Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2018/1024/З |
Дугаар | 221/МА2019/0595 |
Огноо | 2019-11-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2019/0595
“В м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Д.О, Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0614 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “В м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О, Д.Б нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0614 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 274 дүгээр зүйлийн 274.1.7, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий “В м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн. Гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нарын хийсэн барааны үнийг гаальд дутуу мэдүүлсэн гэх тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гаалийн үнэ, төлбөр, гүйлгээ, тооцооллын асуудлыг тодруулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасны дагуу шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүгч “энэ бол хууль хэрэглээний маргаан, тооцооллын маргаан биш” хэмээн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актын тооцоолол болон акт гаргахдаа процессын алдаа гаргаж, журам зөрчсөн гэсэн 2 гол үндэслэлээр маргаж байгааг шүүх огт хүлээж аваагүй. “В м” ХХК-ийн гаалийн мэдүүлгүүдийг шалгахдаа гаалийн байцаагч нар хэрхэн тооцоолол хийж, 2 ширхэг шийтгэлийн хуудас үйлдсэн талаар шүүх ямар нэгэн тооцоолол хийгээгүй, барааны үнийг гаальд дутуу мэдүүлсэн хариуцагчийн хийсэн гэх тооцооллыг шинжлэн шалгаагүй байж хариуцагч нар маргаан бүхий акт гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд хариуцагчийн тооцооллыг маргаангүй гэдгийг шалган тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч эхний болон эцсийн үлдэгдлийг хэрхэн яаж гаргасан нь тодорхойгүй байдаг. 2015, 2016, 2017 онуудын нөхөн татвар шийтгэлийн тооцооны өглөгийн эхний ба эцсийн үлдэгдэл нь мөн адил “В м” ХХК-ийн санхүүгийн тайлангуудын үзүүлэлттэй огт таардаггүй бөгөөд шийтгэлийн тооцооллын үлдэгдэл дүн, гаальд мэдүүлээгүй барааны үнийг хэрхэн яаж гаргасан нь тодорхойгүй байна. Хариуцагчийн хамгийн алдаатай хийсэн зүйл нь нэхэмжлэгч компанийн тухайн ондоо авсан барааны үнэ тухайн ондоо бүрэн төлөгдөж дуусах ёстой мэтээр буруу ойлгож гаалиар мэдүүлж авсан барааны төлбөрүүд чухам хэзээ хийгдсэн гэдгийг огт шалгаж тогтоогоогүй байж гаалийн үнээ дутуу мэдүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч өөрийн групп компаниасаа барааг урьдчилан зээлээр худалдан аваад бараа борлуулсныхаа дараа төлбөрөө төлдөг байсан ба одоо ч энэ хэлбэрээр явж байгаа тул тухайн барааны төлбөр 1-3 жилийн дараа төлөгдөж, байнга барааны үлдэгдэл төлбөр, өглөгтэй явж ирсэн. Хариуцагч үүнийг харгалзан үзэлгүй алдаа гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2013-2017 онуудад оруулж ирж худалдсан бүх барааныхаа үнийг гаальд дутуу буюу багаар мэдүүлсэн гэж үзээд шийтгэл хүлээлгэсэн. Ингэхдээ нийт барааны үнийг 2013 онд 23.7%-иар, 2014 онд 37.5%-иар, 2016 онд 19%-иар, 2017 онд 24,4%-иар тус тус автоматаар нэмэгдүүлж барааны гаальд мэдүүлэх ёстой үнэ гэж гаргаж ирсэн. Гэхдээ тухайн барааны бодит үнийг бараа нэг бүрээр шалгаж тогтоогоогүй. Зөвхөн нэг хариуцагчид худалдсан 3 төрлийн бараанаас үзэхэд хариуцагч гаалийн байцаагч нар “В м” ХХК-ийн барааны үнийг гаальд мэдүүлсэн үнэ төдийгүй худалдан авагчид худалдсан бодит үнээс хэт өндрөөр тогтоож акт тавьсан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч нар нэхэмжлэгчийн санхүү, гүйлгээ, бараа худалдааны бүтэц, төлбөр төлөх процесс, хугацаа зэрэг маш олон тооны нарийн бүтэц, схемтэй танилцаагүй, бодит байдлыг шалгаагүй байж шууд өөрсдийн үзэмжээр акт тавьсан нь бодит байдалд нийцээгүй алдаатай болсон. Маргаан бүхий захиргааны акттай холбоотой яг ижил 2 гомдлыг гаалийн байгууллага, татварын байгууллага тус тусдаа шалгасан. ХУД-ийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийг зөрчилгүй гэж үзэж “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгапзаж" шийдвэрлэсэн байдаг. Төрийн ойролцоо чиг үүргийн 2 байгууллага яг ижил асуудлыг шалгаад нэг нь зөрчилгүй гэж үзсэн байхад нөгөө нь зөрчиптэй гэж үзээд 220.492.700 төгрөгийн акт тавьсанд гайхаж басхүү гомдолтой байна. “В м” ХХК-д бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх удирдамж дээр шалгалтыг 2018 оын 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дуустал хийнэ гээд Гаалийн ерөнхий газрын дарга Б.А гэж гарын үсэг зурж анх баталсан байдаг. Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Ж нь ГЕГ-ын даргаас эрх олгосон ямар нэгэн итгэмжлэл, тушаал шийдвэргүйгээр шалгалтын хугацааг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дур мэдэн сунгасан. Энэ үйлдэл нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын” 3.3-т “Шаардлагатай тохиолдолд шалгалтын удирдамжийн хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга, эсхүл гаалийн удирдах төв байгууллагын даргын эрх олгосноор бүрдүүлэлтийн дараах шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга сунгана” гэж заасныг ноцтой зөрчсөн. Хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Б, Д.О нар нь шалгалтыг эхлэхдээ уулзалт зохион байгуулж, уулзалтын тэмдэглэл хөтөлж, “В м” ХХК-ийн захиралд эрх үүргийг нь тайлбарлан удирдамж гардуулан өгөх ёстой байтал “В м” ХХК-ийг төлөөлөх эрхгүй ажилтан Д.М-ыг гаалийн байран дээр дуудаж удирдамжийг өгсөн ба эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй байдаг. Хариуцагч нар шалгалтыг хийхдээ “В м ” ХХК-ийн байранд хийх бүрэн боломжтой байсан ч тус компанийн байранд нэг ч удаа очоогүй, барааг борлуулах үнэ, каталоги зэргийг асууж тодруулаагүй байдаг. Үүгээрээ хариуцагч нар нь “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын 3.8-д “Шалгалтыг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байранд хийх, боломжгүй тохиолдолд гаалийн байгууллагын байранд хийж болно” гэж заасныг зөрчсөн. Гаалийн тухай хуулийн 3.1.1-д заасан “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх…эд юмс ...-ийг, хэлнэ гэж заасан байх бөгөөд эд юмс гэх ойлголтод програм хангамж багтахаар байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “В м” ХХК нь ямар нэг програм хангамж лиценз гаднаас худалдан авсан зүйл байхгүй бөгөөд шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэв хариуцагч нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны зөрчилд хариуцлага хүлээлгэхгүй буюу Өршөөлийн хуулиар торгууль шийтгэлээс чөлөөлөх ёстой байтал хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өршөөлийн хуулийн дагуу шийтгэлийн дүнгээс хамгийн багадаа 416.533 төгрөг хасагдах ёстой. Мөн Татварын ерөнхий хуулийн 11.3.2 дахь заалтыг хэрэглэсэн нь алдаатай болсон. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны зөрчилд татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил өнгөрсөн тул энэ хугацаанд шалгалт явуулж акт тавьсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх зөрчлийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил шалгах хөөн хэлэлцэх 2 жилийн хугацаа дууссан байхад шүүх энэ хуулийг хэрэглээгүй нь буруу байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуссан тул 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны зөрчлийг шалгахгүй бөгөөд шийтгэл хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт “…хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад хариуцагч хуулийн уг заалтыг зөрчиж нөхөн төлүүлсэн татварын үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх төгрөгөөр торгосон. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “30 хувь” гэснийг 50 хувь гэж 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байтал шүүх алдаатай захиргааны актыг анзаарахгүй шийдсэнээрээ энэхүү хэргийг өнгөцхөн, хайнга бөгөөд үндэслэлгүй шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “В м” ХХК нь “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын маргасан үндэслэлд дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
1/ Гаалийн улсын байцаагч Д.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Уг актаар “В м” ХХК-ийг 2013-2017 онд 839.649.463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу, худал мэдүүлсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 139.938.199 төгрөгийн нөхөн татвар /гаалийн татвар 50.884.757 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татвар 89.053.442 төгрөг/, 41.981.454 төгрөгийн торгууль, ногдуулжээ.
Нэхэмжлэгч нь дээрх актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэлээ “гаальд мэдүүлээгүй барааны үнийн дүнг хаанаас, хэрхэн яаж тооцож гаргаж ирсэн болох нь ойлгомжгүй, эхний болон эцсийн үлдэгдлийг хэрхэн яаж гаргасан нь тодорхойгүй, өглөгийн эхний ба эцсийн үлдэгдэл нь “В м” ХХК-ийн санхүүгийн тайлангуудын үзүүлэлттэй таардаггүй, программ хангамжтай холбоотой төлсөн төлбөрүүдийг барааны үнээс хасч тооцоогүй” гэж тайлбарлан маргаж байх бөгөөд энэ тохиолдолд шүүх гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн хууль зүйн үндэслэлтэй тогтоогдсон эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх “2013-2017 оны санхүүгийн тайлан болон төлбөрийн нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэснээс өөрөөр нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн байна.
Зүй нь нэхэмжлэгч “В м” ХХК-ийн гаальд мэдүүлээгүй барааны үнийн дүнг тооцож гаргасан аргачлал буюу тухайн жилд барааны үнэд илүү төлсөн мөнгөн дүнг тухайн барааны нийт үнийн дүнд эзлэх хувийг харгалзан тооцож жил жилийн барааны үнийг өөр өөр хувиар нэмэгдүүлэн барааны нэгж үнийг тодорхойлсон нь эрх зүйн ямар хэм хэмжээтэй нийцэж, ямар хууль, дүрэм журмаар зохицуулагддаг эсэх, улсын байцаагчийн тооцсон өглөгийн эхний ба эцсийн үлдэгдэл нэхэмжлэгч “В м” ХХК-ийн санхүүгийн тайлангийн дансны өглөгийн эхний болон эцсийн үлдэгдэлтэй тохирч байгаа эсэх, өмнөх жилүүдэд худалдан авсан барааныхаа үнийг шилжүүлсэн байх боломжтой эсэх, бараа нэг бүрийн дутуу мэдүүлсэн үнийн дүнг тогтоох боломжтой эсэх, өглөгийн эхний үлдэгдлийг тухайн жилд барааны үнэд шилжүүлсэн төлбөрөөс хасч тооцсоноор дутуу мэдүүлсэн барааны гаалийн дүнг тодорхойлох нь холбогдох хуульд нийцэх эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах учиртай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг тогтоож эрх зүйн дүгнэлт хийхэд зайлшгүй тусгай мэдлэг шаардагдахаар байгааг анхан шатны шүүх анхаарвал зохино.
Иймд нэхэмжлэгч талаас гаргасан “гаалийн байцаагч нар хэрхэн тооцоолол хийж шийтгэлийн хуудас үйлдсэн талаар шүүх ямар нэгэн тооцоолол хийгээгүй, барааны үнийг гаальд дутуу мэдүүлсэн хариуцагчийн хийсэн гэх тооцооллыг шинжлэн шалгаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
2/ Гаалийн улсын байцаагч Д.О-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Уг актаар “В м” ХХК-ийг 2015-2017 онд 191.429.618 төгрөгийн програм хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 29.671.591 төгрөгийн нөхөн татвар /гаалийн татвар 9.571.481 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татвар 20.100.110 төгрөг/, 8.901.477 төгрөгийн торгууль, ногдуулжээ.
Нэхэмжлэгч нь дээрх актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “програм хангамж, лицензийг худалдаж аваагүй, импортоор оруулж ирээгүй, толгой компанийн хэрэглэдэг програм хангамжийн зардлыг нь төлөн ашиглаж байгаа вэб сүлжээ, сайжруулалт, Гаалийн тухай хуульд заасан “бараа” гэх ойлголтод хамаарахгүй” гэж тайлбарлан маргаж, энэ үндэслэлтэйгээ холбоотой баримтууд гаргаж өгсөн байх боловч шүүх тэдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй, гагцхүү “эд юмс гэх ойлголтод программ хангамж багтахаар байна” гэж дүгнэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийгдсэн дүгнэлт ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл заалтад үндэслэж байгааг илэрхийлдэг чухал ач холбогдолтой төдийгүй хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, тодорхой байх ёстой.
Гэтэл шүүх нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй, бүрхэг, хууль зүйн үндэслэлийг шалгаагүй шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно.
Зүй нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримтуудыг үнэлж толгой компанитайгаа ашиглалтын гэрээ байгуулан ашиглаж байгаа гэх программ хангамжид зориулан төлсөн 191.429.618 төгрөг нь импортоор оруулж ирсэн барааны үнэд хамаарах хууль зүйн үндэслэлийг тодруулахаас гадна Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн” гэж заасан зөрчлийг гаргасан гэж буруутгаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч “В м” ХХК нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ ямар хэлбэрээр мэдүүлэх үүргээ зөрчсөн эсэх, хуулийн 73 болон 74 дүгээр зүйлд зааснаар гаалийн бүрдүүлэлтийн аль горимыг сонгож бараагаа байршуулах эсэх талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Иймд нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд дандаа хариуцагчийн гарган өгсөн нотлох баримтууд, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолсон холбогдох баримтуудаа гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй, үндэслэх хэсэгтээ огт дурдаагүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн, нэхэмжлэгч талаас маргаан бүхий актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдийн нэг болох “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ыг зөрчсөн гэх үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь буруу байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.Сайхантуяа
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ О.НОМУУЛИН