Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2023/0371/з |
Дугаар | 001/ХТ2023/0077 |
Огноо | 2023-10-30 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2023/0077
“О т р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Э Тт" ХК,
"Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо,
Сангийн яаманд тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0519 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0510 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э-Э, хариуцагч "Э Тт" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч "Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Н.Ц, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 386 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “О т р” ХХК нь "Э Тт" ХК, "Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдуулан
-"Э Тт" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/631 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах;
-"Э Тт" ХК-ийн 01/631 дүгээр мэдэгдэл гарах үндэслэл болсон тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах;
-“О т р” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох;
-“О т р” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах;
-"Э Тт" ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТ../202302001 дугаартай “Ц-ийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах;
-Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2466 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулах;
-Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2968 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулах;
-Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 (хорин сая) төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1."Э Тт" ХК-аас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарласан ЭТТ../202302001 дугаартай “Ц-ийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцад “О т р” ХХК болон “М м” ХХК орж өрсөлдсөн байна. Тендерийн Үнэлгээний хорооноос дээрх 2 компанийн тендерийг хянан үзээд “М м” ХХК-ийг шалгаруулсан болохыг "Э Тт" ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 дугаар албан бичгээр мэдэгджээ. Уг мэдэгдлийг “О т р” ХХК хүлээн аваад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан, гомдлын дагуу Сангийн яам 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2466 дугаар албан бичиг явуулсныг захиалагч болон тендерийн Үнэлгээний хороо хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тендерийн Үнэлгээний хороо хуралдаж “О т р” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, "Э Тт" ХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 дүгээр албан бичгээр гомдол гаргагчид мэдэгдэл хүргүүлжээ.
2.2. “О т р” ХХК нь Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2466 дугаар албан бичгийг хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дахин гомдол гаргасан боловч Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11/2968 дугаар албан бичгээр “... дахин үнэлгээ хийсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэсэн хариу өгсөн, Сангийн яам тус албан мэдэгдлээ үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11/2992 дугаар албан мэдэгдлийг "Э Тт" ХК-д хүргүүлж, гомдол гаргагч “О т р” ХХК-ийн тендерийн баталгааны 20,000,000 (хорин сая) төгрөгийг улсын орлого болгосон. "Э Тт" ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТ../202302001 дугаартай 2 дугаар багцын тендерийг дахин зарлажээ.
3. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... “Тендерийн Үнэлгээний хорооноос холбогдох 2 компанийн тендерийг хянан шалгаж үзээд аль алиныг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид Тендерийн хууль гэх) 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2-т заасан шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн. Дээрх хуулийн 27, 28 дахь заалт нь тусдаа ойлголт бүхий зохицуулалт юм. “О т р” ХХК болон “М м” ХХК-ийн аль алийг нь Тендерийн хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан, шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, “хамгийн сайн” үнэлгээгээр “М м” ХХК-ийг шалгаруулсан. Гэтэл Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг хянан шалгах түр хорооны гаргасан мэдээлэл, хорооны гаргасан хэлэлцүүлгээр “М м” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд өртэй буюу зээлийн муу ангилалд шилжсэн нөхцөл байдал бүхий нийтэд илэрхий үйл баримт тодорхой болсон. Гэвч “М м” ХХК-ийн тендерийг Тендерийн хуулийн 27 дугаар зүйлд заасан ямар нэг байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх шаардлагыг хангаагүй байхад тендерийн Үнэлгээний хорооноос шалгаруулж, хамгийн сайн үнэлгээгээр тэнцүүлсэн. Гэтэл Тендерийн хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол 28 дугаар зүйлийн дагуу тендерийг үнэлэх шаардлага байхгүй бөгөөд 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзэхдээ “М м” ХХК-ийг хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэхийг хянан шалгаагүй.
3.2.Иймд "Э Тт" ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 дугаар албан мэдэгдлийг хүлээж аваад хуульд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас гомдлыг хянан үзээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2466 дугаар албан бичгээр бидэнд хариу ирүүлэхдээ “М м” ХХК-ийн тендерийг хянан үзэх хэрэгтэй. Гэхдээ “бүх тендерүүдийг буюу Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасны дагуу багцад ирүүлсэн тендерүүдийг мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дахин хянан үз” гэсэн агуулга бүхий хариуг ирүүлдэг. Сангийн яам Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасны дагуу хуулийн ямар заалт хэрэглэхийг заах эрхээ хэрэглэж шийдвэр гаргасан. Ингэхдээ Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т тухайн асуудал гэж заасан гипотез хэсгийг харгалзан үзээгүй. Сангийн яамнаас тухайн асуудлын харилцааг тодорхойлж үзэлгүйгээр тендерийг шууд бүхэлд нь Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн дагуу тендерт оролцогчдыг үнэлэх шийдвэр гаргаж байгаа нь Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасан шаардлагыг хангаагүй ...” гэх зэргээр маргажээ.
4.Хариуцагч "Э Тт" ХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1.“... “О т р” ХХК-д тендер сонгон шалгаруулалтад шалгараагүй тухай мэдэгдлийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Тус компани уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлыг Сангийн яамнаас хянаж үзээд 2023 оны 11/2466 дугаар албан бичгээр ирүүлсэн тендерүүдийг Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзэж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг манай компанид мэдэгдсэн. Үүний дагуу тендерийн Үнэлгээний хороо дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу тендерийг дахин үнэлэхэд тендер шалгаруулахад тэнцсэн нэг ч тендер ирүүлээгүй байсан тул Тендерийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу захиалагч бүх тендерээс татгалзсан талаарх мэдэгдлийг "Э Тт" ХК-ийн 2023 оны 01/631 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Нэгэнт Сангийн яамнаас Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу дахин хянаж үзэх талаар чиглэл ирүүлсэн тул хороо дахин үнэлсэн.
4.2.Уг албан бичгийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яам 2023 оны 11/2968 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр хуулийн үндэслэлтэй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Мөн Сангийн яамны 2023 оны 11/2992 дугаар тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг ирүүлсэн тул "Э Тт" ХК-аас 2023 оны 01/725 дугаар албан бичгийг К банканд хүргүүлсэн. Тендерийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасны дагуу ажлын даалгавар тендерийн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг оруулан тендер шалгаруулалтыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан ...” гэжээ.
5.Хариуцагч "Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооноос нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
5.1.“... БНХАУ-д нүүрс экспортолно гэсэн төлөвлөгөөндөө тодотгол оруулаад баруун Ц-ийн хөрс хуулалтыг яаралтай эхлүүлэх шаардлага гарсан учраас 60 тонны машин гэдэг нь 55 тонн байна. 60 тонны усны машин нь 37,5 тонн байна, 5 тонны зөрүүтэй байдал нь эцсийн гэрээний шатанд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна гэж шийдвэр гаргахад “О т р” ХХК нь хүлээн зөвшөөрөхгүйгээр гомдол гаргасан учраас бид нар Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар сүүлийн шийдвэрээ гаргасан. "Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо бөгөөд захиалагчаас сүүлд явуулсан албан бичгүүдэд ямар зүйлүүд нь болохгүй байсан гэдгийг тодорхой дурдаад өгчихсөн. Тээврийн хэрэгслийн мэдээлэл гэхэд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр лавлахад даац нь 55 тонн гэж байсан. Манай тендерийн баримт бичгийн шаардлага дээр 60 тонны даацтай гэсэн шаардлагууд байсан. Тийм учраас Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар зөрүүтэй үнэлгээ хийсэн. Мөн 14 Белазыг “Ю М М” ХХК-аас худалдаж авна, 1 усны машиныг худалдаж авна гэсэн гэрээтэй ирүүлсэн. Ажлын даалгавар бөгөөд тендерийн өгөгдлийн хүснэгт дээр зөрүүтэй байсан ... тул бүх тендерээс татгалзсан” гэжээ.
6.Хариуцагч Сангийн яам нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
6.1.“... “О т р” ХХК-аас гаргасан гомдлыг яам хангаж шийдвэрлэсэн. Гомдлыг хангасан шийдвэр дээр тухайн үед нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Бид гомдлыг хангахдаа Тендерийн хуулийн 6-д заасан зарчмыг баримтлах ёстой гэж үзсэн...” гэжээ.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0519 дүгээр шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.2, 55.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “О т р” ХХК-ийн гомдлын шаардлагад дурдсан "Э Тт" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 дүгээр мэдэгдэл, "Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 05 дугаар тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг тус тус хариуцагч "Э Тт" ХК, "Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, гомдлын шаардлагуудын зарим хэсэг болох “Э Тт” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТ../202302001 дугаартай “Ц-ийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2968 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг тус тус хангаж, "Э Тт" ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТ../202302001 дугаартай “Ц-ийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгож, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2968 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгож, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 (хорин сая) төгрөгийг хариуцагч Сангийн яамнаас буцаан гаргуулан гомдол гаргагч “О т р” ХХК-д олгож, гомдлын шаардлагын үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч "Э Тт" ХК болон "Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.44-т заасан ажиллагааг хийж, шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаж буй захиргааны актууд хүчингүй болохыг тогтоож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
7.1....Хариуцагч "Э Тт" ХК-ийн 2023 оны 01/631 дүгээр албан бичгийн агуулгаас үзэхэд ... Сангийн яамнаас даалгасан ажиллагааг хийгээгүй байна. Иймд "Э Тт" ХК-ийн 2023 оны 01/631 дүгээр мэдэгдэл, уг мэдэгдэл гарах үндэслэл болсон тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй... хариуцагч "Э Тт" ХК, тендерийн Үнэлгээний хороо нь анхнаасаа тендерийг үнэлэхдээ Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж үнэлсэн атлаа 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 дүгээр мэдэгдэлдээ “О т р” ХХК-ийн тендерийг 5 үндэслэлээр (Хүснэгтэд хийсэн) шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу байна.
7.2....“О т р” ХХК нь анх Сангийн яаманд гомдол гаргахдаа 1 үндэслэлээр бус, 6 үндэслэлээр гомдол гаргасан байх тул Сангийн яамнаас 2023 оны 11/2466 дугаар албан бичигтээ Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтаас гадна 55.3.2 дахь заалтыг хэрэглэснийг шууд буруутгах үндэслэлгүй.
7.3.Гэхдээ Сангийн яамны 11/2466 дугаар албан бичгийн дагуу хариуцагч "Э Тт" ХК нь 2023 оны 01/631 дүгээр мэдэгдэлдээ “О т р” ХХК-ийн тендерийг 5 үндэслэлээр (Хүснэгтэд хийсэн) шаардлага хангаагүй гэсэн нь буруу, иймд хариуцагч нараас дахин акт гаргахдаа шаардлага хангаагүй гэх 5 асуудлыг дахин авч үзэх агуулгаар шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй... Иймд хариуцагч нар нь дахин шинэ акт гаргахдаа “М м” ХХК нь Монгол Улсын Х-ийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг нягталж үзэх ажиллагааг хийх байдлаар энэ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх нь зүйтэй.
7.4.Нэхэмжлэлийн дээрх шаардлагыг шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлсэн тул үлдэх Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоох, 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах хууль зүйн боломжгүй.
7.5."Э Тт" ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТ../202302001 дугаартай “Ц-ийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер сонгон шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхгүй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Харин Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар албан мэдэгдлийн агуулгаас үзэхэд, нэхэмжлэгчээс гаргасан гомдлын хүрээнд шийдвэрлэсэн байх төдийгүй тухайн гомдлыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Сангийн яамны 2023 оны 11/2968 дугаар албан мэдэгдэлд “... дахин үнэлгээ хийсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь, Сангийн яамны 11/2466 дугаар албан бичигт заасан асуудлыг нягталж үзэх ажиллагааг захиалагч хийгээгүй байхад дахин үнэлгээг хуульд нийцүүлж хийсэн мэтээр дүгнэсэн нь Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т нийцээгүй. Хариуцагч Сангийн яам нь хуульд нийцээгүй албан мэдэгдлийг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 дугаар албан мэдэгдлийг захиалагчид явуулж, “О т р” ХХК-ийн К банк дахь ... ГЗ/2053 дугаартай тендерийн баталгааны 20,000,000 (хорин сая) төгрөгийг улсын орлогод төвлөрүүлэхээр мэдэгдсэн нь буруу, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна ...” гэх зэргээр дүгнэжээ.
8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0510 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулахдаа дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
8.1.Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.1-д зааснаар “О т р” ХХК-ийн гомдлын хүрээнд буюу зөвхөн “М м” ХХК-ийн тендерийг хууль болон захиалагчийн тендерийн баримт бичигт нийцсэн эсэхийг хянаж, тухайн асуудалд ямар хуулийн заалт хэрэглэхийг Сангийн яам шийдвэрлэх байжээ. Нэгэнт тендерийн Үнэлгээний хороо “О т р” ХХК-ийн тендерийг Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтуудад заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн атлаа дахин хянаж тус хуулийн заалтуудад нийцээгүй гэж эсрэг шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий акт болох "Э Тт" ХК-д хүргүүлсэн Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар албан мэдэгдэл нь Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах” гэж заасныг баримталсан атлаа тус компанийн гомдолд үл хамаарах асуудлыг хянаж тендерийг дахин хянах үүргийг захиалагч, тендерийн Үнэлгээний хороонд үүрэг болгосон нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
8.2."Э Тт" ХК-ийн 2023 оны 01/631 дүгээр мэдэгдэл, тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалт зэргээр “О т р” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх боловч хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Энэ хэргийн тухайд “хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай” гэх урьдчилсан нөхцөл үүсээгүй буюу дахин нэмж тодруулах үйл баримт байхгүй.
8.3.Нэгэнт давж заалдах шатны шүүхээс Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул тус актыг биелүүлж гарсан "Э Тт" ХК-ийн 2023 оны 01/631 дүгээр мэдэгдэл, тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй.
8.4.Анхан шатны шүүх “тендер сонгон шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хуульд нийцэхгүй...” гэж агуулгын хувьд зөв дүгнэлт хийсэн. Мөн нэхэмжлэгчийн Сангийн яаманд гаргасан гомдол, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэл бүхий байгаа тохиолдолд Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-д “Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно” гэж заасны дагуу 11/2992 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 (хорин сая) төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй ...” гэжээ.
9.Хариуцагч "Э Тт" ХК, тус компанийн тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.
9.1....Магадлалын Хянавал хэсгийн 17-д “...Нэгэнт давж заалдах шатны шүүхээс Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул тус актыг биелүүлж гарсан "Э Тт" ХК-ийн 2023 оны 01/628 дугаар мэдэгдэл ... хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн. Гэтэл Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар албан бичгээр “... “М м” ХХК нь Монгол Улсын Х-ийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасныг үндэслэн мэдэгдэж байна. Түүнчлэн Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасныг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү...” гэж мэдэгдсэн.
9.2."Э Тт" ХК нь тендерийн Үнэлгээний хорооноос гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл болон зөвлөмж, холбогдох баримттай танилцаж, тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж 01/628 дугаар мэдэгдлийг тендерт оролцогч нарт хүргүүлсэн. Гэтэл шүүхүүд Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрүүтэй хэрэглэж, тайлбарласанд гомдолтой. ... “М м ХХК-ийн ирүүлсэн материалыг Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу хянан үзэж, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж мөн адил шийдвэрлэж, үндсэн шалгуур болон үнийг харьцуулан үзэж “М м” ХХК-ийг анх шалгаруулсан... Хэрэв тендерт шалгарсан “М м” ХХК-ийг Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хянан үзэх тохиолдолд мөн тус тендерт оролцож буй бусад этгээдийн тендерийг адил хянан үзэх нь бодит нөхцөл байдалд нийцэх юм.
9.3.Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Сангийн яамны шийдвэр гаргах эрх хэмжээг тодорхой хуульчилсан бөгөөд Сангийн яам хуулиар олгосон шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд гаргасан байхад шүүх уг хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь үндэслэлгүй. ...Шүүх “О т р” ХХК-ийн тендерийг тендерт оролцогчийн ирүүлсэн тендерээс гадна шүүхэд нэмэлтээр ирүүлсэн баримтуудад тулгуурлаж, Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлага хангасан гэж дүгнэж, тендерийн Үнэлгээний хороо болон захиалагчаас ямар шийдвэр гаргахыг тулгаж байгаа нь бусад хэргийн оролцогч биш этгээдүүдийн эрх, ашгийг шууд хөндсөн. Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрчсөн, мөн тендерийн Үнэлгээний хорооны хуулиар олгогдсон эрх хэмжээг хязгаарласан, нэхэмжлэгчид давуу байдлыг үндэслэлгүйгээр бий болгосон гэж үзэхээр байна.
9.4.“О т р” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага дараах байдлаар хангаагүй... Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн нотлох баримтууд буюу тендерийн Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулагдаагүй баримтыг үнэлж буюу тендер нээсэн өдөр цахим системээр мэдээллийг татаж шалгахад байгаагүй баримтуудыг гаргаж өгснийг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 болон Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтад зохион байгуулах, холбогдох мэдээллийн зарлан мэдээлэх журам болох нарийвчилсан хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
9.5.Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээс тендер шалгаруулалтын 2 дугаар багцыг зарласан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Тендерийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасан тендерийг хянах, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох боломжит хугацаа дууссан, энэ тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-ыг ямар тохиолдолд хэрхэн хэрэглэх ёстой болон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасан хуулиар тогтоосон хугацаа дууссан тохиолдолд хэрхэх ёстой талаарх хууль хэрэглээг тогтоох, цаашид энэ талаарх асуудлыг нэг мөр ойлгож хэрэглэхэд зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
10.Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
10.1.Давж заалдах шатны шүүх Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг зөрүүтэй тайлбарласан, ... урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гарсан шийдвэр хэрэгжиж дуусаад захиалагч дахин үнэлгээ хийж, талуудад эцсийн байдлаар эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт байсаар байхад өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь захиалагчийн шинээр гаргасан захиргааны актыг шууд хүчингүй болгох мэт ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсгээд байгаа нь дараа дараагийн худалдан авах ажиллагаанд холбогдох шүүхийн практикт нөлөөлөх тул хяналтын журмаар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
10.2.Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2466 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчээс тус яаманд гаргасан гомдлыг Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 5.1-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хянан үзэхэд, тендерийн Үнэлгээний хороо нь бүх тендер баримт бичгийн шаардлагад нийцээгүй, зөрүүтэй байгаа байдлыг Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2-т заасны дагуу зөрүүг хүлээн зөвшөөрч, хянан үзсэн нь үйл баримтаар тогтоогдсон... Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан өрсөлдөх тэгш боломжтой байх, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс оролцогчдын тендерүүд шаардлагад нийцээгүй ижил нөхцөлд байхад аль нэг оролцогчийн асуудалд үндэслэж, бусад оролцогчийн шаардлагад нийцээгүй тендерийг нийцсэн гэж хянан үзэх нь худалдан авах ажиллагааны зарчим болон Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай үл нийцнэ... Тендерийн Үнэлгээний хороо дахин хянан үзэх ажиллагааг хийхдээ Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлахыг заасан нь гомдолд үл хамаарах асуудал биш байна.
10.3. ...“М м” ХХК-ийн банкны өр төлбөртэй эсэх асуудал нь Тендерийн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендер “хянан үзэх” шатанд хамаарч байхад уг ажиллагааг тендерийн Үнэлгээний хороо тендерт оролцогчдын хувьд зөрүүтэй байдлаар хэрэгжүүлсэн нь худалдан авах ажиллагааны зарчимд нийцэхгүй, түүнчлэн “О т р” ХХК-ийн гомдолд дурдсан асуудлаар гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль болон “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.1-д “Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж заасанд нийцсэн шийдвэр байна.
10.4.Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар албан бичигт үндэслэн тендерийн Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, Тендерийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гаргасан. Захиалагч 2023 оны 01/631 дүгээр шийдвэр гаргасан нь үйл баримтаар тодорхой байхад нэгэнт хэрэгжиж дуусгавар болсон Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар шийдвэрийг “хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн...” гэх нөхцөлийг хангахгүй юм. Хэрэв захиргааны хэргийн шүүх цааш цаашдын тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар нэгэнт хэрэгжиж дууссан Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгосноор түүнээс хойш гарсан захиалагчийн шийдвэр мөн адил хүчингүй болдог мэт практик тогтоовол захиалагч өөрийн гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх, шүүхийн хяналтад байх нөхцөл алдагдах юм.
10.5.Сангийн яамны 2023 оны 11/2968, 11/2992 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ... Анхан шатны шүүх тус яамны 2023 оны 11/2968 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Монгол Улсын Х банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэх ажиллагааг захиалагч хийгээгүй гэж үндэслэл дурдсан байдаг. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д “нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх” гэж заасан тул Монгол Улсын Х банкны цахим хуудаст нээлттэй мэдээлсэн асуудлыг нягтлах ажиллагааг захиалагч хийгээгүй гэж шүүх дүгнэсэн нь хууль хэрэгжүүлэхэд зөрүүтэй байдлыг үүсгэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд ч захиргааны шүүх нийтэд илэрхий мэдээллийг дахин нотлохыг шаарддаггүй байхад шүүх хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэсэн.
10.6. Нөгөө талаар “О т р” ХХК-аас Сангийн яаманд гаргасан гомдолд тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хэрхэн зөвшөөрөхгүй байгаа талаар огт дурдаагүй, өмнө гаргасан “М м” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. ... “О т р” ХХК-аас тус компанийн ирүүлсэн тендер нь хууль, тендерийн баримт бичигт заасан 5 шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзсан захиалагчийн 2023 оны 01/631 дүгээр мэдэгдлийг яагаад хүчингүй болгох ёстой талаар үндэслэл, тайлбар дурдаагүй байдаг. Энэ нь яагаад Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцэх тендер болохыг цаашлаад мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан асуудлыг тус яам хянан үзэх урьдчилсан нөхцөл байхад энэ талаар үндэслэл, тайлбарт дурдаагүй.
10.7.Иймд Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6.1-д заасны дагуу хянаад, захиалагч үнэлгээ дахин хийсэн нь үндэслэлтэй гэж тус яам хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь тендерт оролцогчид эрх зүйн үр дагавар үүсгээгүй шийдвэр байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шинжилж судлалгүй, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан талаар тус яамны гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүх Тендерийн хуулийн 6, 12, 27, 28, 46, 47, 55-д заасныг болон гомдолд дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрүүтэй тайлбарлаж, маргааныг шийдвэрлэсэн... Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
11.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд “хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбарыг өгөв.
12.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
13.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
14.Нэхэмжлэгч “О т р” ХХК-аас хариуцагч "Э Тт" ХК, "Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо, Сангийн яаманд холбогдуулан нийт 8 нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 2-ыг нь шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулбал:
15."Э Тт" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 дүгээр мэдэгдэл нь тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтад үндэслэсэн, өөрөөр хэлбэл тухайн мэдэгдэлд дурдсан асуудлыг "Э Тт" ХК шийдвэрлээгүй, харин тендерийн Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан “мэдэгдсэн” агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “хүчингүй болгох” нэхэмжлэлийн зүйл болохгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.
16.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид Тендерийн хууль гэх) 29, 30 дугаар зүйлд заасны дагуу тендерийн захиалагч бие даасан шийдвэр буюу захиргааны акт гаргах эрхтэй боловч энэхүү хэргийн тухайд "Э Тт" ХК буюу захиалагч хуульд заасны дагуу тендерийн Үнэлгээний хороо байгуулсан, энэ тохиолдолд захиалагч биш, харин тухайн хороо бие даасан шийдвэр гаргах ба Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр (цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх) нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдсон “Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалт”-ыг захиргааны акт гэж үзнэ.
17.Түүнчлэн нэхэмжлэгч талаас “ “О т р” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох” гэсэн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарна” гэж тайлбарласан.
18.“Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэлийн бусад төрлийг үгүйсгэхгүйн үүднээс захиргааны процессын эрх зүйн “субсидиар зарчим” (хоёрдогч байх) үйлчилнэ, тодруулбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжгүй тохиолдолд л уг нэхэмжлэлийг гаргана. Гэтэл “О т р” ХХК-ийн тендерийг “хуулийн шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох” гэсэн шаардлага нь угтаа нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан “Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлтэй холбоотой, өөрөөр хэлбэл уг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн тендер “шаардлага хангасан”-д тооцогдох үр дагавар үүсэх тул “бие даасан” нэхэмжлэлийн шаардлага болохооргүй байна. Иймд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар татгалзах үндэслэлтэй байна.
19.Маргаан бүхий акт болох Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2466 дугаар албан мэдэгдлийн тухайд, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “... Гомдол гаргагч “О т р” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргахдаа 1 үндэслэлээр бус, 6 үндэслэлээр гомдол гаргасан байх тул Сангийн яамнаас Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтаас гадна 55.3.2 дахь заалтыг хэрэглэснийг шууд буруутгахгүй.” Түүнчлэн захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь маргаан бүхий захиргааны акт (үйл ажиллагаа) хууль ёсны эсэхээс гадна “зорилгодоо нийцсэн эсэх”-ийг хянадгаар онцлог (Захиргааны ерөнхий хуулийн 92.1, 95.1) бөгөөд уг ажиллагаанд “гомдлын хүрээнээс хэтрэхгүй байх” буюу “гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх” зарчим шууд үйлчилдэггүй, тодруулбал гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас өөр захиргааны акт гаргах боломжтой байдаг тул (Захиргааны ерөнхий хуулийн 98.1.4) зарчмын хувьд гомдол гаргагчийн эрх зүйн байдал дордож болохыг хүлээн зөвшөөрдөг байна (reformation in peius зарчим үйлчилнэ).[1]
20.Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч Сангийн яамыг “... тус компанийн гомдолд үл хамаарах асуудлыг хянаж тендерийг дахин хянах үүргийг захиалагч, тендерийн Үнэлгээний хороонд үүрэг болгосон нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй...” гэж дүгнэн холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
21.Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг захиалагчаас ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хянан үзэхэд, тендерийн Үнэлгээний хороо нь бүх тендер баримт бичгийн шаардлагад нийцээгүй, зөрүүтэй байгаа байдлыг Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2 дахь заалтуудын дагуу зөрүүг хүлээн зөвшөөрч, хянан үзсэн нь үйл баримтаар тогтоогдсон... Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан өрсөлдөх тэгш боломжтой байх, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс оролцогчдын тендерүүд шаардлагад нийцээгүй ижил нөхцөлд байхад аль нэг оролцогчийн асуудалд үндэслэж бусад оролцогчийн шаардлагад нийцээгүй тендерийг нийцсэн гэж хянан үзэх нь худалдан авах ажиллагааны зарчим болон Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай үл нийцнэ...” гэсэн тайлбар, гомдол (Тодорхойлох хэсгийн 10.2-10.3) үндэслэлтэй.
22.Иймд Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар мэдэгдэлд “... “М м” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна. Түүнчлэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү...” гэсэн нь хууль ёсны байх тул уг актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
23.Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу хариуцагч тендерийн Үнэлгээний хороо Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар холбогдох тендерийн материалуудыг дахин хянан үзэж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын 05 дугаар тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтаар “... “О т р” ХХК-ийн ирүүлсэн тендерээс хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4, тендерийн баримт бичгийн 17.6.2, 17.6.3, 17.8, 17.9 дэх заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзлаа.” гэснийг буруутгах үндэслэлгүй байна. Тухайлбал, хариуцагч тендерийн Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерээс татгалзахдаа “... тоног төхөөрөмжийн жагсаалтад нийт 60 тн даацтай 23 автосамосвал шаардсанаас 55 тн даацтай 4, 60 тн даацтай 19 ширхэг автосамосвал санал болгосон нь шаардлага хангахгүй; нийт 60 тн даацтай 3 усны машин шаардсанаас 37,000 кг даацтай 1 ширхэг, 36,700 кг даацтай 1 ширхэг усны машин санал болгосон нь шаардлага хангахгүй; машин механизм худалдах худалдан авах гэрээ ирүүлсэн нь эзэмшигчийн талаарх мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан шалгах боломжгүй ...” зэрэг үндэслэл заасныг хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэх боломжгүй байна.
24.Гэтэл анхан шатны шүүх “... тендерийн Үнэлгээний хороо нь анхнаасаа тендерийг үнэлэхдээ Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг хэрэглэж үнэлсэн атлаа 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 дүгээр мэдэгдэлдээ “О т р” ХХК-ийн тендерийг 5 үндэслэлээр Хүснэгтэд хийсэн шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу байна... хариуцагч нараас дахин акт гаргахдаа шаардлага хангаагүй гэх 5 асуудлыг дахин авч үзэх агуулгаар шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагч нар нь дахин шинэ акт гаргахдаа “М м” ХХК нь Монгол Улсын Х банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг нягталж үзэх ажиллагааг хийх байдлаар энэ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлбэл зохино...” гэж, давж заалдах шатны шүүх “... “О т р” ХХК-ийн гомдлын хүрээнд буюу зөвхөн “М м” ХХК-ийн тендерийг хууль болон захиалагчийн тендерийн баримт бичигт нийцсэн эсэхийг хянаж, тухайн асуудалд ямар хуулийн заалт хэрэглэхийг Сангийн яам шийдвэрлэх байжээ. Нэгэнт тендерийн Үнэлгээний хороо “О т р” ХХК-ийн тендерийг Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтуудад заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн атлаа дахин хянаж тус хуулийн заалтуудад нийцээгүй гэж эсрэг шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд захиргаа тендерийн материалыг дахин үнэлж холбогдох шийдвэрээ гаргасан, уг шийдвэрийг үгүйсгэх хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй байхад “захиргаа нэгэнт гаргасан шийдвэрээ өөрчилж болохгүй” гэх агуулга бүхий дүгнэлт хийх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд гарсан шийдвэрийг хянах шүүхийн хяналтын хүрээнээс хэтэрсэнд тооцогдоно.
25.Дээр дурдсан үндэслэлээр Сангийн яамны 2023 оны 11/2466 дугаар мэдэгдэл, тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын 05 дугаар тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалт нь хууль ёсны байх тул ““О т р” ХХК-ийн тендерийг Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
26.Тендерийн Үнэлгээний хороо Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар нэхэмжлэгчийн тендерийг “шаардлагад нийцээгүй” гэж татгалзсан, ингэснээр бодит байдалд хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” нөхцөл байдал үүссэн ба энэ тохиолдолд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасан үр дагавар бий болно. Иймд хариуцагч "Э Тт" ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТ../202302001 дугаартай “Ц-ийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан бөгөөд үндэслэлээ “... Тендерийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасны дагуу ажлын даалгавар тендерийн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг оруулан тендер шалгаруулалтыг дахин зарласан ...” гэж тайлбарласан нь үндэслэл бүхий байна. Иймд “тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
27.Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2968 дугаар албан мэдэгдлээр “...Захиалагчаас “О т р” ХХК-д хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 дугаар мэдэгдэл болон тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтыг үндэслэн хянан үзсэн талаар тус тус дурдсан бөгөөд тендер шалгаруулалтын тус багцад дахин үнэлгээ хийсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэсэн нь энэхүү тогтоолын Хянавал хэсгийн 19-24-т заасан үндэслэлээр зөвтгөгдөх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.
28.Тендерийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3-т “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” бол тендерийн баталгааг улсын орлого болгохоор, 55 дугаар зүйлийн 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно” гэж тус тус заажээ. Иймд Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 дугаар албан мэдэгдлээр хуулийн дээрх зүйл, заалтуудыг үндэслэл болгож, “... “О т р” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзэж, үндэслэлгүй болохыг Сангийн яамны 2023 оны 11/2968 дугаар албан бичгээр мэдэгдсэн... Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн .... банкны ... тендерийн баталгааны 20,000,000 (хорин сая) төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, Сангийн яаманд мэдэгдэх...” гэсэн утга бүхий шийдвэрийг хууль бус гэх үндэслэлгүй тул “Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11/2992 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 (хорин сая) төгрөгийг буцаан гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
29.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0510 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0519 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.2, 55.3.3, 55.9-д заасныг тус тус баримтлан “О т р” ХХК-аас "Э Тт" ХК, "Э Тт" ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан "Э Тт" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/631 дүгээр мэдэгдэл гарах үндэслэл болсон тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн” хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах, “О т р” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах, "Э Тт" ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЭТТ../202302001 дугаартай “Ц-ийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2466 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 11/2968 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 11/2992 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 (хорин сая) төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар "Э Тт" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/631 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах, “О т р” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсугай.” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч “О т р” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ
[1] Creifelds, Rehctswoerterbuch, 16.Хэв. х.1083