| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2019/0432/З |
| Дугаар | 221/МА2019/0644 |
| Огноо | 2019-12-09 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0644
2019 оны 12 сарын 09 өдөр Дугаар 221/МА2019/0644 Улаанбаатар хот
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0655 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 128/ШШ2019/0655 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасныг баримтлан Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “З ...” нэртэй талбай бүхий --------- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Уг шийдвэрийг гаргахдаа нотлох баримтыг дутуу цуглуулж, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн, хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нь буруу болсон бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
1. Нэхэмжлэгчээс маргаж буй асуудлыг өөрийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчөөгүй, ийм нөхцөл байдал бий болох шалтгаан нь орон нутгийн захиргааны байгууллагын хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон.
2. Үүнийгээ хариуцагч байгууллагад мэдэгдэж хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тухайгаа мэдэгдсэн атал харгалзан үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон гэх шалтгаанаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргасан.
Гэтэл шүүхээс уг үндэслэлийг үгүйсгэн тайлбарлаж, нотлох баримтыг үнэлж, хуулийг тайлбарлан хэрэглэж “... Төв аймгийн Заамар сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчийн шийдвэрийн талаар тухайлан маргаагүй, энэ талаар дүгнэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад компанийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан үйл баримтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлсэнтэй холбож тайлбарлах үндэслэлгүй ...”, “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д зааснаар байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хавсарган ирүүлэх хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдох бүх арга хэмжээг бодит байдалд авч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 1 сарын өмнө гаргах хугацааг тооцож, өргөдөлд зайлшгүй хавсаргагдах ёстой байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн хуулийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө хүргүүлсэн боловч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нар хуульд заасан хугацаанд баталж өгөлгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталж өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө түүнийг дуусахаас 1 сарын өмнө гаргах боломжийг нь хязгаарласан дээрх нөхцөл байдал нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан болж байхад анхан шатны шүүхээс түүнийг үүнтэй холбон тайлбарлах боломжгүй гэж үгүйсгэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн.
Түүнчлэн, орон нутгийн байгууллагатай маргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцуулах боломжоо алдаж байгаа мэтээр шүүх дүгнэж байгаа нь буруу бөгөөд маргах нь “эрх” болохоос бус хуулиар хүлээлгэсэн “үүрэг” биш атал маргасан баримт түүнийг шийдсэн шийдвэр байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг шүүхээс тайлбарлан хэрэглэхдээ нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй байдлаар тайлбарласан нь буруу бөгөөд бусад заалт болох 22 дугаар зүйлийн 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай уялдуулан тайлбарлан хэрэглэх ёстой байтал буруугаар тайлбарлаж, дээр дурдсан заалтуудыг хэрэглээгүй, мөн нотлох баримт цуглуулах тухайд шүүхээс Төв аймгийн Заамар сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч нараас яагаад хуулийн хугацаанд нь баталж өгөөгүй тухай тодруулга тайлбар аваагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхээ нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж алдсан мэт дүгнэлтэд хүрэх шалтгаан нь болсон гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0655 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ““У” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “У” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “З ...” нэртэй талбай бүхий --------- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2019/3075 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон хэдий ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулаагүй буюу төлөөлөх эрх бүхий этгээд эсэх нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс нэмж баримт ирүүлээгүй байхад 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 128/ШЗ2019/3625 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэлд хавсаргасан материалд “У” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тухайн компанийн гүйцэтгэх захирал А.И гэх этгээд байх бөгөөд хэргийн материалд Х.О тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд эсэх талаар баримт авагдаагүй байна.
Нэхэмжлэл гаргасан “У” ХХК-ийн захирал Х.О нь төлөөлөх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй, мөн нэхэмжлэлд “У” ХХК-ийн тамга бус өөр компанийн буюу “Б...” ХХК-ийн тамга дарагдсан байгаа тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэл гаргасан этгээдийг төлөөлөх эрхтэй эсэх талаар баримт цуглуулсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай.
Нэхэмжлэгчээс “маргаж буй асуудлыг өөрийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчөөгүй, ийм нөхцөл байдал бий болох шалтгаан нь захиргааны байгууллагын хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон” гэсэн үндэслэлээр маргасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга нь энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч “У” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргах шаардлагатай материал болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Засаг даргад хандсан боловч “ус ашиглалтын өртэй” гэх үндэслэлээр батлахгүй буцааж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан байна.
Шүүх нэхэмжлэгч “У” ХХК-ийг ус ашиглалтын өртэй байсан эсэх талаар холбогдох нотлох баримтыг цуглуулахгүйгээр мөн нэхэмжлэгч ус ашиглалтын өртэй байсан нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл болох эсэх талаар тодруулалгүйгээр хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Түүнчлэн, Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйн улмаас нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
Хэрэгт авагдсан материалуудын хүрээнд нэхэмжлэгчийн маргаж буй Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан үүргээ биелүүлээгүй буюу хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хуульд нийцсэн эсэх талаар бүрэн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээдийг олж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0655 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ