Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 119

 

М.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар шүүхийн тогтоолтой, М.М-т холбогдох 1718000170035 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, эмэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт М-н М-.

М.М- нь иргэн А.А-г Дархан-Уул аймаг дахь “Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд ажлын хувцас, сургалтын төлбөр гэж нийт 2,901,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.М-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргахгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ж.Отгончимэг бичсэн дүгнэлтдээ “...Яллагдагч М.М- нь 2017 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 06 дугаар сарын 17-ны хугацаанд 16 удаагийн үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгон, бусдыг хуурч нэр бүхий 16 иргэнд 27,621,200 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 89 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 482 дугаартай шүүхийн тогтоолоор ... Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч М.М- нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн дээрх хэрэгт яллагдагчаар татагдаагүй байсан бөгөөд тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш үүссэн нөхцөл байдал байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл илэрсэн буюу шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна.

Иймд үргэлжилсэн гэмт хэрэгт тооцогдох үйлдлүүдийг бүхэлд нь нэг зүйлчлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй шүүх бүрэлдэхүүн мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаартай магадлалаар ...482 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

...Прокуророос 230 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурорын дүгнэлтийг бичиж хүргүүлсэн боловч тус шүүх 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 2018/12 дугаартай шүүхийн тогтоолоор Дархан Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах боломжтой байна. Яллагдагч М.М- нь залилах үйлдлээ нуусан ба 2 үйлдлүүдийг нэгтгэснээр шүүгдэгчид сонсгосон ялын зүйл, хэсэг, хүндрэхгүй тул яллагдагч М.М-т холбогдох хэрэгт шинээр илэрсэн нөхцөл үүсээгүй гэж үзэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Иймд прокуророос М.М-т холбогдох эрүүгийн 1708028090010 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 89А дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2555 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжид үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэгт тооцогдох үйлдлүүдийг нэгтгэх, бүхэлд нь нэг гэмт хэргээр зүйлчлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр буцаасан байна.

Иймд М.М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Дархан Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоол болон мөн аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 2018/12 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын дүгнэлтийг дэмжихгүй байна. Гэхдээ хэргийг хэлэлцэж, дүгнэлт хийж өгнө үү. Хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй учраас хэд, хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн 1718000170035 дугаар бүхий хэргийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалыг шинээр илэрсэн нөхцлийн улмаас хүчингүй болгуулахаар бичсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг үндэслэн М.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.М- нь иргэн А.А-г хуурч мэхлэх аргаар, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,901,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан үйлдэлд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Мөн тэрээр дээрх гэмт хэргээс гадна 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-ны хугацаанд 16 удаагийн үйлдлээр бусдыг залилан нийт 27,621,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байх бөгөөд эдгээр хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 25-нд прокурорын яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд М.М-ийн өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн хэрэг болон яллах дүгнэлтэнд үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн  шинжийг хангаж байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан үндэслэлд хамаарч байна гэсэн дүгнэлт хийж Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 230 дугаар бүхий шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулан хэргийг нэгтгэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.   

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж дүгнэн хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон байна.       

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан үзээд, шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тайлбарлан, М.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах боломжтой гэж дүгнэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд тодорхой заасан бөгөөд М.М-т холбогдох 1718000170035 дугаартай хэргийн шийтгэх тогтоол, шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын 01 тоот дүгнэлтэд тус шийдвэрүүдийг хүчингүй болгох хуульд заасан тодорхой үндэслэлийг заагаагүй байх тул уг дүгнэлтийн дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн, М.М-т холбогдох 1718000170035 дугаартай хэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа түүний үйлдсэн өөр залилах гэмт хэрэг илэрсэн нь урьд ял шийтгүүлсэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд одоо 1708028090010 дугаартай эрүүгийн хэргийг шүүхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, М.М-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын дагуу ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэх, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд түүний урьд ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх байдлаар өөрчлөлт орохгүй тул шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох боломжгүй гэж үзлээ.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар шүүхийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгийн бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар шүүхийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгийн бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН