Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1588

 

Г.О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27–ны өдрийн 181/ШШ2016/00386 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.О-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-д холбогдох

 

70 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж ,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 29 000 000 төгрөгийн, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 31 000 000 төгрөгийн зээлийг тус бүр сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан.

Г.О нь 29 000 000 төгрөг болон 31 000 000 төгрөгийн 25 000 000 төгрөгийг өөрийн ХААН болон Төрийн банкны хадгаламжаас гаргаж, харин 6 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.

Б.М 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 29 000 000 төгрөгийн зээлээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн. Үүний 2 900 000 төгрөг нь хүү, үлдсэн 7 100 000 төгрөг нь үндсэн зээл байсан тул зээлээс хасагдаж, 21 900 000 төгрөг үлдсэн.

Зээлийн хугацаа 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дууссан тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 57 хоногийн алданги тооцоход 8 265 000 төгрөг болж байгаа /1 хоногийн алданги 145 000 төгрөг/. Б.М 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг төлсөн тул түүнийг үлдсэн зээлээс хасаж, зээлийн үлдэгдэл 1 900 000 төгрөг болсон. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 21 900 000 төгрөгийг 0,5 хувиар 70 хоногоор тооцоход 7 665 000 төгрөг болж байна.

Эхний зээлийн үлдэгдэл 1 900 000 төгрөг, алданги нийт 17 830 000 төгрөг болсныг 50 хувиар тооцож 14 500 000 төгрөг гэж үзээд эхний зээлээс 16 400 000 төгрөг шаардаж байна.

2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31 000 000 төгрөгөөс огт төлөөгүй тул үндсэн зээл 31 000 000 төгрөг, зээлийн хүү 3 100 000, алданги 15 500 000 төгрөг, нийт 49 600 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд өмнөх зээлийн үлдэгдэл 16 400 000 төгрөг дээр 2 дахь зээлийн үүрэг 49 600 000 төгрөгийг нэмж, нийт 66 000 000 төгрөгийг Б.М аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд 2 зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Гэхдээ Г.О зээлийн гэрээнд заасан мөнгийг Б.М-д хүлээлгэж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Г.О нь Б.М ын талийгаач нөхөр Л.Э-д 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 31 000 000 төгрөгийг бус бодитоор 25 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Б.М ын хувьд талийгаач нөхрийнхөө өмнөөс 30 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэлээс 25 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.О нь 2 зээлийг Б.М ын талийгаач нөхөр Л.Э-д өгсөн нь тогтоогддог. Гэхдээ эхний зээлд 29 000 000 төгрөг, дараагийн зээлд 25 000 000 төгрөгийг данснаасаа авч өгсөн. Үүнийг Л.Э-тай хамт явж мөнгө авсан гэрч Б.М-ын мэдүүлэг нотлоно.

Б.М нөхрийнхөө авсан зээлд 30 000 000 төгрөг төлсөн. Харин энэ төгрөгийг нэхэмжлэгч нь хүүнд тооцсон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар эхлээд үндсэн зээлээс хасах ёстой. Ингэж тооцвол эхний зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Алданги шаардах үндэслэлгүй.

2 дахь зээлд 25 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг Б.М биш нөхөр нь авсан хэдий ч миний үйлчлүүлэгч талийгаачийг бодож одоо 25 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Б.М аас 54 500 000 төгрөгийг гаргуулж Г.О д олгож, Г.О-ны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 500 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 430 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Учир нь:

1. Хариуцагч Б.М нь хүнд өвчтэй нөхрийгөө эмчлүүлэх зайлшгүй шаардлагын улмаас Г.О той өөрийн талийгаач нөхрийн хүсэлт болон Г.О-ны шаардлага, нөхцөлийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 29 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ба үүнийг Г.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байдаг.

Учир нь хуулийн шаардлага хангаагүй барьцааны гэрээнүүдэд барьцаалсан гэх хөрөнгүүд нь Б.М ын нэр дээр байсантай холбоотой болох нь гэрч Б.М-ын мэдүүлэгт бүрэн тусгалаа олж, үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй юм.

Б.М нь Г.О той байгуулсан дээрх Зээлийн гэрээнүүдэд тус тус гарын үсэг зурсан байдаг боловч гэрээний дагуу шилжүүлэх ёстой байсан мөнгийг түүний талийгаач нөхөр Л.Э бэлнээр хүлээн авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан гэрч Б.М-ын мэдүүлгээр нотлогдож байгаа юм.

Өөрөөр хэлбэл Г.О нь 54 000 000 төгрөгийг гэрээний нэг тал болох зээлдэгч Б.М-д бус харин түүний талийгаач нөхөр болох Л.Э-д хүлээлгэн өгсөн юм.

Зээлийн гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...Гэрээ нь зээлдүүлэгчээс мөнгийг бодитойгоор гардуулснаас хучин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно...” гэж заажээ. Уг зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу иргэд хоорондын зээлийн гэрээ байх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж заасан байдаг.

Дээрх гэрээнүүд нь Г.О болон Б.М нарын хооронд байгуулагдсан тул гэрээ болон хуульд заасны дагуу зээлдүүлэгч нь гагцхүү зээлдэгчид буюу Б.М-д мөнгийг бэлнээр хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцохоор хуульчлагдсан. Иймд шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч Б.М аас 1 дэх гэрээний үүрэгт алданги 14 500 000 төгрөгийг мөн 2 дахь гэрээний үүрэгт алданги 12 500 000 төгрөгийг гаргуулахаар..” гэсэн нь хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Шүүх хариуцагчийн мөнгө зээлэх болсон шалтгаан, мөн санхүүгийн болон төлбөрийн чадварыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу багасгах үндэслэлтэй байтал түүнийг харгалзан үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь зээлдэгч Г.О нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Б.М-д зээлийн мөнгийг хүлээлгэн өгөөгүй, хууль болон гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

Шүүх анзын хэр хэмжээг хэтрүүлсэн талаарх үнэлгээг гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу ба тухайн зөрчлийн цар хүрээ, ноцтой байдлыг харгалзан тогтоох эрхийг хуулиар олгосон атал үүнийг баримтлаагүй хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэл болгоогүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь жирийн нэгэн төрийн албан хаагч бөгөөд сарын дундаж цалин 700 000 төгрөг гэж тооцвол ямар ч байдлаар дээрх алдангийг төлөх чадваргүй болох нь илт юм.

Иймд Сүхбаатар дүүргийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00386 тоот шийдвэрийн “...1 дүгээр гэрээний үүрэгт алданги 14 500 000 төгрөг, 2 дугаар гэрээний үүрэгт алданги 12 500 000 төгрөгийг...” гэснийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хуульд заасны дагуу багасгаж шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх хариуцагч Б.М ын үеэл дүү нь болох Б.М-ын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн Г.О оос Б.М-д 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 31 000 000 төгрөгийн зээлээс 25 000 000 төгрөгийг Б.М-д өгч үлдэх 6 000 000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдсонгүй гэсэн үндэслэлээр хасаж шийдвэрлэсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг нь хариуцагчийн тайлбарыг эргэлзээгүйгээр нотлох баримт болохгүй ба гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй байхад шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд ялангуяа бусад нотлох баримт болох хариуцагч Б.М ын 2016 оны  дугаар сарын 16-ны өдөр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийлгүйгээр хасаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч Б.М нь шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан тайлбартаа Г.О оос 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 29 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 31 000 000 төгрөгийг тус бүр 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг атал шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлэлгүйгээр 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31 000 000 төгрөгийн зээлээс 6 000 000 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг болон хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үнэлэн зээлийг Б.М-д биш талийгаач нөхөр Л.Э-д шилжүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г.О нь дурдагдаж буй зээлүүдийг Л.Э-д бус хариуцагч Б.М-д хүлээлгэн өгсөн, зээлдэгч Б.М нь зээлийг талийгаач нөхөр Л.Э ын эмчилгээнд бус харин банк болон ББСБ-д төлөх төлбөртөө зарцуулсан байдаг бөгөөд харин Г.О нь 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 000 000 төгрөгийг Б.М ын талийгаач нөхөр болох Л.Э-д зээлсэн байдаг.

Шүүх хариуцагчаас төлсөн 30 000 000 төгрөгөөс 29 000 000 төгрөгийн зээлийг төлөгдсөнд тооцож, үлдэх 1 000 000 төгрөгийг хүүгийн 2 900 000 төгрөгөөс хасах үндэслэлтэй, Б.М ыг 1 дүгээр гэрээний үүрэгт зээлийн хүү 1 900 000 төгрөг, алданги 14 500 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийн шаардсан үндэслэлээс өөр үндэслэлээр хариуцагчаас төлбөр гаргуулах нь хуульд нийцэхгүй учир хариуцагчаас үндсэн зээл гэж шаардсан 1 900 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул мөн зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн болон хариуцагчийн зүгээс ямар нэгэн шаардлага, үндэслэл гаргаагүй байтал нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэлээр зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээг шүүх өөрийн санаачлагаар хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 181\ШШ2016\00386 тоот шийдвэрт 11 500 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж тооцсон хэсэгт өөрчлөлт оруулан шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, тухайн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 500 000 төгрөгөөр багасгасныг хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагаас 25 000 000 төгрөгийг зөвшөөрнө, зээлийг гардаж аваагүй, өмнө төлсөн 30 000 000 төгрөгөөс хүү түрүүлж суутгасан нь буруу, барьцааны гэрээнүүд нь улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээгээр хариуцагч нь 29 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээгээр 31 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэхээр тус тус тохиролцсон байх ба шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. /хэргийн 5, 10 дугаар тал/

 

Хариуцагч Б.М нь дээрх 2 зээлийн гэрээгээр 60 000 000 төгрөгийг бодитоор хүлээн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх хэдий ч хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банк болон Төрийн банкны дансны хуулга болон гэрч Б.М-ын мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн нөхөр Л.Э-д түүнтэй байгуулсан дээрх 2 зээлийн гэрээний дагуу 54 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 15, 64, 65 дугаар тал/

 

Харин нэхэмжлэгч “6 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн” гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт 60 000 000 төгрөгийг хэн авсан талаар тодорхой бичээгүй байх бөгөөд түүний нөхөр 54 000 000 төгрөгийг хүлээн авсан нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчид өөрт нь 6 000 000 төгрөг бэлнээр шилжүүлж өгсөн гэх нэхэмжлэгчийн шаардлага нотлогдоогүй гэж шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн Төрийн банкны дансанд хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь Төрийн банкны орлогын мэдүүлгээр тогтоогджээ.

/хэргийн 19 дүгээр тал/

 

Хариуцагч нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээг байгуулсан өдөр түүний нөхөрт 54 000 000 төгрөг шилжүүлсэн болон хариуцагч уг төлбөрийг төлж байсан зэрэг үйл баримтуудаас үзвэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Харин шүүх хариуцагчийн төлсөн 30 000 000 төгрөгийг тэдгээрийн хооронд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 29 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт тооцож, үлдэх 1 000 000 төгрөгийг зээлийн хүүгээс хасаж, зээлийн хүү 1 900 000 төгрөг, алданги 14 500 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгч 1 900 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл гэж шаардсан нь үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. Нэхэмжлэгч нь зээлийн үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу тооцоогүй нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагчаас 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн хүү 1 900 000 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27–ны өдрийн 181/ШШ2016/00386 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “54 500 000” гэснийг “56 400 000” гэж, “11 500 000” гэснийг “9 600 000” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “430 450” гэснийг “439 950 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.О-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ      

        

                                    ШҮҮГЧИД                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ         

                 

                                                                                                 С.ЭНХТӨР