Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 5200

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2016/05200

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “******* партнерс” банк бус санхүүгийн байгуллага ХХК

 

Хариуцагч: ******* 

 

Хариуцагч: *******

 

Зээлийн гэрээний үүрэгт 38,541,466.56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн, 32,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.*******ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагч Ж.*******, нарийн бичгийн дарга  М.Өлзийгэрэл нар оролцов.  

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* партнерс” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Г.*******, Ж.******* нар 2014 оны 8 сарын 22-ны өдөр “******* партнерс” ББСБ ХХК-тай №006 тоот зээлийн гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар  тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлж авсан.

 

Манай  байгууллага  нь Худалдаа хөгжлийн банкны харилцах дансыг ашигладаг тул зээлдэгч нарт олгох зээлийг уг банкны харилцах дансанд шилжүүлэхээр мэдэгдэхэд Ж.******* нь Худалдаа, хөгжлийн банкны харилцах данс өгсөн. Харин, Г.*******д тухайн банкны харилцах данс байсан эсэхийг мэдэхгүй, мөнгийг Ж.*******ий дансаар шилжүүлэн авахтай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Г.*******, Ж.******* нартай байгуулсан зээлийн гэрээг дагалдуулан 2014 оны 8 сарын   22-нд №006/01, №006/02 тоот хоёр барьцааны гэрээ байгуулсан.

 

Барьцааны гэрээгээр, Чингэлтэй дүүргийн 1-р хороо 2-р 40 мянгатын 39 дүгээр байрны *******ын улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй, 26 м.кв 2 өрөө орон сууц,  Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 21-р хороолол 3-30 байрны *******ын улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй 31,6 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

 

Зээлдэгч Г.*******, Ж.******* нар зээлийн гэрээнд заасан хувиарийн дагуу зээлээ төлж барагдуулж байсан бөгөөд зээлдэгч нараас удаа дараа хүсэлт гаргасны дагуу №006/02 тоот гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 19-р xopoo 21-p хороолол 3-30 байрны *******ын 2 өрөө орон сууцыг 2014 оны 11 сарын 6-ны өдөр барьцаанаас чөлөөлж өгсөн.

 

Үүнээс хойш зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 сарын 22-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, байгууллагын зүгээс зээлийн үлдэгдлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгууллагыг хохироосоор байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Ж.*******ий нэрээр 32,500,000 төгрөг, Г.*******ийн нэрээр 32,000,000 төгрөгийн зээл, хүүд төлсөн байгаа.

 

Иймд, зээлийн үлдэгдэл 29,341,000 төгрөг, үндсэн хүү 7,618,012.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,582,454.06 төгрөгийн үлдэгдэл байгаа тул нийт 38,541,466.56 төгрөгийг зээлдэгч Ж.*******, Г.*******  нараас хамтран гаргуулж өгнө үү. Мөн 2014 оны 8 сарын 22-ны өдрийн  №006/01 тоот барьцааны гэрээний зүйл болох Чингэлтэй дүүргийн 1-р хороо 2-р 40 мянгатын 39 дүгээр байрны *******ын 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар зааж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г.*******ийн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Нэхэмжлэгч талаас төхөөрөмж авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 70,000,000 төгрөг авах болсон. Зээлж авсан 70,000,000 төгрөгийн тал хувь буюу 35,000,000  төгрөгийг Ж.******* захиран зарцуулсан. Уг 35,000,000 төгрөгийг өөрөө хариуцан төлөх бөгөөд 2014 оны 8 сарын 12-ны өдрийн №006/02 дугаартай барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-30 байрны *******од байршилтай, 31,6 м2 талбай бүхий 2 өрөө байрыг барьцаалсан.

 

Үлдэх 35,000,000 төгрөгийг Г.******* хүлээн авч, тоног төхөөрөмж авах байсан ба мөн барьцааны гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат 39 дүгээр байрны *******од байршилтай, 26 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

 

Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон бөгөөд 2014 оны 8 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс 35,000,000 төгрөгийг Ж.*******ий данс руу шилжүүлж мөн 3 хоногийн дараа үлдэх 35,000,000 дахин Ж.*******ий дансанд шилжүүлсэн. Г.******* зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан боловч нэг ч төгрөг бодитойгоор хүлээж аваагүй байна. Ж.******* 70,000,000 төгрөгийг дангаар хүлээн авсан бөгөөд өөрөө эргэн төлөлтийг хийж эхэлсэн. Тэрээр,  2014 оны 9 сарын 30-наас 11 дүгээр сарын 6-Н хүртэл нийт 24,850,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд Ж.*******д дахин зээлийн төлбөр төлөөгүй. Ингээд 2014 оны 11  сарын 6-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нарт мэдэлдэх хуудас хүргүүлсэнээр Г.******* 70,000,000 төгрөгийг зээл бүрэн төлөгдөөгүй болохыг мэдсэн. Ж.******* өөрөө бүх мөнгийг авсан тул өөрөө төлж барагдуулна гэж амласан бөгөөд зээлээ төлж дуусахаар барьцаа хөрөнгөө чөлөөлж авах байсан.

 

Гэтэл Ж.*******ий барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-30 байрны *******од байршилтай, 31,6 м2 талбай бүхий 2 өрөө байрыг зээлийн эргэн төлөлт дуусаагүй байхад барьцаанаас чөлөөлсөн байна.

 

 Барьцааны гэрээнд Ж.*******, Г.******* нар иргэн Б.*******аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гарын үсэг зурсан байхад барьцааны хөрөнгийг чөлөөлсөн нь зээлийн гэрээний 5.4, 8.1, 12.1 дэх заалтыг тус тус нэхэмжлэгч тал зөрчсөн гэх үндэслэл бий болж байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 281 дүгээр зүйл, 282.4 дэх заалт тус тус хэрэгжээгүй бөгөөд мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул Г.******* төлбөрийг хариуцахгүй.

 

Хэдийгээр, Г.******* зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээл аваагүй байна. Анх зээлийн гэрээ байгуулах үед Г.******* нь иргэн н.******* нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат 39 дүгээр байрны *******од байршилтай, 26 м2 талбай бүхий орон сууцыг барьцаанд тавиулах зөвшөөрөл авсан тул нэхэмжлэгч тал уг орон сууцыг худалдан борлуулна гэж дарамт үзүүлсэн тул арга буюу 32,000,000 төгрөгийг төлсөн. Бид энэ мөнгийг сөрөг нэхэмжлэлээр буцаан шаардаж байгаа. Г.*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие болон Г.*******, н.*******, Б.******* бид хамтарч, алтны уурхайд туслан гүйцэтгэгчээр ажиллах бизнес хийхээр ярилцаж, тохиролцсон.  Учир нь бид техник, технологийн боловсрол эзэмшсэн хүмүүс юм. Бид ярилцаад, бизнесээ эхлүүлэхэд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдахаар байна гэсэн тооцоо гаргасан. Юуны өмнө бэлэн мөнгө байгаагүй тул хамтарч  бүрдүүлэхээр ярилцсан бөгөөд 200,000,000 төгрөгийг 30%, 30%, 30%, 10% гэсэн байдлаар хувааж олохоор аман тохиролцоонд хүрсэн.

 

Тэгээд Б.******* өөрийн эцэг Б.******* гуайн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцг, Г.******* найз Б.Эрдэнэбаярын хамтын өмчлөлийн  Чингэлтэй дүүрэг дэх орон сууцыг тус тус барьцаанд тавихаар зөвшөөрөл авсан бөгөөд миний бие Б.******* гуайгаас итгэмжлэл авч барьцаалахаар болсон.

 

Бид тухайн орон сууцнуудыг барьцаалахад нэхэмжлэгч байгууллага 70,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн  тул 2014 оны 8 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулж зээл авсан. Зээлийн болон барьцааны гэрээг Г.******* бид хоёр хамтдаа хийсэн.

 

Ингээд зээлийн 70,000,000 төгрөгийг хүлээн авах үед Г.*******ийн Голомт банкнаас  авсан цалингийн зээл найдваргүй ангилалд орсон байсан,  надад Худалдаа хөгжлийн банкны харилцах данс байсан зэргийн улмаас миний дансаар хоёр хувааж  хүлээн авсан. Би, энэхүү зээлийг дангаараа зарцуулаагүй, Г.******* бид  2 анхнаасаа ашиг, орлогоо тооцож үзсэн. Бид уурхай дээр гүйцэтгэгчийн ажил эхлэх үед Г.******* оруулсан хөрөнгөний 30  хувийг зэмшиж байгаа учраас уурхайн дарга хийх  ажил, үүргийн хуваарилалттай байсан.

 

.Анх бидний тооцоогоор алтны уурхай дээр ажил эхлээд 14-21 хоногийн дотор шууд ашиг өгнө гэж үзэж байсан юм. Гэтэл бодит байдал дээр үүнээс хүнд, дор нөхцөлтэй учирсан бөгөөд бидний ажилд ахиц гарахгүй байснаас “******* партнерс” ББСБ  болон бусад зээл нэмэгдээд 2014 оны 11 сар гэхэд 700,000,000 орчим төгрөгийн өр үүссэн. Энэ өрнөөс н.******* 200,000,000 төгрөгийн өөртөө хамааруулан авч бусад нь бид гуравд үлдсэн.

 

Бидний өмнө өндөр хүүтэй, богино хугацаатай зээлүүд өр болж үлдсэн тул барьцаанд байгаа орон сууцнуудаа банкинд барьцаалж, арай бага хүүтэй, урт хугацаатай зээл авч өрөө төлөх гарц л байсан тул бүгд ярилцсан.

 

Б.*******ийн аав Б.******* гуай зөвшөөрсөн тул миний хувьд “******* партнерс” ББСБ –д хандаж байж 2014 оны 11 сардаа барьцаанаас чөлөөлж, улмаар Хас банкинд барьцаалан зээл авсан. Харин, Н.*******, Б.Эрдэнэбаяр нарын орон сууцны хувьд өмчлөгчид орон сууцаа дахин банкны барьцаанд тавиулах талаар зөвшөөрөл өгөөгүй тул “******* партнерс” ББСБ –ын зээл  төлөгдөж дуусаагүй, уг орон сууц одоо хүртэл барьцаанд байгаа. Би, чадлынхаа хирээр “******* партнерс” ББСБ-ын зээлд 32,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар Г.*******д хэлсэн.

 

Эдгээр нөхцөл байдлын дараа Г.******* бид хоёр ярилцсан.  Нийт үүссэн 700,000,000 төгрөгийн өрнөөс н.******* 200,000,000 /гаруй/ төгрөгийг хариуцахаар болсон тул үлдэх  хэсэг надад ногдоод байна.

 

Өдөр болгон хүн ирж хаалга тогшиж байна гэхэд Г.*******д надад мөнгө өгөөгүй, харин 2 ажил олж өгсөн.  Тэр 2 ажлын нэгнээс нь мөнгө орж ирээд, нөгөөхөөс мөнгө орж ирээгүй. Одоо барьцаанд үлдсэн байгаа Б.Эрдэнэбаярын байр байхгүй болох гээд байсан учраас би, Г.*******д “чи 45,000,000 төгрөгийг төлчих, би 500,000,000 төгрөгийг аргалаад явж байя” гэсэн. Тэгээд  Г.******* 2015 онд нийт 32,500,000 төгрөг төлсөн байна. Үүнээс цааш өөрийнх нь боломж бүрдээгүй байх.

 

Бид анх ярилцахдаа хамтарч ажил хийгээд, орлого олж түүнийгээ адил тэнцүү хувааж хүртэнэ гэж л энэ бүх зээлийг авсан.  Үүний эцэст ашиг, эсхүл алдагдал аль нь ч байсан тэнцүү үүрэх ёстой. Тэгхээр, “******* партнерс” ББСБ-ын нэхэмжилж байгаа 38,541,466.56 төгрөгийг Г.******* бид хоёр хамт хариуцах байх гэж үзэж байна. Үүнээс гадна бидний хамтдаа санаачилж байсан ажилтай холбоотой ихээхэн өр төлбөр надад үлдсэн байгаа” гэв.

 

Хариуцагч Г.*******ийн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч байгууллага нь  2014 оны 8 сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгчийн үүргээ биелүүлээгүй буюу зээлээс Г.*******д ногдох 35,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй тул энэ нь Иргэний хуулийн 282.4 дэх заалтыг  зөрчсөн. Нэгэнт зээл өгөөгүй байж, зээлтэй холбоотойгоор Г.*******ийн төлсөн 32,000,000 төгрөг  “******* партнерс” ББСБ-ын дансанд орсон учир энэ мөнгөөр нэхэмжлэгч байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.

 

Иймд, “******* партнерс” ББСБ-аас 32,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч нар нь зээлийг хүлээж авсан. Эргэн төлөлтийн дагуу төлбөрөө хийгээд явж байсан. Тийм учраас хариуцагч талаас үлдэлдэл төлбөрийг төлөх нь зайлшгүй. Хоёр зээлдэгч мөнгөө хэрхэн, яаж зарцуулсан нь бидэнд хамааралгүй. Тэд хамтдаа гэрээ хийсэн, барьцаа байгуулсан, бидний шаардлагаар Худалдаа хөгжлийн банкны харилцах данс өгсөн. Хэрэв, Г.*******ийн данс өгсөн байсан бол бид тэр дансанд л шилжүүлэх байсан. Харин, Ж.*******ий данс өгсөн байсан учир түүгээр 70,000,000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн. Хариуцагч Г.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан, хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* партнерс” ББСБ ХХК зээлийн үндсэн төлбөр 29,341,000 төгрөг, хүү 7,618,012.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,582,454.06 төгрөг бүгд 38,541,466.56 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Г.******* түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, улмаар 32,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Ж.******* зээлийн гэрээний төлбөр 38,541,466.56 төгрөгийг  дангаараа төлөхгүй, хариуцагч Г.******* хамтран, тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

“******* партнерс” ББСБ ХХК болон Ж.*******, Г.******* нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 22-нд №006 тоот Зээлийн гэрээ,  №006/01 тоот, №006/02№  тоот Барьцааны  гэрээ /хоёр/-нүүд тус тус байгуулагдсан, хэрэгт авагдсан байна. /хх-ийн 5-16-р хуудас/

 

Зээлийн гэрээгээр, зээлийн хэмжээ 70,000,000 төгрөг, сарын хүү 4.50 хувь, зээлийн хугацаа  12 сар,  зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд  нэмэгдүүлсэн хүү төлөхөөр  тохиролцсон.

 

№006/01 тоот Барьцааны гэрээний зүйл: Н.*******, Б.Эрдэнэбаяр нарын 5 иргэний дундын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 39 дүгээр байрны 21  тоотын 26 м.кв талбай бүхий  2 өрөө орон сууцны байр байна.

 

№006/01 тоот Барьцааны гэрээний зүйл: Б.*******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-30 байрны *******ын  31,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны байр байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж заасан. Орон сууцны талаар зээлийн барьцаанд тавих, зээл авах, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, гэрээ бүртгүүлэх зэрэг эрх олгосон итгэмжлэлийг өмчлөгч Н.*******, Б.Эрдэнэбаяр нарын 5 иргэн  хариуцагч Г.*******д,  өмчлөгч Б.******* нь хариуцагч Ж.*******д тус тус олгожээ. /хх-ийн 8-р тал/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд бичгийн хэлбэртэй, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулиар тогтоосон  хэлбэрийн шаардлагыг хангажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /зээлдүүлэгч/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Мөн Ж.******* зээлийн 70,000,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны харилцах дансаар хүлээн авсан талаар маргаагүй бол Г.******* зээлийн гэрээнд гарын үсэг зурж оролцсон ч мөнгийг хүлээн аваагүй тул зээлдэгч биш, зээлийн үүрэг хүлээгүй гэж маргасан.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай  хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж томьёолсон байдаг. Зээлийн болон барьцааны гэрээнд, Ж.*******, Г.******* нарын зээлдэгч, барьцаалуулагчийн эрх, үүрэг харилцан өөр буюу ялгаатай агуулгаар тодорхойлогдоогүй тул тэднийг үүрэгт хамтран оролцсон гэж үзэв.

Мөн Ж.*******, Г.******* нар ямар нэгэн банкны харилцах дансыг хамтран эзэмшдэггүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон учир тэдний хэн нэгний эзэмшдэг дансанд зээлийг шилжүүлжээ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.3 дахь хэсэгт зааснаар, Г.******* зээлийг бүхэлд нь эсхүл, тал хувийг өөртөө шилжүүлэн авна гэж мэдэгдээгүй тохиолдолд “******* партнерс” ББСБ ХХК зээлийг Ж.*******ий харилцах дансанд шилжүүлснээр тэдний өмнө зээл олгох үүргээ бүрэн биелүүлсэнд тооцогдохоор байна.

 

Иймд,  Ж.*******, Г.******* нарын  зээлийн талаарх үүрэг  нь Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн  242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэсэнтэй нийцэхээр байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Зохигч талууд Ж.*******ий нэрээр 32,500,000 төгрөг, Г.*******ийн нэрээр 32,000,000 төгрөг буцаан төлсөн, нэхэмжлэл дэх  зээл 29,341,000 төгрөг, үндсэн хүү 7,618,012.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,582,454.06 төгрөг бүгд 38,541,466.56 төгрөгийн  шаардлагын хэмжээний талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай  хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй байхаар тогтоожээ. Гэтэл нэхэмжлэлээр шаардсан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хорин хувь /1,523,602₮/-иас 58,851 төгрөгөөр илүү байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч нарын зээлийн үүрэгт төлсөн мөнгөн төлбөрийн хэмжээ адил байгаа учир үлдсэн үүргийг тэнцүү хуваарилах үндэслэлтэй.

 

Зохигчийн тайлбарлаж, маргаж байгаагаар №006/01 тоот Барьцааны гэрээний зүйлийг чөлөөлсөн байна. Энэ нь зээлдэгч нарын  хүлээх хариуцлага, хүчинтэй байгаа барьцааны эрхэд нөлөөлөхгүй гэж үзнэ.

 

Иймд, Ж.*******, Г.******* нар хамтран шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 38,483,615.56 төгрөгийг сайн дураараа эсхүл, нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагаар биелүүлээгүй тохиолдолд хүчинтэй барьцааны зүйл болох тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх журамтай болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Г.*******  2015 оны 4 дүгээр сарын 15, 27, 6 дугаар сарын 8-нд гурван удаагийн үйлдлээр “зээл төлөв”, “зээлийн  хүү төлөв” гэсэн утгаар нийт 32,000,000 төгрөгийг “******* партнерс” ББСБ ХХК-д төлжээ.

Хариуцагч тал зээлийг бодитойгоор шилжүүлэн аваагүй тул  төлсөн 32,000,000 төгрөгийг буцаан шаардаж,  нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шилжүүлсэн хөрөнгөө /мөнгө/ буцаан шаардах эрхтэй.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчинтэй, Г.******* үүрэгт оролцсон тул зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөн төлбөрийг буцаах авах шаардлага гаргах эрх, үндэслэл тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед “барьцааны гэрээг цуцлуулах, гэрчилгээг буцаан гаргуулах” тухай тайлбарласан. Гэвч,  энэ талаар шүүхэд бичгээр гаргасан  сөрөг  нэхэмжлэлдээ тусгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5-д заасныг биелүүлээгүй тул хэлэлцэн шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар нөхөн төлүүлж, Г.*******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгчид тэмдэгтийн хураамж хуваарилахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ж.*******, Г.******* нараас  38,541,466.56 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* партнерс”  ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ж.*******, Г.******* нар  38,541,466.56 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 39 дүгээр байрны 21  тоотын орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн байрыг албадан худалдаж, шийдвэрийн биелэлтийг хангасугай.

 

3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.*******ийн 32,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “******* партнерс”  ББСБ ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,700 төгрөгийг, хариуцагч Г.*******ийн  төлсөн 318,000 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Ж.*******, Г.******* нараас 350,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* партнерс” ББСБ ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.АМАРДЭЛГЭР