Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 631

 

187/2019/0298/Э

 

 

 

 

 

2019          6              25                                           2019/ДШМ/631                                              

 

С.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

иргэний хариуцагч С.Мэндбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэг,  

шүүгдэгч С.С , түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С , түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.С-д холбогдох эрүүгийн 1803007670447 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овгийн С-ийн С, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;

 

С.С  нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны орой 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шувуун фабрик”-ийн 7 дугаар хэсгийн хойд замд “Тоёота Приус” маркийн 94-28 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Отгонгэрэлийг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: С.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас С.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, С.С ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.С ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С оос 6,283,510 /зургаан сая хоёр зуун наян гурван мянга таван зуун арав/ төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэгт олгох, энэ хэрэгт хураагдан ирсэн 02069106 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч С.С  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.С  давж заалдах гомдолдоо: “...Миний бие уг осол болсон явдалд туйлын их харамсан гэмшиж, түүний хор хохирлыг ойлгон ухамсарлаж байгаагаа бүрэн дүүрэн илэрхийлж байна.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ “Шүүгдэгч С.С  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй” гэжээ. Гэтэл С.С  миний бие “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэдгээ илэрхийлсэн байхад шүүх ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ нь хурлын тэмдэглэл болон бичлэгт ойлгомжтой тусгагдсан.

Түүнчлэн, миний ар гэрийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэгтэй уулзаж, 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүхээс тогтоосон төлбөрт төлж барагдуулсан. Үлдэгдэл 2,283,510 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан болно. Иймд шүүгдэгч миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хууль бус үйлдэл зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, учирсан хохиролд нийт 7,200,000 /долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,283,510 төгрөгийн хохирлыг төлөхөө бүрэн дүүрэн илэрхийлж байгаа минь хүлээн авч, хорих ял оногдуулахгүйгээр хуульд заасан хугацааны хүрээнд тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч С.С ын өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлтэд “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэгийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 1181 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 218 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, гэрч М.Бадамхандын мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны 763 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна” гэжээ.

Гэтэл эдгээр баримтуудаас Тээврийн цагдаагийн албаны 763 дугаартай шинжээчийн дүгнэлтээс бусад баримт нь гэм бурууг тогтоосон нотлох баримтууд гэж шууд үнэлэх боломжгүй юм. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл “Гэмт хэргийн ойлголт, шинж”, 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд тус хуулийн 2.3 дугаар зүйл “Гэм буруу”-гийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж хуульчлан тогтоосон гэм буруугийн ойлголтыг шууд тогтоож, нотолсон баримтууд биш, харин зам тээврийн осол гарсан болохыг тогтоон тодорхойлоход ач холбогдолтой баримтуудаар үнэлэгдэх боломжтой. Гэтэл шүүх шүүгдэгчийн гэм бурууг эдгээр баримтууд шууд тогтоож байгаа мэтээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй.

Харин Тээврийн цагдаагийн албаны 763 дугаартай шинжээчийн дүгнэлт нь “С.С  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтад “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн боловч шинжээч нь шүүгдэгчийг “яаж мэдсэн”, “ямар нотлох баримт дээр тулгуурлан түүнийг мэдсэн” гэж үзэн буруутгаж байгаагаа огт тайлбарлалгүйгээр уг заалтаар буруутгасан дүгнэлт гаргасан. Шинжээч болон шүүх нь шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгах гэж байгаа бол “хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед” гэсэн үндсэн “Мэдсэн байх” нөхцөлийг заавал нотлох баримтаар тогтоосны үндсэн дээр буруутгах ёстой. Гэтэл үүнийг тогтоосон нотлох баримтгүйгээр уг заалтын зөвхөн “тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн хэсэгт анхаарлаа хандуулж, хийсвэр хандлагаар буруутай гэж шүүх дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Уг дүгнэлтийг гаргасан шинжээч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа “Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч аюул саад бий болохыг мэдсэн байх үүрэгтэй, жолооч харах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн тайлбар хийсэн. Гэтэл шинжээчийн энэ тайлбар нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед” гэж маш тодорхой хуульчилсан нөхцөлийг бүхэлд нь шууд үгүйсгэсэн тайлбар болсон юм. Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан ойлголтыг шинжээч өөрийн үзэмжээр тайлбарлах эрхгүй бөгөөд уг тайлбар, дүгнэлтийг шүүх заавал дагаж биелүүлэх, үндэслэл болгох үүрэг хүлээхгүй. Шинжээч өөрийн үзэмжээр үндэслэлгүй тайлбар хийж байхад шүүх түүний тайлбар дүгнэлтийг үндэслэл болгосон.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйл “Гэм буруугийн зарчим”-ын 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ”, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчлан заасан хэм хэмжээг хэргийн нөхцөл байдалд нийцэж байгаа эсэх тал дээр анхаарч үзээгүй, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн тухайд:

Түүнчлэн, анхан шатны шүүх нь “...Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас... гэжээ. Монгол улсад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэж байхгүй ба харин тухайн авто осол болох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 239 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар хүчингүй болсон. Шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний дүрмийг ут тогтоолын 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Гэтэл уг авто осол нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны орой гарсан. Энэ бүхнээс үзэхэд шинжээч нь тухайн авто осол болох үед хүчингүй болсон байсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг барьж дүгнэлт гаргасан, түүнчлэн улсын яллагч болон шүүхээс хүчингүй болсон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг барьж гаргасан уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн буруутгаж, дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Шинжээч, улсын яллагч, шүүхээс хүчин төгөлдөр хууль, хэм хэмжээний актыг баримтлан дүгнэлт гаргах, яллах дүгнэлт үйлдэх, хэргийг шийдвэрлэх ёстой байхад хүчингүй болсон хэм хэмжээний актыг баримтлан иргэнд ял оногдуулж байгаа нь гэм бурууг төсөөтэй хэрэглэж, Эрүүгийн хуулийн зарчим, агуулгыг ноцтойгоор гажуудуулж байгаа явдал юм.

Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тогтоож оролцуулсан тухайд:

Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С  ын унаж явсан автомашины хууль ёсны өмчлөгч болох С.Мэндбаярыг үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар тогтоож, иргэний хариуцагчаар мэдүүлэг авч, үүнийг нь хяналт тавьж буй прокуророос залруулахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан. Уг асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурал дээр удаа дараа тайлбарласан боловч шүүгчээс үндэслэлгүй байдлаар зөвтгөсөн төдийгүй, шүүхийн асуулт, хариултын шатанд С.Мэндбаярыг босгон “учирсан хохирлыг чи төлөх юм уу, яаж төлөх юм” гэж тулган асууж, С.Мэндбаярыг “Би баримттай зардлыг төлнө” гэж хэлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн.

Зүй нь С.Мэндбаяр нь уг машины хууль ёсны өмчлөгчийнхөө хувьд өөрийн машинд учирсан хохирлыг шүүгдэгч С.С оос нэхэмжлэх эрхийнхээ хүрээнд иргэний нэхэмжлэгчээр тогтоолгож, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эсэхийг нь тодорхой болгож, хэргийн оролцогчоор оролцуулах ёстой байсан. Шүүхээс иргэний нэхэмжлэгч нь хэн болох, уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцуулах ямар үндэслэл, хамаарал байгаа, хэнд учирсан ямар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг иргэний хариуцагч хариуцах ёстой болсон, яагаад С.Мэндбаяр нь уг хэрэгт иргэний хариуцагч гэх эрх зүйн байдлаар оролцож байгаа зэргийг хуульд нийцүүлэн нэг мөр тодорхой болголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Энэ нь С.Мэндбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан гэх хохирлыг төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн үйлдэлд гэм буруугүй, хамааралгүй этгээд болох С.Мэндбаярт халдаах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан зэрэг зөрчлүүдийг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.С ын өмгөөлөгч Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг эрх зүйн мэдээллээс хайж үзэхэд, тухайн хууль нь байхгүй болсон. Замын хөдөлгөөний дүрмийг баталсан 2004 оны тогтоол нь өөрөө хүчингүй болсон. Хууль тогтоогч буюу Засгийн газар тухайн байгууллага өөрөө уялдаа холбоотой ажиллах ёстой байсан. Анхаарч ажиллаагүйн үр дагаврыг С.С  үүрэх ёсгүй тул Эрүүгийн хуулийг төсөөтэй тайлбарлаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. ...” гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Миний гаргасан бодит хохирлыг хасч шийдвэрлэсэн тул түүнийг гаргуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Талийгаачийг эмнэлэгт 1 сар гаран сахисан, цалингийн 1,050,000 төгрөг хохиролд ороогүй байсныг нэхэмжилнэ. ...” гэв. 

 

Иргэний хариуцагч С.Мэндбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус автомашиныг Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавихын тулд өөрийн нэр рүү шилжүүлсэн. ...” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Захиргааны дүрэм шинэчилсэн тогтоолын 4 дэх заалтад энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж байгаа тул тус гэмт хэрэг болсон 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр өмнөх Замын хөдөлгөөний дүрэм мөрдөгдөж байсан болох нь тогтоогдож байгаа.

Иймд шүүгдэгч С.С , түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

С.С  нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны орой 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шувуун фабрик”-ийн 7 дугаар хэсгийн хойд замд “Тоёота Приус” маркийн 94-28 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Отгонгэрэлийг мөргөж, түүний биед “зүүн зулай, чамархай, суурь яс, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясны далд хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, давсагны урагдал, хэвлийн гялтангийн шээст үрэвсэл, зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн зовхины цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын нурууны зулгаралт...” бүхий хүнд гэмтлийг учруулсан болох нь:

шүүгдэгч С.С ын “...Би 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн дүү С.Мэндбаярын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 94-28 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар хэсгийн хойд замаар зүүнээс баруун гар тийш нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл өмнөөс зөрсөн машины гэрэлд гялбаад өнгөртөл машиныхаа зүүн урд хэсгээрээ юм мөргөөд зогссон. Буугаад очтол нэг хүн газарт хажуу тийшээ хараад хэвтэж байхаар нь түргэн тусламж дуудах гэсэн чинь утасны цэнэг дууссан байсан. ...” /1 хх 227, 2 хх 78-79/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11081 дугаартай “...Т.Отгонгэрэлийн биед зүүн зулай, чамархай, суурь яс, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясны далд хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, давсагны урагдал, хэвлийн гялтангийн шээст үрэвсэл, зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн зовхины цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” /1 хх 126-127/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2303 дугаартай цогцост хийсэн “...Талийгаач нь сүрьеэ өвчний улмаас нас баржээ. Талийгаачийн биед гавлын зүүн чамархай яс, суурь ясны хугарал, зүүн 6, 8, 9 дүгээр хавирганы хугарал, бага аарцгийн хөндийн гялтангийн ард цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байжээ. ...” /1 хх 192-195/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 382 дугаартай хэргийн материалаар хийсэн “...Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжээч О.Болороогийн гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11081 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Цогцост хийсэн задлан шинжилгээний 2303 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан “зүүн 6 дугаар хавирга суганы дунд шугамаар, 8 дугаар хавирга суганы дунд шугамаар, 9 дүгээр хавирга суганы арын шугамаар шууд хугаралтай, аарцагны хөндийн гялтангийн цус хуралт” бүхий гэмтлүүд нь тухайн авто ослын үед үүссэн байх боломжтой. Талийгаач Т.Отгонгэрэл нь уушгины цочмог амьсгуурсын хатгалгаа, уушгины идээт бактерит буглаа, уушгины сүрьеэ өвчний улмаас биеийн ерөнхий хордлогонд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаач Т.Отгонгэрэл нь авто ослын улмаас үүссэн зүүн зулай, чамархай, суурь яс, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясны далд хугарал, зүүн зулай чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, давсагны урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтэрт байснаас дээрх үхэлд хүргэсэн өвчнөөр хүндэрсэн байх боломжтой байна. ...” /2 хх 60-66/ гэх дүгнэлт,

 “...Уг зам тээврийн осол гарсан газар нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн гэрэлтүүлэггүй, шулуун тэгш, хуурай гадаргуутай, суурингийн доторх, үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг нь гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээ, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв.  Замын зорчих хэсгийн зүүнээс баруун тийш явсан урсгалд Тоёота приус маркийн 9428 улсын дугаартай авто машин, зүүнээс баруун тийш харсан байдалтай зогсож байв. Жолооч С.С  болон хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан явган зорчигчийг анх мөргөсөн гэх цэгийг заалгаж, “А” үсгээр тэмдэглэв. ...А цэгээс хүн мөргөгдөөд газарт унасан “Б” цэг хүртэл 14,70 метр...” гэх Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 9-13, 20-24/,

“...явган зорчигчийн явсан зүг: хойноосоо урагшаа, автомашины явсан чиг: зүүнээс баруун тийш...” гэсэн ослын хэмжилтийн бүдүүвч /1 хх 14-15/,

“...зүүн урд их гэрэл хагарсан, урд салхины шил хагарсан, урд копут хонхойсон...” гэсэн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1хх 16/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 218 дугаартай “...Тоёота приус маркийн 94-28 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн “...Зүүн гар талын урд крыло нугаларч хонхойсон, урд гуфер зүүн гар талын сэнж нь мултарч будаг замаск халцарсан, зүүн гар талын их гэрэл хагархай, копут зүүн гар талдаа хонхойж нугаларсан, урд салхины шил зүүн гар талын булан хэсэгтээ цацарч цуурч хагарсан, зүүн гар талын салхины шилний багана шил хагарсан хэсэгт хонхойсон, баруун гар талын их гэрлийн сэнж хугархай, дугаарын гэрлийн чийдэн асахгүй эвдрэл, гэмтэлтэй байна. Дээрх эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн эвдрэл гэмтэл тул тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. ...Уг тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. ...” /1 хх 204-212/ гэх дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 763 дугаартай “...Тоёота приус маркийн 94-28 УНБ улсын дугаартай автомашины жолооч Сэлэнгийн С   нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтад “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлт /1 хх 219/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 763 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Батзоригийн “...аюул саад бий болохыг мэдээгүй гэсэн тохиолдол байхгүй. Жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаа бол замаа хараад явж байгаа. ...Явган зорчигч зорчих хэсгийн захаас гарч, замын хөвөөгөөр явж байгаад зорчих хэсэг рүү ороод А цэг хүртэл тодорхой хэмжээний зам туулж байтал тухайн машины өмнүүр орсон байдаг. Тэгэхээр машин баруун гар талаас ирж байсан явган зорчигчийг өнгөрүүлээд зүүн талаараа мөргөсөн байгаа. Явган зорчигч жолоочийн баруун гар талд явж байсан. Явган зорчигч хойноос урагш чиглэлд, машин зүүнээс баруун чиглэлд явж байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 122-123/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх, прокуророос С.С ын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг зөвтгөж, С.С ын “...тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Отгонгэрэлийг мөргөж, түүний биед хүнд гэмтэл учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн...” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иймд шүүгдэгч С.С ын өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан “...шүүх нь шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа, мөн “...хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед гэсэнг хийсвэр хандлагаар дүгнэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 4 дэх заалтад “Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” гэж уг тогтоолыг дагаж мөрдөх хугацааг нь тодорхой заасан тул уг тогтоолыг дагаж мөрдөх 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өмнөх 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн “...2018 оны 9 дүгээр сарын 7-ны орой гарсан зам тээврийн ослыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 239 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар хүчингүй болгон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримтлан иргэнд ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч С.С ын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “...Явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэж заасныг зөрчсөн хууль бус үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар С.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн талаараа шийтгэх тогтоолдоо дүгнэжээ.

 

Анхан шатны шүүхийн оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгдэгч С. С  ын “...хорих ял оногдуулахгүйгээр хуульд заасан хугацааны хүрээнд тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  

 

Тоёота приус маркийн 94-28 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгүүлж, машины гэрчилгээ авсан /1 хх 117/ иргэн С.Мэндбаярыг тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус  хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасанд нийцсэн байх ба түүний иргэний хариуцагчаар өгсөн Тоёота Приус маркийн 94-28 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.С  бөгөөд зээл авах зорилгоор уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн талаарх тайлбар /2 хх 122/-ыг үндэслэн гэм буруутай,  тус тээврийн хэрэгслийн өмчлөгч С.С оос хохирогчийн гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь зам тээврийн ослын улмаас эмнэлэгт хохирогчийг эмчлүүлэх хугацаанд асарч байсан хугацааны гэм хорын хохирлоо нэхэмжлэх талаараа анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн /2 хх 124/ байхад түүний нотлох баримтаа гарган энэхүү гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд заагаагүй нь буруу байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тус эрүүгийн хэргийн шүүх  хуралдаанаар шийдвэрлээгүй гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь заасан заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмж оруулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С , түүний өмгөөлөгч М.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар С.С оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С , түүний өмгөөлөгч М.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ