Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01716

 

 

 

 

 

 

  2024 09 06 210/МА2024/01716

 

Н.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02388 дугаар  шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******д холбогдох

Гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ОНӨААТҮГ-ын орлогч дарга Б.******* нь ******* ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилтан Н.******* намайг манай байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний нүүрэн тус газар цохиж, миний шүдийг хугалсан. Шүдийг эмчлүүлэхэд, авахуулахад 20,000 төгрөг болсон. Харин шүд хийлгэх зардал нь 2,600,000 төгрөг гэсэн. Би 2,500,000 төгрөг нэхэмжилж байгаа.

Тухайн үед шүдний дэлгэмэл зураг авахуулсан, бичлэг хийсэн, энэ бичлэгүүдийг шүүх эмнэлгийн шинжээч эмч нар шинжлэн судлаад, дүгнэлтээ гаргаж өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдийг үндэслээд цагдаагийн байгууллага Б.******* нь Н.*******ыг тухайн үед зодож, гэмтэл учруулсан гэдгийг тогтоосон. Ийм учраас шүдний төлбөр 2,500,000 төгрөгийг хариуцагч Б.*******гээс гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Н.******* нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хийж байсан байгууллагын санхүүгийн болон хэсгийн дарга нарын өрөөнд орж тэдэнтэй хэрүүл маргаан үүсгэн улмаар байгууллагын хашаан дотор машинаа хүлээгээд зогсож байсан над дээр ирж над руу дайрч хэрүүл маргаан үүсгэн хөл рүү өшиглөж толгой руу цохисон. Б.******* миний бие Н.*******ын биед халдаж зодоогүй.

2.2. Н.******* нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаснаар надад холбогдуулан 1910029480299 дугаарын хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдсан. Хэрэг болсон тухайн үед Н.******* шүүх эмнэлэгт үзүүлсэн ба шүүх эмнэлгийн шинжээчийн 134 дугаарын дүгнэлтээр Н.*******ын биед гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл Н.******* нь 2 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгүүлснээр шинжээчийн 217 дугаарын дүгнэлтээр Н.*******ын биед баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан.

Шинжээч эмч Ц.******* мэдүүлэгтээ...тухайн үед би өөрөө Н.*******ын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд ил харагдах гэмтэлгүй буюу уруул, завьж, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт салстын шарх зэрэг гэмтэлгүй, баруун дээд 5-р шүд авсан эмзэглэлтэй байсан ч гэмтэл тогтоогдоогүй ...цохиход үүсэх боловч хэрэг гарсны нэг хоногийн дараа үзэхэд ямар нэгэн шарх гэмтэл байхгүй байсан, энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэсэн мэдүүлэг өгсөн.

Шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй. Хэрэг болсон тухайн үед Н.*******ын 5-р шүдний цөгц гэмтсэн эсэх нь эргэлзээтэй тогтоогдоогүй.

2.3. Иймд, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1412 дугаарын тогтоолоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Н.******* зөвшөөрөхгүй удаа дараа гомдол гаргаж хэрэг шалгагдсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хаагдсан. Тухайн үед би Н.*******ын шүдийг цохиж гэмтээгээгүй энэ талаар эрүүгийн хэрэг шалгагдаж тогтоогдоогүй. Иймд, Н.*******ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид 59,950 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Б.******* нь миний шүдийг гурван хэсэг болгон хуга цохисон баримтыг үнэлэхгүй шүүхийн шийдвэр гаргасанд гомдол гаргаж, надад ёзоор саатах өвчин байгаагүй тул маш хуурамч шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Б.******* нь Н.*******ын шүдийг цохиж хугалсан гэх үйлдэл тогтоогддоггүй. Н.******* тухайн үед зодуулж цохиулчихаад миний шүд хугарчихлаа гэж мэдүүлсэн зүйл байдаггүй. Шинжээч н.******* шүд хугарсан гэх гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тийм учраас шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэдэг байдлаар хэрэг хаагдаад дараа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагдсан. Б.*******гийн гэм буруутай асуудал тогтоогдож байж гэм хорын асуудал яригдана гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтүүдээр эхэлж үзүүлэхэд гэмтэл тогтоогдсонгүй гэж гарсан. Н.******* 2 сар орчмын дараа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баримт авчирсны дагуу хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэгт гаргуулсан. Иргэний хэрэгт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн баримтыг дахин нягтлахад Н.*******ын эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримт нь тамга тэмдэггүй, он сар өдөргүй байдаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн баримтуудыг нягтлахад шүд хугарсан баримт огт байдаггүй. Шүд хугарсан гэх баримт, рентген зураг огт байхгүй. Н.******* нь тухайн үед шүдэндээ эмчилгээ хийлгээгүй, хиймэл шүд, имплант хийлгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйн улмаас хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний нүүрэн тус газар цохиж, шүд хугалсан. тухайн үед шүдний дэлгэмэл зураг авахуулж, бичлэг хийсэн, бичлэгүүдийг шүүх эмнэлгийн шинжээч судлаад дүгнэлтээ гаргасан, энэ дүгнэлтийг үндэслээд шүд хугалсан гэмтэл учруулсан гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосон гэж, харин хариуцагч татгалзлын үндэслэлээ Н.******* нь хэрэг болсон тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн ба шүүх эмнэлгийн шинжээчийн 134 дугаар дүгнэлтээр Н.*******ын биед гэмтэл тогтоогдоогүй. Гэтэл Н.******* нь 2 сарын дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт материалаар Шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгүүлж, шинжээчийн 217 дугаар дүгнэлтээр Н.*******ын баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, энэ шийдвэрийг Н.******* зөвшөөрөхгүй удаа дараа гомдол гаргаж, хэрэг шалгагдсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаагдсан гэжээ.

Улмаар талууд маргааны үйл баримтад холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан прокурорын тогтоолын талаар иш татан ярьж тайлбарласан болох нь анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газрын 2021.07.26-ны өдрийн 1/1794 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар иргэн Н.*******ын гомдолд хариу өгсөн байх ба уг баримтад дурдсанаар Таны тус прокурорын газарт хандаж гаргасан гомдлын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн 1910029480299 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас татаж хянав. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар Б.******* нь 2019.12.09-ний өдөр таны эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогджээ. ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. ... гэх агуулгаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021.08.19-ний өдрийн 1/1816 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар ...Б.******* 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Н.*******тай ...маргалдаж, эрүүл мэндэд халдан, хөнгөн хохирол учруулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй, прокуророос үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, ...шийдвэрлэснийг мэдэгдье гэж Н.*******ын гомдолд хариу өгчээ. /1хх-97 дугаар тал/

Гэтэл анхан шатны шүүх талуудын тайлбар болон дээрх нотлох баримтуудад дурдсан үйл баримтын талаар тодруулаагүй, тухайн үйл баримтад холбогдох дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020.09.01-ний өдрийн 1412 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэргийг хаасан нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэх, прокурорын хариу мэдэгдэх хуудсанд дурдсан Б.******* 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Н.*******тай ...маргалдаж, эрүүл мэндэд халдан, хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь талуудын маргааны зүйлд хамааралтай эсэх асуудлыг тодруулаагүй, улмаар прокурорын хариу мэдэгдэх хуудсыг хэрхэн үнэлсэн талаар заагаагүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь маргааны зүйлд дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

4. Дээрх үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02388 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

  ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Т.ГАНДИЙМАА