Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 569

 

С.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х, Б.Б, тэдний өмгөөлөгч Н.Хангай, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 893 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 835 дугаар магадлалтай, С.Э-т холбогдох 1806008010457 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, У овогт С-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт С.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.   

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхээс шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, цагаатгах тогтоолд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь буруу болжээ гэж дүгнэхдээ хавтаст хэрэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоолын хууль зүйн үндэслэлийг няцаасан үйл баримт, түүний агуулгыг дурдаагүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн, шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй, С.Э үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтоож чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхдээ мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа хавтаст хэргийн 62 талд авагдсан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 514 дугаартай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд ажиллагааны явцад сайн дураараа эвлэрч шүүхээс нэгэнт шүүгчийн захирамж гарч эвлэрлийг батлан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэнийг нотлох үйл баримт нэгэнт авагдсан. Хохирогч нь иргэний журмаар хохирлоо барагдуулах боломжийг алдагдуулсан гэж гомдол гаргасан байх ба шүүгдэгчтэй иргэний, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны аль ч үед байнга тооцоо нийлсэн үйл баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг. Эрүүгийн хэрэгт хохирогчоор Б гэгч тогтоогдон улмаар түүнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан болох нь тодорхойгүй, хүү алданги, тэмдэгтийн хураамж, ажиллагааны зардлаа нэхэж байна гэсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж үзэх боломжгүй. Мөн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг огт уулзаагүй, зугтааж байна гэх худал гүтгэлгээр дайрсан, хохирогч гэх Б шүүгдэгч С.Э нар мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тооцоо нийлснийг нотлох баримтууд, 99031182 гэх Баярмагнайгийн утас руу байнга холбогдож байсан асуудлыг нууж С.Э-ыг буруугаар ойлгуулахаар оролдсон. Улсын яллагч нь шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүх хурлаас өмнө цагаатгана гэж байсан гэх худал зүйл ярьж дайрсаар шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж хэрэгт хамааралгүй зүйлийг үндэслэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шийдвэр гаргахыг даалгахаар буцаасанд гомдолтой байна. Цагаатгах тогтоолд хэрэв засвар оруулах байсан бол улсын яллагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар үг үсгийн, тооны алдаанд засвар оруулж болох байсан. Гэтэл шүүгдэгчийн Ж.Б гэсэн нь андуурагдсан өмгөөлөгчийн нэр орсон асуудлыг эсэргүүцэлд дурдсан. Шүүгдэгч С.Э-т холбогдох хавтаст хэрэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх нотлох баримт хангалттай бус, энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүхий гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь хангалттай бус, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээс харахад хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай талууд эвлэрсэн, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа нөхцөл байдлыг харгалзахгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд үл нийцнэ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдаа “Н.Нарантуяа өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байгаа. Н.Нарантуяа өмгөөлөгч өнөөдөр шүүх хуралдаан давхацсан учир биечлэн оролцох боломжгүй болсон. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцож байсан. Анхан шатны шүүхийн 893 тоот цагаатгах тогтоол хууль зүйн  үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан шийдвэрлэсэн. Захирамж хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан бөгөөд өнөөдөр хүчин төгөлдөр байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа энэ хэрэг дээр явагдаж байгаа. Иргэний шүүхийн захирамжтай гэдгийг анхаарах талаар цагдаагийн мөрдөн байцаах газрын дарга нь цохолт хийхдээ бичсэн байдаг. Иргэний шүүхээр шийдвэрлэгдээд 2 жил гаран болж байгаа хэргийг төлбөрөө төлөхгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэж байгаа нь учир дутагдалтай. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хууль зүйн зөв үнэлэлт дүгнэлт өгсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Хангай хэлсэн саналдаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад С.Э-ын иргэний хэрэгтэй холбоотой ямар нэгэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй байгаа. Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал нь бусдыг төөрөгдүүлэх замаар иргэний шүүх дээр очиж хэлцэл хийгээд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангая гээд эвлэрлийн гэрээ байгуулаад шүүгчийн захирамж гаргуулсан асуудал байдаг. Эвлэрлийн гэрээгээ аваад улсын бүртгэлд очиход уг байр 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр С.Э-д шилжсэн байна. Тиймээс С.Э-ын гэмт үйлдэл “Алтансан актив” ББСБ-тай байгуулсан зээл болон барьцааны гэрээнд улсын бүртгэлийн хуурамч тамга тэмдэг дарснаар эхэлж 2017 оны иргэний шүүх дээр очиж эвлэрэн хэлэлцэх хүртэл хугацаагаар үргэлжилсэн байдаг.  “Алтан сан актив” ББСБ-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, орон сууц барьцаанд тавьсан энэ үйлдэл нь анхнаасаа залилан мэхлэх гэмт хэрэг байсан гэдэг нь С.Э-ын анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогддог. Тийм учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэж тайлбарласан зөрчлийг давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хэрэгт дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримт буюу гэрчийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн мэдүүлэгт үндэслэл бүхий няцаалт хийгээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “С.Э-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг цагаатгаж байгаа нь буруу гэж дүгнэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн С.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

С.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 13 дугаар хороолол, 77-401 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Алтан сан актив” ББСБ-тай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД/65 дугаарын 20 тоот 86.36 м.кв орон сууцыг барьцаалан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээн дээрх барьцаалсан орон сууцыг бүртгүүлэлгүй, улсын бүртгэгчийн тэмдгийг хуурамчаар үйлдэн дарж уг орон сууцыг бусдад зарж, “Алтан сан актив” ББСБ буюу Б.Б-г хуурч залилан 50,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

Учир нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Б.Б, гэрч О.Д, Г.Г, С.Э нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2032 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хэрхэн няцаасан үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-ын мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэснийг бусад баримтаар баталгаажаагүй дан нотлох баримтаар, ялангуяа шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх, хамгаалах эрхээс хамааралтайгаар нотолгооны ач холбогдол  буурсан ганц нэг баримт сэлтээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал байдагтай холбоотойгоор  эргэлзээ бүхий шийдвэр гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэгч өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй байхаар хуульчилсан болно.

Урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй. Шүүгдэгч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаврыг бий болгодог юм.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Шүүх хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлгийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянахдаа бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгасны эцэст хэргийн үйл баримтыг тогтоох нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 835 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН