| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2020/00639/И |
| Дугаар | 207/ма2024/00087 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 207/ма2024/00087
| 2024 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 207/МА2024/00087 |
М.*******ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч С.*******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01023 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.*******д холбогдох,
******* УАЕ улсын дугаартай Приус-30 машиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нямаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч С.*******, нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.******* 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний эхнэр Г.*******т 29.000.000 төгрөг зээлдүүлсэн юм билээ. 29.000.000 төгрөгөөсөө эхнэр 23.900.000 төгрөгийг нь буцааж өгөөд 5.100.000 төгрөгийг нь өгөөгүй үлдэгдэл байгаа болохыг би 2020-03-04-ний өдөр мэдсэн юм. 2020-03-04-ний өдөр С.******* нөхрийн хамт надтай уулзаад эхнэрээс чинь 25.000.000 төгрөг авах учиртай машинаа барьцаанд өг гэхээр нь би санаа зовоод ТОЁОТА ПРИУС-30 маркийн ******* УАЕ улсын дугаартай суудлын авто машинаа С.*******д үлдээгээд эхнэрээсээ асууж байгаад машинаа авна гэж хэлээд хариад эхнэрээ С.*******д 25.000.000 төгрөгийн өглөгтэй эсэхийг асуухад 5.100.000 төгрөг өгөх ёстой гэхээр нь 3-р сарын 6-нд 5100000 төгрөгийг нь өгөөд машинаа авъя гэтэл С.******* 25000000 сая төгрөг өгч байж машинаа ав гэхээр нь би 5.100.000 төгрөгөө өгөлгүй Орхон аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж улмаар Орхон аймгийн Прокурорын газар 2020-03-30-ны өдөр 82 дугаартай тогтоол өглөө. Би С.*******гаас зээл огт аваагүй машинаа ч албан ёсоор барьцаанд тавиагүй учир миний машиныг С.******* хууль бусаар авсан учир би машинаа түүний хууль бус эзэмшлээс гаргуулан авахаар шаардаж байна. Иймд С.*******гаас М.******* миний эзэмшлийн Приус-30 маркийн *******-УАЕ улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Машиныг ******* ******* ХХК-иас 11.000.000 төгрөгийн зээлээр 2019 оны 11 дүгээр сард авснаар бодитоор машин М.*******ийн мэдэлд ирсэн. Хууль ёсны эзэмшигч нь М.******* бөгөөд шаардах эрх нь М.*******эд байгаа. Гэтэл хариуцагч энэ машин М.*******ийн машин биш, ******* ******* ХХК-ийн машин учраас надаас шаардах эрхгүй гэж байгаа. Тэгэхээр М.Наранхүү, С.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Хариуцагчид бусдын машиныг хууль бусаар авч өөрийн эзэмшилд байлгах хууль зүйн үндэслэл байхгүй. С.******* нь өөр хүний машиныг бас авсан эрүүгийн хэрэг үүссэн байгаа юм байна лээ. Би М.*******ийн эхнэрийн дансны хуулгыг аваад шүүгээд үзэхэд М.*******ийн эхнэр нь С.*******гаас 83.000.000 төгрөг аваад 116.000.000 төгрөг болгож өгсөн байна. Тэгээд ямар нэгэн гэрээгүй авсан учраас 28.000.000 төгрөг нэхэмжлээд шүүхэд хандсан байгаа. Хариуцагч нэхэмжлэгч М.*******тэй эрх зүйн харилцаа үүссэн бол тэр баримтаа хэрэгт өгөх ёстой. ...М.*******ийг гудамжинд явж байхад С.******* нөхөртэйгээ цуг явж байгаад танай эхнэрээс 25.000.000 төгрөг авах ёстой, мөнгөө авчирч өгөөд машинаа аваарай гээд аваад явсан. М.******* өөрөө бичиг үсэг юу ч мэддэггүй хүн. Тэгээд тийм л их мөнгө авчихсан юм байх даа асууя гээд машинаа орхиод явсан гэсэн. Машин дотор нь эхнэрийнх нь жирэмсний карт, машины бичиг баримт гээд бүгд байгаа гэсэн. Одоо машин С.*******гийн мэдэлд байгаа. ...Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
С.******* би тус шүүхэд гаргасан М.*******ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: С.******* би М.*******ийн автомашиныг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Иймд хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Түүний эхнэр Г.*******тэй зээлийн гэрээний төлбөр тооцооны асуудал байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх талаар Г.******* болон түүний нөхөр М.******* нарт шаардлага тавьсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа шаардах эрх гэж ойлгож байна. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж маргаж байх шиг байна. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх хөрөнгө буюу түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр тээврийн хэрэгсэл хөдлөх хөрөнгөнд ордог. Гэхдээ Татварын тухай хуулиар өмчлөгчийн бүртгэлийг улсын бүртгэл бүртгэдэг. Тээврийн хэрэгсэл бол заавал Авто тээврийн тухай хуульд зааснаар өмчлөгчийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэдэг. Гэтэл тээврийн хэрэгслийн өмчлөл бол ******* ******* ХХК-ийн нэр дээр байгаа гэдэгт нэхэмжлэгч болон хариуцагч тал маргахгүй байгаа. Тийм учраас тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* ******* хоршоо байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх, хуульд заасан шаардах эрх нь өмчлөгчид байгаа. Лизингийн зээл болон барьцааны гэрээ нь өмчлөгч болох гэж байгаа хэлцэл юм байна. М.******* өөрөө зээлээ бүрэн төлж дууссаны дараа машин түүний мэдэлд очно. Түүнээс өмчлөгч болох хэлцэл биш. Өмчлөгч биш гэсэн асуудал тодорхой болж байна. Нэхэмжлэгчид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх угаасаа байхгүй байна. Харин шаардах эрх байхгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой. М.******* зээлийн хоршооноос итгэмжлэл авсан зүйл байхгүй. Энэ асуудлыг тодруулахын тулд шүүх иргэний хэрэг үүсгээд явдаг. Ингээд явж байхад шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь тодорхой болж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01023 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Иншеебу ******* ******* *******-ийн хариуцагч ******* -аас ******* УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024-07-17-ны өдрийн шүүх хурлаараа М.*******ийн нэхэмжлэлтэй С.*******д хариуцагдах авто машин буюу авто машины үнэ болох 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхгүй гэж Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэн шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийг Иргэний хуулийн 89-р зүйлийн 89.1, 90-р зүйлийн 90.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлүүдээр шударга эзэмшигч гэсэн дүгнэлтийг хийлээ. Шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан журмын дагуу өмчлөгч биш "******* *******" ХХК өмчлөгч байна гээд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа нэхэмжлэгч М.*******ийг өөрийн эхнэрийнхээ төлбөрийн барьцаанд маргаан бүхий авто машиныг шилжүүлсэн байх тул хариуцагчийг шудрага эзэмшигч гэсэн нэг дүгнэлт нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлттэй шийдвэрийг гаргалаа. Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.3.-т: "Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих,түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ" гэжээ.Нэхэмжлэгч М.******* нь"******* *******"ХХК-д хандаж Приус-30 маркийн УЕА-******* улсын дугаартай авто машиныг зээлээр авах хүсэлтээ гаргаснаар гэрээ байгуулан авто машиныг М.*******эд шилжүүлсэнээр М.******* тухайн авто машины хууль ёсны эзэмшигч болсон явдал нь Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.4-т: "Энэ хуулийн 106.2,106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна" гэжээ.Хуулийн энэхүү заалтаас харахад нэхэмжлэгч М.******* шаардах эрхтэй болох нь тодорхой байхад шүүх юуны учир шаардах эрхгүй гэсэн дүгнэлтийг хийнэ вэ. Иргэний хуулийн 89-р зүйлийн 89.1-д:"Хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэжээ. Нэхэмжлэгч М.******* маргаан бүхий авто машиныг хууль ёсоор мэдэлдээ авсан. Харин мөн хуулийн 89-р зүйлийн 89.1 дэх заалтыг үндэслэн хариуцагчийг шүүх шударга эзэмшигч гэж дүгнэсэн явдал нь хуулийн дээрх заалттай огт нийцэхгүй байхад шүүх юуны учир хэт нэг талыг барин үндэслэлгүй дүгнэлтийг хийнэ вэ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харах юм бол нэхэмжлэгч М.******* хариуцагч С.******* нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эхнэрт зээлдүүлсэн мөнгөнийхөө барьцаанд авлаа гээд ямар нэгэн гэрээ хэлцэлгүй авсанаар бүтэн гурван жил гаруй хугацаа өнгөрсөн. Шүүхийн шийдвэрээр хариуцагч болон нэхэмжлэгчийн эхнэр Г.******* нарын хоорондох зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд уг шийдвэрт маргаан бүхийн авто машин барьцаанд байгаа болон уг авто машины үнээс төлбөр барагдуулах тухай огт байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Иймд:Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-07-17-ны өдрийн 142/ШШ2024/01023 дугаар шийдвэртэй хэргийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. Хуралд оролцуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан ******* УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар М.*******ийн хариуцагч С.*******гаас ******* УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.******* нь ******* ******* ЗГБХН-өөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр лизингийн болон барьцааны гэрээ гэх нэртэй зээлийн гэрээгээр 11.100.000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар зээлж, уг мөнгөөрөө ******* УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан бөгөөд зээлийн барьцаанд худалдан авсан машинаа барьцаалж, барьцааны гэрээгээр ******* УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрх ******* ******* ЗГБХН-ийн нэр дээр шилжсэн ба гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг зээлдэгч буюу нэхэмжлэгч М.******* зээлээ бүрэн төлж дууссаны дараа түүний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцжээ.
******* УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь ******* ******* ЗГБХН-ийн нэр дээрх өмчлөлийн машин байх ба нэхэмжлэгч М.******* нь зээлийн гэрээний хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж зээлээ төлж дуусахад өмчлөлдөө шилжүүлэн авах үүрэгтэй байсан байна.
Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.-т зааснаар зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүй зээлдэгч нь зээлийн болон барьцааны хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, бусдад барьцаалах, дамжуулан түрээслэхгүй байх үүрэгтэй боловч эхнэрийнхээ өр төлбөрийн асуудлыг тодруулах зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч С.*******д үлдээсэн. Эхнэрийнхээ хэлснээр үлдэгдэл төлбөр болох 5.100.000 төгрөгийг өгөөд машинаа авъя гэхэд хариуцагч С.******* зөвшөөрөөгүй байна .
Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06 ны өдрийн 1210 дугаар тогтоолоор Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С. *******д холбогдох зээлийн хүүд тооцсон төлбөр 18.088.250 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 13.515.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч М.*******ийн өмчлөлд шилжээгүй эзэмшилд нь байгаа бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг барьцаалан авах эрхгүй ба хууль бусаар эзэмшилдээ авчээ.
Нэхэмжлэгч М.******* нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар хариуцагч С.*******гаас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ түүний хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй юм.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар нэхэмжлэгч М. *******ийн хариуцагч С. *******гаас ******* УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 195.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01023 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Иншеебу ******* ******* *******-ийн хариуцагч ******* -аас ******* УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3., 90 дүгээр зүйлийн 90.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар хариуцагч С. *******гаас ******* УАЕ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******эд олгосугай..., гэж
Шийдвэрийн 2 дахь заалтанд ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг ...хариуцагчаас 195.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 195.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 195.950 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР