| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0029/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/56 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, Г.Энхбаяр
Шүүгдэгч: Ш.А, П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лувсан овогт Шийн А, Боржин овогт Пийн Б нарт холбогдох эрүүгийн 1812001100100 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хонхорын 7-19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Лувсан овогт Шийн А/РД:...................../
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газарт улсын бүртгэгч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг баг, Талын толгой хорооллын 4-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржин овогт Пийн Б/РД:АН....................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн П.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Яллагдагч П.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн Ш.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Ш.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр П.Б архи уусангүй гээд хамт явсан хүмүүсээ доромжлоод байсан, мөн намайг архи уусангүй гээд доромжлоод дайраад байсан. Би өөртөө ойртуулахгүй гээд гараараа түлхсэн, хөлөөрөө түлхээгүй худлаа мэдүүлэг өгсөн байсан...” гэх мэдүүлэг,
*Хохирогч П.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Бид нар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын аварга малчин Т гэх айлд очиж цай уусан. Тэгээд очоод ирэх замдаа Ш.Атай маргалдсан нь үнэн. Тухайн үед хурлын дарга, таргын газрын дарга хоёр замд нэг шил архи задлаад хүмүүст хийж өгсөн. Ш.Аыг ганцаараа бид хэдтэй нийлэхгүй машин дотор үлдэхээр нь очоод хамт олонтойгоо байгаа ч гэж хэлэхэд би чам шиг эр, эм нь мэдэгдэхгүй архичин биш гээд, 3 хүүхдийг минь оролцуулаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Ш.А бид хоёр маргалдаж эхэлсэн, машин дотор явж байхад араас Ш.А үсдэж авахаар нь адилхан үснээс нь татах гэсэн боловч миний нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд тамгын газрын дарга намайг гэрт оруулж өгөөд явсан. Би тамгын даргаас хамт олны хурал зарлаад өгөөч нэг дор хамт ажилладаг хүмүүс учраас би Ш.Ааас уучлалт гуйя гэсэн боловч Ш.А би эвлэрэхгүй явдаг газраараа явна гэж хэлсэн. Одоо надад Ш.Ааас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Ш.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би маш их гомдолтой байна. П.Б худлаа мэдүүлэг өгч байна. Мөн мөрдөгч энэ гэмтэлтэй холбоотой бичгийг прокурор дээрээс авсан байсан. Мэдүүлэг өөрчлөгдсөн тохиолдолд гэрчүүдээс дахин мэдүүлэг авах ёстой. П.Б прокурор дээр ороод манай ажилчид үнэнийг чинь хэлнэ гээд дарамтлаад байна, гэрч нараас битгий мэдүүлэг авахуулаач гэж орсон байсан. Гэрийнх нь гадаа ирээд машинаас буулгах гэсэн боловч П.Б наадхаа машинаас буулгаад ир наадхыг чинь ална гээд байсан, мөн намайг хэл амаар их доромжилсон...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1812001100100 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ш.Аын өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Цэцэрлэг сумын харъяат Улсын сайн малчинд ЗДТГ-ынхантай хамт цай уучихаад орой 22:00 цагийн үед буцаж Э ахын машинтай ирж явтал П.Б гэх иргэний бүртгэлийн ажилтан намайг чи архи ууж үзээгүй хүүхдээрээ, чи архи уусангүй гээд хэрүүл өдөөд байхаар нь урдаас нь хэрэлдсэн чинь миний үснээс зулгаагаад авахаар нь салгах гээд цээж рүү нь 1 удаа түлхсэн чинь дахин миний үснээс татсан. Тэгэхээр нь би дахин хөлөөрөө цээж рүү нь түлхсэн чинь цаашаа болсон бөгөөд дахин миний урдаас дайраад үсдээд дарахаар нь би бээлийгээ тайлж байгаад үснээс нь татсан. Тэгээд хамт явсан хүмүүс гарыг нь тавиулах гээд их удаан ноцолдож байгаад салгасан. П.Б намайг архи уусангүй гэгээн цагаанаараа амьтан, чи ажлынхандаа архи авч өгч үзээгүй гэж хэлэхээр нь би урдаас нь чамаар архи уулгах үгүйгээ заалгахгүй, чи өөрөө архи авч өгч үзсэн юм уу тийм чадалтай юм бол өөрөө аваад өгчих гээд хэрэлдсэн. Тухайн үед П.Б халмаг байсан би, эрүүл байсан. Тухайн үед Тамгын газрын дарга Ч, газрын даамал Э, бичиг хэрэг У, цаг уурч Б, П.Б бид нар явсан. Миний үснээс унагаж хуйх халцалсан, зүүн гарын долоовор хуруунаас цус гарсан, миний зулай их хөндүүр өвчтэй байна, зүүн чихний ард 1.5 см орчим газар хуйхаараа урагдсан. Би П.Бг үсдээд байхаар нь салгах гээд нүүрэн тус газар нь 1-2 удаа хөлөөрөө түлхсэн, адилхан үснээс татсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/
*Хохирогч П.Бгийн өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 12-ны орой ажил тараад ЗДТГ-ынхантай Хонгорж багийн иргэн улсын аврага малчин С.Тынд цай уухаар очсон. Очоод бүгд баярын хундага авцгаасан. Тэгээд 21:00 цаг өнгөрөөгөөд сумын төв рүү хөдөлцгөөсөн бөгөөд ирэх замдаа зогсоод С.Т гуайн замдаа ууцгаагаарай гээд нэг шил архи өгсөнийг нь тойруулж ууцгаагаад машинд суутал Ш.А машинаас бууж архи уугаагүй бөгөөд тэгэхлээр нь би Ш.Ад хандан миний хөгшин архи уухгүй ч гэсэн машинаас буугаад хамт олонтойгоо уур амьсгал бүрдүүлээд буухгүй яасан юм гэтэл би чамтай адилхан эр, эм нь мэдэгдэхгүй архичин байгаа биш чамайг сумын архичдыг дагуулж архи уугаад хүслийг нь хангадгийг чинь мэднэ шүү гэхээр нь өөдөөс нь хэрэлдсэн. Сумын төвд ирээд манай хашааны үүдэнд зогстол миний араас үсдээд авахаар нь зөрүүлээд үсдээд авахад намайг нүүрэн тус газар 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд тамгын дарга ирээд салгаад намайг гэрт оруулж өгчихөөд явсан. Маргааш өглөө нь 14:00 цагт ажилдаа явсан бөгөөд тухайн үед эмнэлэгт үзүүлэх гэснээ санаа зовоод за яахав эвлэрчих байх гээд нуугаад өнгөрсөн. Хоорондоо хэрэлдэж байгаад намайг хүүхдүүдийнхээ эцгийг мэдэхгүй эцэг тогтоолгох гээд хүүхдээ чирээд эмнэлгээр явдаг гэхээр нь хуц чамайг уурын зуухны гачигаар хүртэл тоохгүй гэтэл уурлаад намайг араас үсдээд авсан. Би машины урд талын суудал дээр суучихсан явж байхад миний арын суудал дээр Ш.А сууж явсан. Миний үснээс татаж зулгаасан нүд рүү хөлөөрөө өшиглөж нүдний хажуу тал сэтэлж, уруул язалсан мөн чихний ар хэсэг хумсаараа маажих урсан. Тухайн үед би нэр төрөө бодоод эмнэлэгт үзүүлээгүй нүднийхээ хавдрыг жин тавьж бууруулж хоноод үдээс хойш ажилдаа очсон. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би цохьсон зүйл байхгүй намайг үсдэхээр нь тавиулах гээд адилхан үснээс нь татсан. Ш.А харин намайг нүүрэн тус газар 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Ш.А гомдолтой байна гээд байгаа юм чинь би ч бас гомдолтой байна. Маргааш өглөө нь Ш.Аын ээж Халтар гэх хүн ажил дээр орж ирээд манай ажлынхны дэргэд намайг үг хэлээр баахан доромжилсон. Тухайн үед манай өрөөний Б.Э, А.Аа, Д.Б нар байсан. Намайг эцэггүй хүүхэд төрүүлсэн завхай гуйлгачин, хүүхдийнхээ эцгийг тогтоолгох гээд шинжилгээ өгөөд явдаг, уурын зууханд хэвтэхээр зиндааны хүүхэн гэх зэргээр доромжилсон. Мөн чамайг манай охин зодоогүй нөхөр чинь шөнө ирээд зодсон гэж орилж байгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/
*Хохирогч П.Бгийн дахин өгсөн:
“...Би 2018 оны 02-р сарын 21-нд тамгын газрын даргаас 3 хоногийн чөлөө авч Архангай аймгийн төвд байгаа хадам аав, ээждээ золгохоор гэр бүлийн хамт аймгийн төв явсан. Тэгээд аймгийн төвд золгуут хийгээд явж байхад Толгой өвдөөд, дотор муухай оргиод, хоёр нүдны ухархайгаар өвдөж нүд улайгаад байхаар нь 2018 оны 02-р сарын 22-ны өдөр аймгийн нэдсэн эмнэлэг дээр очиж нэдсэн эмнэлийн мэдрэлийн тасагт цаг авч Амбулаториор эмчлүүлэгсдийн карт нээлгүүлэн мэдрэлийн тасгийн У гэх эмчид тус өдрийн үдээс өмнө 12 цагийн орчим үзүүлсэн, үзүүлсэн цагаа сайн санахгүй байна. Тэгээд У эмч картан дээр надад эмчилгээ бичиж өгсөн. Тухайн үед У эмч надад тодорхойлолт бичиж өгөөгүй картан дээр л эмчилгээ бичиж өгсөн. Би 2018 оны 03-р сарын 15-ны өдөр шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Отгонжаргалд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар үзүүлсэн. Тэгээд хэд хоногын дараа хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэ дуудаад шинжээчийн дүгнэлттэй танилц гэхээр нь би өмгөөлөгч Алтанчимэгийн хамт очиж танилцсан. Тэгсэн миний биед гэмтлийн зэрэг гараагүй байсан Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй санал нийлээгүй учир дахин өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргасан боловч прокурорын байгууллага хүсэлтийг хүлээн аваагүй урьд өмнө үзүүлсэн эмчийн бичиг байхгүй гэмтлийн зэрэг тогтоолгох боломжгүй шалтгаанаар. Тэгээд би урьд өмнө нь үзүүлсэн эмчээсээ бичиг авахаар Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очин мэдрэлийн тасгийн эмч У гэдэг хүнтэй уулзаж урьд өмнө нь үзүүлж байснаа яриад эмчийн тодорхойлолт авъя гэсэн чинь У эмч чи үзүүлж эмчилгээ бичүүлсэн картаа аваад ир тэрийг чинь харж байгаад надад үзүүлсэн байвал тодорхойлолт хийж өгнө гэхээр нь би буцаж яваад тэр өдрөө картаа авч ирж У эмчид картаа үзүүлээ тодорхойлолт бичүүлж авсан. Би үзүүлснээсээ хойш 2 сар орчмын дараа У эмчээс тодорхойлолт авсан. Би бичиг хийж өгөхөөр нь бичгээ аваад өмгөөлөгчтэйгөө уулзаад өмгөөлөгчийн хамт Прокурорын газар орж Батсайхан прокурорт нэмэлт шинжээч томилуулах хүсэлтээ, эмчийн бичгийн хамт өгсөн. Би Ш.Ад гомдолтой байна...” гэх мэдүүлэг хх-ийн 102-103 дугаар тал/
* Хохирогч П.Бгийн дахин өгсөн:
“...Би Ш.Аыг цагдаа шүүхээр явна гэж мэдээгүй учраас тухайн үед сумын эмчид үзүүлээгүй. 7 хоногийн дараа хадам аавынд золгуут хийхээр гэр бүлээрээ явж байгаад толгой өвдөөд, нүд улайгаад байхаар нь аймгийн төвд У гэх эмчид 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үзүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тухайн үед нэр төрөө бодоод эмнэлэгт үзүүлээгүй гэж сумын эмнэлэгт үзүүлээгүй талаараа ярьсан. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гараад би дүгнэлттэй танилцахад миний биед гэмтлийн зэрэг гараагүй байсан. Би прокурорт дахин хүсэлт гаргах гэсэн чинь Батсайхан прокурор эмчийн бичиг авч ир гэхээр нь би тухайн өдөр суманд үзүүлсэн бичиг эмчийн бичиг байхгүй гэхэд хэрэг болсноос хойш эмчид үзүүлсэн бичиг байж болно гэж хэлсэн. Тэгэхэээр нь би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймагт золгуут хийж яваад эмчид үзүүлсэн бичиг байж болох уу гэхэд болно гэж хэлсэн. Би тухайн эмчээ хайж очоод би таньд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үзүүлсэн та надад тухайн үед биеийн байдал ямар байсан талаар бичиг хийгээд өгөөч гэсэн чинь У эмч тухайн үед үзэж тэмдэглэсэн тэмдэглэл байгаа бол тэрийгээ аваад ир гэхээр нь би буцаж яваад картаа авч ирж үзүүлээд бичиг хийлгэж аваад уг бичгийг хүсэлтийн хамт хавсаргаад өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорт өгсөн. Би амбулториор эмчлүүлэгсдийн картыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулторын лавлагаа гэсэн цонхон дээр очиж бэлэн 500 төгрөг өгөөд авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 209-210 дугаар тал/
*Гэрч Т.Уийн өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай Засаг даргын тамгын газрынхан улсын аварга малчин Т гэх айлд цай уухаар очсон. Очоод хоол цай ууж идчихээд буцаад ирж яваад Ш.А, П.Б нар маргалдаад хэрүүл хийж байгаад хоорондоо зууралдаад авахаар нь та нар больцгоо гээд бид хэд салгацгаасан. П.Б, Ш.Аыг хамт олноороо явж байж яагаад архи уугаагүй юм гэж байсан тэрнээс л болж хэрэлдсэн байх. Бие биенийхээ үснээс л зууралдаад байсан, би цохиж байхыг нь хараагүй. Тухайн үед гэр гэрт нь буулгасан бөгөөд маргааш өглөө нь П.Бгийн хүзүүг нь урчихсан байсан, нүдээ тендээд будчихсан байсан. Ш.А маргааш өглөө нь ажилдаа ирээгүй, акт авчихсан байсан. Ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Ш.А архи уугаагүй, П.Б ганц хоёр хундага архи уусан байх. Тухайн үед жолооч Ш.Э, Тамгын газрын дарга П.Ч, улсын бүртгэгч П.Б, төрийн сангийн мэргэжилтэн Ш.А, цаг уурч Л.Б, үйлчлэгч А.Б бид нар явж байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/
*Гэрч Д.Бийн өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай засаг даргын тамгын газрынхан тус тусдаа 3 автомашинтай улсын сайн малчин Т гэх айлд цай уухаар очсон. Очоод хоол цай уучихаад буцаад ирэхдээ нөгөө машинд газрын даамал Ш.Э, Тамгын газрын дарга П.Ч, улсын бүртгэгч П.Б, төрийн сангийн мэргэжилтэн Ш.А, цаг уурч Л.Б, үйлчлэгч А.Б, бичээч Т.У нар явсан ирэх замдаа П.Б, Ш.А нар хоорондоо маргалдсан гэсэн, би маргалдахыг нь хараагүй. Маргааш өдөр нь буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр П.Б ажилдаа ирэхдээ 2 нүднийх нь доогуур хөхөрсөн, баруун нүдний дээд зовхи нь хүрэнтэж хөхөрч самардуулсан бололтой урагдсан байдалтай, 2 хөмсөгнийх нь дээд хэсэг шалбарсан, зүүн шанаа, хүзүү чих нь хумс мэт зүйлээр майжуулж урагдсан, зүүн чих дээд хэсэгтээ хөхөрсөн, уруул нь халцарсан байсан бөгөөд намайг нүүрний зургийг дараад өг гэхээр нь би зургийг нь дарж өгсөн. П..Б Ш.А нар хоорондоо юунаас болж маргалдсан талаар нь сайн мэдэхгүй байна. П.Б урьд өмнө нь манай тамгын газарт өмч хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа халагдаад саяхан иргэний бүртгэгчээр ажилд орсон зан төлөвийн хувьд төлөв даруу ааштай хамт олонтойгоо их нийтэч нөхөрсөг хүн байгаа. Харин Ш.А нь надтай 10 жилд нэг анги төгссөн манай тамгын газарт ажилд ороод 3 жил орчим болж байгаа хамт олонтойгоо нэг их нийлж яваад байдаггүй. Ш.Ад тухайн үед ил харагдах шарх гэмтэлгүй байсан, П.Бг зургийг нь дарахдаа харахад дээрх гэмтлүүд ажиглагдсан. Ш.А архи уугаагүй, П.Б бага зэрэг архиндаа халсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
*Гэрч Л.Бын өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай Засаг даргын тамгын газрынхан аврага малчин Т гэх хүнийд очиж цай уучихаад ирж явах замдаа П.Б, Ш.А 2 хоорондоо хэрэлдээд явж байсан би үүрэглээд явж байсан чинь тар түр хийгээд явчихаар нь харсан чинь П.Б, Ш.А 2 бие биенийхээ үснээс зуулгаачихсан байхаар нь бид хэд салгаад эхлээд П.Бг гэрт нь буулгасан. Юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна П.Б л Ш.Аыг чи архи уухгүй яасан юм гээд байсан тэгээд хоорондоо хэрэлдээд явж байсан. Бие биенийхээ үснээс зууралдсан байсан тэгээд салгасан Ш.Бгийн дух орчмоос бага зэрэг цус гарчихсан Ш.А тухайн үед гэмтэл учирсан юм мэдэгдээгүй зүгээр байсан. Тухайн үед П.Б жаахан халамцуу байсан Ш.А архи уугаагүй байсан. Хэн нь эхэлснийг нь сайн мэдэхгүй байна замдаа л хэрэлдээд яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
*Гэрч П.Чын өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 12-ны орой ажил тараад 18:00 цагийн үед Улсын аврага малчин С.Тынд Засаг даргын тамгын газрын хамт олон цай уухаар очсон. Очоод цай ууж байгаад ойролцоогоор 2 цаг орчим болж байгаад сумын төв рүү буцсан. Буцах замдаа П.Б, Ш.А нар хоорондоо маргалдаад байсан. Тэр хооронд би бас согтчихсон нойр хүрээд унтаж байсан бөгөөд сумын төвд П.Бгийн гэрийн гадаа ирээд би машинаас гараад бие засчихаад буцаад орж иртэл П.Б, Ш.А нар хоорондоо маргалдаад үснээсээ зууралдчихсан байсан. Тэгээд би П.Бг хашаанд нь оруулчихаад машинд суугаад харьсан. Юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Ирэх замдаа бие биенийгээ үгээр идээд явж байсан цааш юу болсон талаар мэдэхгүй. Бие биенийхээ үснээс зууралдсан байсан биеэ биеэ цохиж байхыг нь хараагүй. Тухайн үед Ш.Аын гар нь халцарчихсан байсан, П.Бгийн нүдний орчим жаахан цус байсан өөр юм мэдэгдээгүй. Хэн нь хэрүүл эхлүүлснийг мэдэхгүй байна, замдаа хэрэлдээд л яваад байсан. Би бас тухайн үед согтсон байсан болохоор анзаарч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/
*Гэрч А.Аын өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай Засаг даргын тамгын газрынхан улсын сайн малчин Т гэх айлд очиж цай ууна гэсэн бөгөөд би ажилтай хамт явж чадаагүй. Маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь П.Б зүүн нүд нь хөхөрчихсөн, хүзүүг нь маажчихсан, баруун нүднийг хажуу тийш нь сэтэлчихсэн байхаар нь юу болсон талаар асуусан чинь Ш.Атай маргалдаад ингэчихсэн гэж ярьсан. Тэр өдөр Ш.А ажилдаа ирээгүй. Юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна тэр талаар яриагүй. П.Б толгой өвдөөд байна, үс унаад байна гэж байсан Ш.А ажилдаа ирээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Маргааш өдөр нь Халтар гуай орж ирээд П.Б руу хашгираад хэл амаар доромжилоод байсан. Халтар гуай тухайн үед эцэггүй хүүхэд төрүүлсэн эцэг тогтоолгох гээд чи явж байдаг биздээ гээд орилоод байсан. Тухайн үед эрх зүйч Д.Б та 2 наад асуудлаа өөр газар очиж ярь гэсэн чинь арай гайгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
*Гэрч Б.Эын өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай Засаг даргын тамгын газрынхан улсын сайн малчин Т гэх айлд очиж цай ууна гэсэн бөгөөд би ар гэрийн асуудлаас болоод хамт явж чадаагүй. Маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь өглөө Ш.А, П.Б нар ирээгүй бөгөөд үдээс өмнө П.Б ажилдаа ирсэн бөгөөд баруун нүдний зовхи нь сэтэрчихсэн хөхөрсөн, зүүн чихнийхээ ард маажуулсан шархтай байсан. Ш.А, Ш.Б нар хоорондоо зодолдсон талаар сүүлд олж мэдсэн. Юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. П.Б баруун нүдний зовхи нь сэтэрчихсэн хөхөрсөн, зүүн чихнийхээ ард маажуулсан шархтай байсан нүүрнийхээ хөхийг халхалж нүүрээ зузаан будчихсан байсан, Ш.А тухайн өдөр ажилдаа ирээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Маргааш өдөр нь Халтар гуай орж ирээд П.Б руу хашгираад хэл амаар доромжилоод хүүхдийнхээ эцгийг мэдэхгүй хашаа байшингүй гэх зэргээр л занаад байх шиг байсан би тухайн үед ажил ихтэй байсан учраас сайн анзаараагүй. Бид хэд нэг цонхонд ажилладаг болохоор хүмүүс их орж ирдэг. Халтар гуай тухайн үед эцэггүй хүүхэд төрүүлсэн эцэг тогтоолгох гээд чи явж байдаг биздээ гээд их удаан орилоод байхаар нь эрх зүйч Д.Б болон бид нар та наад асуудлаа өөр газар очиж ярь гэсэн чинь арай гайгүй болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/
*Гэрч Б.Уын өгсөн:
“...2018 оны 02-р сарын 22 -ны өдрийн үдээс өмнө манай ажил дээр П.Б гэгч ирж үзүүлж байсан. Тухайн үед Амбулторийн эмч дуудлаганд явсан учир би үзсэн. П.Б үзүүлэхдээ толгой өвдөөд байна гээд үзүүлсэн үзүүлэхэд нэг нүдний булан сэтэрсэн байдалтай байсан тухайн үед би үзээд картан дээр нь эмчилгээ бичээд зөвлөгөө өгөөд явуусан. Тэрнээс хойш 2017 оны 04-р сарын 27-ны өдөр надтай уулзаад тухайн үед надад үзүүлж байсан гэдгээ хэлээд тодорхойлолт хийж өгөхийг хүссэн тэгэхээр нь би тухайн үед үзүүлж онош тавиулж байсан картаа аваад ир түүнийг харж байгаад тодорхойлолт бичиж өгч болон гэхэд яваад картаа аваад ирсэн. Тэгээд би картан дээр тухайн үед бичсэн оношоо хараад эмчийн тодорхойлолт хийж өгсөн. Гэмтлийн дараах толгой өвдөлт, тархи доргилт, нүдний доод булан сэтэрсэн гэсэн оноштой байсан. Цахим бүртгэл дээр цаг авсан гэсэн би тухайн үед тасаг үзэж байсан болохоор цагийн бүртгэлийг нь хараагүй тухайн үед цаг авсан уу? гээд авсан гэж байсан. Одоо сайн санахгүй байна тухайн үед өвчтны түүх дээр нь бичсэн байгаа. Хүнд зодуулсан гэж байсан. Өөр зүйл яриагүй, би асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар тал/
*Гэрч Б.Уын дахин өгсөн:
“...Миний бичиж өгсөн тодорхойлолт мөн байна, миний бичиг мөн. Би засвар хийгээгүй. Энэ тодорхойлолтын үзүүлсэн хэсгийн он, сар, өдөр миний бичсэнээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 101 дүгээр тал/
*Гэрч А.Бын өгсөн:
“...Тухайн үед нярав хот руу ажлаар яваад би оронд нь 2018 оны 21, 22, 23-ны өдрүүдийн ажилчдын цагийг бүртгэсэн. Ажилчид ажилдаа ирээгүй гээд цагийн бүртгэл дээр бүртгэчихээр цалин мөнгийг нь хасдаг болохоор нь хүний цалинг хасуулаад яахав гэж бодоод бүх ажилчдаа ирсэн гээд бүртгэсэн. Тухайн өдрүүдэд П.Бг байсан үгүйг мэдэхгүй байна. Би тухайн өдрүүдэд ажил ихтэй байсан болохоор П.Бг ажилдаа ирсэн үгүйг сайн мэдэхгүй байна. Урьд өмнө нь П.Б ажлаа тасалдаггүй байсан болохоор нь ажилдаа ирсэн байх л гэж бодоод цагийн бүртгэл дээр ирсэн гэж бүртгэсэн. Би ажилчдаа тулгалт хийгээгүй, бүгдийг нь байгаа гээд бүртгэсэн болохоор чөлөө авсан хүн байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 104-105 дугаар тал/
*Гэрч Н.Дын өгсөн:
“...2018 оны 02 сарын 22-ны өдөр П.Б ажилдаа ирээгүй, хаана байсан талаар мэдэхгүй байна. П.Б ажилдаа ирээгүй байхаар нь П.Б яасан бэ гэсэн чинь манай ажилчид чөлөө авсан гэж байсан. Би ажлын байрандаа байсан П.Б ажилдаа ирээгүй. Хэзээ ажилдаа ирсэнийг нь мэдээгүй, 3 хоногийн чөлөө авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар тал/
*Гэрч Х.Агийн өгсөн:
“...Манай эхнэр П.Б 2018 оны 02 сарын 22-ны өдөр аймгийн төвд байсан, бид хоёр хүүхдүүдийн хамт 21-ний өдөр аав, ээж дээрээ золгох гээд сумаасаа ирсэн. Бид хоёр аймагт ирсэн дуруйдаа аав, ээждээ золгочихоод 22-ны өдөр гадуур явж ажлаа амжуулсан. П.Б 22-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт биеэ үзүүлсэн. Тэгээд бид хоёр золгуут хийж дуусгаад 2 сарын 23-ны өдрийн орой сум руугаа буцсан. Эмнэлэгт үзүүлэхэд нь би хамт яваагүй. Эмнэлэг явж үзүүлчихээд ирье гээд явсан, би тэр хойгуур нь бусад ажлаа амжуулаад явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 108 дугаар тал/
*Гэрч Д.Цгийн өгсөн:
“...Манай амбулторийн тасагт эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгсэд биш харин гадуур эмчилгээ хийлгэж байгаа иргэд эмнэлэгийн тусламж үзлэг үйлчилгээ үзүүлдэг тасаг юм. Манай тасаг эмчилгээ бол хийдэггүй. Иргэдийг үзсэн тохиолдолд үзлэгийн бүртгэл гэж хөтөлдөггүй харин цахим санд үйлчлүүлэгчдийг бүртгэдэг. Үйлчлүүлэгсэд эхлээд цахим сандаа бүртгүүлнэ цахим санд үйлчлүүлэгчийн үзлэг хийх цагийг бүртгэдэг, үүний дагуу үйлчлүүлэгч тухайн бүртгүүлсэн цагтаа эмчид үзүүлдэг. Үйлчлүүлэгчид эмчидээ үзүүлээд түүний дараагаар амбултороор эмчлүүлэгсэдийн картыг кассанд 500 төгрөг тушаагаад мөнгө тушаасан баримтаа авч очоод лавлагаа мэдээллийн ажилтнаас картаа авч нээлгүүлээд эмч дээрээ картаа авч ороод эмчилгээгээ бичүүлдэг. Амбултороор эмчлүүлэгсэдийн карт нээлгэсэн үйлчлүүлэгчийг манай тасаг дээр ямар нэгэн байдлаар бүртгэж авдааггүй. Өөрөөр хэлбэл манай тасгаас амбултороор эмчлүүлэгсэдийн картыг иргэд зүгээр л худалдаж авч байна гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 212-214 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаартай“...Ш.Аын биед толгойн үс нь духны дээд хэсгээр зулгаагдсан, зүүн чихний ар хэсэгт зураасан зулгаралт, зүүн долоовор хурууны 1-р үений гадна хэсэгт жижиг шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үснээс зулгааж татах, мохоо зүйлийн цохих, цохигдох шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар толгойн зулгаагдсан гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний ар хэсэгт зураасан зулгаралт зүүн долоовор хурууны 1-р үений гадна хэсэгт жижиг шарх нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”дүгнэлт/хх-ийн 31 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаартай“...П.Бгийн биед тархи доргилт, баруун зовхины гадна буланд жижиг сорви, зүүн чихний дэлбээний ар хэсэгт зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тархи доргилт гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхины гадна булангийн жижиг сорви, зүүн чихний дэлбээний ар хэсгийн зулгалтын сорви нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. П.Бгийн гэх он сар өдөр нь тодорхойгүй фото зургаар дүгнэлт гаргах боломжгүй. Тухайн үед үзүүлсэн мэдрэлийн эмчийн үзлэгийн баримтыг үндэслэв...” гэх дүгнэлт/хх-ийн 90 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68, 53, 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн Ш.А, П.Б нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ш.А, П.Б нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Аын”... 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Цэцэрлэг сумын харъяат Улсын сайн малчинд ЗДТГ-ынхантай хамт цай уучихаад орой 22:00 цагийн үед буцаж Э ахын машинтай ирж явтал П.Б гэх иргэний бүртгэлийн ажилтан намайг чи архи ууж үзээгүй хүүхдээрээ, чи архи уусангүй гээд хэрүүл өдөөд байхаар нь урдаас нь хэрэлдсэн чинь миний үснээс зулгаагаад авахаар нь салгах гээд цээж рүү нь 1 удаа түлхсэн чинь дахин миний үснээс татсан. Тэгэхээр нь би дахин хөлөөрөө цээж рүү нь түлхсэн чинь цаашаа болсон бөгөөд дахин миний урдаас дайраад үсдээд дарахаар нь би бээлийгээ тайлж байгаад үснээс нь татсан. Тэгээд хамт явсан хүмүүс гарыг нь тавиулах гээд их удаан ноцолдож байгаад салгасан. П.Б намайг архи уусангүй гэгээн цагаанаараа амьтан, чи ажлынхандаа архи авч өгч үзээгүй гэж хэлэхээр нь би урдаас нь чамаар архи уулгах үгүйгээ заалгахгүй, чи өөрөө архи авч өгч үзсэн юм уу тийм чадалтай юм бол өөрөө аваад өгчих гээд хэрэлдсэн...” гэх мэдүүлэг, хохирогч П.Бгийн ”... би Ш.Ад хандан миний хөгшин архи уухгүй ч гэсэн машинаас буугаад хамт олонтойгоо уур амьсгал бүрдүүлээд буухгүй яасан юм гэтэл би чамтай адилхан эр, эм нь мэдэгдэхгүй архичин байгаа биш чамайг сумын архичдыг дагуулж архи уугаад хүслийг нь хангадгийг чинь мэднэ шүү гэхээр нь өөдөөс нь хэрэлдсэн. Сумын төвд ирээд манай хашааны үүдэнд зогстол миний араас үсдээд авахаар нь зөрүүлээд үсдээд авахад намайг нүүрэн тус газар 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд тамгын дарга ирээд салгаад намайг гэрт оруулж өгчихөөд явсан. Маргааш өглөө нь 14:00 цагт ажилдаа явсан бөгөөд тухайн үед эмнэлэгт үзүүлэх гэснээ санаа зовоод за яахав эвлэрчих байх гээд нуугаад өнгөрсөн. Хоорондоо хэрэлдэж байгаад намайг хүүхдүүдийнхээ эцгийг мэдэхгүй эцэг тогтоолгох гээд хүүхдээ чирээд эмнэлгээр явдаг гэхээр нь хуц чамайг уурын зуухны гачигаар хүртэл тоохгүй гэтэл уурлаад намайг араас үсдээд авсан. Би машины урд талын суудал дээр суучихсан явж байхад миний арын суудал дээр Ш.А сууж явсан. Миний үснээс татаж зулгаасан нүд рүү хөлөөрөө өшиглөж нүдний хажуу тал сэтэлж, уруул язалсан мөн чихний ар хэсэг хумсаараа маажих урсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Уийн”... Бие биенийхээ үснээс л зууралдаад байсан, би цохиж байхыг нь хараагүй. Тухайн үед гэр гэрт нь буулгасан бөгөөд маргааш өглөө нь П.Бгийн хүзүүг нь урчихсан байсан, нүдээ тендээд будчихсан байсан. Ш.А маргааш өглөө нь ажилдаа ирээгүй, акт авчихсан байсан. Ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн “...Маргааш өдөр нь буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр П.Б ажилдаа ирэхдээ 2 нүднийх нь доогуур хөхөрсөн, баруун нүдний дээд зовхи нь хүрэнтэж хөхөрч самардуулсан бололтой урагдсан байдалтай, 2 хөмсөгнийх нь дээд хэсэг шалбарсан, зүүн шанаа, хүзүү чих нь хумс мэт зүйлээр майжуулж урагдсан, зүүн чих дээд хэсэгтээ хөхөрсөн, уруул нь халцарсан байсан бөгөөд намайг нүүрний зургийг дараад өг гэхээр нь би зургийг нь дарж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бын “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай Засаг даргын тамгын газрынхан аврага малчин Т гэх хүнийд очиж цай уучихаад ирж явах замдаа П.Б, Ш.А 2 хоорондоо хэрэлдээд явж байсан би үүрэглээд явж байсан чинь тар түр хийгээд явчихаар нь харсан чинь П.Б, Ш.А 2 бие биенийхээ үснээс зуулгаачихсан байхаар нь бид хэд салгаад эхлээд П.Бг гэрт нь буулгасан ...”гэх мэдүүлэг, гэрч П.Чын “...Буцах замдаа П.Б, Ш.А нар хоорондоо маргалдаад байсан. Тэр хооронд би бас согтчихсон нойр хүрээд унтаж байсан бөгөөд сумын төвд П.Бгийн гэрийн гадаа ирээд би машинаас гараад бие засчихаад буцаад орж иртэл П.Б, Ш.А нар хоорондоо маргалдаад үснээсээ зууралдчихсан байсан...”гэх мэдүүлэг, гэрч А.Аын “...Маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь П.Б зүүн нүд нь хөхөрчихсөн, хүзүүг нь маажчихсан, баруун нүднийг хажуу тийш нь сэтэлчихсэн байхаар нь юу болсон талаар асуусан чинь Ш.Атай маргалдаад ингэчихсэн гэж ярьсан...”гэх мэдүүлэг, гэрч Б.Эын “...Маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь өглөө Ш.А, П.Б нар ирээгүй бөгөөд үдээс өмнө П.Б ажилдаа ирсэн бөгөөд баруун нүдний зовхи нь сэтэрчихсэн хөхөрсөн, зүүн чихнийхээ ард маажуулсан шархтай байсан. Ш.А, Ш.Б нар хоорондоо зодолдсон талаар сүүлд олж мэдсэн. Юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. П.Б баруун нүдний зовхи нь сэтэрчихсэн хөхөрсөн, зүүн чихнийхээ ард маажуулсан шархтай байсан нүүрнийхээ хөхийг халхалж нүүрээ зузаан будчихсан байсан...”гэх мэдүүлэг, гэрч Б.Уын “...П.Б үзүүлэхдээ толгой өвдөөд байна гээд үзүүлсэн үзүүлэхэд нэг нүдний булан сэтэрсэн байдалтай байсан тухайн үед би үзээд картан дээр нь эмчилгээ бичээд зөвлөгөө өгөөд явуусан. Тэрнээс хойш 2017 оны 04-р сарын 27-ны өдөр надтай уулзаад тухайн үед надад үзүүлж байсан гэдгээ хэлээд тодорхойлолт хийж өгөхийг хүссэн тэгэхээр нь би тухайн үед үзүүлж онош тавиулж байсан картаа аваад ир түүнийг харж байгаад тодорхойлолт бичиж өгч болон гэхэд яваад картаа аваад ирсэн. Тэгээд би картан дээр тухайн үед бичсэн оношоо хараад эмчийн тодорхойлолт хийж өгсөн. Гэмтлийн дараах толгой өвдөлт, тархи доргилт, нүдний доод булан сэтэрсэн гэсэн оноштой байсан...”гэх мэдүүлэг, гэрч А.Бын “...Тухайн үед нярав хот руу ажлаар яваад би оронд нь 2018 оны 21, 22, 23-ны өдрүүдийн ажилчдын цагийг бүртгэсэн. Ажилчид ажилдаа ирээгүй гээд цагийн бүртгэл дээр бүртгэчихээр цалин мөнгийг нь хасдаг болохоор нь хүний цалинг хасуулаад яахав гэж бодоод бүх ажилчдаа ирсэн гээд бүртгэсэн. Тухайн өдрүүдэд П.Бг байсан үгүйг мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг, гэрч Х.Агийн “...Бид хоёр аймагт ирсэн дуруйдаа аав, ээждээ золгочихоод 22-ны өдөр гадуур явж ажлаа амжуулсан. П.Б 22-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт биеэ үзүүлсэн. Тэгээд бид хоёр золгуут хийж дуусгаад 2 сарын 23-ны өдрийн орой сум руугаа буцсан. Эмнэлэгт үзүүлэхэд нь би хамт яваагүй. Эмнэлэг явж үзүүлчихээд ирье гээд явсан...”гэх мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 99, 247 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ш.А, П.Б нарын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.А, П.Б нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Ш.А, П.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.А нь би П.Бд гэмтэл учруулаагүй, түүнийг түлхсэн харин цохисон хөлөөрөө өшиглөсөн үйлдэл гаргаагүй, эмчид үзүүлсэн гэх цаг хугацаанд П.Б сумандаа байсан гэж маргаж байгаа боловч П.Бгийн биед тухайн цаг хугацаанд гэмтэл учирсан болох нь шинжээчийн “...П.Бгийн биед тархи доргилт, баруун зовхины гадна буланд жижиг сорви, зүүн чихний дэлбээний ар хэсэгт зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тархи доргилт гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхины гадна булангийн жижиг сорви, зүүн чихний дэлбээний ар хэсгийн зулгалтын сорви нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, шүүгдэгч Ш.А, П.Б нар нь харилцан үснээсээ зулгаалцан зууралдаж байхын харсан талаар мэдүүлсэн гэрч У, Б, Ч нарын мэдүүлэг, маргааш нь П.Бгийн 2 нүднийх нь доогуур хөхөрсөн, баруун нүдний дээд зовхи нь хүрэнтэж хөхөрч самардуулсан бололтой урагдсан байдалтай, 2 хөмсөгнийх нь дээд хэсэг шалбарсан, зүүн шанаа, хүзүү чих нь хумс мэт зүйлээр майжуулж урагдсан, зүүн чих дээд хэсэгтээ хөхөрсөн, уруул нь халцарсан байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Б, А.Аа, Б.Э нарын мэдүүлэг, П.Бгийн биед үзлэг хийж онош бичсэн гэрч Б.Уын мэдүүлэг, эмнэлэгт үзүүлсэн гэх цаг хугацаанд ажил дээрээ байхгүй чөлөө авсан талаар мэдүүлсэн гэрч А.Б, Н.Д нарын мэдүүлэг зэргээр няцаагдах ба шүүгдэгч Ш.Аын мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.А, П.Б нарын гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хорихоос өөрт төрлийн ял оногдуулахаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, ...мөн зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ш.А, П.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.А, П.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдан хэрэгт хураагдсан рентген зураг 1/нэг/ ширхэгийг шүүгдэгч Ш.Ад буцаан олгох нь нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Ш ийн А, Б овогт П ийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А, П.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ш.А, П.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, хэрэгт хураагдан ирсэн рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Ад буцаан олгосугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.А, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР