Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

 

   2019         05           08                                   2019/ШЦТ/342

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-, түүний өмгөөлөгч Д.Даваадорж /ҮД:2781/,

шинжээч Б.Батзориг,

иргэний хариуцагч С.М-,

шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн /ҮД:2498/ Д.Түмэнжаргал /ҮД:2425/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С-ийн С-од холбогдох эрүүгийн 1803007670447 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.С- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн 7 дугаар хэсгийн хойд замд “Тоёота Приус” маркийн .... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд саад аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 50 настай Т.О-ийг мөргөж, амь насыг хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч С.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цаг 10 минутын үед ажлаа тараад явж байтал 2 цуваа машины гэрлийн гялбаанд орсон. Би тухайн үед 58 км/цагийн хурдтай явж байсан ба хурдаа хасаад машины хажуугаар өнгөртөл талийгаачийг мөргөөд зогссон. Би машиныхаа хурдыг хасаад гэрлээ ойрын гэрэл рүүгээ шилжүүлсэн. Гэтэл тухайн 2 машин гэрлээ шилжүүлээгүй. Би машиныхаа хурдыг ойролцоогоор 10 км/цагийн хурдаар хассан. Миний машины өмнө цагдаагийн машин 40 км/цагийн хурдтай явж байсан. Би цагдаагийн машиныг гүйцэж түрүүлэхэд 58 км/цагийн хурдтай явж байсан. Гэрлийн гялбаанд ороод хурдаа хасаад машинтай зөртөл осол гарсан. Би хэрэг гарсан газраар байнга явдаг. Тухайн замаар бараг хүн яваад байдаггүй, тэр газарт ус зайлуулах тунель байдаг. Замын баруун талд айл байдаггүй, явган хүн байтугай мал ч гарах боломжгүй. Хажуугаар нь Туул гол урсдаг. Тухайн үед харанхуй болсон байсан. Осол гарсан газраас 190-ээд метрийн зайд явган хүний гарц, автобусны буудал байдаг. Тухайн үед миний гар утасны цэнэг дуусчихсан байсан тул би ард явж байсан машины хүнээс цагдаа, түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Цагдаагийн машин миний машины ард ирээд зогссон. Машинаасаа эмийн сангаа гаргаж ирээд анхны тусламж үзүүлээд байж байтал 20 гаруй минутын дараа түргэн тусламж ирээд талийгаачийг аваад явсан. Хэрэг гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй яриад 160.000 төгрөгийн эм, тариа авч өгсөн. Намайг эргэж тойрч байгаагүй гэж хэлж байгааг гайхаж байна. Хохирогчийн талаас над руу залгаад өөрийг чинь ийм болгоно гэж хэлж байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед манай нөхрийн дүү ирээд “замын цагдаагийн газраас ахыг осолд орсон байна гэж ярьлаа” гэж хэлсэн. Би 2 хүүхэдтэйгээ, нөхрийнхөө дүүтэй эмнэлэг дээр очиход манай нөхөр ухаангүй байсан. Эмчтэй уулзах гэтэл эмч нь хагалгаанд орчихсон гээд сувилагчтай нь уулзахад “биеийн байдал нь маш хүнд байна, найдвар муутай байна” гэсэн. Би тухайн өдөр ажилтай байсан тул ажил руугаа яваад 2 хүүхэд маань аавыгаа сахиад үлдсэн. Эмч нар “хэвлийн хөндийд маш их шингэнтэй байна. Иймд эхлээд хэвлийн хөндийн хагалгаанд оруулах шаардлагатай. Амь насны заалттай гээд бид нараар гарын үсэг зуруулаад хагалгаанд оруулсан. Хэвлийн хөндийн хагалгаанд оруулаад даралт нь тогтворжингуут та нар тархины хагалгаанд оруулах эсэхээ шийд” гэхээр нь тархины хагалгаанд оруулсан. Талийгаач сэхээн амьдруулахад нилээн хэд хоносон. Тухайн үед С- надтай холбоо бариагүй. Талийгаачийн биеийн байдал нэг хэсэг гайгүй болсон тул тасаг руу гарсан боловч эргээд сэхээн амьдруулах тасаг руу оруулсан. Би тэр үед С- руу яриад “манай нөхрийн бие муу байна, чи ирж уулз” гэхэд хүрээд ирсэн. Гэхдээ надад мөнгө, төгрөгийн тусламж үзүүлээгүй болохоор эм тарианы зардал их гарч байгааг харуулахын тулд эдгээр эм тариаг аваад ир гээд явуулсан. С- эм тариа авчирч өгөөд хэдэн төгрөг болсон талаар хэлээгүй. Бид талийгаачид өдөр бүр тариа хийлгэж байсан. Манай нөхрийн ах дүү нар болон С-ыг байхад эмч “энэ хүн тархины хүнд гэмтэл авсан тул биеийн байдал нь хүнд байна” гэж хэлсэн. Талийгаач 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 40 хоног эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед талийгаач ухаан орохгүй байсан ба хоол унд идэхгүй, судсаар нь уураг хийдэг байсан. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дунд чөмөгний хагалгаанд орсон. Талийгаач эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа дотуураа цус алдаж, байнга халуурдаг байсан. Талийгаач 2018 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 01 цагт нас барсан. Эмчилгээний зардал  4.120.000 төгрөг, оршуулгын зардалд 12.000.000 төгрөг, талийгаачийн буяны ажилд 6.900.000 төгрөгийг тус тус зарцуулсан. Нийт 16.000.000 төгрөг зарцуулсан. Гомдолтой байна гэв.

Иргэний хариуцагч С.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ах С- тухайн автомашиныг өөрөө худалдаж авахдаа миний нэр дээр авсан. Би оршуулгын зардал болон эмчилгээний зардлыг нь төлнө. Би хэрэг гарсан өдөр ах С-той эмнэлэг дээр очиход “та нар хүн алчихлаа” гээд байсан. Би баримттай зардлыг төлнө гэв.

Шинжээч Б.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэмд “хөдөлгөөнд оролцож байгаа жолооч аюул саад бий болохыг мэдсэн байх үүрэгтэй” гэж заасан. Жолооч харах үүргээс чөлөөлөгдөхгүй. Явган зорчигч нь “үзэгдэх орчинд гарц гарамгүй тохиолдолд 2 тийш саадгүй хэсгээр ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлсний дараа зам хөндлөн гарна” гэж заасан. Явган зорчигч, жолооч нар нь өөрт хамаарах Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн тул тухайн осол гарсан гэж дүгнэлт гаргасан. ...Машин баруун гар талаас ирж байсан зорчигчийг өнгөрүүлээд зүүн гар талаас нь мөргөсөн. Явган зорчигч жолоочийн баруун гар талд  явж байсан. Эгц хөндлөн гэдэг нь тухайн зам дээр перпендикуляр чиглэлд явж байгаа тохиолдолд эгц хөндлөн явж байна гэсэн үг юм. Хэрэг гарсан газар явган хүний гарц 900 метрийн зайтай байсан. Явган зорчигч хойноос урагш чиглэлд явж байсан. Харин машин зүүнээс баруун чиглэлд явж байсан гэв.

 

Эрүүгийн 1803007670447 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Шөнө гэртээ байж байхад манай хүүхэд залгаад “аав осолд орчихсон гэмтэл дээр байна” гэхээр очтол манай хүн ямар ч ухаангүй сэхээнд байсан. Осол гарснаас хойш ухаан ороогүй. Эмчилгээ сувилгаанд 2 сая гаран төгрөг болж байна. Жолооч талаас нэг л удаа 200.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш ямар нэг тусламж үзүүлээгүй. Эмнэлэг шаардлагатай гэсэн бүх зүйлийг хийсэн гээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан. Талийгаачийн бие нь тааруухан байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01 цаг өнгөрч байхад гэртээ нас барсан. ...Хохирлоо гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,

Иргэний хариуцагч С.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр уг автомашиныг Да хүрээ захаас авах гээд мөнгө хүрэхгүй болохоор нь М.Б- гэдэг хүнээс 4.000.000 төгрөг зээлээд нөгөө хүнийхээ нэр дээр машинаа шилжүүлж авсан. Би одоогоор М.Б- гэдэг хүнд 2 сарын төлөлт хийсэн. Тэгээд худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Би зээлээ 2019 оны 08 сард төлж дуусах үүрэгтэй. ...Хүн мөргөх үед машины салхины шил нь хагарсан, зүүн талын их гэрэл хагарсан байсан. Би С.С-ын төрсөн дүү нь байгаа. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор машиндаа үнэлгээ хийлгээгүй. Би болон манай ах уг машин дээр бүрэн даатгалтай...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 111-р хуудас/,

Гэрч М.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би осол хэрэг гарсан тухай 20 цаг өнгөрч байхад мэдсэн. Манай нөхөр С- хүний утаснаас залгаад “би хүн мөргөчихлөө” гэхээр нь ослын газарт очиход цагдаа нар ирчихсэн гэмтсэн хүнийг нь түргэн аваад явчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 118-р хуудас/,

Гэрч П.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Уг өвчтөн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ухаангүй ирсэн ба нарийн шинжилгээ хийж үзэхэд сүрьеэ өвчний шинж тэмдэг илрээгүй. Сүрьеэ өвчин нуугдмал үедээ явж байсан байхыг үгүйсгэхгүй. Зам тээврийн осол хэргээс болж өвчтөний дархлаа суларч сүрьеэгийн нууц үе идэвхижсэнээр сүрьеэгийн голомт сэдэрсэн байж болно. Уг өвчин амьсгалын замаар халдварлана. Гадаад орчин болон амьдарч байгаа орчноос халдвар авсан байхыг үгүйсгэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 123-124-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №11081 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...хэсэг газрын үзлэгт: Зүүн зовхины цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын нурууны зулгаралттай, зүүн дунд чөмөг бэхэлгээтэй, шээс катетраар 700мл орчим тунгалаг шаргал өнгөтэй гарсан. Дүгнэлт.

1. Т.О-ийн биед зүүн зулай, чамархай, суурь яс, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясны далд хугарал зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, давсагны урагдал, хэвлийн гялтангийн шээст үрэвсэл, зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн зовхины цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 1-р хавтас 126-127-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №2303 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Талийгаач нь сүрьеэ өвчний улмаас нас баржээ.

2. Талийгаачийн биед гавлын зүүн чамархай яс, суурь ясны хугарал, зүүн 6,8,9-р хавирганы хугарал, бага аарцгийн хөндийн гялтангийн ард цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй.

4. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байжээ. /хх-ийн 1-р хавтас 192-195-р хуудас/,

 

Шинжээч эмч М.Аригуунтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Зам тээврийн осол хэрэгт орохоос өмнө сүрьеэ өвчтэй байсныг мэдэхгүй. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Т.О-ийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд баруун зүүн уушиг, дэлбэн хооронд наалдсан зүслэгийн талбайд тархмал 0.2см голчтой шар будаа мэт маш олон тооны голомттой, баруун уушигны дунд доод дэлбэн, зүүн уушигны дээд доод дэлбэнд олон тооны ногоон өнгийн идээ агуулсан холбогч эдээс хана бүхий хөндийнүүдтэй байсан. Уушигнаас эд эсийн шинжилгээнд эд авч хариуг харахад уушигний сүрьеэ өвчин батлагдсан. Зам тээврийн осолд орж биеийн дархлаа муудсанаас сүрьеэ өвчин сэдэрч болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 196-197-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн №382 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжээч О.Болороогийн гаргасан 2018.09.16-ны өдрийн 11081 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018.11.05-нь өдрийн Цогцост хийсэн задлан шинжилгээний 2303 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан “зүүн 6-р хавирга суганы дунд шугамаар, 8-р хавирга суганы дунд шугамаар, 9-р хавирга суганы арын шугамаар шууд хугаралтай аарцагны хөндийн гялтангийн цус хуралт” бүхий гэмтлүүд нь тухайн авто ослын үед үүссэн байх боломжтой.

3. Талийгаач Т.О- нь уушгины цочмог амьсгуурсын хатгалгаа, уушгины идээт бактерит буглаа, уушгины сүрьеэ өвчний улмаас биеийн ерөнхий хордлогонд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ.

4. Талийгаач Т.О- нь авто ослын улмаас үүссэн зүүн зулай, чамархай, суурь яс, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясны далд хугарал, зүүн зулай чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, давсагны урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтэрт байснаас дээрх үхэлд хүргэсэн өвчнөөр хүндэрсэн байх боломжтой байна. /хх-ийн 2-р хавтас 60-66-р хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №218 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Приус маркийн .... УНБ дугаартай тээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ, зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал, явах эд анги, дугуй дугуйн хээний гүн зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин зүүн гар талын урд крыло нугаларч хонхойсон, урд буфер зүүн гар талын сэнж нь мултарч будаг замаск халцарсан, зүүн гар талын их гэрэл хагархай, копут зүүн гар талдаа хонхойж нугаларсан, урд салхины шил зүүн гар талын булан хэсэгтээ цацарч цуурч хагарсан, зүүн гар талын салхины шилны багана шил хагарсан хэсэгт хонхойсон, баруун гар талын их гэрлийн сэнж хугархай, дугаарын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Зүүн гар талын урд крыло нугаларч хонхойсон, урд буфер зүүн гар талын сэнж нь мултарч будаг замаск халцарсан, зүүн гар талын их гэрэл хагархай, копут зүүн гар талдаа хонхойж нугаларсан, урд салхины шил зүүн гар талын булан хэсэгтээ цацарч цуурч хагарсан, зүүн гар талын салхины шилны багана шил хагарсан хэсэгт хонхойсон, баруун гар талын их гэрлийн сэнж хугархай, дугаарын гэрлийн чийдэн асахгүй эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Дээрх эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн эвдрэл гэмтэл тул тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй.

4. Нөлөөлсөн гэх эвдрэл гэмтэл байхгүй байна.

5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй.

6. Тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.

7. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын их гэрэл хагарсан, сэнжнүүд хугархай боловч гэрлийн чийдэн шатаагүй тусгалын чадал хэвийн байлаа.

8. Уг тээврийн хэрэгсэл хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 03-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.

9. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. /хх-ийн 1-р хавтас 204-212-р хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 763 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Приус маркийн .... УНБ дугаартай автомашины жолооч С-ийн С- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хзрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Т-ийн О- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтад заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна. /хх-ийн 1-р хавтас 219-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 5-р хуудас/,

Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 7-р хуудас/,

Баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 8-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсэг, шулуун тэгш, хуурай гадаргуутай, суурингийн доторх, үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, 2 эгнээ, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв. Жолооч С.С- болон хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан явган зорчигчийг анх мөргөсөн гэх цэгийг заалгаж А үсгээр тэмдэглэсэн. Хэмжилтээр А цэгээс хүн мөргөгдөөд газарт унасан Б цэг хүртэл 14.70 м” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 1-р хавтас 9-15-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан: “зүүн их гэрэл хагарсан, урд салхины шил хагарсан, урд копут хонхойсон” гэх тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 16- 17-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 20-24-р хуудас/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 27-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 1-р хавтас 49-108-р хуудас/,

Амь хохирогчийн өвчний түүх, амбулаториорын эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 1-р хавтас 129-190, 2-р хавтас 38-53-р хуудас/,

Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 113-115-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 116-117-р хуудас/,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 215-217-р хуудас/,

Шүүгдэгч С.С- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн дүү С.М-ын эзэмшлийн Т.Приус маркийн .... УНБ дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 3-р хороо, 7-р хэсгийн хойд замаар зүүнээс баруун гар тийш нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тэгтэл өмнөөс зөрсөн машины гэрэлд гялбаад өнгөртөл машиныхаа зүүн урд хэсгээрээ юм мөргөөд зогссон. Буугаад очтол нэг хүн газарт хажуу тийшээ хараад хэвтэж байхаар нь түргэн тусламж дуудах гэсэн чинь утасны цэнэг дууссан байсан. Тэгээд араас явж байсан алаг машины жолоочоос утсыг нь аваад түргэн тусламж дуудсан. Би явган зорчигчийг хараагүй. Гэнэт л гараад ирсэн. Осол хэрэг гарсан газрын ойр орчим ямар нэг барилга байгууламж байхгүй, явган хүний гарц байхгүй байсан. Би тэр замаар байнга явдаг юм. Осол гарсан газарт Замын гэрэлтүүлэг байддаггүй. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн үхлийн шалтгаан өмнө нь сүрьеэ өвчнөөр нас барсан гэж гарчихаад одоо яагаад өөрчлөгдөж байгааг сайн ойлгохгүй байна. Гэмтэл тогтоох үед гараагүй гэмтэл дараа нь гарсан байна. Би осол хэрэг гарснаас хойш хохирогчид 3.400.000 орчим төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 227-р хуудас, 2-р хавтас 78-79-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 228-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 229-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 236-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.С-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гэм буруугийн талаар.

 

            Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: Шүүгдэгч С.С- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн 7 дугаар хэсгийн хойд замд “Тоёота Приус” маркийн .... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд саад аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Т.О-ийг мөргөж хүнд гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-ийн “Манай нөхөр Т.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой осолд орсноос хойш хэвлийн хөндий, тархины, дунд чөмгөө хадуулах гээд гурван удаа хагалгаанд орсон. Талийгаач нь нас барах хүртэл ихэнхдээ ухаангүй, ухаан орсон ч бүдэг ухаантай байсаар нас барсан. Гэмтлийн эмнэлэгт шаардлагатай гэсэн бүх зүйлийг хийсэн гээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгээс гаргасан. Талийгаач 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01 цаг өнгөрч байхад гэртээ нас барсан. Манай нөхөр осолд орохоос өмнө ямар нэг өвчин хэлж байгаагүй эрүүл байсан. Сүрьеэ өвчингүй байсан. Гомдолтой байна гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №11081 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.О-ийн биед зүүн зулай, чамархай, суурь яс, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясны далд хугарал зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, давсагны урагдал, хэвлийн гялтангийн шээст үрэвсэл, зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн зовхины цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 126-127-р хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №218 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Приус маркийн .... УНБ дугаартай тээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ, зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал, явах эд анги, дугуй дугуйн хээний гүн зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин зүүн гар талын урд крыло нугаларч хонхойсон, урд буфер зүүн гар талын сэнж нь мултарч будаг замаск халцарсан, зүүн гар талын их гэрэл хагархай, копут зүүн гар талдаа хонхойж нугаларсан, урд салхины шил зүүн гар талын булан хэсэгтээ цацарч цуурч хагарсан, зүүн гар талын салхины шилны багана шил хагарсан хэсэгт хонхойсон, баруун гар талын их гэрлийн сэнж хугархай, дугаарын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Зүүн гар талын урд крыло нугаларч хонхойсон, урд буфер зүүн гар талын сэнж нь мултарч будаг замаск халцарсан, зүүн гар талын их гэрэл хагархай, копут зүүн гар талдаа хонхойж нугаларсан, урд салхины шил зүүн гар талын булан хэсэгтээ цацарч цуурч хагарсан, зүүн гар талын салхины шилны багана шил хагарсан хэсэгт хонхойсон, баруун гар талын их гэрлийн сэнж хугархай, дугаарын гэрлийн чийдэн асахгүй эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Дээрх эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн эвдрэл гэмтэл тул тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй.

4. Нөлөөлсөн гэх эвдрэл гэмтэл байхгүй байна.

5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй.

6. Тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна.

7. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын их гэрэл хагарсан, сэнжнүүд хугархай боловч гэрлийн чийдэн шатаагүй тусгалын чадал хэвийн байлаа.

8. Уг тээврийн хэрэгсэл хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 03-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.

9. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. /хх-ийн 1-р хавтас 204-212-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 763 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Приус маркийн .... УНБ дугаартай автомашины жолооч С-ийн С- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хзрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Т-ийн О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтад заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 219-р хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсэг, шулуун тэгш, хуурай гадаргуутай, суурингийн доторх, үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, 2 эгнээ, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв. Жолооч С.С- болон хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан явган зорчигчийг анх мөргөсөн гэх цэгийг заалгаж А үсгээр тэмдэглэсэн. Хэмжилтээр А цэгээс хүн мөргөгдөөд газарт унасан Б цэг хүртэл 14.70 м” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 1-р хавтас 9-15-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 20-24-р хуудас/,

           Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан: “зүүн их гэрэл хагарсан, урд салхины шил хагарсан, урд копут хонхойсон” гэх тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 16- 17-р хуудас/,

           Гэрч М.Б-ын ...Би осол хэрэг гарсан тухай 20 цаг өнгөрч байхад мэдсэн. Манай нөхөр С- хүний утаснаас залгаад “би хүн мөргөчихлөө” гэхээр нь ослын газарт очиход цагдаа нар ирчихсэн гэмтсэн хүнийг нь түргэн аваад явчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 118-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

           Улсын яллагчаас “шүүгдэгч С.С-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргаан хэм, хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хохирогч Т.О-ийн амь насыг хохироосон гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан.

            Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс “С.С-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэж буруутгасан. Жолооч аюул, саад учрахыг “мэдсэн” байхыг шаардаж байна. Хэрэв жолооч аюул, саад учирна гэдгийг мэдээгүй бол гэмт хэрэг болохгүй. Мөн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 763 дугаартай дүгнэлт гаргасан этгээд нь дүгнэлт гаргах эрх бүхий этгээд гэдгийг нотолсон баримт байхгүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал “2004 онд батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. Иймд хүчин төгөлдөр бус эрхийн акт баримталж шинжээчийн дүгнэлт гаргасан тул С.С-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

         Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь үйл явцаараа тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай. Гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох нь Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ач холбогдолтой юм.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: амь хохирогч Т.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой зам тээврийн осолд орсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, эмчлэгдэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байна. Амь хохирогч Т.О- нь “сүрьеэ өвчний улмаас” нас барсан болох нь:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №2303 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Талийгаач нь сүрьеэ өвчний улмаас нас баржээ.

2. Талийгаачийн биед гавлын зүүн чамархай яс, суурь ясны хугарал, зүүн 6,8,9-р хавирганы хугарал, бага аарцгийн хөндийн гялтангийн ард цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй.

4. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байжээ. /хх-ийн 1-р хавтас 192-195-р хуудас/,

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн “...Зам тээврийн осолд орохоос өмнө сүрьеэ өвчтэй байсныг мэдэхгүй. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Т.О-ийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд баруун зүүн уушиг, дэлбэн хооронд наалдсан зүслэгийн талбайд тархмал 0.2см голчтой шар будаа мэт маш олон тооны голомттой, баруун уушигны дунд доод дэлбэн, зүүн уушигны дээд доод дэлбэнд олон тооны ногоон өнгийн идээ агуулсан холбогч эдээс хана бүхий хөндийнүүдтэй байсан. Уушигнаас эд эсийн шинжилгээнд эд авч хариуг харахад уушигний сүрьеэ өвчин батлагдсан. Зам тээврийн осолд орж биеийн дархлаа муудсанаас сүрьеэ өвчин сэдэрч болно гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 196-197-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн №382 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжээч О.Болороогийн гаргасан 2018.09.16-ны өдрийн 11081 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018.11.05-нь өдрийн Цогцост хийсэн задлан шинжилгээний 2303 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан “зүүн 6-р хавирга суганы дунд шугамаар, 8-р хавирга суганы дунд шугамаар, 9-р хавирга суганы арын шугамаар шууд хугаралтай аарцагны хөндийн гялтангийн цус хуралт” бүхий гэмтлүүд нь тухайн авто ослын үед үүссэн байх боломжтой.

3. Талийгаач Т.О- нь уушгины цочмог амьсгуурсын хатгалгаа, уушгины идээт бактерит буглаа, уушгины сүрьеэ өвчний улмаас биеийн ерөнхий хордлогонд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ.

4. Талийгаач Т.О- нь авто ослын улмаас үүссэн зүүн зулай, чамархай, суурь яс, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясны далд хугарал, зүүн зулай чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, давсагны урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтэрт байснаас дээрх үхэлд хүргэсэн өвчнөөр хүндэрсэн байх боломжтой байна. /хх-ийн 2-р хавтас 60-66-р хуудас/ гэх дүгнэлт,

         Гэрч П.Б-ы ...Уг өвчтөн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ухаангүй ирсэн ба нарийн шинжилгээ хийж үзэхэд сүрьеэ өвчний шинж тэмдэг илрээгүй. Сүрьеэ өвчин нуугдмал үедээ явж байсан байхыг үгүйсгэхгүй. Зам тээврийн осол хэргээс болж өвчтөний дархлаа суларч сүрьеэгийн нууц үе идэвхижсэнээр сүрьеэгийн голомт сэдэрсэн байж болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 123-124-р хуудас/,

Амь хохирогчийн өвчний түүх, амбулаториорын эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 1-р хавтас 129-190, 2-р хавтас 38-53-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Гэмт хэргийн шалтгаант холбоог энэ хэрэгт авч үзвэл: амь хохирогч Т.О- “сүрьеэ өвчнөөр нас барсан” ба шүүгдэгч С.С-ын үйлдэл, амь хохирогчийн үхлийн шалтгаан хоёрын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.

           Харин шүүгдэгч С.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.О-ийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан шалтгаант холбоотой байна.

 

            Хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,    осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурганд “...замын зорчих хэсгийн нийт өргөн 8.3 метр, явган зорчигч явсан замын хөвөө 2.4 метр өргөнтэй ба замын хөвөөнөөс амь хохирогч Т.О-ийн автомашинд анх мөргүүлсэн А цэг хүртэл 1.8 метр зайтай” гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 1-р хавтас 9-15-р хуудас/, шүүгдэгч С.С-ын жолоодож явсан .... УНБ улсын дугаартай автомашины зүүн урд талын их гэрэл, урд салхины шил хагарсан болох нь Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 16-р хуудас/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 218 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 204-212-р хуудас/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 763 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 219-р хуудас/, шинжээч Б.Батзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “ Жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо харах үүргээс чөлөөлөгддөггүй. Хэрэгт авагдсан материалаар буюу зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэрэг баримтуудаар дүгнэлт гаргахад жолооч С.С- нь хөдөлгөөнд аюул, саад учрахыг мэдсэн байх боломжтой тул Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд: шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн “С.С- нь хөдөлгөөнд аюул, саад учрахыг мэдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх санал нь үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай тогтоолоор “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг шинэчлэн баталжээ. Ийнхүү шинэчлэн баталсан “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоолдоо заасан нь 2004 онд батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хүчингүй болсон гэж үзэхгүй юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргалын “2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гарсан гэмт хэрэгт хүчингүй болсон эрх зүйн акт үндэслэж дүгнэлт гаргасан” гэх саналыг үндэслэлгүй гэж үзэв.

 

          Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч С.С- нь .... УНБ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөний улмаас хохирогч Т.О-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгч С.С-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч С.С-од холбогдох хэргийг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

 

            Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг хор уршигт тооцдог.

 

            Шүүгдэгч С.С-ын үйлдсэн зам тээврийн осол гэмт хэргийн улмаас иргэн Т.О-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмнэлэгт эмчлэгдэж байгаад, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “сүрьеэ өвчний улмаас” нас барсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-ээс амь хохирогч Т.О-ийн эмчилгээний зардалд 4.121.000 төгрөг, оршуулгын зардалд 12.000.000 төгрөг, нийт 16.121.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нийт 13.961.404 төгрөгийн баримт авагджээ. /хх-ийн 1-р хавтас 54-58, 64-108-р хуудас/  Харин хэргийн 59-63-р хуудас 593.120 төгрөгийн зардлын баримт хэрэгт авагдаагүй байна.

       

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас хангах үндэслэлтэй гэж үзсэн баримтуудын талаар:

            1.Т.О-ийн эм, тариа, эмчилгээнд зарцуулсан баримтууд: хэргийн 1-р хавтас 55-р хуудас 337.300 төгрөг, 58-р хуудас 403.960 төгрөг, 64-р хуудас 460.800 төгрөг, 65-р хуудас 70.000 төгрөг, 66-р хуудас 132.550 төгрөг, 67-р хуудас 463.800 төгрөг, 69-р хуудас 98.100 төгрөг, 70-р хуудас 55.800 төгрөг, 71-р хуудас 54.400 төгрөг, 73-р хуудас 232.000 төгрөг, 74-р хуудас 86.600 төгрөг, 75-р хуудасны 25, 26 гэж дугаарласан 71.200 төгрөг, 89-р хуудас 49.000 төгрөг, нийт 2.515.510 төгрөгийн,

            2. хэргийн  68, 91-р хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээний төлбөрт нийт 68.000 төгрөгийн,

            3. 94-95-р талд авагдсан оршуулгын зардлын 6.900.000 төгрөгийн,

            нийт 9.483.510 төгрөгийн баримтуудыг хууль ёсны баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

            Хэдийгээр амь хохирогч Т.О-ийн үхлийн шалтгаан шүүгдэгч С.С-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй боловч хохирогч нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой осолд орсны улмаас удаан хугацаанд хэвтэрийн байдалтай эмчлэгдэж байхдаа сүрьеэ өвчин сэдэрч хүндэрсний улмаас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь шинжээч эмч М.Аригуунтөгсийн “...Зам тээврийн осолд орж биеийн дархлаа муудсанаас сүрьеэ өвчин сэдэрч болно” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 196-197-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн №382 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Талийгаач Т.О- нь авто ослын улмаас үүссэн зүүн зулай, чамархай, суурь яс, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясны далд хугарал, зүүн зулай чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, давсагны урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтэрт байснаас дээрх үхэлд хүргэсэн өвчин хүндэрсэн байх боломжтой байна гэх дүгнэлт, /хх-ийн 2-р хавтас 60-66-р хуудас/, эмчлэгч эмч гэрч П.Б-ы ...Уг өвчтөн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ухаангүй ирсэн ба нарийн шинжилгээ хийж үзэхэд сүрьеэ өвчний шинж тэмдэг илрээгүй. Сүрьеэ өвчин нуугдмал үедээ явж байсан байхыг үгүйсгэхгүй. Зам тээврийн осол хэргээс болж өвчтөний дархлаа суларч сүрьеэгийн нууц үе идэвхижсэнээр сүрьеэгийн голомт сэдэрсэн байж болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 123-124-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Иймд амь хохирогч Т.О-ийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд 6.900.000 төгрөгийг шүүгдэгч С.С-оос гаргуулж шийдвэрлэсэн болно.

            Харин хэрэгт авагдсан баримтуудаас:

            1. Хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн худалдаж авсан: 1-р хавтас 54-р хуудас 37.921 төгрөг, 56-р хуудас 35.000 төгрөг, 57-р хуудас 53.996 төгрөг, 65-р хуудас 5000 төгрөг, 72-р хуудас 12.122 төгрөг, 76-р хуудас 55.561 төгрөг, 77-р хуудас 143.074 төгрөг, 79-р хуудас 27.900 төгрөг, 80-р хуудас 19.000 төгрөг, 81-р хуудас 126.700 төгрөг, 82-р хуудас 61.600 төгрөг, 83-р хуудас 17.500 төгрөг, 84-р хуудас 20.600 төгрөг, 85-р хуудас 23.000 төгрөг, 86-р хуудас 8.000 төгрөг,  87-р хуудас 13.000 төгрөг, 88-р хуудас 21.000 төгрөг, 90-р хуудас 66.600 төгрөг, 96-р хуудас 51.400 төгрөг, 97-р хуудас 11.650 төгрөг, 98-р хуудас 45.500 төгрөг, 99-р хуудас 27.200 төгрөг, 100-р хуудас 26.000 төгрөг, 101-р хуудас 88.450 төгрөг, нийт 997.774 төгрөгийн,

            2. Гандан хийдэд ном уншуулсан 78-р хуудас 76.000 төгрөг,

            3. Шашины зан үйлтэй холбоотой 103-р хуудас 828.000 төгрөг, 104-р хуудас 1.140.000 төгрөг,

            4.  мөн 21 хоногт буян үйлдсэн зардлууд: 106-р хуудас 199.200 төгрөг, 107-р хуудас 256.400 төгрөг, 108-р хуудас 137.520 төгрөг,

            нийт 3.634.894 төгрөгийн зардлыг гэмт хэргийн шууд хохирол, хор уршигт тооцогдохгүй,

            хэргийн 75-р хуудас 12.350 төгрөг, 102-р хуудас 573.750 төгрөг, 105-р хуудас 256.900 төгрөгийн баримтууд нь огноо засвартай, тамга тэмдэг нь мэдэгдэхгүй, уншигдахгүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй тул баримтаар ирүүлсэн зардлаас нийт 4.477.894 төгрөгийн шаардлагыг  хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            Энэ хэрэгт .... УНБ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашины эзэмшигч С.М-ыг иргэний хариуцагчаар татаж /хх-ийн 1-р хавтас 110-р хуудас/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан хэдий ч хохирогч Т.О-д учирсан хүнд гэмтлийг шүүгдэгч С.С- нь гэм буруутай үйлдлээрээ учруулсан тул гэм хорын зардлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иймд баримтаар нотлогдсон 9.483.510 төгрөгийн зардлаас шүүгдэгч С.С-оос төлсөн 3.200.000 төгрөгийг хасч тооцон, шүүгдэгч С.С-оос 6.283.510 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-т олгохоор шийдвэрлэв.

           Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.С-ыг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 жил 01 сарын /хоёр жил нэг сар/ хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

            шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “С.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч С.С-од ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасныг зөрчсөн хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч С.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид учирсан гэм хор  арилаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч С.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн С.М-ын эзэмшлийн 02069106 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэшигчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч С.С- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Тээврийн Прокурорын газраас С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Ш овогт С-ийн С-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-од оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч С.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-оос 6.283.510 /зургаан сая хоёр зуун наян гурван мянга таван зуун арав/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-т олгосугай.

8. Энэ хэрэгт хураагдан ирсэн 02069106 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгосугай.

 

9. Шүүгдэгч С.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.С-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР