Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 29

 

Ц.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                         А.Оргилбаяр

Ялтны өмгөөлөгч                            Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн У-д холбогдох эрүүгийн 201509000814 тоот хэргийн дугаартай, 171/2017/0046/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 14-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг Баянцагаан шинэ хороо 7 дугаар гудамж 13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байсан, ухаан мэдрэл бүрэн, Еншээбүү овогт Ц-ийн У- /РД:ГМ95041458

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

-Ц.У- нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Эрдэнэ” авто угаалгын газарт нэвтрэн орж 39 инчийн БСБ загварын өнгөт зурагт хулгайлан авч 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Элит хотхоны 5-16 тоотод хамтран амьдарч байсан иргэн Б.Уранцэцэгийн өмчлөлийн “Эйч Пи” загварын зөөврийн компьютрийг хулгайлан авч 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Отгонтэнгэр” зочид буудалд хонохоор өрөө авч ороод тус буудлын 6а, 66 тоот өрөөнүүдээс 32 инчийн “Элко” загварын тус бүр нь 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй 2 ширхэг өнгөт зурагт хулгайлан авч 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Тамир хороололд оршин суух иргэн Б.Баасанбаярын хашаанаас Б.Оюунбаяр, Б.Баасанбаяр нарын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” загварын ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлан авч 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүмүүнлэгийн ухаан их сургууль”-ийн харьяа Эрдмийн өргөө сургуулийн оюутан Ж.Энхбаярын эзэмшлийн “Самсунг Галакси Эс-4” загварын гар утсыг шунахай сэдэлтээр “...дуу, зураг татаад эргүүлээд өгье” хэмээн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж аваад Багануур дүүрэгт байх ломбарданд барьцаанд тавьж 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж яллагдагчаар татагдсан байхдаа түүнд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг зөрчиж 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Шүүгдэгч Еншээбүү овогт Ц-ийн У-г бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, Прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Ц.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 / хоёр/ жилийн хорих ялд багтааж эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.У-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Ц.У-н цагдан хоригдсон 168 /нэг зуун жаран найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ц.У-гөөс 800.000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17-6-36 тоотод оршин суух Омоош овогт Хожоогийн Хишигбаяр /ТА81100661/-т, 210.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутны 1 дүгээр байрны 306 тоотод оршин суух Их Монгол овогт Жамбалын Энхбаярт, 1.200.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Тамир хороолол 2-2 тоотод оршин суух Хөх овогт Банзарын Оюунбат, Хөх овогт Банзарын Баасанбаяр нарт тэнцүү хуваан, 800.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хот Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 15-26 тоотод оршин суух Авга овогт Дамдинсүрэнгийн Намжилд, 160.000 төгрөг гаргуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Элит хотхоны Б байрны 16 тоотод оршин суух Хар Дархад овогт Баярсайханы Уранцэцэгт, 190.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн дотуур байрны 110 тоотод оршин суух Зөөд овогт Ядамсүрэнгийн Сумъяабазарт, 140.000 төгрөг гаргуулж Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 21-14 тоотод оршин суух Тугтан овогт Мягмаржавын Агиймаад, 280.000 төгрөг гаргуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн БД-ийн 1в-12 тоотод оршин суух Мээрэн овогт Хүрэлийн Оюунжаргалд тус тус олгохоор... тус тус заажээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат эсэргүүцэлдээ:

“...Анхан шатны шүүхийн 34 тоот шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Тогтоох хэсгийн 2 дахь заалтанд “Шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж оногдуулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл ангид эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг оногдуулах эсэхийг шүүх сонгож хэрэглэхээр зааж өгсөн байхад нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг дурдаагүй орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Ялтан Ц.У-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоногийг тоолж, эдлэх ялд оруулан тооцуулахаар шийтгэх тогтоолд дурдсан боловч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 13 хоног, 05 сарын 17-ноос 08 сарын 31-ний өдөр хүртэл 106 хоног, 2016 оны 12 сарын 06-ны өдрөөс шүүх хуралдаан болтол буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 51 хоног, нийт 170 хоног цагдан хоригдсон байхад 168 хоногоор тоолж, 168 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор тогтоолын 5 дахь заалтанд тусгажээ.

Мөн шийтгэх тогтоолын биеийн байцаалтанд Ц.У-гийн насыг 22 настай байхад 21 настай гэж бичсэн, мөн хэргийн дугаар 201509000814 байхад 2016090000814 гэж буруу бичсэн зэрэг зөрчил гарсан байна.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 5 дахь заалтуудад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.4-д заасан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоолыг зөвтгүүлэх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн 34 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-д заасан тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх зэрэг хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дахь хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Улсын яллагч А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хуульд заасан байхад үүнийг оногдуулах эсэхийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааж өгөөгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн ялтны цагдан хоригдсон хоног, биеийн байцаалт зэргийг буруу бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын зохих хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэж дээд шатны прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн” гэв.

Ялтны өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Тодорхойлох нь:

Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34  тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангаагүй тухай Дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдвол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, эдгээр ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Тухайлбал:

1. Ялтан Ц.У- 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Эрдэнэ” угаалгын газраас 39 инчийн BSB маркийн зурагт хулгайлж түүнийгээ “Өнөр” ББН-ийн ломбарданд барьцаанд тавьж зээл авчээ. Гэтэл дээрх  хэрэг гарахаас 5 сарын өмнө “Өнөр” ББН-ийн ломбардны ажилтан Ж.Чинбатаас /хэргийн 1-68 дугаар тал/ алдагдсан зурагтын талаар байцаалт авсан байна.

Ц.У- 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай амгийн Өгийнуур суманд айлын гадаа байсан “Дауюн” маркийн ногоон өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Гэтэл Цагдаагийн байгууллага уг мотоцикл хулгайлагдахаас  1 жилийн өмнө буюу 2015 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр /хэргийн 1-107дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. /хэргийн 1- 107 дугаар тал/

2.Мотоцикль алдагдсан хэрэгт иргэн Б.Баасанбаярыг гэрчээр байцаахад “...2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр алдагдсан ногоон өнгийн Дауюн маркийн мотоцикл бол Б.Оюунбатын мотоцикл юм” гэж мэдүүлсээр байхад түүнийг хохирогчоор тогтоожээ. Түүнчлэн ялтан Ц.У- хяналтын прокурор А.Оргилбаярт “...Мотоциклын хэрэгт өөр хүнийг хохирогчоор тогтоосон байна. Жинхэнэ эзэн нь мотоциклоо надад зарсан” гэж өргөдөл /хэргийн 1-182 дугаар тал/ гаргасаар байтал прокурор хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй ирүүлжээ.

3. Ялтан Ц.У- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт “...Би найз Дэлгэрбатын мотоциклыг гуйж аваад Архангай аймгийн Өгийнуур суманд очиж Өвгөө гэж айлд хэд хоносон. Тэгээд би Архангай аймгийн төв орж Дэлгэрбатын мотоциклыг зараад Өгийнуур суманд буцаж очсон. Тэнд байхдаа хажуу талын айлын залуутай танилцсан” гэж мэдүүлжээ. /хэргийн 1-170 тал/ Энэ мэдүүлгийг нотлож иргэн Б.Оюунбатаас  ...“-2016 оны 03 дугаар сарын 04-08-ны үед манайд улаан өнгийн 90 жил гэсэн бичигтэй мотоциклтэй залуу ирсэн. Тэр залуу манай хажуу талын айл болох Өвгөөгийнд хэд хоносон. Дараа нь Архангай аймгийн төв яваад буцаж ирэхдээ хөлсний мотоциклоор ирсэн. Тэр залуугаас -Мотoциклоо яасан? гэж асуухад -Нутгийн машинд ачуулаад буцаасан. гэж ярьсан гэх мэдүүлгүүдээс ялтан Ц.У- иргэн Дэлгэрбатын мотоциклыг завшиж үрэгдлүүлсэн байж болзошгүй үйлдэл холбогдлыг шалгаагүй байна.

4. Ялтан Ц.У- хохирогч  Б.Уранцэцэгийн “Самсунг Галакси S-3” гар утас, /хэргийн 1-213/ хохирогч М.Агиймаагийн “I Phone 4” гар утаснуудыг залилан мэхлэх аргаар, хохирогч Я.Сумъяабазарын “Самсунг Галакси S-2” гар утасыг өрөөнөөс нь хулгайлсан үйлдлүүд болон 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр байцаалт өгөхдөө өөрийн үйлдсэн гэх 6 удаагийн хулгайн болоод залилан мэхлэх гэмт үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байхад энэ үйлдлүүдийг хэрхэн шалгасан нь тодорхойгүй байна.

Иймд Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан тул мөрдөн байцаалт гүйцэд биш хийсэн гэж үзээд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 тоот шийтгэх тогтоолийг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд иргэний нэхэмжлэлийн хохирлын талаар огт дурдаагүй, яллагдагчийн цагдан хоригдсон хоногийг 143 гэж буруу тооцсон, хохирогч Б.Оюунбатын нэрийг буруу бичсэн, нэг хохиролтой үйлдэл холбогдол дээр  хохирогч давхардуулан тогтоосон,  Прокурор эрүүгийн 201509000814 дугаартай хэрэгт яллах дүгнэлт бичихдээ тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн 201609000814 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн зэрэг алдаанууд гаргасан байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 317.1.3, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.4, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,   Ц.У-д холбогдох эрүүгийн 201509000814 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Ц.У-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                          Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                          Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Б.МАНЛАЙБААТАР