Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 705

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Аөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Дэлгэрмаа,

          шүүгдэгч Э.А,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/516 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Э.Аөд холбогдох ................................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.А, 1980 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн засварчин мэргэжилтэй, Сендвик ХХК-д тосолгоочин, засварчин ажилтай, ам бүл 1, .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................/;

 

Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 03 дугаар сарын 27-ны орой 22 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Монгол Эйч Ди” телевизийн хойд замд “Тоёота приус 30” загварын, 16-50 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөнөөс Б.Баярбаатарын жолоодон явсан “Тоёота приус 20” загварын, 46-16 УНЕ улсын дугаартай автомашины араас мөргөсний улмаас уг автомашин нь явган зорчигч Л.Бадамжав, С.Янжиндулам нарыг мөргөж, С.Янжиндуламын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тугчин овогт Энхтуулын Э.Аийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Э.Аөд тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг шүүгдэгч Э.Аөд анхааруулж, тэнсэгдсэн ялтан Э.Аөд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Э.Аийн №637952 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд шилжүүлж, 16-50 ДАР улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машины №02190749 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч Ц.Мэргэнбилэгт буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан осол болох үеийн нөхцөл байдлыг бичсэн СиДиг хэргийн хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээж, Э.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч Э. Э.Аөөс эмчилгээ болон бусад хохирол, төлбөртэй холбоотой асуудлаар нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.Аөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ: ...Тээврийн прокурорын газраас Э.Аөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2019 оны 05 дугаар сарын 14- ний өдөр 230 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2019/ШЦТ/516 дугаартай шийдвэртээ: шүүгдэгч Э.Аийг согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа уг шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн атлаа шүүгдэгч Э.Аөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй, орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэсэн заалтыг орхигдуулсан нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн байна.

Иймд Э.Аөд холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/516 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурьдсан үндэслэлийн дагуу зохих өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэмж хэлэх зүйл байхгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ... гэв.

 

Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 03 дугаар сарын 27-ны орой 22 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Монгол Эйч Ди” телевизийн хойд замд “Тоёота приус 30” загварын, 16-50 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөнөөс Б.Баярбаатарын жолоодон явсан “Тоёота приус 20” загварын, 46-16 УНЕ улсын дугаартай автомашины араас мөргөсний улмаас уг автомашин нь явган зорчигч Л.Бадамжав, С.Янжиндулам нарыг мөргөж, С.Янжиндуламын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 5-6/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр согтуурлын зэрэг нь 1.32%-тай гарсан тухай баримт /хх 11/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 18/, саарал өнгийн СД-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 19/, хохирол төлсөн тухай баримтууд /хх 30-33/, мөрдөгчийн магадлагаа /хх 104/, өвчний түүх /хх 137-144/,  хохирол төлөгдсөн талаарх Б.Баянбаатарын тодорхойлолт /хх 136/, хохирол төлөгдсөн талаарх С.Янжиндуламын хүсэлт /хх 146/,

 С.Янжиндуламын биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шилбэ, зүүн өвдөг, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун бугалга, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4069 тоот /хх 73-74/ дүгнэлт,

хохирогч А.Инжмаа /хх 20-22/, С.Янжиндулам /хх 24-27/, Л.Бадамжав /хх 34-37/, Б.Баярбаатар /хх 39-42/, иргэний нэхэмжлэгч Б.Батсуурь /хх 49-50/, иргэний хариуцагч Ц.Мэргэнбилэг /хх 55-56/, гэрч О.Дөлгөөнтамир /хх 63/, Б.Ариунбаатар /хх 65/, Ж.Мөнхжаргал /хх 67/ нарын мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Аийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Аийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүхээс Э.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Аөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.”  гэж заажээ.

 

Анхан шатны шүүх, Э.Аөд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж шийдвэрлэсэн атлаа эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эхэлж тоолох талаар орхигдуулж шийдвэрлэсэн байх ба энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/516 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ