Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 30

 

Г.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                         А.Оргилбаяр

Ялтан                                               Г.Б-

Ялтны өмгөөлөгч                            Н.Баттунсаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Б- болон ялтны өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ийн Б-од холбогдох эрүүгийн 201609000415 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 6, ээж, 2 эгч, 3 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 1 дүгээр гудамж 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г-ийн Б-, /РД:97041219/ нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шөнө 22:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 7 дугаар гудамжны 10 тоот хашааны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин М.Мөнхбаяр, М.Шинэбаяр нартай маргалдаж улмаар заазуураар хохирогч Д.Оргилбаярын нүүрний зүүн хацрыг зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Б-од холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Б-од 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнийг эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээд шатны прокурорын шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлд:”... ялтан Г.Б- нь урьд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 207 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ. Уг хэргийг Г.Б- нь  2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй байна. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан “ хорих ялыг тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Г.Б-ыг тэнсэн хянан харгалзахаар тогтоосон 1 жилийн хугацаа нь өршөөгдөж ялгүй болох ба түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Г.Б- нь ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож..” гэж ялтай байдалд буруу дүгнэлт өгч, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу ойлгон хэрэглэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялыг оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолд “... Г.Б-ын үйлдэж ял шийтгүүлсэн дээрх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд  Г.Б-ын хувьд тэрээр биечлэн ял эдлээгүй, харин оногдуулсан ялыг тэнссэн учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “...ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэх заалтыг хэрэглэхгүй бөгөөд харин уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заасан “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн ялыг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтыг хэрэглэх ёстой байсан. Улмаар  Г.Б-ын урьд хорих ял шийтгүүлсэн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр тогтоол бөгөөд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан хараглзасан байхад 70 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар”... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй буюу шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Ялтны өмгөөлөгч Н.Баттунсаг болон ялтан Г.Б- нарын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд: “... Анхан шатны шүүх Г.Б-ын үйлдэл ба 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсон хэрэг учралд хууль зүйн дүгнэлт өгөхдөө гэмт хэрэг гарах болсон сэдэлт, шалтгаан тухай үеийн Г.Б-ын санаа зорилгыг анхаарч үзэлгүй танхайн сэдэлттэй гэж үзсэн нь хууль буруу хэрэглэхэд хүрсэн гэж үзэж байна. Г.Б- нь тухайн өдөр төрсөн ах дүү болох М.Мөнхбаяр, М.Шинэбаяр нартай муудалцаж зодолдоцгоогоод ах дүү хоёрт зодуулсандаа шаралхаж баахан уйлж сууснаа зодоон дууссанаас хойш гэрээсээ заазуур авч яваад зогсоох гэсэн хүнийг өөрөө ч мэдэхгүй, хохирогч мэдээгүй гэмтэл учруулсан байдаг. Танхайрах гэмт хэрэг таслан зогсоогдсон буюу төгссөний дараа гэмт этгээд шаардлага тавьсан иргэнийг эсэргүүцсэн нь танхайрах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохгүй тул энэ тохиолдолд тухайн үйлдлийг хүний амь бие, эрүүл мэнд, эрх эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Г.Б-ыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгэж, түүнийг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар тэнсэж хянан харгалзах хугацаа арилж, энэ удаагийн хэрэгт анх удаа гэж үзэх эрх зүйн байдал үүсч байгаа юм. Хууль буруу хэрэглэснээр шүүгдэгч Г.Б-од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-д заасан боломж хаагдсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хууль хэрэглээг зөвтгөж хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор А.Оргилбаяр гаргасан тайлбар дүгнэлтэндээ:  Дээд шатны прокурорын гаргасан давж заалдах эсэргүүцлийг дэмжиж байна.  Хэрэгт цугларсан нотлох баримтаар Г.Б- нь 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, уг 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзасан байна. Энэ хянан харгалзсан хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 207 дугаар тогтоолоор Г.Б-од оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүнийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Ийм учраас тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүссэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Н.Баттунсаг: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Г.Б-ын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б-од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл анги нь түүний үйлдсэн хэргийн сэдэлт, санаа зорилгод тохироогүй, Г.Б- нь энэ хэргийг хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бөгөөд түүний үйлдэлд танхайрах гэмт хэргийн шинж агуулагдаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тохирох зүйл хэсгээр зүйлчлэж ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна. Түүнчлэн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Г.Б- нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шөнө 22:00 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 7 дугаар гудамжны 10 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн М.Мөнхбаяр, М.Шинэбаяр нартай маргалдаж улмаар иргэн А.Оргилбаярын нүүрний зүүн тал буюу зүүн хацрыг нь заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-од 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын эсэрүүцэл болон ялтан түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд “...анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Г.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл нь тохироогүй...” гэсэн үндэслэлээр   хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь, ялтны өмгөөлөгч Н.Баттунсагийн давж заалдах  гомдлын Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдын үндэслэлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Г.Б-ын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн танхайрах гэмт хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул ялтан болон түүний өмгөөлөгч Н.Баттунсагийн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхийг хүссэн давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй байна. Харин шүүх 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай  хуулийг буруу хэрэглэж, Г.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэсэн дээд шатны прокурорын болон ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авч тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах зүйтэй байна.

Учир нь Г.Б- нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө буюу 2015 оны 2, 3, 4 дүгээр сард гэмт хэрэг үйлдэж энэ хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт хавсаргаж ирүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа нь  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар  хэрэгсэхгүй болжээ.

Гэтэл анхан шатны шүүх Г.Б-од 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байхад Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт хийсэн нь Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хууль болон Эрүүгийн хуулийг буруу ойлгож тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Ялтан Г.Б-ын хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон  тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтыг:

“ 1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Б-ын Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн  207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгосугай.”гэж;

“ 3 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн Б-ыг 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.”гэж;

“ 4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Б-од оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                       ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                         Ц.АМАРЖАРГАЛ