Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/516

 

      2019      5      30                                     2019/ШЦТ/516                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                           Хэргийн индекс: 185/2019/0504/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           С.Уранбилэг,

Улсын яллагч                                          Б.Мөнгөншагай

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Даваахүү

Шүүгдэгч                                                  Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 1903003160201 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн засварчин, “Сендвик” ХХК-д тосолгоочин ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52-244 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Э.А /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 27-ны оройн 22 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Монгол Эйч Ди” телевизийн хойд замд “Тоёота Приус-30” маркийн 16-50 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин Б.Баярбаатарын жолоодон явсан “Тоёота Приус-20” маркийн 46-16 УНЕ улсын дугаартай автомашины араас мөргөсний улмаас уг автомашин нь явган зорчигч Л.Бадамжав, С.Янжиндулам нарыг мөргөж, С.Янжиндуламын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-10 тал/,

Э.Аийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Хохирогч С.Янжиндуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...чимээ гарахаар урагшаа 2,3 алхаад дайрах нь ойлгомжтой боллоо гэж бодсон чинь намайг ирээд мөргөсөн. ...Тэр жолооч ердөө тормос гишгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Баярбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны орой ...хороолол руу чиглэлтэй “Дөлгөөн нуур” өнгөрөөд явж байсан чинь миний машины араас асар хүчтэй юм дэлбэрэх шиг чимээ гарсан. Тухайн үед нүд харанхуйлаад ухаан алдсан. Эргээд сэрэхэд осол болчихсон байсан. ...Урд мөргүүлсэн 2 охиныг нэг нэгээр нь би босгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

Иргэний нэхэмжлэгч Л.Бадамжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны орой ...гэр рүүгээ явж байсан чинь бид хоёрын араас ирээд машин мөргөсөн. Мөргүүлснээс болоод би урагшаа үсэрч унасан. ...Манай найз машины баруун талд хашаанд хавчуулагдсан бололтой хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Баярбаатарын жолоодон явсан “Тоёота Приус-20” маркийн 46-16 УНЕ улсын дугаартай авто машиныг банкнаас зээлээр авахдаа миний нэр дээр авсан. Эзэмшигч нь Б.Баярбаатар юм. Үнэлгээгээр гарсан хохирлоо төлүүлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

Иргэний хариуцагч Ц.Мэргэнбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...”Тоёота Приус-30” маркийн 16-50 ДАР улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх юм. Би уг машиныг Мөнхжаргалд үлдээгээд явсан байсан. Харин эгчээс Амармөнх нь авч яваад осол гаргасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,

Гэрч О.Дөлгөөнтамирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны орой намайг “Панда” авто засварын урд замаар явж байхад “Тоёота Приус-30” маркийн автомашин нь “Тоёота Приус-20” маркийн автомашины араас маш хүчтэй мөргөж, зам тээврийн осол гаргасан. ...машинд хавчуулагдсан нэг хүн харагдсан. ...би очиж тэр эмэгтэйг татаж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4069 дугаартай: “...С.Янжиндуламын биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шилбэ, зүүн өвдөг, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун бугалга, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 74 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Болдбаатарын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан №176 дугаартай магадлагаа /хх-ийн 104 тал/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Э.А нь согтуугаар 2019.03.27-ны оройн 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Монгол Эйч Ди” телевизийн хойд замд Тоёота Приус-30 маркийн 16-50 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин иргэн Б.Баярбаатарын жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн 46-16 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч Лхагвасүрэнгийн Бадамжав, Буянгийн Баярбаатар нарын биед хөнгөн гэмтэл, хохирогч Сарантуяагийн Янжиндуламын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч Э.Аийн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.А-н дээрх үйлдэл нь согтуурсан үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хохирогчид зөвхөн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан тохиолдолд эрүүжих заалтыг хууль тогтоогч хуульчилсан учраас хохирогч Л.Бадамжав, Б.Баярбаатар нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд шүүгдэгч Э.А нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй болно.

Хэдий тийм боловч шүүгдэгч Э.А нь бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирлын асуудлыг хариуцах үүрэгтэй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Аөд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Хохирогч С.Янжиндулам нь “...хохирлыг Э.А нь тодорхой хэмжээнд барагдуулж 4 сая төгрөгийг өгсөн, хохирол, эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан болно...” /хх-ийн 146 тал/ гэсэн хүсэлтийг;

Иргэний нэхэмжлэгч Б.Баярбаатар нь “...Би үнэлгээгээр гарсан хохирлоо бүрэн барагдуулж авсан...” /хх-ийн 136 тал/ гэсэн хүсэлтийг;

Иргэний нэхэмжлэгч Б.Батсуурийн “...үнэлгээгээр гарсан хохирлоо төлүүлж авсан...” гэх мэдүүлгийг /хх-ийн 50 тал/ тус тус гаргасан байх тул шүүгдэгч Э.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү нь “...миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн байдал болон хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн өмгөөллийг явуулжээ.

Шүүгдэгч Э.А нь гэм буруугийн хувьд маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Э.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.А-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Э.А-д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Э.А-д анхааруулсугай.

5. Тэнсэгдсэн ялтан Э.А-д хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Э.А-н №637952 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд шилжүүлж, 16-50 ДАР улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машины №02190749 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч Ц.Мэргэнбилэгт буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан осол болох үеийн нөхцөл байдлыг бичсэн сидиг хэргийн хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч Э.А-с эмчилгээ болон бусад хохирол, төлбөртэй холбоотой асуудлаар нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар,  улсын яллагч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                                       Ж.БОЛДБААТАР