Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2024/00075

 

 

*******н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  06 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00821 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус-д тооцож, Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар  баг,*******,******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие *******тэй 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын ******* тоот 28 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авч нотариатаар батлуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ авсан.

Ингээд худалдан авсан байрандаа орох гэсэн боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байгаа учир Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын ******* тоот 28 м.кв талбайтай, орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ. / 1 хх 2-р тал/

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие *******тэй өөрийн эзэмшлийн шинэ Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын ******* тоот 2 өрөө байраа 50,000,000 төгрөгөөр зарахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан боловч байр зарсан мөнгөө аваагүй.

*******гөөс байрны мөнгөө авъя гэж олон удаа нэхсэн боловч худлаа үнэн шалтгаан тоочиж нэг ч төгрөг өгөөгүй. Гэтэл байрны хөлсөө төлөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Миний хувьд гэрээгээр  тохиролцсон 50,000,000 төгрөгөө авч байж байраа суллаж өгөх эрхтэй. Иймд би нэг ч төгрөг аваагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж эрүүл бус үйлдэл хийж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Урьд нь миний хүүтэй хийж байсан юмаа надтай холбож яриад байна. Миний хүүхэд насанд хүрсэн хүн, надаар ажлаа заалгадаг ч хүн биш, надтай гэрээ хийхдээ эгчээсээ 50,000,000 төгрөг авч өгнө гэж хэлээд надаар гарын үсэг зуруулж аваад явсан. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй алга болсон. Иймээс би байрны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан  гэжээ. / 1 хх 17-р тал/

3.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэгч ******* нь хэлэлцэн тохиролцсон орон сууцны үнэ болох 50,000,000 төгрөгийг төлөөгүй атлаа намайг орон байрнаас минь албадан гаргуулах гэж шаардаж байгаа нь анхнаасаа хууран мэхэлж, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж хийсэн хэлцэл болох нь тодорхой байна.

******* нь манай өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно., 57 дугаар зүйлийн 57.1-д шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

Иймд миний бие нэхэмжлэгчээс  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож зөрчихөөс өмнөх байдлыг сэрээлгэх, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож, намайг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. / 1 хх 191-192-р тал/

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

...нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж хуульд заасан шаардлагын дагуу нотариатаар гэрчлэгдсэн.

Нэхэмжлэгч ******* нь гэрээ байгуулахаас өмнө буюу 2022 оны 06 гаар сарын 11-15-ны хооронд хариуцагч ийн нэрлэн заасан данс буюу түүний хүү ын дансанд орон сууцны төлбөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн төлсөн. Талууд Улаанбаатар хотод гэрээг байгуулахаар ирсэн байсан үедээ дээрх мөнгийг төлсөн бөгөөд улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршлын тойргийн нотариатаар гэрчлэгдэх тул гэрээг Улаанбаатар хотод байгуулах боломжгүй болж орон сууцны үнэ болох 50,000,000 төгрөгийг тухайн цаг үед төлсөн.

Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 болон мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх гэрээг байгуулахад талуудын хэн аль нь бие биенээ хуурч мэхлээгүй, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож гэрээг байгуулаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 226-р тал/

5.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ийн эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын ******* тоотод байрлах, 28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, Ү- дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гөөс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ээс төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            ...Нэхэмжлэгч ******* нь орон сууны үнийг од шилжүүлж өгөөгүй харин тухайн үед хоорондоо сүлжээний бизнест хөрөнгө оруулж харилцаж байсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь энэ дансны гүйлгээний баримтаа шүүхэд орон сууцны үнийг төлсөн баримт гэж гаргаж өгч байгаа нь хуурамч баримтаар шүүхийг төөрөгдөлд оруулж байгаа үйлдэл гэж үзэж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т хэргийн оролцож хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

            Гэтэл худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй байгаа тул хариуцагч нь орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх үндэслэлгүй. Хариуцагч *******ийн хувьд *******г гэрээний дагуу орон сууцны үнийг төлсөн тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөхөд бэлэн гэдгээ байнга илэрхийлж байгаа.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 2 хх 1-2-р тал/

            7.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж,  

хариуцагч талын ...худалдан авагч тал нь үүргээ биелүүлээгүй байгаа тул *******ийн хувьд орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх хууль зүйн үндэслэлгүй,   нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж  өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах  үндэслэлтэй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

9.Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд болон талуудын тайлбар, маргаантай холбоотой хэргийн үйл баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дүгнээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн материалаас  судлан үзвэл:

10.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны  тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан,

Хариуцагч ******* эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон гэрээний үнэ болох 50,000,000 төгрөг төлөгдөөгүй гэх тайлбар гаргаж, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус-д тооцож, ...******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл/1-р хх-191/  гаргаж,  нэхэмжлэгч тал  сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж эс зөвшөөрсөн тайлбар  гаргаж,  талууд  маргажээ.

11.Зохигч нар 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнд гэрээний зүйл ... тоот орон сууц, гэрээний үнэ 50,000,000 төгрөг, төлбөр төлөх нөхцөл, хугацаа 2022 оны 07 дугаар сарын 04, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа 07 дугаар сарын 04 гэж тус тус тохирсон, улмаар нэхэмжлэгч буюу худалдан авагч *******н нэр дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь бүртгэгдэж, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр олгогдсон байна./1-р хх- 4-5/ 

Хариуцагч ******* нь  ...*******тэй өөрийн  өмчлөлийн ... тоот хоёр өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдах гэрээ байгуулсан, нотариатаар гэрчлүүлсэн, гэтэл төлбөрөө төлөөгүй байж байрнаас гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Би харилцан тохиролцсон 50,000,000 төгрөгөө авч байж, байраа суллаж өгөх эрхтэй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж  маргасан. /1-р хх-17/

 Мөн тэрээр  анхан шатны шүүх хуралдаанд ...******* нь хотод очоод 50,000,000 төгрөг эгчээсээ авч өгнө гэхэд нь манай хүүд мөнгөө өгөөрэй гэж хэлээд байрны ордероо өгсөн боловч мөнгөө өгөөгүй, худлаа хэлж өмнөх өрөндөө  миний байрыг  авсан байсан гэх тайлбарыг гаргасан байдаг./1-р хх-22/

12.Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...байрны төлбөр болох 50,000,000 төгрөгийг ын данс руу шилжүүлсэн,  энэ нь банкны дансны хуулгаар нотлогдоно гэж 2022 оны 06 дугаар сарын 11-15-ны хооронд хэсэгчлэн шилжүүлсэн мөнгөн дүн бүхий банкны шилжүүлгийн мэдээлэл  гэх  баримтыг гаргаж өгсөн байна./1-р хх-79-82/

13.Худалдах, худалдан авах гэрээ нь нэг талаас үүргийн хэлцэл, нөгөө талаас өмчийн хэлцлийн шинжтэй бөгөөд зохигч нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.2-т төлбөр төлөх хугацааг 2022 оны 07 дугаар сарын 04 гэж заасан атал нэхэмжлэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-15-ны хооронд төлбөр буюу гэрээний үнэ болох 50,000,000 төгрөгийг шилжүүлж, төлбөр төлсөн гэж тайлбарладаг ба энэ нь  хугацааны хувьд зөрүүтэй байна.

Өөрөөр хэлбэл, талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаар маргаагүй, гэрээний талууд үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөх, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Энэхүү үйл баримт тогтоогдсон эсэх тодорхойгүй, маргаантай хэвээр байна.

            Энэхүү маргаан нь анхан болон давж заалдах шатны шүүхээр гурван удаа хэлэлцэгдэж, эцэст нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн  иргэний хэргийн шүүх хуралдааны 44-р тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /1-р хх-168/

14.Анхан шатны шүүх нь ...Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааны дагуу хариуцагч *******ийн өмчлөх эрх дуусгавар болж, нэхэмжлэгч *******д өмчлөх эрх үүссэн. Хариуцагчийн татгалзлын болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь орон сууцны үнийг нэхэмжлэгч төлөөгүйтэй холбон тайлбарлаж, орон сууцаа худалдах хүсэл зоригтой байсан, үнийг төлсөн бол байраа суллах талаар хүлээн зөвшөөрч тайлбарладаг.

... шүүх хуралдаанд оролцсон гэрч , нарын мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” зэрэг баримтаар хариуцагчийн хүү нь олон улсын хөрөнгө оруулалтын зах зээл дээр зээлдүүлэгч нарын шилжүүлсэн мөнгийг эргэлтэд оруулж, ашиг олох, мөнгөн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний хүү тооцон үндсэн мөнгөн дээр нэмж буцаан төлөхөөр тохирч нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар нийт 28,625,000 төгрөгийг энэхүү гэрээний дагуу буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

...тухайн гэрээг гэрчилсэн нотариатч Д.Болорчулуунаас гэрчийн мэдүүлэг авахад “... миний  дэргэд  төлбөр төлсөн асуудал байхгүй. Өөрсдөө тооцоо дууссан гэж л хэлсэн. Ямар  нэгэн  баримт байгаагүй, талуудаас тооцоо дууссан уу гэж асуухад дууссан гэж хэлсэн учраас л гэрээнд тусгагдсан ... гэж мэдүүлсэн,

Дээр дурдсан үйл баримтууд болон талуудын байгуулсан гэрээний 3.3 “...төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж бичигдсэн байдал зэргээс дүгнэхэд ******* нь орон сууцны үнийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй тул  нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу орон сууцаа гаргуулахаар шаардах эрхтэй гэж,

Хариуцагч ******* ... сөрөг нэхэмжлэлийн  үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой  хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлсон боловч ...Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа,  дээр дурдсан үндэслэлүүдээр гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэсэн агуулга бүхий дүгнэлтүүдийг хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал,

15.Хэрэгт авагдсан гэрч , нарын мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” зэрэг баримтаар хариуцагчийн хүү нь олон улсын хөрөнгө оруулалтын зах зээл дээр зээлдүүлэгч нарын шилжүүлсэн мөнгийг эргэлтэд оруулж, ашиг олох, мөнгөн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний хүү тооцон үндсэн мөнгөн дээр нэмж буцаан төлөхөөр тохирч нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар нийт 28,625,000 төгрөгийг энэхүү гэрээний дагуу буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна  гэж  дүгнэж буй нь ойлгомжгүй.

Учир нь :  

16., нарын хооронд “хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ”  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан, гийн дансны хуулга/1-р хх-219/- р  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр “зарлага” гаргаж, нийт 35,000,000 төгрөгийг данс руу  шилжүүлсэн байх ба  энэ нь гийн данс байна.

гийн дансны хуулга/1-р хх-220/- р  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр тоот данснаас /энэ нь гийн данс/ нийт 35,000,000 төгрөг “орлого”–р шилжигдэж орсон, тэрээр мөн өдөр тоот данс /энэ нь ын данс/  руу 2 удаагийн гүйлгээгээр  нийт 25,000,000 төгрөгийг “зарлага” гаргаж шилжүүлсэн байна. Энэ үйл баримт тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

17.Нэхэмжлэгч тал нь *******гийн аав ,  нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ, , нарын дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч  үүгээр *******,  хариуцагчийн хүү нар  хоорондоо ямар нэг харилцаагүй байсан гэж нотлох зорилго агуулсан гэж ойлгогдож байна. 

            18.Хэргийн 1-р хх-79-82 “шилжүүлгийн мэдээлэл”, 103-105 “ын хаан банк дахь дансны хуулга зэргээс үзвэл:  тоот данс нь *******гийнх,   тоот данс ынх байна.

            Хэргийн /1-р хх/ 79-82 дугаар талд “шилжүүлгийн мэдээлэл” гэх баримт авагдсан байх ба уг баримтад 2022 оны 06 дугаар сарын 11-15-ны хооронд *******н тоот данснаас ын тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба үүнийг нэхэмжлэгч *******  нь  хариуцагч *******тэй байгуулсан ... үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ төлсөн  баримт  гэж тайлбарладаг.

            Гэвч хэргийн /1-р хх/ 103-105 дугаар талд ын дансны хуулга авагдсан байх ба тэрээр тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 13-нд 10,800,000 төгрөг, 06 сарын  29-нд 7,475,000, мөн өдөр 10,350,000 төгрөг, нийт 28,625,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 

*******н данс руу 28,625,000 төгрөгийг хариуцагчийн хүү нь буцаан шилжүүлсэн огноо, цаг хугацааны хувьд *******гөөс түүний данс руу шилжиж ирсэн 50,000,000 төгрөгийн огноо, цаг хугацаатай ойролцоо байх тул *******, нарын  хооронд хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулагдаагүй хэдий ч тэд хамтарч мөнгө өсгөх арилжаа хийж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч *******, хариуцагчийн хүү нарын хооронд хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулагдаагүй, хамтарч мөнгө өсгөх арилжаа хийж байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.    

Мөн хариуцагч *******ийн тайлбарт ...*******г өөрийн хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод нэг байранд хамт хэсэг хугацаанд байсан, ... гэснийг ******* үгүйсгээгүй  бөгөөд тэрээр  оос аавынхаа өгсөн мөнгийг олж авахын тулд хамт байсан гэж тайлбарласан ба энэ нь түүнийг хариуцагчийн хүү той холбоо хамааралтай байсныг давхар нотолж байна. 

19.Энэ үйл баримтын дагуу дүгнэвэл: нэхэмжлэгч *******, хариуцагчийн хүү нарын хооронд мөнгөний өглөг, авлагын тооцоо байсан, энэ талаар *******ид  тодорхой ойлголт өгөлгүй, түүний өмчлөлийн орон сууцыг  худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр авч байгаа мэт ойлголт болон итгэл төрүүлсэн,  ******* нь өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан нь үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн  хэлцэл гэж үзэх үндэслэлтэй,  уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

20.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус–д тооцох үндэслэлтэй байна.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Хэдийгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гөөс орон сууцны үнэ аваагүй гэх боловч түүний хүү ын данс руу 50,000,000 төгрөг шилжигдсэн,  нь  28,625,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх тул үлдэгдэл 21,375,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж *******д олгох нь хууль зөрчихгүй, шударга ёсонд нийцнэ гэж дүгнэв. 

Учир нь хариуцагч ******* нь хүү ыгоо гадаад гарч явсан, одоогоор Монгол улсад байхгүй байгаа гэх  тайлбар гаргасныг нэхэмжлэгч ******* үгүйсгээгүй, нь хэдий хугацаагаар гадагшаа явсан, хэзээ ирэх нь тодорхойгүй, *******ийн хувьд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь сэргээгдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгч ******* нь хохирох учиргүй  гэж үзсэн болно.  

 21.Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч *******ийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны  тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч эрхийг сэргээж, түүний нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газар болон нэхэмжлэгч ******* нарт даалгаж, хариуцагч *******ээс 21,375,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 135/ШШ2024/00821 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд  2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож,

Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны  тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг өмчлөх *******ийн эрхийг сэргээж, түүний нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхийг  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газар болон нэхэмжлэгч ******* нарт даалгаж, хариуцагч *******ээс 21,475,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, 

нэхэмжлэгч *******н  Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны  тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг  хариуцагч *******ийн  хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “... , хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг... гэснийг “265,325 төгрөг” гэж, нэхэмжлэгч ийгөөс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 –т  зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

             

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА                                               

                                            ШҮҮГЧИД                              Г.МЯГМАРСҮРЭН

 

                                                                      Х.БАЙГАЛМАА