Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 159/2019/0028/З |
Дугаар | 221/МА2019/0643 |
Огноо | 2019-12-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0643
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын
хяналтын прокурорын дүгнэлттэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Б.Б нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлоор, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.А-ийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 4.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгззээр зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ыг баримтлан шийдвэрлэх ёстой гэж үзжээ. Уг журамд дурдагдсан хуулиудад хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага, албан тушаалтныг заагаагүй, мөн эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас хохирол, нөхөн төлбөрийн үнэ цэнэ, түүний үнэлгээг тогтоосон журам өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/3266 дугаартай албан бичгээр газарт учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох аргачлал, журмын талаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг нэг мөр хэрэгжүүлэх тухайд албан тоотоор хүсэлт явуулсан. Уг албан бичгийн хариу ирээгүй байна. Миний тухайд хэн нэгнийг торгохгүй, хариуцлагаас чөлөөлөх санаа зорилго огт байхгүй, хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх ганцхан зорилготой байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсаар Сүхбаатар сумын 7 дугаар багийн иргэн Н.Н-ыг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчилд 500.000 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ”, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчилд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчилд шийтгэл оногдуулахаас гадна албадлагын арга хэмжээг давхар хэрэглэхээр ойлгогдох боловч Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар 1-д “Эрх бүхий албан тушаатан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно” гэж заасантай нийцүүлэн дүгнэвэл уг албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тухайн зөрчлийн шинж байдал, хохирол учирсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Улсын ерөнхий прокурорын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 2.2-т “Хохирол гэдэг нь зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна”, 2.3-т “Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас устсан, гэмтсэн эд хөрөнгө, бараа, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна” гэж зааснаас үзвэл зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээд учирсан бодит хор уршгийг “хохирол” гэдэгт хамааруулан ойлгох бол учирсан хохиролд тооцон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үнэлэмжийг “нөхөн төлбөр” гэж ойлгоно.
Түүнчлэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаас үзвэл байгалийн нөөцөд хохирол учруулсан байхыг шаардаж байх ба маргаан бүхий энэ тохиолдолд зөрчил гаргагч Н.Нармандах нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх газарт хохирол учруулсан эсэх, хаана байрлалтай ямар газрыг, ямар зориулалтаар, ямар хугацаагаар ашиглаж байсан зэрэг нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байсан эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой болно.
Гэтэл хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар ашигласан нь кадастрын зураг, хэмжилтээр тогтоогдсон” гэж тэмдэглэгдсэнээс өөрөөр тухайн зөрчилтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1 “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан нотлох зарчмыг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Зүй нь дээр дурдсан нөхцөл байдлаас гадна зөрчил гаргагч нь ямар хэмжээтэй газрыг зөвшөөрөлгүй ашигласан эсэх, зөвшөөрөлгүй ашигласан газартаа ямар үйл ажиллагаа явуулж байсан, зөрчил арилсан эсэх зэргийг тогтоосноор хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байсан эсэхэд дүгнэлт өгөх боломжтой.
Тодруулбал, газрыг ямар зориулалтаар ашиглаж байснаас хамааран Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн телбөр тооцох аргачлал”-д зааснаар хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох боломжтой байх ба эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан газарт хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий этгээдээс хохирол, нөхөн төлбөрийг тооцох аргачлал, журам гараагүй гэх үндэслэлээр Зөрчлийн хуульд тухайлан заасан албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй гэж ойлгохгүй бөгөөд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ О.НОМУУЛИН