот захирамж гарсны дараа Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайт Хараацай зусланд байрлах 25-н ширхэг ажилчдын байрны газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар холбогдох баримт бичгүүдийг шинээр бүрдүүлж, гэрчилгээний үнэ төлөөд Сүхбаатар дүүргийн Газрын албанд өгсөн захирамж, гэрчилгээ гарахыг хүлээж байтал Т.Н нарын нэр бүхий 19 иргэд тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгийг газар зохион байгуулагчаас олж сонсон манай байгууллагын газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байхыг мэдээд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр шүүхэд оролцох саналыг тавих гэтэл маргааныг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэрлэсэн гэдгийг мэдсэн болно.

8. Нэр бүхий нэхэмжлэгч нарын амьдарч байсан гэх хугацаанд тэдний хэрэглэсэн цахилгааны төлбөрийг манай байгууллага 1981-2015 онуудад дангаараа төсвийн зардлаар бүрэн төлж ирсэн ба өнөөдөр төсөв мөнгө хүрэлцэхгүй хэцүү байгаа цагт зуны саруудад хууль бусаар газрыг эзэмших болсон Т.Н нарын иргэдэд өөрсдийн өмчийг түрээслэн төлбөр төлж хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг асран хамгаалахад хүндрэлтэй байгаа болно.

Иймд нэхэмжлэгч нар нь анх манай байгууллагын багш, ажилчдын байшингууд байрлах маргаан бүхий газрыг эзэмшихээр Газрын албанд хүсэлт гаргахдаа хүсэлттэйгээ холбогдуулан анхан шатны материалыг бүрдүүлэхдээ зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, газар зохион байгуулагч нь тэдний дутуу бүрдүүлсэн, шаардлага хангахгүй дутуу баримтыг

Засаг даргад уламжлан шийдвэр гаргуулсан байх тул 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай захирамж хууль бус бөгөөд тэдний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

  Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжид Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-г барьсан байдаг. Газрын тухай хуулийн 40.1.2 нь хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй байна гэсэн зохицуулалт байгаа. Энэ нь онцлогтой. Тэр нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Газар гэж яриад байгаа боловч газар дээр нь манай үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй багш, ажилчдын байшин байрлаад байгаа юм. Багш, ажилчдын 25 байшингийн доод талын газар яригдаж байна. Төрийн захиргааны байгууллагаас манай өмчийг акталсан шийдвэр гараагүй байхад одоо 0 өртөгтэй гээд яриад байгаа. Энэ өмчийг ерөөсөө хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж хүүхдүүдийн байшин тусдаа байдаг. 1982 онд ашиглалтад орсон хүүхдүүдийн 7 байшин тусдаа юм. Энэ хүүхдүүдийг хэн харах вэ? Улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагааны чиглэл нь байгаа. Хараа хяналтгүй хүүхдийг асарч хамгаалахын тулд хажууд нь тэр багш, ажилчдын байрыг барьсан. Түүний доод талын газрын асуудал яригдаж байгаа. Ялгаа нь тэр юм. Төөрөгдүүлнэ гэдэг шиг газар эзэмших эрхтэй гэдэг нэртэй. Тэрэнтэй би маргахгүй. Өөр газар энэ иргэд хүсэлтээ гаргаад авах боломжтой байсан. Ж.Дээ захирлын хувьд нэг албан тоот өгсөн. Түрүү нь хариуцагчийн хэлж байсан албан тоот өгсөн. Түүнийг нь үндэслэн газар олгосон гээд нэхэмжлэгчийг дэмжиж явж байна. Манай гуравдагч этгээдийн эрх ашгийн талаар нэг ширхэг ч нааштай, гэгээтэй үг хэлэхгүй байна. Төрийн захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас манай өнчин өрөөсөн хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байна. Газрыг анх олгохдоо бусдын эрх ашиг хөндөгдөж байна уу? Байшин барилга байна уу? гэдгийг нягталж байж газрыг олгодог. Өнөөдөр бид нар хүүхдүүдийн цэцэрлэг дотор байрлаж байгаа. Өмгөөлөгч болон нэхэмжлэгч нар сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч нар нь манайхаас тэтгэвэртэй гарсан хүмүүс байдаг. Үйл баримтын талаар бид нар маргахгүй. Тэртэй тэрэнгүй хангалттай маргаад байгаа газар дээр байрлах 25 байшин манай үндсэн хөрөнгө гэдэгтэй маргахгүй. Энэ нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон. Мөн Ж.Дээ гуай Төрийн болон орон нутгийн 

өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.1, 14.2.4-т заасан заалтуудыг зөрчиж, албан тоотыг газрын албанд хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа. Ж.Дээ захирал 2013 оны 12 сард тэтгэвэртээ гарсан. 2014 оны 2 сард энэ удирдлага анх Засаг даргад хандсан. Үүнийг хүлээн аваад 2015 онд удаан шийдвэрлэсэн. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А/539 дүгээр захирамж гарахаас өмнө шүүх хуралдаан эхлэхэд ярьсан 4 кадастр дээр газар эзэмших боломжтой гэж гаргаж өгч, манай газрыг сунгаж кадастрын зураг хийлгэж, газрын албаны газар зохион байгуулагч нь хамт явж, мөнгийг нь төлүүлсэн асуудлууд байгаа. Энэ захирамж хүчингүй болохгүй бол онцгой объект болох манай байгууллагад өсч өндийж байгаа хүүхдүүдийн эрх ашиг яригдана. Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн. Энэ хүүхдүүд амьдрах нөхцөлгүй болж байна. Асран хамгаалагчгүй болж байна гэсэн үг юм. Нэг ёсондоо асран хамгаалагч багш, ажилчдынх байранд нь өөрсдөө ороод суусан, доорх газрын минийх гээд маргаад сууж байна.

Манайх 1982 оноос хойш маргаан бүхий газар дээр барилга, байшин бариад эзэмшээд ашиглаад явж байгаа. Ер нь энэ газрыг ашиглах хууль ёсны ашиг сонирхол байсан гэдэг нь үүнээс харагдаж байна. Засаг дарга манай байгууллагын эрх ашгийг хөндсөн ийм шийдвэр гаргасныг анхнаас ухамсарлан ойлгож, 2014 оны 2 сард гаргасан хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэж, өмнөх 2007 оны 200 дугаар захирамжийг хүчингүй болгож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Т.Н нарын нэр бүхий 19 иргэн нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...биднийг яг яаж, хэрхэн газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлоо биелүүлээгүйг тогтоож, шалгаагүй, хэдэн оны газрын төлбөрийг хэн нь төлөөгүй болон дутуу төлсөн болохыг тооцоо нийлж, акт үйлдэж гаргаагүй атлаа бидний газар эзэмших эрхийг хавтгайруулан бүгдийг нь хүчингүй болгосон нь хууль бус бөгөөд бид газар дээрээ хашаа барьж, зуслангийн байранд амьдарч байгаа. Мөн бидэнд хамааралгүй албан бичгийг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэж маргажээ.  

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/3088 дугаар албан бичгээр “...Дүүргийн газрын харилцаатай холбоотой асуудлаар Засаг даргад туслах чиг үүрэг бүхий Газрын албаны архивт тус иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай холбогдох баримт хадгалагдаагүй ... тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна”  гэсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг дэмжиж байна” хэмээн тайлбарлаж маргахгүй байх хэдий ч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 384 дүгээр тогтоолоор "Ө"-ийн захирал М.Ө гаргасан хүсэлтийг хангаж “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 920 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ гаргаагүй ба өмгөөлөгчөөрөө дамжуулан эмнэлгийн магадлагаа ирүүлсэн боловч уг магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 2.2-т “Эмнэлгийн магадлагаа гаргахад нэр төрлөөс нь хамаарсан өөр, өөр маягтууд хэрэглэх ба тэдгээрийн загварыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батална” гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Амбулаторид хөтлөгдөх анхан шатны маягт АМ-8”-ын шаардлага хангахгүй байх тул Ч.С хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй юм.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмнө томилогдсон байсан Э.Н нар нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 200 дугаар захирамжаар  тус дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын зусланд иргэн Т.Нт нар нь 301мкв газрыг тус бүр 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. 

Мөн Засаг даргын 2012 оны 399 дүгээр захирамжаар Д.А газрын хэмжээг 140мкв, Д.Э газрын хэмжээг 142мкв, Ц.Т газрын хэмжээг 230мкв, Л.Г газрын хэмжээг 503мкв, Д.О газрын хэмжээг 142мкв, Т.Нийн газрын хэмжээг 147мкв болгож тус тус өөрчилсөн байна.

Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжаар  нэхэмжлэгч нэр бүхий 19 иргэний газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.6 дахь заалтууд, Байгаль орчин ногоон хөгжлийн газрын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1391 тоот, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 8/775 тоот албан бичгийг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч нараас хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, 

- Маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан Байгаль орчин ногоон хөгжлийн газрын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1391 тоот албан бичиг  нь нэхэмжлэгч нарт хамааралгүй буюу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшдэг иргэдийн зөрчилтэй холбоотой, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 8/775 тоот албан бичиг нь мөн дүүргийн 13 дугаар хороонд байрлах газрын нөхөх олговор олгосонтой холбоотой Б.А, М.О нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай дурьдсан  нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхтэй хамааралгүй байна,

- Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч нарт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзол болон газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан ямар нэг шаардлага тавьж, биелэлтийг нь хянаж шалгаагүй болох нь Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивын баримт бичигт хийсэн үзлэгийн тэмдэглэл  болон хариуцагчийн “Газрын албаны архивт тус иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай холбогдох баримт хадгалагдаагүй” гэж тайлбараар тогтоогдож байна,

- Нэхэмжлэгч нарын иргэд нь эзэмшиж буй газрын төлбөрийг 2009-2016 онуудад тухай бүрд нь бүрэн төлж тооцоо нийлсэн нарын иргэд нь 2008-2010 оны газрын төлбөрийг 2010 болон 2012, 2013 онуудад, 2011-2016 оны төлбөрүүдийг тухай бүрд нь төлсөн, нарын иргэд зуслангийн газрын төлбөрийг 2014-2016 онуудад төлсөн баримтуудыг  тус тус ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нарыг газрын төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй,

- Нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн фото зургууд, газрын үзлэгийн тэмдэглэл болон зураг, Сүхбаатар дүүргийн 15 хорооны зохион байгуулагч Б.Ч тодорхойлолт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс “...газар гээд яриад байгаа боловч газар дээр нь манай үндсэн хөрөнгөд бүртгэлтэй багш ажилчдын байшин байрлаад байгаа юм...түүний доорх газрын асуудал яригдаж байна. Ялгаа нь тэр юм. Төөрөгдүүлнэ гэдэг шиг газар эзэмших эрх гэсэн нэртэй. Тэрэнтэй би маргахгүй, өөр газар энэ иргэд хүсэлтээ гаргаад авах боломжтой байсан...Ж.Дээ захирлын хувьд нэг албан тоот өгсөн...Түүнийг үндэслэн газар олгосон...Мөн Ж.Дээ гуай Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.1, 14.2.4-т заасан заалтуудыг зөрчиж албан тоотыг газрын албанд хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна...”  хэмээн тайлбарлан маргаж байх боловч энэ нь маргаан бүхий А/539 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нэр бүхий 19 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/539 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахад мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 200 дугаар захирамж гарсан үндэслэлийг хамаатуулан тайлбарлах боломжгүй. 

Мөн нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газар дээр гуравдагч этгээдийн балансад бүртгэлтэй зуслангийн байр байрлаж байгаа болон уг байруудад нэхэмжлэгч иргэд амьдарч байгаа тухайд талууд маргахгүй байх ба тус байшингуудын өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар талууд маргах эрхтэй. Харин уг байрууд нь гуравдагч этгээд “Ө”-ийн балансад бүртгэлтэй байгаа нь нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэртэй хамааралгүй, мөн зуслангийн байрны өмчлөлийн асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.  Тодруулбал, 

- Гуравдагч этгээд "Ө"-өөс “...тус төвийн балансад 1982 оноос өнөөдрийг хүртэл бүртгэлтэй 25 айлын ажилчдын байрны газрыг Т.Н нарын нэр бүхий 25 иргэнд холбогдох хуулийг зөрчин эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн алдаа дутагдлыг засаж залруулан манай төвийн өмчлөлд уг газруудыг эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтийг гаргаж байсан... Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Б манай хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэхдээ ... уг нэр бүхий иргэдэд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий шийдвэр юм” гэж тайлбарлаж байна, 

- "Ө"-өөс 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаартай албан бичгээр  “тус төвийн галын гарц болох автомашин, явган хүний гарцыг хаасан иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах”-аар Баянзүрх дүүргийн газрын албанд, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 79 тоот албан бичгээр  “...тус төвийн тайлан, балансад бүртгэлтэй 25 айлын ажилчдын байр нь нийслэлийн өмчид бүртгэлтэй байх бөгөөд тус ажилчдын байрны газрыг хууль бусаар хувийн өмчлөлд шилжүүлсэн байна” гээд Флора цэцгийн дэлгүүр, иргэн О.Б нарын нэрийг дурьдсан байна. 

Дээрхээс үзвэл, маргаан бүхий акт нь гуравдагч этгээдийн хүсэлтэд үндэслэж гарсан гэж үзэхээргүй байх маргаан бүхий актыг гаргахад үндэслэл болсон баримтууд хадгалагдаж үлдээгүйгээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Засаг дарга манай байгууллагын эрх ашгийг хөндсөн ийм шийдвэр гаргасныг анхнаасаа ухамсарлан ойлгож, 2014 оны 2 сард гаргасан хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэж, өмнөх 2007 оны 200 дугаар захирамжийг хүчингүй болгож байгаа...”  гэсэн тайлбар нотлогдохгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий газар нь “Ө”-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 200 дугаар захирамжаар эзэмшүүлсэн “Хараацай” зуслангийн зориулалттай 8075 мкв газартай давхцаагүй болон гуравдагч этгээдээс 2016 оны 02 дугаар сард 4 хэсэг кадастрын зураг хийлгэж, газрын төлбөр төлж газар эзэмших хүсэлт гаргасан гэх боловч тухайн газруудыг эзэмших эрх олгогдоогүй тухайд талууд маргахгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байх ба гуравдагч этгээдийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь нэхэмжлэгч нарын газартай давхцалтай байх хэдий ч "Ө"-ийн хувьд эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.

Мөн гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсэхээс өмнө тухайн газар дээр багш ажилчдын байр баригдсан байсан. Уг байруудад ажилчдаа суулгах зориулалттай байсан тул нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэж байгаа” гэсэн агуулгаар маргаж байгаа нь иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь хууль тогтоогчоос газрын эзэмших ашиглах харилцаанд шударга ёсны зарчмын баримтлахаар хуульчилсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлүүдийг Газрын тухай хуульд тоочин зааж өгсөн байна.

Нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших эрхийг хэрхэн олж авснаас үл хамааран тэдний газар эзэмших эрхийг хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад хүчингүй болгож, иргэдийн газрын эрхэд халдсан хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Т.Н нарын нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Н нарын нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн Т.Н, нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.МӨНХЗУЛ