Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1641

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХХ ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05200 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХХ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 38 541 466.56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй

 

 32 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн ХХХХ-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                         ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ ББСБ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

ХХХХ, ХХХХХнар 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “ХХХХХХ” ББСБ” ХХК-тай №006 тоот зээлийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлж авсан. Манай байгууллага нь Худалдаа хөгжлийн банкны харилцах дансыг ашигладаг тул зээлдэгч нарт олгох зээлийг уг банкны харилцах дансанд шилжүүлэхээр мэдэгдэхэд ХХХХХнь Худалдаа, хөгжлийн банкны харилцах данс өгсөн. Харин ХХХХд тухайн банкны харилцах данс байсан эсэхийг мэдэхгүй, мөнгийг ХХХХХ-ний дансаар шилжүүлэн авахтай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй. ХХХХ, ХХХХХнартай байгуулсан зээлийн гэрээг дагалдуулан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр №006/01, №006/02 тоот хоёр барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээгээр, ХХХХ дүүргийн ХХ-р хороо ХХ-р ХХ мянгатын ХХХ дүгээр байрны ХХ тоотын улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 26 м.кв 2 өрөө орон сууц, ХХХХХХ дүүргийн ХХХ-р хороо ХХХ-р хороолол ХХХХ байрны ХХХ тоотын улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй 31.6 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч ХХХХ, ХХХХХХ нар зээлийн гэрээнд заасан хувиарийн дагуу зээлээ төлж барагдуулж байсан бөгөөд зээлдэгч нараас удаа дараа хүсэлт гаргасны дагуу №006/02 тоот гэрээний зүйл болох ХХХХХХХХ дүүргийн ХХ-р xopoo ХХ-p хороолол ХХХХ байрны ХХХ тоотын ХХ өрөө орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр барьцаанаас чөлөөлж өгсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, байгууллагын зүгээс зээлийн үлдэгдлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгууллагыг хохироосоор байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ХХХХХ-ний нэрээр 32 500 000 төгрөг, ХХХХ-ийн нэрээр 32 000 000 төгрөгийн зээл, хүүд төлсөн байгаа. Иймд зээлийн үлдэгдэл 29 341 000 төгрөг, үндсэн хүү 7 618 012.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 582 454.06 төгрөгийн үлдэгдэл байгаа тул нийт 38 541 466.56 төгрөгийг зээлдэгч ХХХХХХ, ХХХХ нараас хамтран гаргуулж өгнө үү. Мөн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №006/01 тоот барьцааны гэрээний зүйл болох ХХХХХХ дүүргийн ХХ-р хороо ХХ-р ХХХ мянгатын ХХ дүгээр байрны ХХХ тоотын 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч талаас төхөөрөмж авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөг авах болсон. Зээлж авсан 70 000 000 төгрөгийн тал хувь буюу 35 000 000 төгрөгийг ХХХХХзахиран зарцуулсан. Уг 35 000 000 төгрөгийг өөрөө хариуцан төлөх бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №006/02 дугаартай барьцааны гэрээгээр ХХХХХ дүүргийн ХХХ дүгээр хороо, ХХХ дүгээр хороолол, ХХХХ байрны ХХХХ тоотод байршилтай, 31,6 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг барьцаалсан. Үлдэх 35 000 000 төгрөгийг ХХХХ хүлээн авч, тоног төхөөрөмж авах байсан ба мөн барьцааны гэрээ байгуулан ХХХХХ дүүргийн ХХХ дүгээр хороо, ХХ дугаар ХХ мянгат ХХ дүгээр байрны ХХ тоотод байршилтай, 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс 35 000 000 төгрөгийг ХХХХХ-ний данс руу шилжүүлж мөн 3 хоногийн дараа үлдэх 35 000 000 дахин ХХХХХ-ний дансанд шилжүүлсэн. ХХХХ зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан боловч нэг ч төгрөг бодитойгоор хүлээж аваагүй байна. ХХХХХ70 000 000 төгрөгийг дангаар хүлээн авсан бөгөөд өөрөө эргэн төлөлтийг хийж эхэлсэн. Тэрээр, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын зээлийн төлбөр төлөөгүй. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нарт мэдэгдэх хуудас хүргүүлснээр ХХХХ 70 000 000 төгрөгийг зээл бүрэн төлөгдөөгүй болохыг мэдсэн. ХХХХХөөрөө бүх мөнгийг авсан тул өөрөө төлж барагдуулна гэж амласан бөгөөд зээлээ төлж дуусахаар барьцаа хөрөнгөө чөлөөлж авах байсан. Гэтэл ХХХХХ-ний барьцаанд тавьсан ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХ байрны ХХ тоотод байршилтай, 31.6 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг зээлийн эргэн төлөлт дуусаагүй байхад барьцаанаас чөлөөлсөн байна. Барьцааны гэрээнд ХХХХХХ, ХХХХ нар иргэн ХХХХ-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гарын үсэг зурсан байхад барьцааны хөрөнгийг чөлөөлсөн нь зээлийн гэрээний 5.4, 8.1, 12.1 дэх заалтыг тус тус нэхэмжлэгч тал зөрчсөн гэх үндэслэл бий болж байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 281 дүгээр зүйл, 282.4 дэх заалт тус тус хэрэгжээгүй бөгөөд мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул ХХХХ төлбөрийг хариуцахгүй. Хэдийгээр, ХХХХ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээл аваагүй байна. Анх зээлийн гэрээ байгуулах үед ХХХХ нь иргэн ХХХХ нарын өмчлөлийн ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар ХХ мянгат ХХ дүгээр байрны ХХ тоотод байршилтай, 26 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанд тавиулах зөвшөөрөл авсан тул нэхэмжлэгч тал уг орон сууцыг худалдан борлуулна гэж дарамт үзүүлсэн тул арга буюу 32 000 000 төгрөгийг төлсөн. Бид энэ мөнгийг сөрөг нэхэмжлэлээр буцаан шаардаж байгаа. ХХХХд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХХшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ, ХХХХХ, ХХХХХ бид хамтарч, алтны уурхайд туслан гүйцэтгэгчээр ажиллах бизнес хийхээр ярилцаж, тохиролцсон. Учир нь бид техник, технологийн боловсрол эзэмшсэн хүмүүс юм. Бид ярилцаад, бизнесээ эхлүүлэхэд 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдахаар байна гэсэн тооцоо гаргасан. Юуны өмнө бэлэн мөнгө байгаагүй тул хамтарч бүрдүүлэхээр ярилцсан бөгөөд 200 000 000 төгрөгийг 30%, 30%, 30%, 10% гэсэн байдлаар хувааж олохоор аман тохиролцоонд хүрсэн. Тэгээд ХХХХХ өөрийн эцэг ХХХХХ гуайн өмчлөлийн ХХХХ дүүрэг дэх орон сууцыг, ХХХХ найз ХХХХ-ын хамтын өмчлөлийн ХХХХХ дүүрэг дэх орон сууцыг тус тус барьцаанд тавихаар зөвшөөрөл авсан бөгөөд миний бие ХХХХХ гуайгаас итгэмжлэл авч барьцаалахаар болсон. Бид тухайн орон сууцнуудыг барьцаалахад нэхэмжлэгч байгууллага 70 000 000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн тул 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулж зээл авсан. Зээлийн болон барьцааны гэрээг ХХХХ бид хоёр хамтдаа хийсэн. Ингээд зээлийн 70 000 000 төгрөгийг хүлээн авах үед ХХХХ-ийн Голомт банкнаас авсан цалингийн зээл найдваргүй ангилалд орсон байсан, надад Худалдаа хөгжлийн банкны харилцах данс байсан зэргийн улмаас миний дансаар хоёр хувааж хүлээн авсан. Би, энэхүү зээлийг дангаараа зарцуулаагүй, ХХХХ бид 2 анхнаасаа ашиг, орлогоо тооцож үзсэн. Бид уурхай дээр гүйцэтгэгчийн ажил эхлэх үед ХХХХ оруулсан хөрөнгөний 30 хувийг эзэмшиж байгаа учраас уурхайн дарга хийх ажил, үүргийн хуваарилалттай байсан. Анх бидний тооцоогоор алтны уурхай дээр ажил эхлээд 14-21 хоногийн дотор шууд ашиг өгнө гэж үзэж байсан юм. Гэтэл бодит байдал дээр үүнээс хүнд, дор нөхцөлтэй учирсан бөгөөд бидний ажилд ахиц гарахгүй байснаас “ХХХХ ББСБ” ХХК болон бусад зээл нэмэгдээд 2014 оны 11 сар гэхэд 700 000 000 орчим төгрөгийн өр үүссэн. Энэ өрнөөс ХХХХХ 200 000 000 төгрөгийн өөртөө хамааруулан авч бусад нь бид гуравт үлдсэн. Би, чадлынхаа хирээр ”ХХХХХ ББСБ” ХХК-ийн зээлд 32 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар ХХХХд хэлсэн. Эдгээр нөхцөл байдлын дараа ХХХХ бид хоёр ярилцсан.  Одоо барьцаанд үлдсэн байгаа ХХХХ-ын байр байхгүй болох гээд байсан учраас би, ХХХХд чи 45 000 000 төгрөгийг төлчих, би 500 000 000 төгрөгийг аргалаад явж байя гэсэн. Тэгээд ХХХХ 2015 онд нийт 32 500 000 төгрөг төлсөн байна. Үүнээс цааш өөрийнх нь боломж бүрдээгүй байх. Бид анх ярилцахдаа хамтарч ажил хийгээд, орлого олж түүнийгээ адил тэнцүү хувааж хүртэнэ гэж л энэ бүх зээлийг авсан. Үүний эцэст ашиг, эсхүл алдагдал аль нь ч байсан тэнцүү үүрэх ёстой. Тэгхээр “ХХХХ ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 38 541 466.56 төгрөгийг ХХХХ бид хоёр хамт хариуцах байх гэж үзэж байна. Үүнээс гадна бидний хамтдаа санаачилж байсан ажилтай холбоотой ихээхэн өр төлбөр надад үлдсэн гэжээ.

 

Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллага нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгчийн үүргээ биелүүлээгүй буюу зээлээс ХХХХд ногдох 35 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй тул энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг зөрчсөн. Нэгэнт зээл өгөөгүй байж, зээлтэй холбоотойгоор ХХХХ-ийн төлсөн 32 000 000 төгрөг “ХХХХ ББСБ” ХХК-ийн дансанд орсон учир энэ мөнгөөр нэхэмжлэгч байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд, ” ХХХХХ ББСБ” ХХ-иас 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ сөрөг нэхэмжлэлд гаргасан гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар нь зээлийг хүлээж авсан. Эргэн төлөлтийн дагуу төлбөрөө хийгээд явж байсан. Тийм учраас хариуцагч талаас үлдэгдэл төлбөрийг төлөх нь зайлшгүй. Хоёр зээлдэгч мөнгөө хэрхэн, яаж зарцуулсан нь бидэнд хамааралгүй. Тэд хамтдаа гэрээ хийсэн, барьцаа байгуулсан, бидний шаардлагаар Худалдаа хөгжлийн банкны харилцах данс өгсөн. Хэрэв, ХХХХ-ийн данс өгсөн байсан бол бид тэр дансанд л шилжүүлэх байсан. Харин, ХХХХХ-ний данс өгсөн байсан учир түүгээр 70 000 000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн. Хариуцагч ХХХХ-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ХХХХХХ, ХХХХ нараас 38 541 466.56 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХХ ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ХХХХХХ, ХХХХ нар 38 541 466.56 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар ХХХ мянгат, ХХ дүгээр байрны ХХ тоотын орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн байрыг албадан худалдаж, шийдвэрийн биелэлтийг хангуулж,

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч ХХХХ-ийн 32 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “ХХХХ ББСБ” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350 700 төгрөгийг, хариуцагч ХХХХ-ийн төлсөн 318 000 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч ХХХХХХ, ХХХХ нараас 350 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХХ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Иргэн ХХХХХХ, ХХХХ нар нь “ХХХХ ББСБ” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 006 тоот "Зээлийн гэрээ" байгуулсан боловч тус ББСБ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ХХХХд зээлээр шилжүүлэх мөнгийг түүнд шилжүүлээгүй байхад түүнээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ББСБ-д төлүүлэхээр иргэний хэргийн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж, ХХХХ-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, нэг талыг барьж энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101ШШ2016/05200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн эрхийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна. 

 

Нэхэмжлэгч “ХХХХХ ББСБ” ХХК нь хариуцагч ХХХХ, ХХХХХнараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 29 341 000 төгрөг, зээлийн хүүд    7 618 012 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 582 454 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ХХХХ эс зөвшөөрөн сөрөг нэхэмжлэл гарган маргаж, хариуцагч ХХХХХнь хариуцагч ХХХХтэй тэнцүү хэмжээгээр хариуцан төлөх ёстой гэсэн тайлбарыг гаргажээ

 

Хариуцагч ХХХХ нь 32 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд уг шаардлагадаа ”…зээлийн мөнгөөс өөрт ногдох 35 000 000 төгрөгийг хүлээж аваагүй” гэсэн үндэслэлийг заасан байна. 

 

Нэхэмжлэгч “ХХХХХ ББСБ” ХХК нь хариуцагч ХХХХХХ, ХХХХ нартай 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр 70 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд ХХХХХ дүүргийн, ХХ-р хороо, ХХ дугаар ХХ мянгат, ХХХХ тоот 26 м.кв 2 өрөө орон сууц, ХХХХ дүүргийн, ХХ-р хороо, ХХ-р хороолол, ХХХ байрны ХХ тоот 31.6 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус тавьсан байна. /хэргийн 5-17 дугаар тал/

 

ХХХХХ-ний барьцаанд тавьсан ХХХХХ дүүргийн ХХ-р хороо ХХ-р хороолол, ХХХХ байрны ХХ тоотод байршилтай 31.6 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг барьцаанаас чөлөөлсөн байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул “ХХХХ ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй болно. 

 

Анхан шатны шүүх хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна гэж дүгнэн ХХХХХХ, ХХХХ нараас 38 541 466,56 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалттай нийцжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ХХХХ нь зээлийн гэрээний нэг тал буюу зээлдэгч байх ба зээлийн гэрээний үүргээ биелүүлж зээлдүүлэгчид 35 000 000 төгрөгийг төлсөн байна. Иймээс нэхэмжлэгч “ХХХХ ББСБ” ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч ХХХХ “…нэхэмжлэгч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг надад шилжүүлээгүй байхад зээлийн гэрээний үүргийг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Зохигчид хуулийн шаардлага хангасан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг байгуулсан, зээлийн гэрээний 3.2 дахь заалтад зээлийг бэлэн бусаар авахаар талууд тохиролцсон, хариуцагч ХХХХ зээлийн төлбөрт      35 000 000 төгрөгийг эргүүлэн төлсөн, хариуцагч нар хамтран ажиллах гэрээний үндсэн дээр зээл авсан гэсэн тайлбар гаргасан байгаа зэргээс үзэхэд талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг үгүйсгэх, уг үндэслэлээр ХХХХ зээлийн мөнгийг буцаан төлөхгүй байх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураараа эс биелүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар ХХ мянгат, ХХ дүгээр байрны ХХ тоотын орон сууцныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-ийн заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА 

 

                  ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                      Ц.ИЧИНХОРЛОО