Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 111/2018/0026/З |
Дугаар | 221/МА2019/0579 |
Огноо | 2019-11-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2019/0579
Н.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхж аргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Э-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дүгээр захирамжийн П.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ “Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан Н.Э-гаас ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны болон 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлтүүдийн агуулгаас харвал маргаан бүхий захиргааны актыг мэдсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас албан ёсоор мэдэгдээгүй зэрэг нөхцөл байдлыг дүгнэвэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 387 дугаартай албан бичгээр П.Э-ын эзэмшилд тус газар нь байгаа талаар албан бичгийг хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх албан ёсоор мэдэгдээгүй гэж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар нэг талыг баримтлан шийдвэрлэсэн, энэ талаарх баримтыг бүрдүүлээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт тус газар нь П.Э-ын эзэмшилд байгаа талаар албан бичгээр мэдэгдсэн талаар нотлох баримт хэргийн материалд авагдсаар байтал шүүхээс албан ёсоор мэдэгдээгүй гэж буруу дүгнэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд шийдвэрлээгүй. Нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийсэн. Н.Э нь орц гарц хаасан асуудлаар маргасан буюу хөндөгдсөн эрх ашиг нь орц гарц хааснаар үүсэж байна гэж үзэж байхад шүүхээс огт өөр асуудлаар дүгнэлт хийж үндэслэх хэсэгтээ “...нээлттэй төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүйгээс...” эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Шүүхээс үндэслэх хэсэгтээ дээрх дүгнэлтийг хийсэн мөртлөө “... гуравдагч этгээд П.Э-т газар нэмж эзэмшүүлсэн газартаа хаалт хийснээс үл хамааран Н.Э эзэмшлийн газартаа өргөн цементтэй хашаатай, хойд хэсгээрээ орц гарцгүйг дурдах нь зүйтэй” гэж 2 эсрэг байр суурийг шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн нь ойлгомжгүй байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.Э нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дүгээр захирамжийн П.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд П.Э нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145 дугаар захирамжаар “С т” ХХК-аас 1362 м.кв газрыг шилжүүлэн авсан байх бөгөөд өөрийн эзэмшлийн газартай зэрэгцээ нийтийн эзэмшлийн 155 м.кв газрыг нэмж эзэмших тухай хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргаж, улмаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр “Нэмэлт төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Номгон багийн Е э захын хойд талд 155 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор шийдвэрлэжээ.
Ингээд маргаан бүхий аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Г л” дэлгүүрийн баруун талд байрлалтай П.Эын 222.3 м.кв газар дээр нэмж 155 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
1. Нэхэмжлэгч Н.Э нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Гоо марал эмийн сангийн арын гудамжыг хувааж эзэмших тухай” хүсэлт гаргаж, түүнийхээ хариуг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 387 дугаар албан бичгээр авахдаа дээр дурдсан нийтийн эзэмшлийн газраас 155 м.кв газрыг П.Э-т эзэмшүүлснийг мэдсэн.
Гэвч тухайн газрыг П.Э-ын эзэмшилд өгснийг эс зөвшөөрч удаа дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гомдол, хүсэлт гаргаж байсан төдийгүй аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 309 дүгээр албан бичгээр гуравдагч этгээд П.Э-т бусдын орц гарцыг хаасан үндэслэлээр орц гарцыг чөлөөлөх арга хэмжээ авахыг мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн урьдач нөхцөл нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үйл баримт хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаангүй байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад удаа дараа гомдол гаргаж байснаас гадна түүний гомдлыг хангаж газар чөлөөлөх мэдэгдэл өгч байсан зэрэгт дүгнэлт хийвэл 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргад гомдол гаргаж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нийтийн эзэмшлийн газрыг бусдад эзэмшүүлэхээр шилжүүлсэн, бусдын эзэмшил газрын орц, гарцыг хаасан” гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаан дээр тодруулж “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулаагүй нь хууль бус” гэж тайлбарлажээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Нэмэлт төлөвлөгөө батлах тухай” 71 дүгээр тогтоолыг гаргахдаа сумын Засаг даргаас санал аваагүй, түүнчлэн нийтийн эзэмшлийн газрыг бусдад эзэмшүүлэхдээ нийтэд мэдэгдээгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Ийнхүү маргаан бүхий газрын хөрш зэргэлдээ газар эзэмшигч Н.Э-д болон бусад этгээдэд сонгон шалгаруулалтад оролцох боломж олгоогүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх ба энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай нийцээгүй гэж үзнэ.
Иймд гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс гаргасан “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй нээлттэй төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүйгээс эрх ашиг хөндөгдсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул “эзэмшил газрын орц, гарцыг хаасан” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй холбоотойгоор давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ c.Мөнхжаргал
ШҮҮГЧ О.НОМУУЛИН