Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 386

 

 

  

 

 

 

 

  

 

2016 оны 07 сарын 27 өдөр          Дугаар 181/ШШ2016/00386            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол, 51 дүгээр байр, 8 тоотод оршин суух. Цорос овогт Гаравдэмбэрэлийн Орхон /РД:ЧК76120212/-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 100 айл гудамж, 86б байр, 8 тоотод оршин суух, Дагаанхан овогт Болдын Мөнхзул /РД:ХЛ62120706/-д холбогдох,  

 

70,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзандулам, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.Мөнхзул нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 29,000,000 төгрөгийн, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 31,000,000 төгрөгийн зээлийг тус бүр 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан.

Г.Орхон нь 29,000,000 төгрөг болон 31,000,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг өөрийн ХААН болон Төрийн банкны хадгаламжаас гаргаж, харин 6,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.

Б.Мөнхзул 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 29,000,000 төгрөгийн зээлээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн. Үүний 2,900,000 төгрөг нь хүү, үлдсэн 7,100,000 төгрөг нь үндсэн зээл байсан тул зээлээс хасагдаж, 21,900,000 төгрөг үлдсэн.

Зээлийн хугацаа 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дууссан тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 57 хоногийн алданги тооцоход 8,265,000 төгрөг болж байгаа /1 хоногийн алданги 145,000 төгрөг/. Б.Мөнхзул 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн тул түүнийг үлдсэн зээлээс хасаж, зээлийн үлдэгдэл 1,900,000 төгрөг болсон. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 21,900,000 төгрөгийг 0,5 хувиар 70 хоногоор тооцоход 7,665,000 төгрөг болж байна.

Эхний зээлийн үлдэгдэл 1,900,000 төгрөг, алданги нийт 17,830,000 төгрөг болсныг 50 хувиар тооцож, 14,500,000 төгрөг гэж үзээд эхний зээлээс 16,400,000 төгрөг шаардаж байна.

2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31,000,000 төгрөгөөс огт төлөөгүй тул үндсэн зээл 31,000,000 төгрөг, зээлийн хүү 3,100,000, алданги 15,500,000 төгрөг, нийт 49,600,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд өмнөх зээлийн үлдэгдэл 16,400,000 төгрөг дээр 2 дахь зээлийн үүрэг 49,600,000 төгрөгийг нэмж, нийт 66,000,000 төгрөгийг Б.Мөнхзулаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигчдын хооронд 2 ширхэг зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Гэхдээ Г.Орхон зээлийн гэрээнд заасан мөнгийг Б.Мөнхзулд хүлээлгэж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Г.Орхон нь Б.Мөнхзулын талийгаач нөхөр Л.Энхжаргалд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 31,000,000 төгрөгийг бус бодитоор 25,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Б.Мөнхзулын хувьд талийгаач нөхрийнхөө өмнөөс 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэлээс 25,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Орхон нь 2 зээлийг Б.Мөнхзулын талийгаач нөхөр Л.Энхжаргалд өгсөн нь тогтоогддог. Гэхдээ эхний зээлд 29,000,000 төгрө, дараагийн зээлд 25,000,000 төгрөгийг данснаасаа авч өгсөн. Үүнийг Л.Энхжаргалтай хамт явж мөнгө авсан гэрч Б.Мягмарын мэдүүлэг нотлоно.

Б.Мөнхзул нөхрийнхөө авсан зээлд 30,000,000 төгрөг төлсөн. Харин энэ төгрөгийг нэхэмжлэгч нь хүүнд тооцсон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар эхлээд үндсэн зээлээс хасах ёстой. Ингэж тооцвол эхний зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Алданги шаардах нь үндэслэлгүй.

2 дахь зээлд 25,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг Б.Мөнхзул биш нөхөр нь авсан хэдий ч миний үйлчлүүлэгч талийгаачийг бодож одоо 25,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Орхон нь хариуцагч Б.Мөнхзулаас зээлийн гэрээний үүрэгт 70,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,500,000 төгрөгөөр багасгаж, одоо 66,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч Г.Орхоноос 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлөөлөгч Л.Батжаргалд олгосон итгэмжлэлд “...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах...” эрхийг олгосон тул шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэх үндэслэлтэй.

 

Хариуцагч тал зээлийг гардаж аваагүй, өмнө төлсөн 30,000,000 төгрөгөөс хүүг түрүүлж суутгасан нь буруу, нэхэмжлэлээс 25,000,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг үндэслэлгүй, барьцааны гэрээнүүд улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр маргасан.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ /цаашид 1 дүгээр гэрээ гэх/-г бичгээр үйлдэж, Г.Орхон нь Б.Мөнхзулд 29,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон байх ба зээлийн барьцаанд Б.Мөнхзул өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017353 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их Тойруу 86 дугаар байрны 6 тоотод байрлах 48,7 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бариулсан барьцааны гэрээг,

Мөн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ /цаашид 2 дугаар гэрээ гэх/-г бичгээр үйлдэж, Г.Орхон нь Б.Мөнхзулд 31,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон байх ба зээлийн барьцаанд Б.Мөнхзул өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2203003308 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжны 799 тоотод байршилтай 156 м.кв талбай бүхий газар, мөн хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019322 дугаарт бүртгэлтэй 55 м.кв талбайтай хувийн сууцыг бариулсан барьцааны гэрээг тус тус хийсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байх бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2 гэрээний үндсэн дээр банкан дахь данснаас 54,000,000 төгрөг авч, бэлнээр 6,000,000 төгрөг өгч, нийт 60,000,000 төгрөгийг Б.Мөнхзулд шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч Б.Мөнхзулд мөнгийг гардуулж өгөөгүй, бэлнээр 6,000,000 төгрөг өгөөгүй гэж маргасан.

 

Г.Орхон нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны 101300054804 тоот данснаас 24,000,000 төгрөг, Хаан банкны 5029700221 тоот хадгаламжийн данснаас 5,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкны 101300054804 тоот данснаас 25,000,000 төгрөг тус тус авч, Б.Мөнхзулын талийгаач нөхөр болох Л.Энхжаргалд хүлээлгэн өгсөн болох нь гэрч Б.Мягмарын “...Зээлийн гэрээг Б.Мөнхзул эгчтэй явж гарын үсэг зурж, баталгаажуулж хийсэн. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хуучин дүүргийн хойно байдаг Төрийн банкнаас авах гэсэн боловч мөнгө нь хүрэхгүй байна гээд цэцгийн дэлгүүрийн Хаан банкнаас авч, нийт 29,000,000 төгрөг өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Метромаллын Төрийн банкнаас авч өгсөн ...25,000,000 төгрөгийг Л.Энхжаргал захирал бид 2 авсан. Аль ч мөнгийг авахад Б.Мөнхзул эгч байгаагүй. ...Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь өөрийн нэр дээр байдаг учир нотариат дээр гарын үсэг зурах зорилгоор л ирсэн. ...Захирал Л.Энхжаргал сахарын өвчтэй болохоор нэг талын нүд нь хардаггүй, мөнгө төгрөгийн ямар ч асуудалд би компанийн нягтлан учир байнга цуг явдаг байсан... ” гэх мэдүүлэг болон тус банкуудын дансны хуулга, зарлагын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Г.Орхон 6,000,000 төгрөгийг бэлнээр Б.Мөнхзулд хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч талын тайлбарыг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Иймд Г.Орхон нь Б.Мөнхзултай байгуулсан зээлийн 1 дүгээр гэрээний үндсэн дээр 29,000,000 төгрөг, 2 дугаар гэрээний үндсэн дээр 25,000,000 төгрөгийг Б.Мөнхзулын нөхөр талийгаач Л.Энхжаргалд шилжүүлсэн байна гэж дүгнэлээ.

 

Хэдийгээр Г.Орхон нь Б.Мөнхзулд зээлийг хүлээлгэн өгсөн байдал тогтоогдохгүй байх боловч тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр нийт 54,000,000 төгрөгийг хариуцагчийн талийгаач нөхөр Л.Энхжаргалд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон тул шүүх Г.Орхоныг гэрээ болон хуулиар хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 29,000,000 төгрөгийн, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тул Б.Мөнхзул зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

 

Талууд 2 гэрээгээр сарын 5 хувийн хүү төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр тус тус тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн тул нэхэмжлэгч нь тохирсон хугацааны хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь Б.Мөнхзул нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус Г.Орхонд төлсөн болох нь Төрийн банкны мөн өдрүүдийн орлогын мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдсон. Талууд үүнд маргаагүй.

 

Нэхэмжлэгч дээрх төлбөрийг нэгдүгээр гэрээний үүрэгт дараах байдлаар тооцож, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 1,900,000 төгрөг, алдангид 14,500,000 төгрөг /ИХ-ийн 232.4-т зааснаар үндсэн зээлийн 50%-р тооцож/-ийг 1 дүгээр гэрээний үүрэгт шаардсан байна.

 

Үүнийг хүснэгтээр харуулбал:

Зээл

Хүү

Алданги

Төлбөр төлсөн огноо

Төлсөн төлбөр

Үлдэгдэл

Хассан

Үлдэгдэл

Хассан

Үлдэгдэл

хассан

29,000,000

 

2,900,000

 

57 хоног

8,265,000

 

 

 

 

7,100,000

 

2,900,000

 

-

2015.10.20

10,000,000

21,900,000

 

-

 

70 хоног

7,665,000

 

 

 

 

20,000,000

 

 

 

-

2015.12.30

20,000,000

1,900,000

 

-

 

15,930,000

 

 

 

 

Нэхэмжлэгчийн төлбөр тооцсон дээрх аргачлалаас үзвэл  хариуцагчийн төлсөн 30,000,000 төгрөгөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг хасаж, үлдэх хэсгийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасанд нийцээгүй байна.

 

Иймд шүүх хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн хариуцагчаас төлсөн 30,000,000 төгрөгөөс 29,000,000 төгрөгийн зээлийг төлөгдсөнд тооцож, үлдэх 1,000,000 төгрөгийг хүүгийн 2,900,000 төгрөгөөс хасах үндэслэлтэй тул Б.Мөнхзулыг 1 дүгээр гэрээний үүрэгт одоо зээлийн хүү 1,900,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь зээлийн хүү болох 1,900,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл гэж шаардсан тул шүүх нэхэмжлэгчийн шаардсан үндэслэлээс өөр үндэслэлээр хариуцагчаас төлбөр гаргуулах нь хуульд нийцэхгүй учир хариуцагчаас үндсэн зээл гэж шаардсан 1,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин алданги 14,500,000 төгрөгийг Б.Мөнхзулаас 1 дүгээр гэрээний үүрэгт гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёрдугаар гэрээний тухайд Б.Мөнхзул огт төлбөр төлөөгүй тул Г.Орхон нь үндсэн зээл 25,000,000 төгрөг дээр талуудын гэрээгээр тохирсон хувь хэмжээ, хугацаагаар хүү тооцож, зээлийн хүү 2,500,000 төгрөгийг нэмж, мөн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 29-нд дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 25-ы өдрийг хүртэлх 209 хоногийн алданги болох 12,500,000 төгрөг /(25,000,000х0,5%)x209=26,125,000 төгрөг боловч ИХ-ийн 232.4-ийн дагуу 50%-аар тооцсон/-ийн хамт, нийт 40,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд Б.Мөнхзулаас 2 гэрээний үүрэгт нийт 54,500,000 төгрөг гаргуулж, Г.Орхонд олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул мөн зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлүүд байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх ганц тайлбарт үндэслэж, эдгээр барьцааны гэрээг хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөс шаардлага хангуулахаар шаардах эрхгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Б.Мөнхзулаас 54,500,000 төгрөгийг гаргуулж Г.Орхонд олгож, Г.Орхоны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 430,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ө.УЯНГА