Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1587

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00277 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б , Д.Т нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 597 135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У банк нь Б.Б , Д.Т нарт орон сууц авахад нь зориулан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээл олгосон. Зээлдэгч нар зээл ашиглах хугацаанд удаа дараа зөрчил гаргасан тул У банкны зүгээс 7-8 удаа мэдэгдэл шаардлагыг хүргүүлж байсан ч үр дүн гараагүй тул 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг цуцалж шат, шатны шүүхэд хандсан. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Дээд Шүүхээс У банк гэрээний ялимгүй зөрчилд үндэслэн зээлийн гэрээг цуцалсан тул зээлийн гэрээ үргэлжилж байгаа гэсэн шийдвэрийг гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээ үргэлжилж байгаа учраас зээлийн төлбөрийг төлөөч гэсэн шаардлагыг 2 удаа бичгээр хүргүүлж, амаар удаа дараа мэдэгдсэн.

Гэтэл Д.Т , Б.Б нар зээлийн төлбөрийг төлдөггүй бөгөөд шүүхэд ханд гэсэн учир 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр У банк зээлийн гэрээг цуцалсан. Энэ үед зээлийн гэрээний үүргийн зөрчил 36 хувь байсан. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 94 697 397 төгрөг, хуримтлагдсан хүү 28 584 038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 700 төгрөг төлөгдөөгүй, нийт 123 597 135 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй, гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалж байгаа асуудалд маргаж хариу тайлбар өгсөн байгаа. Бид гэрээнээс татгалзсан тул хариуцагчийн гэрээнээс татгалзахыг зөвшөөрөхгүй, цуцлахгүй гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Хангалттай хэмжээнд харсан, хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар оролдлого хийгээгүй, учиргүй зээлээ төлөх чадваргүй хүмүүс биш, боломжтой хүмүүс байдаг юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б , Д.Т нар нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай 19,2 хувийн хүүтэй гэрээг У-тай хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан. Өнөөдрийн байдлаар У-нд 39 600 000 төгрөгийг төлсөн болно.

У-ны нэхэмжилж байгаа 123 597 135 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй байна. Гэрээг 120 сар буюу 10 жилээр байгуулсан бөгөөд гэрээнд заасан үүргээ хариуцагч Б.Б нь хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийн хямрал хариуцагчид нөлөөлж зээлийн гэрээний төлөлтөө төлж чадахгүй байдалд хүрсэн. У банк нь өмнө нь төлөлтөө хоцроож байгаагүй зэрэг байдлыг нь харгалзаж үзэлгүй гэрээг цуцлах санал гаргаж байгааг эс зөвшөөрч байна.

Хариуцагчийн төлбөрийн барьцаа хөрөнгө нь зах зээлийн хамгийн хямд ханшаар тооцоход 198 000 000 төгрөг болж байгаа. Бидний зүгээс ....... дүүргийн ........ дугаар хороонд баригдсан 2 давхар барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлвэл түрээслэхэд сард 8 000 000 төгрөг олох бүрэн боломжтой тул хариуцагчид зээл, хүүгээ төлөх тодорхой хугацаа олгож өгнө үү.

Эдийн засгийн байдал сайжирсан үеэс төлбөл зохих төлбөр болох 123 597 135 төгрөг болон зээлийн эргэн төлөлтөө цаг тухайд нь төлж байхыг үүгээр мэдэгдэж байна.

У-ны нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа ч гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 39 600 000 төгрөгийг хугацаанд нь төлж ирсэн. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Энэ үед У банк гэрээг цуцалсан бөгөөд хариуцагч нар үүнийг үл зөвшөөрөн шүүхэд хандаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээг цуцлаагүй гэсэн шийдвэрийг Улсын дээд шүүх гаргасан. Зээлийн төлбөрийн 36 хувийг ялимгүй зөрчил гэж үзэж байгаа. Хэрвээ шүүх гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрвөл хариуцагчийн амьдарч байгаа орон сууцыг хурааж авах бөгөөд хариуцагч нарт маш их хэмжээний хохирол учирна. Хариуцагч нар эдийн засгийн байдал сайжирмагц зээлийг төлөөд явна. Удахгүй эдийн засгийн байдал нь сайжрахаар зээлээ төлөөд явна гэж байхад банк зээлийн гэрээг цуцлана гэж байгааг зөвшөөрөхгүй. Өмнө нь Улсын Дээд шүүхийн тогтоол гарчихаад байхад гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлана гэж байгааг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.6-д зааснаар гэрээнээс татгалзахыг хэрэгсэхгүй болгож, гэрээг цуцлахгүй байж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Б , Д.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 597 135 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775 936 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б , Д.Т нараас 775 936 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хамтран байгуулсан гэрээг цуцлаж 123 597 135 төгрөгийг гаргуулахаар нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч нарын зүгээс гэрээг цуцлахыг эс зөвшөөрсөн тайлбараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй болно.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээний төлбөр болох 100 000 000 төгрөгнөөс хариуцагч нарын гэрээнд заасны дагуу төлж байсан өмнөх төлөлт болох 39 600 000 төгрөгийг шүүх харгалзаж үзээгүй ба хүү болон нэмэгдүүлсэн хүүг дахин төлүүлэх нь шударга бус хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Нэгэнт гэрээг цуцлахыг шаардаж байгаа учир гэрээг цуцлахыг зөвшөөрч зөвхөн үндсэн зээл болох 100 000 000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох хүү болон нэмэгдүүлсэн хүү 28 899 738 төгрөг төлөхийг эс зөвшөөрч байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Б.Б , Д.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээлийн төлбөрт 94 967 397 төгрөг, хүү 28 584 038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 700 төгрөг, нийт 123 597 135 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, үүргийг ялимгүй зөрчсөн тул гэрээг цуцласан нь үндэслэлгүй гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан, эдийн засгийн байдал сайжрахаар зээлээ төлөх тул гэрээгээ цуцалсныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ОССГ0001/121210 тоот Орон сууцны санхүүжилтийн гэрээ, ОСЗГ0001/121210 тоот Орон сууцны зээлийн гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч нар нь 100 000 000 төгрөгийг сарын 1.6 хувийн, жилийн 19.2 хувийн хүүтэй, 120 сар буюу 10 жилийн хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ........ дүүргийн ....... дүгээр хороо, ........ хаягт орших, 315 айлын орон сууцны хотхон ........байр, ....... тоот 132.22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн болон Барьцааны гэрээний шаардлагыг хангасан байх бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 39 600 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Зээлдэгч Б.Б , Д.Т нар дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 17 сарын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс өмнө нь шүүхээр уг хэргийг шийдвэрлэж байх үеэс гэрээний үүргийн зөрчлийн хэмжээ нэмэгдэж, нэхэмжлэгч “У” ХХК нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх тухай шаардлагыг удаа дараа хүргүүлж, гэрээ цуцлах хүртэл буюу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөөгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 38 691 346 төгрөг болсон нь гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар нэмэлт хугацаа олгож, удаа дараа бичгээр мэдэгдэж, улмаар гэрээг цуцласан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул, үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээг цуцлах үеийг хүртэлх, хүү нэмэгдүүлсэн хүүг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас шаардах эрхтэй юм.

 

Иймд шүүх хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 123 597 135 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул хариуцагч Б.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            С.ЭНХТӨР