Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 291

 

 

 

 

   

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 1908001870195 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Цахар овгийн Отгонбаатарын Б, РД:...,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байх гэртээ эхнэр А.Сын дух нүүрэн тус газар нь гараараа, хамран тус газар нь түрхүүрээр цохиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байх гэртээ эхнэр А.Сын дух нүүрэн тус газар нь гараараа, хамран тус газар нь түрхүүрээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай:

1. Хохирогч А.Сын “... Би О.Бтай 2008 онд Улаанбаатар хотод танилцаж, 2011 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой 21 цагаас 22 цагийн орчим бид 2 гэртээ байж байтал миний гар утсанд мессеж ирсэн чинь Б намайг өөр залуутай хардаж уурлан энэ мессеж чинь ямар учиртай юм гэж хэлээд миний дух руу гараараа 1 удаа цохиж хавдуулсан. Бид хоёр зууралдаж байгаад Б миний завьж болон хамар руу гэрийн төмөр түрхүүрээр дарж байгаад хамар гэмтээчихсэн. Зүүн мөрөнд гараараа нэг удаа цохьсон. Тэгэж байгаад чиний бузар асуудлыг шийднэ гээд машинаа асаагаад 2 хүүхдээ суулгаад ээж аавын гэрт хүргэж өгөөд яваад өгсөн. Хэрүүл маргаан болж байсан. Б намайг зодож цохиж байгаагүй. Миний хувьд ямар ч гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх33-34-р тал/

2. Гэрч А.Агийн “... 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө эхнэр бид 2 гэрт унтаж байсан чинь охин С орж ирсэн. Сыг Б зодсон байна гээд цагдаа дуудсан. Тухайн үед охиныгоо хартал дух нь бага зэргийн хавдчихсан харагдсан. Сүүлд сонсож байхад Сын ажлын газрын хүн утас руу нь мессеж бичиж, Б хардаж зодсон гэж хэлж байсан. Урьд өмнө Б миний охиныг зодож цохиж байгаагүй ... ” гэх мэдүүлэг /хх36-р тал/

3. Гэрч Г.Үгийн “... 2018 оны 12 дугаар сарын 24-ний орой шиг санагдаж байна. С манай гэрт шөнө 01 цаг 30 минутын үед орж ирэхээр нь хартал Сын дух нь хавдчихсан харагдсан. Юу болсон бэ гэтэл Б намайг ажлын газрын хүнтэй хардаад зодчихлоо гэж хэлэхээр нь би уур хүрээд цагдаад дуудлага өгчихсөн юм. Урьд нь энэ 2 ийм асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх37-р тал/

4. Гэрч Б.Г-ийн “... 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шиг санагдаж байна. Би нөхөр А-г шөнө ажилд яваад ирэхээр нь гар утсыг нь үзсэн чинь энэ хүүхний дугаар болох .... дугаараас манай нөхөртэй мессеж биччихсэн байхаар нь би нөхөртөө уурлаж эзэн нь гэх эмэгтэй хүн рүү залгасан чинь зүгээр нэг мессеж байгаа биздээ, юун сүртэй юм гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой дахиж нөгөө хүүхэн рүү утсаар нь хаанаас гарч ирсэн гай вэ, чи бузар хүүхэн, хүний нөхрийн толгой эргүүлж байдаг гэж мессеж бичсэн нь нөхөр нь уншчихаад над руу утсаар залгаад байхаар нь би тэр залууд уурласан...” гэх мэдүүлэг /хх39-р тал/

5. Гэрч О.А-гийн “... 2018 оны 09 дүгээр сард Улаанбаатар төмөр замд хамт ажилладаг С-тай ажлаар ярилцаж байгаад бие биеэ мэдэж танилцсан. Янз бүрийн дотно харилцаа үүсгээгүй. Би С-тай утсаар мессеж бичиж байсан нь үнэн ...” гэх мэдүүлэг /хх40-р тал/

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.12.24-ний өдрийн 551 дугаартай шинжээчийн дүгнэлт: А.С-ын биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун завьжны салстын язрал, хамрын зүүн сүвний доод хэсэг, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.  /хх12-р тал/

7. О.Б, А.С нарын 2011.08.23-нд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх75-р тал/, Аюулын зэргийн үнэлгээ /хх14-17-р тал/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх26-р тал/,

8. Хохирогч А.С болон шүүгдэгч О.Б нарын 2019.02.23-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт /хх92-р тал/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Дээр дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасанд үндэслэл, журмын дагуу авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хохирогч А.С нь шүүгдэгч О.Б нар нь гэр бүлийн эхнэр, нөхөрийн харилцаатай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан. Шүүгдэгч О.Б нь эхнэр А.С-ын гар утсанд мессеж ирсэнээс үүдэн маргаан үүсгэж, бусадтай хардан арьсан ууттай түлхүүр барьсан гараараа түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн гэмшиж байна гэх мэдүүлэгээр тус тус хангалттай тогтоогдож байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл зөв, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс шүүгдэгч О.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хэсэгт үндэслэн дурдсан нотлох баримтууд болон хохирогч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч болон хохирогчийн 2019.02.23-ны өдрийн Эвлэрлийн гэрээ болон шүүгдэгч О.Б цаашид ийм асуудал гаргахгүй, гэр бүлийн харилцаа хэвийн байгаа,  өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, торгуулийн ялыг төлөх боломжтой гэсэн мэдүүлэг зэрэг нөхцөл байдалд үнэлэн үзэж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч О.Б гэм буруутай үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй буюу гэр бүлийн хүмүүс хоорондоо харилцан ойлголцоогүйгээс, асуудалд хүч хэрэглэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр бие махбодь, хүний эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан арьсан ууттай 2 ширхэг түлхүүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч О.Б-д буцаан өгөхөөр шийдвэрлэж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжтойгоор  тогтоосугай.

4. Шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “арьсан ууттай 2 /хоёр/ ширхэг түлхүүр”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Бд хүлээлгэн өгөхийг шийдвэрлэсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Бд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР