| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 102/2016/03916/и |
| Дугаар | 1609 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 1609
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00360 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н.Ц-д холбогдох
Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээний үүрэгт 5 035 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э ,
Хариуцагч Н.Ц ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК иргэн Н.Ц хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15/26 тоот бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулсан. Худалдагч тал чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч тал бүтээгдэхүүнийг хүлээн авах, үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Гэрээгээр тохиролцсон бетон зуурмагийг худалдагч тал нь хуваарийн дагуу захиалагч талд нийлүүлж дууссан боловч захиалагч гэрээний 2.6-д зааснаар захиалагч нь гэрээ байгуулаад 2 000 000 төгрөг төлнө. Үлдэгдэл 11 160 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулах үүргээ гүйцэтгээгүй буюу бетон зуурмагийн үнийг бүрэн төлөөгүй болно. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15/26 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Н.Ц нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэхүү гэрээний 2-т заасан хуваарийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй боловч төлбөрийг дутуу төлж 4 240 000 төгрөгийн авлага нэхэмжлэгч “Э” ХХК-д үүссэн байна. Дээрх мөнгийг төлж барагдуулахыг Н.Ц гаас шаардахад удахгүй төлнө хэмээн удаа дараа худал хэлж, цаг хугацаа алдагдуулан биднийг хохироосоор байна. Иймд үлдэгдэл төлбөр 4 240 000 төгрөг, алданги 795 000 төгрөг нийт 5 035 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Э” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрээс урьдчилгаа 2 000 000 төгрөг өгч, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 94 куб буюу 11 160 000 төгрөгийн зуурмагийг худалдаж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах ямар ч гэрээ байгуулаагүй. Би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрөө гуйж байгаад худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би анхнаасаа ямар ч хүү, алданги төлж чадахгүй гэсэн. Үлдэгдэл мөнгийг нь 2015 оны 11 дүгээр сарын 20-нд багтаан банкнаас зээл аваад өгөх гэсэн боловч бүх банк зээлээ хаасан байсан. Гэсэн ч би бололцоогоороо мөнгийг нь цуглуулж өгч байгаа. 11 160 000 төгрөгөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-нд 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-нд 1 800 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 07-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сард 1 360 000 төгрөг өгөөд, одоо үлдэгдэл 4 000 000 төгрөг үлдсэн байгаа. “Э” ХХК нь дандаа хүү, алданги төл гэж дарамталж байдаг гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Ц гаас 4 844 200 төгрөг гаргуулан “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 190 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92 457 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Э” ХХК-иас би 2015 оны 11 дүгээр сарын 02-нд 13 160 000 төгрөгийн зуурмаг авсан. Урьдчилгаа 2 000 000 төгрөг барьцаанд машин, газрын бичгээ өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 06-нд 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-нд 1 800 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 06-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сард 1 360 000 төгрөг өгөөд нийт төлөх ёстой мөнгөнөөс 4 000 000 төгрөг үлдсэн. Би анхнаасаа ямар ч хүү, алданги төлөхгүй гэсэн. Гадаад улс руу эмчилгээнд 27-ны өдөр явсан үеэр шүүх хурал болоод шүүхийн шийдвэрээр 844 200 төгрөгийн алданги төлөхөөр болсон байна. Би өөрөө өвчин зовлонтой, бас хүүхэдтэй, хүү төлөх боломжгүй. би гомдолтой байна. Бололцоогоороо мөнгийг төлж байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч Н.Ц-д холбогдуулан нэхэмжлэгч “Э” ХХК нь бетон зуурмагны төлбөр, алданги нийт 5 035 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч, үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөгийг төлнө, алданги төлөхөөр тохиролцоогүй гэж маргажээ.
Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч нь БМ-250 маркийн 94 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр төлж, үлдэх 11 160 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцож, уг гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа зуурмагийн үлдэгдэл төлбөр 6 360 000 төгрөгийг 3 сарын хугацаанд сар бүр 2 120 000 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцсон байна.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Зохигчид дээрх гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэнтэй нийцэж байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь үлдэгдэл төлбөр 4 240 000 төгрөгөөс 240 000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байна.
Шүүх хариуцагчийн гэрийн хаягаар 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүргүүлснийг түүний нөхөр хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.
Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.
Шүүх хариуцагчаас үлдэгдэл төлбөр, алдангид 4 844 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХТӨР