Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0893

 

 

 

 

 

 

                           

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: П.Болормаа

шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Батбаяр, Н.Нарантуяа

иргэний нэхэмжлэгч: Д.Х

шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт У овогт С Э  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806008010457 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт С Э, 19 оны 11 дүгээр  сарын 05-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай,  Монгол наадам ОНӨТҮГ-т мэргэжилтэн ажилтай,  ам  бүл 4, эхнэр хүүхдийн хамт,   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          С.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 13 дугаар хороолол 77-401 тоотод үйл ажиллагаа явуулдаг Алтансан актив банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэр ХД/65 дугаарын 20 тоот 85,36 мкв орон сууцыг барьцаалан 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээнд дээрх барьцаалсан орон сууцыг бүртгүүлэлгүй, улсын бүртгэгчийн тэмдэгийг хуурамчаар үйлдэн дарж уг орон сууцыг бусдад зарж Алтан сан актив ББСБ-га буюу Б.Б хуурч залилан 50.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Э манай ББСБ 2015 оны 01 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх гэрээ тус тус хийсэн. Зээлийн гэрээний төлбөрөөс 30 гаран сая төгрөгийн төлөлт хийгдсэн байдаг. Шүүгдэгч С.Э нь ББСБ-тай худалдах, худалдан авах гэрээ хийгээд, үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад явж байхдаа байраа Э гэдэг хүнд зараад тэр тухайгаа мэдэгдэлгүй явж байсан. Тэгээд танай байгууллагын хохирлыг төлнө гэж хэлж байсан. С.Э нь манай захирлын 10 жилийн ангийн хүүхэд гэдэг танил талаараа төлнө гэж итгээд явж байсан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд явж байгаад төлөхгүй байхаар нь цагдаагийн газар мэдэгдсэн байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 20-нд тухайн байрыг худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Манай байгууллагын зүгээс улсын бүртгэлийн газар очиж тухайн байрны эзэмшигчийг лавлахад байрыг Э гэдэг хүний нэр дээр байдаг. Э гэрчилгээ үрэгдүүлсэн гэж хэлж дахин гэрчилгээ авч байгаад өөр хүнд байраа худалдсан асуудал гарсан байдаг. Манай байгууллагаас хохирлын тооцоо гаргаж өгсөн байгаа. Хохирлоо төлж барагдуулвал гомдол санал байхгүй гэв.

          Шүүгдэгч  С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2015 оны 1 дүгээр сард Алтансан Актив ББСБ-аас 50.000.000 төгрөгийн зээл авсан. Би зээл авахдаа өөрийн нэр дээр байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 65-20 тоот хаягтай 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж зээл авсан. Би мөнгө хүүлдэг байсан Г гэж дууддаг ахад 30 сая төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд өрөө төлж чадахаа байж байхад Г б ах надад Алтан сан Актив-ыг зааж өгөөд очиж уулзаад зээл ав гэсэн. Би тэр байгууллага дээр очиж уулзаад өөрийн байрыг барьцаанд тавьж зээл авахад шаардагдах баримт бичгүүдийг бүрдүүлэн өгөөд 50.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр мөнгөнөөсөө Гандан бороо ахад 20 гаран сая төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өөрийн бизнес хийх хэрэгцээндээ зарцуулсан. Зээлийн гэрээг аваад үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх гэхэд Гандан бороо гэх хүн би их хурдан үл хөдлөх хөрөнгийн газарт зээлийн гэрээг чинь бүртгүүлээд өгий гэхээр нь зээлийн гэрээгээ өгөөд явуулсан. Яг ном журмаар нь зээлийн гэрээг бүртгүүлэхээр хонож гарна гэсэн. Гэтэл Г б ах надаас их хурдан мөнгөө авахын тулд би зээлийн гэрээг хурдан бүртгүүлнэ гэж хэлээд гэрээг авч яваад тамга даруулаад ирсэн. Тэгээд би зээлийн гэрээг Алтан сан Актив ББСБ-д хүргэж өгөөд зээлээ өөрийн дансаар авсан. Би Г б ахын өрийг бүгдийг нь төлж чадаагүй юм. Гэтэл сар гарангийн дараа Г б гэж дууддаг ах манай гэрт ирээд суучихсан. Тэгээд л намайг хараагаад дарамтлаад байдаг болсон. Гэтэл байраа барьцаанд тавь гэхээр нь би үл хөдлөх хөрөнгийн газарт барьцаанд байгаа ш дээ гэхэд дахин гэрчилгээ авч болно гээд байсан. Тэгээд орон сууцны гэрчилгээ шинээр гаргуулах маягтан дээр надаар гарын үсэг зуруулсан. Миний байрны гэрчилгээний эх хувь Алтан Сан Актив ББСБ дээр байгаа. Гэтэл дахин гэрчилгээ гаргуулсан. Ингээд нөгөө гэрчилгээгээ тавиад Э гэдэг хүнээс 90.000.000 төгрөг авч Г Б ахын өрийг дарж дуусгасан. Э гэдэг хүнээс 90.0 сая төгрөг аваад гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн нэг нотариат дээр очиж гэрээгээ батлуулсан. Тэгээд сүүлдээ нөгөө өрнүүдээ дарж чадахаа болиод Г Б, Э нарын шахалтаас болж байраа зарж өрийг дарж дуусгасан. Би сүүлдээ Г Б гэдэг хүнд хууртагдаж байснаа ойлгосон. Би Алтан Сан Актив ББСБ авсан зээлийг хууль ёсны гэж ойлгож явсан гэтэл улсын бүртгэгчийн дардасыг хуурамчаар дарсан байсныг сүүлд мэдсэн гэжээ. /хх-ийн 71/

           Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай Алтан сан Актив ББСБ нь 2013 онд байгуулагдан одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2015 оны 1 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд манай санхүүгийн байгууллага дээр манай нутгийн дунд сургуульд нэг ангид сурч байсан С.Э ирж уулзаад өөрийгөө Хаан банкны салбарын захирал хийж байгаа өөрөө банкнаас зээлтэй учраас зээл авч болохгүй байна гэсэн. Тэгээд Бигхом гэдэг компанид хөрөнгө оруулалт хийж төмрийн үйлдвэрлэлийн бизнес хийх гэж байгаа 50.000.000 төгрөг хэрэгтэй байна 6 сарын хугацаатай авий гэсэн. Тухайн үед манай хүү 5 хувьтай байсан. Манайхаас тавигдах шаардлагыг Э хангаж байсан ба өөрөө ч нөхцөлөө зөвшөөрөөд зээл авахаар болоод гэрээ байгуулсан. Э зээл хүссэн өргөдөл, нийгмийн дээтгалын дэвтэрийн хуулбар, Бигхом компанитай холбоотой гэрчилгээ гэрээ энэ тэрийг бүрдүүлээд өөрийнхөө нэр дээр байдаг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэр ХД-65 дугаар байрны 20 тоот 85,36 мкв орон сууцыг зээлийн барьцаанд байхгүй гэсэн лавлагааны хамтаар авч ирээд зээл авахаар болсон. Зээл олгохоос өмнө би хийгдсэн гэрээг С.Э өгч явуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт аваачиж зээлийн барьцаанд байгаа талаар бүртгүүлээд ир тэгээд мөнгөө аваарай гэж хэлээд явуулсан. Манайх ер нь бол тэгж гэрээг батлуулдаг юм. Гэтэл С.Э зээлийн гэрээтэй хамт хийгддэг барьцааны гэрээний барьцаа хөрөнгийн жагсаалт дээр Улсын бүртгэгч 6/2-23 дугаартай тэмдэг, хажууд нь дарагдсан бүдэг дөрвөлжин тэмдгийг хуурамчаар үйлдэн манай байгууллага дээр гэрээг авчирсан байсан. Би хуурамч үнэн эсэхийг нь ялгаж чадахгүй учраас улсын бүртгэлд зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэж үзээд С.Э 50 сая төгрөгийг өгөөд явуулсан. Э гэрээний дагуу эхний сарын төлөлтийг хийгээд түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Тэгээд Э гэрээний үүргээ биелүүлээгүй гээд гэрийн хаягаар нь буюу Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж хүү, алданги тооцоод нийт 97.965.164 төгрөгийг нэхэмжилсэн үүнийг Э хүлээн зөвшөөрөөд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бид нар мөнгөө төлөхгүй бол барьцааны байрыг авах болохоор байранд нь очиж үзэхээр өөр хүн гарч ирдэг байсан. Э асуухаар манай ах амьдарч байгаа л гээд байдаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу үнийн дүнгээр 1.891.600 төгрөг төлөөд материалаа бүрдүүлээд улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн. Гэтэл С.Э бидэнд мэдэгдэлгүйгээр уг байрыг бусдад зарсан байсныг мэдсэн. Ингээд С.Э манай байгууллагыг хуурч биднээс 50 сая төгрөг авсан байна гэж үзсэн гэжээ. /хх-н 65-66/ 

        Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2014 оны 12 дугаар сард Алтан Сан Актив ББСБ нягтлангаар ажилд орсон. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ХААН банкны салбарын захирал С.Э гэх хүн манай байгууллага дээр ирээд зээл хүссэн. С.Э бүрдүүлсэн материалууд нь зээлийн шаардлага хангаж байсан. Тухайн үед Эн байрыг барьцаанд авч зээл өгөхөөр болсон. Зээлийн гэрээг бүртгүүлж ирээд 50 сая төгрөгийг манайхаас авсан. Э тухайн хугацаанд үндсэн зээлд 5.008.896 төгрөг, алданги 6.706.342 төгрөг, хүүний мөнгөнөөс 7.384.762 төгрөг хасагдсан байгаа. Ингээд үүнээс хойш төлөлт хийгдээгүй тул манайх шүүхэд хандсан. Шүүх дээр бид эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Энэ хугацаанд 4 сая төгрөг төлөгдсөн. Тэгээд мөнгөө төлөхгүй байхаар нь барьцааны байрыг авах гэтэл өөр хүнд шилжүүлсэн байсан. Тэгэхээр нь манайх цагдаад хандсан юм гэжээ. /хх-н 67-68/

          Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Барьцааны гэрээг би харлаа. Гэрээнд дарагдсан тамга тэмдэг миний дугаартай боловч би бүртгээгүй байна. Тэмдэг нь миний дардаснаас арай том харагдаж байгаа нь энгийн нүдээр харагдаж байна гэжээ. /хх-н 69/

          Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Г Б хочит Ч.Б, С.Э нарыг танина. Г Б хочит Ч.Б 2014 онд танилцаж байсан. Тэр цагаас хойш энгийн ажил хэргийн харилцаатай байсан. Г Б бид хоёрын хооронд мөнгө төгрөг өгөлцөж авалцах гэх мэтийн ажил байдаг байсан. Би С.Э байрыг худалдаж аваад танилцсан. Байрыг нь нэр дээрээ шилжүүлж аваад л салсан. Г Б надтай уулзаад байр зарна гэхээр нь би тэр байрыг нь үзсэн. Тэр байр нь Хан-Уул дүүрэгт байдаг 3 өрөө байр байсан. Байраа 99.000.000 төгрөгөөр зарна гээд эзэмшигч нь С.Э гэдэг залуу байсан. Э мөнгө хэрэгтэй байна гээд байсан тул би мөнгө зээлээд байрыг нь өөрийнхөө нэр дээр болгосон юм. Надаас 99.000.000 төгрөг аваад уг байрандаа нэг жил орчим амьдарсан гэжээ. /хх-н 153-154/ 

          С.Э  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 81, 178/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/,

          С.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 38/ прокурорын тогтоол /хх-н 39-41/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-43/

          Ж.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44-45/ зэрэг болно.

           С.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 13 дугаар хороолол 77-401 тоотод үйл ажиллагаа явуулдаг Алтансан актив банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэр ХД/65 дугаарын 20 тоот 85,36 мкв орон сууцыг барьцаалан 50.000.000 төгрөгийн  зээлийн гэрээ байгуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээнд дээрх барьцаалсан орон сууцыг бүртгүүлэлгүй, улсын бүртгэгчийн тэмдэгийг хуурамчаар үйлдэн дарж уг орон сууцыг бусдад зарж Алтан сан актив ББСБ-га буюу Б.Б хуурч залилан 50.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

         Шүүх С.Э үйлдэлд гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож С.Э цагаатгах нь зүйтэй гэж үзэв.

           Хавтаст хэргийн материалаас үзэхэд С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Г Б ах надад Алтан сан Актив-ыг зааж өгөөд очиж уулзаад зээл ав гэсэн. Би тэр байгууллага дээр очиж уулзаад өөрийн байрыг барьцаанд тавьж зээл авахад шаардагдах баримт бичгүүдийг бүрдүүлэн өгөөд 50.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр мөнгөнөөсөө Г б ахад 20 гаран сая төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өөрийн бизнес хийх хэрэгцээндээ зарцуулсан. Зээлийн гэрээг аваад үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх гэхэд Г б гэх хүн би их хурдан үл хөдлөх хөрөнгийн газарт зээлийн гэрээг чинь бүртгүүлээд өгий гэхээр нь зээлийн гэрээгээ өгөөд явуулсан. Яг ном журмаар нь зээлийн гэрээг бүртгүүлэхээр хонож гарна гэсэн. Гэтэл Гандан бороо ах надаас их хурдан мөнгөө авахын тулд би зээлийн гэрээг хурдан бүртгүүлнэ гэж хэлээд гэрээг авч яваад тамга даруулаад ирсэн. Тэгээд би зээлийн гэрээг Алтан сан Актив ББСБ-д хүргэж өгөөд зээлээ өөрийн дансаар авсан гэсэн мэдүүлгээс үзэхэд анх зээл авахдаа  өөрөө ч тэр улсын бүртгэгчийн тэмдэг хуурамчаар дарагдсан гэдгийг мэдээгүй, хамт явж байсан Г Б хочит Ч.Б гэдэг хүн орж даруулчихаад ирэхээр нь үүнийг аваад Алтансан актив ББСБ-гаас зээл авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ бүх ажиллагааг Г Б хочтой Ч.Бг гэдэг хийсэн  талаар С.Э мэдүүлсэн байхад нэгэнт тэр Ч.Б гэдэг хүн нас барсан байгаа тул С.Э хийсэн байна гэж үзсэн нь буруу байна. Энэ хэргийг хэн үйлдсэн нь эргэлзээтэй, С.Э үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтоож чадаагүй  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. Ч.Б гэдэг хүн өөрийн өгсөн мөнгөө авахын тулд дээрх ажиллагаануудыг хийгээд зээл авахуулж, байрыг заруулаад байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна.

         Хэрэгт энэ тэмдэгийг хэн хаана яаж хуурамчаар хийсэн  талаарх ажиллагаа хийгдээгүй байна.

        Мөн С.Э, Б.Б нар нь  зээлийг хүү алдангийн хамт сайн дураар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг байгуулан иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00514 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр /хх-н 62/ байгаа нь хэрэгт авагдсан байна.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. У овогт С Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож С.Э цагаатгасугай.

2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

3.Шүүгдэгч М.Э урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН