Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т, 

Хохирогч Ч.С,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1820001750030 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 10-25 насны 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын сангийн далай багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Б.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын 3 дугаар баг М шатахуун түгээх станцын ойролцоо ... улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 1.4, 21.1, 21.8, 21.8б дугаар зүйлүүдэд заасныг зөрчин ... улсын дугаартай Shaanxi маркийн автобусыг мөргөж зам тээврийн осол гаргаж Ч.С-н биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Г-д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 20 тооны бог мал, 1 тооны үхэр махалж өөрийн хэрэгцээнд хэрэглэх гээд Замын-Үүд сум руу 00 цагийн үед гэрээс гараад 25-ны өдөр үүрээр 04 цагийн үед Замын-Үүд суманд ирсэн. Өглөө 07 цагийн үед малын махыг Н нэртэй махны дэлгүүрт ажиллуулдаг Ч гэдэг хүний гэрт нь махаа хүргэж өгөөд тэндээс хөдлөөд вокзал орж юань худалдаж аваад буцаад гэртээ ирж байж байгаад 10 цагийн үед гэрээс гараад Ө гэх нэртэй хүний дугуй засвар дээр очиж машиндаа дугуй сурахад та хэсэг хугацааны дараа эргэж ирж дугуйгаа аваарай гэж хэлсэн. Тэгээд би колонк орж бинзен аваад ирье гэж хэлээд тэндээс хөдлөхөд нэг танихгүй эмэгтэй хүн колонкийн хажуу талд манай гэр байдаг би колонк дээр очоод буучих талаар хэлээд машины буруу талын хойд хаалгыг нээж орж ирээд тухайн үед хойд талын суудал байхгүй байсан учир хойд талын дугуйн кралон дээр суугаад тэндээс хөдлөөд гэр хорооллын баруун талаар явж байгаад баруун талын засмал зам руу гараад колонк орох санаатай туслах замаас төв зам руу ороод явж байхад миний баруун гар талаас ирж явж байсан том оврын автобус маркийн тээврийн хэрэгсэл машины баруун талын хойд талын кралон хэсэг рүү мөргөөд засмал замын баруун тал руу гараад зогссон байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд хоёр машины жолоочийг драйгер үлээлгэж шалгуулаад машиныг түр саатуулах хашаанд хийх талаар хэлээд би машиныг түр саатуулах хашаанд хийсэн... Автобус ирж байгааг хараагүй орчихсон юм. Зам дээр гарч ирээд автобус харсан нэгэнт замын голд гарчихсан учраас амжих байх гэж бодсон...” гэсэн  мэдүүлэг /1хх-ийн 238-239/,

- Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “... Миний биеийн зүүн талын өсгий шагай хоёр бяцарсан, баруун хөлний шагай цуурсан, баруун хөлний дунд чөмөг хугарсан, баруун хөлний өвдөг шагай, дунд чөмөг, баруун талын 8 хавирга 16 хугарсан нуруунд мэдэрлийн судас дарагдсан зэрэг гэмтлүүд учирсан байсан. Одоогийн байдлаар баримтаар нийт 5,692,593 төгрөгний хохирол зам тээврийн осолд орсноос хойш өөрийн Т банк болон К банкнуудад хашаа байшин авах гэж хуримтлуулж байсан 6,000,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан учир уг 6,000,000 төгрөг, өөрийн төрсөн дүү Б.Ж Улаанбаатар хотод Үндэсний техникийн их сургуульд автотехникийн инжинерээр сурч байсан оюутан дүүгээ өөрийгөө асруулах гэж сургуулиас нь гаргаж 2,300,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс одоог хүртэл ажилгүй байгаа өдөрт урагшаа гарч тээвэр хийж 70,000 төгрөг олдог байсан тул орлогын мөнгө 18,900,000 төгрөг, Замын-Үүд сумын 1-р багт байрлах байшинг сарын 80,000 төгрөгөөр түрээсэлж амьдарч байгаа тул нийт одоог хүртэл 720,000 төгрөгний хохирол, охин маань Ж хувийн цэцэрлэгт явдаг байсан миний биеийн байдлаас болж явахгүй болсон тул 594,000 төгрөг, өнөөдрийг хүртэл авсан эм тарианы зардал 125,800 төгрөг нийт 34,331,000 төгрөгийг нэхэмжилнэ. Шүүгдэгч надад 500,000 төгрөгөөр 3 удаа нийт 1,500,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг хасуулаад үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна. Одоо дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа боловч Монголд уг хагалгааг хийдэггүй гэсэн учраас гадагшаа явж хийлгэнэ. Иймд цаашид гарах зардлаа мөн нэхэмжилнэ. Осол болсны дараа энэ хүн, эхнэр хоёрт би түргэн дуудаад өгөөч гэсэн чинь юун түргэн дуудах цагдаа сэргийлэх болоод байх чинь гээд түргэн дуудаж өгөөгүй. Харин автобусанд явж байсан эгч бууж ирж намайг хараад энэ машинд чинь нэг охин байгаа юм байна ш дээ түргэн дуудаачээ гэж тэр эгч түргэн дуудаж байсан. Намайг тоохгүй машинаа хараад одоо яаж янзалнаа гээд байсан. Би маш их гомдож байсан. Г-н эхнэр бид хоёр автобусыг хараад автобус ирж байна гэж хэлж байсан. Цонхоор харахад автобус ирээд яг миний чигтээ ирж мөргөсөн. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 243-244 /,

- Гэрч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд: “2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 09 цагийн үед өөрийн эзэмшлийн саарал өнгийн ... улсын дугаартай жижиг тэргийг Замын-Үүд сумын Г гудамжид байдаг авто засварын газар бүтэн будаганд оруулахаар өгөөд байж байхад тухайн засварын газар ... маркийн машинтай ах эгч хоёр бууж ирээд машин доторлох болон бусад зүйл асуугаад хөдлөөд явах гэж байхаар нь тухайн ахаас та хаа явах гэж байгаа юм бэ? гэж асуухад колонк орж бинзен авна гэж хэлэхээр нь би дөхөөд буучих уу гээд машины хойд талын хаалгыг онгойлгож ороод тухайн тээврийн хэрэгслийн хойд талын сандал байхгүй байсан учир ороод жолоочийн эсрэг талд хойно явган суугаад тухайн газраас ертөнцийн зүгээр зүүн тийш явж байхад жолооч ах ахын дүү хаа хүрэх билээ гэж асуухад төв ороход болно гэж хэлэхэд би ойрхон очих юм байна гэж хэлэхэд хажуу талд нь явж байсан эгч тэгвэл баруун талын хар замаар явах уу гэж хэлэхэд за тэгье гээд баруун тийшээ яваад засмал зам руу яваад ороход баруун гар талаас ирж байсан том оврын автобус маркийн машиныг хараагүй яваад орохоор нь хажуу талд нь сууж явж байсан эмэгтэй автобус гэж хэлэхэд би ахаа та амжихгүй гэж хэлэхэд амжих байх гээд яваад орсон. Тэгээд нэг мэдэхэд миний талаас автобус чигээрээ мөргөөд машин замаас гараад зогсоод машин дотор явж байсан жолооч миний урд талд сууж байсан хажуу талд явж байсан эгч сандал дээрээ сууж байсан. Харин би машины хойд талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд жолоочийн сандал салаад миний хажуу талд байхаар нь цээжин хэсгээ өргөөд сандал дээр тавиад миний хоёр хөл хоёр тийшээ болоод эргэчихсэн байсан. Тухайн үед ахаа надаа туслаарай түргэн дуудаарай гэж хэлэхэд намайг тоохгүй байсан эмнэлэг дуудаж болохгүй бөөн гай болно гээд байсан. Эгчээ надаа туслаач гээд байхад машин яанаа янзлагдах байгаа гээд байсан. Тэгээд автобусанд явж байсан эгч түргэн дуудаж эмнэлгийн хүмүүс ирээд намайг машинаас гаргаад аваад явсан. ... Жолооч хараагүй шууд засмал зам руу орсон. Хамгийн эхэнд харсан хүн эхнэр нь” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-29/,

- Иргэний нэхэмжлэгч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би энэ талаар манай байгууллагад тухайн том оврын автобус барьж явж байсан жолооч Э-с сонсож мэдсэн. Тухайн үед манай байгууллагын ... улсын дугаартай Shaanxi маркийн том оврын автобус Сайншанд сумаас Замын-Үүд сумын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ явуулж байсан. Манай жолоочийн ярьснаар бол тухайн ... маркийн тээврийн хэрэгсэл туслах замаас орж ирээд манай байгууллагын машины урдуур орсон байсан. Манай байгууллага 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс одоог хүртэл Сайншанд сумаас Замын-Үүд сумын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээг явуулж байна. Үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. манай байгууллагын машинд учирсан хохирол болон шинжээчийн дүгнэлт гаргуулахаар өгсөн мөнгө 274,000 төгрөг, ... улсын дугаартай Shaanxi маркийн том оврын автобусыг Цагдаагийн хэлтсийн түр саатуулах хашаанаас гаргаад Сайншанд сум руу авч явах зардал 440,000 төгрөг зэргийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 246-247/,

- Гэрч Ш.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би ... улсын дугаартай том оврын автобусыг жолоодоод Сайншанд сумаас 07 цагт гарсан. Тухайн үед 17 зорчигчтой явж байснаас 3 зорчигч нь замдаа буусан. Ингээд 10 цагийн орчимд Замын-Үүд сум руу орохоор ерөнхий боловсролын 3-р сургуулийн урд талд харалдаа байрлах асфальтан замаар явж байтал миний зүүн гар талаас бор ногоон өнгийн ... маркийн автомашин орж ирсэн. Тухайн үед тэр зам 4 эгнээ зам байсан ба би Сайншанд сумаас ирэх чиглэлийн замын 2-р зорчих хэсгээр явж байсан юм. Тэгээд зүүн гар талд байрлах шороон замаас ... маркийн автомашин гарч ирэхийг харсан. Тэр автомашин шороон замаас их ширүүн орж ирсэн ба би тэр автомашинд нилээн ойрхон, ойролцоогоор 10 метр орчим зайтай ирсэн байсан. Тухайн автомашин миний урдуур ороод цааш явах хугацаа байсан боловч замын 2 дугаар зорчих хэсэг дээр зогсчихсон. Уг автомашин зогсохдоо замын 1-р эгнээ рүү урд хэсгээ оруулсан, 2-р эгнээн дээр их бие, бөгсөн хэсэг нь тавиатай байсан. Би тэр автомашиныг тойрч урсгал сөрж, араар нь гарахыг оролдсон боловч маш их ойртсон байсан тул багтаагүй, ард талыг нь мөргөсөн. Энэ үед нөгөө автомашин баруун талын шороо руу чигээрээ гарчихсан. Би 40-50 км цагийн л хурдтай явж байсан. Осол болохоос өмнө 1-р эгнээгээр суудлын автомашин явж байсан. Би тэр автомашиныг гүйцэж түрүүлээгүй. Тэр автомашин 1, харин би 2-р эгнээгээр явж байсан. Зүүн гар талаас ... маркийн автомашин орж ирэхэд суудлын автомашин яваад өнгөрчихсөн зам чөлөөтэй байсан. Тухайн үед би тэр автомашины жолоочоос “Та түрүүлээд гарахгүй яагаад урд зогсчихов оо. Орж ирсэн шигээ хаазалсан бол танд гарч амжих цаг хугацаа, зай байсан ш дээ” гэтэл эхнэр нь “Манай нөхөр сандраад зогсчихлоо” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19-20/,  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 9356 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ч.С-н биед зүүн талын олон хавирганы хугарал, баруун чөмөгний далд зөрөөтэй хугарал, зүүн шагайн үений хугарал, мултрал, тархины доргилт, хэвлийн баруун доод хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... гэсэн дүгнэлт /1хх-ийн 36-37/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 15-ны өдрийн 02/0254 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. 2018 оны 07 дугаар сарын 25-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн №1664 дугаартай өвчний түүхээс үзэхэд Б.Г-н биед дэлүүний эдийн язрал, сэмжний судасны тасрал, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Б.Г-н биед учирсан гэмтлүүд нь бүгд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Б.Г-н биед дэлүүний эдийн язрал, сэмжний судасны тасрал, дотуур цус алдалт гэмтлүүд нь хүчтэй доргилт авах үед битүү гэмтлийн улмаас үүсэх боломжтой... гэсэн дүгнэлт /1хх-ийн 42-43/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02/0264 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ш.Э-н биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Ш.Э-н биед учирсан гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /1хх-ийн 69/,

- 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. ... улсын дугаартай ... маркийн автомашиныг жолоодож явсан Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Жолооч Б.Г нь энэ тохиолдолд зогсоох арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж болно.

3. ... улсын дугаартай Shaanxi маркийн автомашиныг жолоодож явсан. Ш.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

4. Тухайн зам тээврийн осол хэргийн газарт ажилласан шинжээчийн гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэн тухайн жолооч Ш.Э нь зогсоох арга хэмжээ авсан болох нь тогтоогдож байна.

5. Б.Г нь жолоодох эрхтэй ... дугаартай В ангиллын жолооны үнэмлэхтэй нь жолоочийн мэдээллийн сангаар нотлогдож байна. жолооч нарыг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй.

6. 5,7-д бүрэн хариулсан болно.

7. Тухайн зам тээврийн осол жолооч Б.Г-н буруутай үйлдэл дээр дурдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй болох нь тогтоогдож байна... гэсэн дүгнэлт /1хх-ийн 80-81/,

- 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. ... улсын дугаартай Shaanxi маркийн автобусыг жолоодож явсан Ш.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. ЗХД-ийн 1.4 хэсэгт “Зам тавьж өгөх” гэдэг тодорхойлолтыг Замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн ЗХД-ийн 21.1 “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.", 21.8 Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: 21.8 б “Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл 1.4 “Гол зам”уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1-р хавсралт 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг бүхий зам болон “Давуу эрх”- бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх бүхий ... улсын дугаартай Shaanxi маркийн автобус 1 дүгээрт уулзварыг нэвтэрч, 2 дугаарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч ол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалт болон 1.4 “Зам тавьж өгөх” гэдэг тодорхойлолт “Замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл” заалтуудыг тус тус үндэслэн ... улсын дугаартай ... маркийн автомашин хөдөлгөөнд оролцох дараалалтай.

4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, схем зургаас харахад “А” цэг буюу анх мөргөлдсөн цэгээс өмнө тоормосны мөр гараагүй, тэмдэглэгдээгүй байна. МУ-ын ЗХД-ийн 1.4 хэсэгт “Зам тавьж өгөх” гэдэг тодорхойлолт “Замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл” заалтын дагуу ... улсын дугаартай ... маркийн автомашины жолооч Б.Г нь ... улсын дугаартай Shaanxi маркийн автобусыг тоормос гишгүүлэхгүй байх үүрэгтэй.

5. ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг зөрчсөн байна.

6. Хавтаст хэргийн 88 дугаар хуудас “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №33 талд ... улсын дугаартай Shaanxi маркийн автобус 2018.07.24-ний өдөр оношилгоонд орж “Тэнцсэн” байна. Мөн 85, 87-р хуудсанд Авто зэврийн үндэсний төвийн мэргэшсэн инженер, шинжээч Б.Г-н дүгнэлтээр ... улсын дугаартай Shaanxi маркийн автобусны элэгдэл хорогдол нь осол болох шалтгаан болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

7. ... улсын дугаартай Shaanxi маркийн автобус, ... улсын дугаартай ... маркийн авто машинуудын хурдыг тодорхойлох боломжгүй байна. ... улсын дугаартай Shaanxi маркийн автобусны анх мөргөлдсөн цэг буюу А цэгээс цааш гарсан мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй бөгөөд А цэгээс зогссон газар хүртэл автобус эвдэрч 22 метр зам туулсан байна... гэсэн дүгнэлт /1хх-ийн 226-228/,

-  Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар шинжээчийн дүгнэлт  

1. ... улсын дугаартай LZGC76R17ET003015 арлын дугаартай Shaanxi маркийн автомашин нь хашаанд байгаа байдлаар бол техникийн хувьд бүрэн бүтэн байдал хангахгүй байна.

2. ... улсын дугаартай LZGC76R17ET003015 арлын дугаартай Shaanxi маркийн автомашин нь Дорноговь аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвд 2018 оны 07 дугаар сарын 24-ний орсон ба тухайн үед бүрэн бүтэн гэсэн техникийн дүгнэлт гарсан байна.

3. Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтээр 2018 оны 07 дугаар сарын 24-нд бүрэн бүтэн гэсэн дүгнэлт гарсан байна. Осолд нөлөөлөх шалтгаан байхгүй.

4. Энэ тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь тухайн ослоос болж үүссэн болох нь нотлогдож байна.

5. Осол болох шалтгаан нь ... улсын дугаартай LZGC76R17ET003015 арлын дугаартай Shaanxi маркийн автомашины техникийн элэгдэл хорогдлын улмаас үүсэх шалтгаан байхгүй... гэсэн дүгнэлт /1хх-ийн 86-87/,

-  Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар шинжээчийн дүгнэлт 

1. ... улсын дугаартай 000100470560168 арлын дугаартай ... маркийн автомашин нь хашаанд байгаа байдлаар бол техникийн хувьд бүрэн бүтэн байдал хангахгүй байна.

2. ... улсын дугаартай 000100470560168 арлын дугаартай ... маркийн автомашин нь Дорноговь аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвд 2018 оны 05 дугаар сарын 05-нд орсон ба тухайн үед бүрэн бүтэн гэсэн техникийн дүгнэлт гарсан байна.

3. Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтээр 2018 оны 05 дугаар сарын 05-нд бүрэн бүтэн гэсэн дүгнэлт гарсан байна. Осолд нөлөөлөх шалтгаан байхгүй.

4. Энэ тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь тухайн ослоос болж үүссэн болох нь нотлогдож байна.

5. Осол болох шалтгаан нь ... улсын дугаартай 000100470560168 арлын дугаартай ... маркийн автомашины техникийн элэгдэл хорогдлын улмаас үүсэх шалтгаан байхгүй... гэсэн дүгнэлт /1хх-ийн 95-96/,

- А ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 107-116/,

- Б.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 127-128/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

- Дээрх нотлох баримтуудаар Б.Г нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын 3-р баг М шатахуун түгээх станцын ойролцоо ... улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 1.4, 21.1, 21.8, 21.8б дугаар зүйлүүдэд заасныг зөрчин ... улсын дугаартай Shaanxi маркийн автобустай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Ч.С-н биед хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Г нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын 3-р баг М шатахуун түгээх станцын ойролцоо ... улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 1.4, 21.1, 21.8, 21.8б дугаар зүйлүүдэд заасныг зөрчин ... улсын дугаартай Shaanxi маркийн автобусыг мөргөж зам тээврийн осол гаргаж Ч.С-н биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Г нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.С-н “...Г-н эхнэр бид хоёр автобусыг хараад автобус ирж байна гэж хэлж байсан. Цонхоор харахад автобус ирээд яг миний чигтээ ирж мөргөсөн...” гэсэн, гэрч Ш.Э-н “...Уг автомашин зогсохдоо замын 1-р эгнээ рүү урд хэсгээ оруулсан, 2-р эгнээн дээр их бие, бөгсөн хэсэг нь тавиатай байсан. Би тэр автомашиныг тойрч урсгал сөрж, араар нь гарахыг оролдсон боловч маш их ойртсон байсан тул багтаагүй, ард талыг нь мөргөсөн. Энэ үед нөгөө автомашин баруун талын шороо руу чигээрээ гарчихсан. Би 40-50 км цагийн л хурдтай явж байсан. Осол болохоос өмнө 1-р эгнээгээр суудлын автомашин явж байсан. Би тэр автомашиныг гүйцэж түрүүлээгүй. Тэр автомашин 1, харин би 2-р эгнээгээр явж байсан. Зүүн гар талаас ... маркийн автомашин орж ирэхэд суудлын автомашин яваад өнгөрчихсөн зам чөлөөтэй байсан. Тухайн үед би тэр автомашины жолоочоос “Та түрүүлээд гарахгүй яагаад урд зогсчихов оо. Орж ирсэн шигээ хаазалсан бол танд гарч амжиж цаг хугацаа, зай байсан ш дээ” гэтэл эхнэр нь “Манай нөхөр сандраад зогсчихлоо” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй болон түүний хувийн байдал, шүүгдэгч гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, тухайн ослын улмаас өөрт нь хүнд гэмтэл учирсан зэргийг харгалзан үзсэн болно. 

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.С нь “... эмчилгээний зардалд нийт 5,692,593 төгрөг, шүүх хуралдаанд 125,800 төгрөг нийт 5,818,393 төгрөг, хашаа байшин авахаар хуримтлуулж байсан 6,000,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан учир уг 6,000,000 төгрөг, өөрийн төрсөн дүү Б.Ж-г Улаанбаатар хотод Үндэсний техникийн их сургуульд автотехникийн инжинерээр сурч байсан оюутан дүүгээ өөрийгөө асруулах гэж сургуулиас нь 1 жилийн чөлөө авсан төлбөрт 2,300,000 төгрөг төлсөн байсан тул 2,300,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс одоог хүртэл ажилгүй байгаа өдөрт урагшаа гарч тээвэр хийж өдөрт 70,000 төгрөг олдог байсан тул орлогын мөнгө 18,900,000 төгрөг, Замын-Үүд сумын 1-р багт байрлах байшинг сарын 80,000 төгрөгөөр түрээсэлж амьдарч байгаа тул 720,000 төгрөг, охин Ж хувийн цэцэрлэгт явдаг байсан миний биеийн байдлаас болж явахгүй болсон тул 594,000 төгрөг нийт 34,331,000 төгрөг нэхэмжилнэ. Шүүгдэгч Б.Г-н өгсөн 1,500,000 төгрөгийг хасна” гэж нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа болон хагалгаа хийхэд шаардагдсан материал, Улаанбаатар явсан бинзен, вагоны зардал, утас болох хэрэгт авагдсан нотлох баримтаар /1 хх-ийн 113-115, 158-163 хуудас утас 300,000 төгрөг, 15,000 + 76,194+ 256,592 +5,500+120,000+ 6,500+ 5,800 +32,000+ 970,200+33,900+ 600+ 990,300 +10,000 +750+ 57,040+8,200+ 13,200+4,600+20,000 +90,000+86,363+ 28,500 +37,100 +5,994 +19,500+ 55,500 +2,600 +8,600+ 49,500+ 6,090+1,700+ 80,500+ 3,400+32,900 +52,000+30,000+ 8,000+12,900+ 40,000+ 84,800+30,000+40,000 = 3,732,323 төгрөг, /1хх-ийн 194-196, 202-204, 207-208 хуудас 87,820+15,000+ 125,960+ 56,440 +14,440+4,500+37,450+8,250+8,600+6,000+3,000+ 10,000+10,000+ 550,000+1,600+19,000+2,600+5,800+3,000+20,800+30,000+70,000+20,000+13,000+13,000+11,500+13,000+11,500+90,000+1,250+38,000+4,940+26,150+6,050+4,000+12,500+650+6,800+1,120+15,000+1,250+26,150+2,600+4,300=1,413,020 төгрөг, 2хх-ийн 40 хуудас /22,900+12,000+7,500+19,992+50,300+13,100=125,792 төгрөг/ нийт 5,271,135 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн төлсөн 1,500,000 төгрөгийг хасаад 3,771,135 төгрөгийг хохирогч Ч.С-д шүүгдэгчээс гаргуулан олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 30,559,865 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хохирогч өдрийн орлого нэхэмжилсэн боловч хэрэгт ХЧТА тэтгэмжийн талаар баримтгүй, хашаа байшин авах гэж байсан 6,000,000 төгрөгөөр эмчилгээнд хэрэглэсэн гэх ба уг хохирлын 5,271,135 төгрөг нотлох баримтаар нотлогдсон тул шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн, хоол хүнс, дүүгийнхээ сургалтын төлбөр, байр түрээсэлсэн төлбөр, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

Хохирогч нь цаашид дахин эмчилгээ хийлгэнэ, хагалгаанд орно гэж байх тул  уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч хохирол 4,300,000 төгрөг, шинжилгээний дүгнэлт гаргасан 274,000 төгрөг, Замын-Үүдээс Сайншанд хүртэл эвдэрсэн тээврийн хэрэгслийг авч явсан зардал 444,000 төгрөг, дээд доод гупер 1,179,000 төгрөг, урд гэрэл 10 ширхэг 589,500 төгрөг нийт 6,786,500 төгрөг /2хх-ийн 39/ нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтаар А ХХК-ний үнэлгээгээр 4,370,429 төгрөг, үнэлгээний 274,000 төгрөг нийт 4,644,429 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Г ХХК-нд олгох үндэслэлтэй ба үүнээс 2,142,071 төгрөг нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл эвдэрсэн эд ангид үнэлгээ тогтоосон /1хх-ийн 109/, зардлын 444,000 төгрөгний баримтын хувьд /2хх-ийн 9/ он сар өдөр зөрүүтэй байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Б.Г-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Г нь 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-с 3,771,135 /гурван сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, Б овогт Ч.С-д, 4,644,429 /дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун хорин есөн/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах “Г” ХХК-нд олгож, хохирогч Ч.С-н нэхэмжлэлийн шаардлагаас 30,559,865 /гучин сая таван зуун тавин есөн мянга найман зуун жаран таван /төгрөгийн хэсгийг, “Г” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 2,142,071 /хоёр сая нэг зуун дөчин хоёр мянга далан нэгэн/ төгрөгний хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч Ч.С нь нотлох баримтаа бүрдүүлэн уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Б.Н