Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2017/0017/з |
Дугаар | 37 |
Огноо | 2017-05-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.К,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,
Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан УӨ Ахлах сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.К хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Би боловсролын системд 21 жил. Үүнээс тус сургуулийн захирлаар 10 дахь жилдээ ажиллаж буй миний бие тус байгууллагыг ажлын үр бүтээлтэй сайн удирдан ажиллаж байсан гэж хувийн зүгээс үзэж байна. Үүний тодорхой жишээ бол: Өмнөговь сумын ахлах сургууль 2015 оны аймгийн төрийн үйлчилгээний тэргүүний байгууллагаар, 2015, 2016 онуудад элсэлтийн ерөнхий шалгалтаар Увс аймагтаа 1-р байр эзэлсэн төдийгүй тус сургуулийн олон хичээл элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор улсын топ 20 сургуулийн нэгэнд орсон байдаг зэргийг товч дурдья. Намайг 2016 оны 11 сараас эхлэн Увс аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга С.Д Увс аймгийн Өмнгөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр нар таныг энэ ажлаас чөлөөлнө гэж аймгийн Засаг дарга Д.Б хэлүүлж байна гэж албан бусаар хэлж байсан төдийгүй 2017 оны 1 сарын 12-ны өдөр тодорхой ажлаар Улаангом суманд явах үеэр Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт гэсэн зүйлийг сургалтын менежер Б.Тр гаргуулан авч энэ дагуу ажлаас өөрчилсөн байдаг. Намайг ажлаас чөлөөлөхдөө сонсох үйл ажиллагааг шууд дуудаж, тулган хүлээлгэх хэт нэг талыг барьсан хандлагатай явагдсан гэж хувийн зүгээс үзэж байна. Ийм учраас Увс аймгийн Засаг даргын 2017 оны 1 сарын 18-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна. 2016 оны 12 дугаар сард Боловсрол соёл урлагийн газрын дарга Д утсаар “таны ажлыг өөрчлөх шаардлагатай байна” гэсэн. Би яагаад вэ? гэж асуухад “нам сонгуульд ялсан учраас бид бодлогоо хэрэгжүүлнэ” гэж ярьсан. Ингээд би 2017 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. Иймд Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Төрийн үйлчилгээний албан хаагчид улс төрөөс ангид байх ёстой. Уг захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулинд заасан тодорхой эрх хэмжээг зөрчсөн. Учир нь намайг ажлаас чөлөөлөхөд мэдэгдэх сонсох зарчим хэрэгжээгүй. Ажлын алдаа зөрчил гараагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Нэхэмжлэгч Б.Ктай байгуулсан үр дүнгийн гэрээг хуульд заасны дагуу жил бүр үнэлж, дүгнэх ёстой. Үүний дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн. Үр дүнгийн гэрээг дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан “ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д заасны дагуу дүгнэсэн. Б.Кгийн 2016 оны үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэхэд “D“ үнэлгээ авсан. Иймд дээрх журмын 7-д заасны дагуу “D” буюу дутагдалтай гэсэн үнэлгээ авсан хүнд албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтанд хамруулах зэрэг арга хэмжээ авахаар зааснаас ажил олгогчийн зүгээс албан тушаал бууруулах гэдэг арга хэмжээг сонгон хууль журмын дагуу зохих арга хэмжээг авсан болно.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд С.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие 2017 оны 01 сарын 18-нд Увс аймгийн Засаг даргын захирамжаар Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлын үүрэгт ажилд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Миний бие захирлын сонгон шалгаруулалт явуулах хүртэл түр орлон гүйцэтгэж, ажлын алдаа доголдол гаргахгүйгээр ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын А/750 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай гэсэн захирамж гарсан. Уг захирамжаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулна гээд ажлын хэсгийн ахлагчаар нь Болосврол соёл урлагийн газрын дарга С.Д ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Тус ажлын хэсэг Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн. Ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гарсан илтгэх хуудас байгаа. Илтгэх хуудсын дүгнэлтээр “аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/750 тоот захирамжаар олгосон ажлын хэсэг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 онд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээтэй нэг бүрчлэн танилцаж ажлыг нь дүгнэсэн. Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирал F үнэлгээтэй дүгнэгдсэн. Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирал Б.К нь 70 арга хэмжээ төлөвлөснөөс 38 арга хэмжээний биелэлтийг ирүүлсэн. Мөн гарын үсэг зураагүй, өөрийн үнэлгээ хийгээгүй” гэсэн хангалтгүй үнэлэгдсэн дүгнэлт гарсан. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад төсвийн шууд захирагчийн үр дүн мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэх журам гэж бий. Уг журмын 7 дугаар заалтад зааснаар F буюу хангалтгүй үнэлгээ авсан бол төрийн албанаас халах арга хэмжээ авдаг. Гэхдээ D буюу дутагдалтай гэсэн үнэлгээ өгч албан тушаал бууруулах хүртэл арга хэмжээ авсан учраас дэрх захирамж нь үндэслэлтэй гарсан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албыг хаших үед хуулиар хүлээсэн үүргээ төрийн албан хаагчийн хувьд биелүүлж аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэгт орж ажил дүгнэсэн. 26 сургууль, 27 цэцэрлэгийн захирал, эрлэгчдийн ажлыг дүгнэсэн. 2 захирал үр дүнгийн гэрээ байгуулаагүй учраас ажлыг нь дүгнээгүй. Б.К захиралтай өөрийн биеэр холбогдоогүй. Харин сургуулийн менежертэй нь холбогдож үр дүнгийн гэрээний биелэлтийг шаардаж авсан. Аймгийн Засаг даргатай Б.К 70 үзүүлэлтээр үр дүнгийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 70 зүйлийг нь дүгнээд үзэхэд 38 ажлын хариуг ирүүлсэн байсан. Ажлын хэсэг зөвшилцөөд Б.Кийн ажлыг дүгнээд F гэсэн үнэлгээ өгсөн.Аймгийн Засаг дарга Б.Кгийн үр дүнгийн гэрээний биелэлтийг D гэсэн үнэлгээ болгон өөрчилж ажлаас чөлөөлсөн байсан. Яг ажлын үр дүнг аваад үзэхийн бол захирлын шаардлагыг Б.К хангаагүй гэж бид одоо ч гэсэн үзэж байгаа. Миний хувьд Б.Кгийн ажилтай очиж биечлэн танилцаагүй боловч ирүүлсэн үр дүнгийн гэрээний биелэлтийг үзэж дүгнэсэн. Эцсийн D гэсэнн үнэлгээг аймгийн Засаг дарга өгч ажлын байранд нь өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байгаа” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд нэхэмжлэгч Б.К нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай “Албан тушаал бууруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
НэхэмжлэгчБ.К нь “Намайг 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Д нам сонгуульд ялсан тул таны ажлыг өөрчлөх шаардлагатай байна гэж хэлсэн ба намайг ажлаас чөлөөлөх сонсох үйл ажиллагааг шууд дуудаж, тулган хүлээлгэх, хэт нэг талыг барьсан хандлагатай явуулсан” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “Б.Кгийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд “D“ үнэлгээ авсан тул “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7 дахь заалтыг үндэслэн албан тушаал бууруулж, мэргэжил дадлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг сургуулийн захиралд даалгасан” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гуравдагч этгээдийн хувьд Аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа талаараа тайлбар гаргажээ.
Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай “Албан тушаал бууруулах тухай” захирамжинд[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсөн “ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Кг Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалаас 2017 оны 01 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, албан тушаал бууруулан, мэргэжил, дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Өмнөговь сумын ахлах сургуулийн захиралд даалгаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.К нь маргаан бүхий захиргааны актад холбогдуулан 2017 оны 02 сарын 09-ний өдөр хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай захиргааны акт гарсны дараа 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар[2] Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Жийг томилжээ.
Нэхэмжлэгч Б.К нь Увс аймгийн Засаг даргын 2013 оны 12 сарын 30-ны өдрийн Б/91 дугаартай захирамжаар[3] Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар томилогдон ажиллажээ.
Ажиллаж байх хугацаандаа орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болж Увс аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөөд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай захирамжаар[4] буцаж захирлаар томилогдсон байна.
Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан ба Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд Увс аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээг байгуулан ажиллах ёстой байна.
Увс аймгийн Засаг даргын зүгээс нийт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 оны үр дүнгийн гэрээ, сумдын ажлыг дүгнэхээр 2016 оны 12 сарын 23-ны өдрийн А/750 , А/751 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжууд[5] гарган ажлын хэсгийг томилжээ.
Увс аймгийн Боловсрол,соёл урлагийн газрын дарга С.Д ахлуулсан, гишүүдэд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд болон аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн нарыг оролцуулсан ажлын хэсэг Б.Кийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг дүгнээд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу “F” гэсэн үнэлгээг өгсөн нь ажлын хэсгийн ахлагчийн илтгэх хуудас[6] болон С.Дын гэрчийн мэдүүлгээр[7] тогтоогджээ.
Аймгийн Засаг дарга ажлын хэсгийн дүгнэсэн үнэлгээтэй танилцаад Б.Кгийн үр дүнгийн гэрээг “D” гэж үнэлэн , албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулах арга хэмжээг авсан байна.
Нэхэмжлэгч Б.К нь 2016 оны үр дүнгийн гэрээг[8] аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнтэй 2016 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан байх бөгөөд тус гэрээний 4.2-т гэрээний биелэлтийг 2016 оны 12 сарын 20-ны өдрийн дотор багтаан тайлагнахаар заажээ.
Б.К үр дүнгийн гэрээний биелэлтийг гэрээнд заасан хугацаанд аймгийн Засаг даргад гаргаж өгөөгүй бөгөөд түүний нэрийн өмнөөс Өмнөговь сумын Ахлах сургуулийн менежер Б.Тунгалаг үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг[9] бичиж аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, Б.Тунгалагын “ 2017 оны 01 сарын 10-ны үеэр аймгийн Засаг даргын тамгын газраас сургуулийн захирлуудын үр дүнгийн гэрээг дүгнэх гэж байна, ганцхан танай сургуулийн захирлын гэрээний биелэлт ирээгүй байна,танай захирлын утас холбогдохгүй байна, яаралтай явуул гэж утсаар ярьсан.Би бичиг хэргийн ажилтныхаа хамт сургуулийн 2016 оны жилийн эцсийн тайлангаас сургалттай холбоотой хийгдсэн ажлын талаарх тайлангуудыг цахимаар болон цаасаар аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн” гэх гэрчийн мэдүүлгээр[10] тогтоогдож байна.
Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “ Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.” гэж мөн хуулийн 40.4-д “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна:
40.4.1.төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах;
40.4.2.хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох гэж заажээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дугаартай тогтоолын 1-р хавсралтаар “ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ыг баталж төрийн албаны хэмжээнд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай гэрээ байгуулах,гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, гэрээг дүгнэх үйл ажиллагааг зохицуулсан байна.
“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 2.2-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаанд нь ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж хэрэгжилтийг хангах эрхтэй” гэж заажээ.
Хариуцагчийн зүгээс Өмнөговь сумын ахлах сургуулийн захиралд тайлангаа ирүүлэх талаар өөрт нь шаардлагыг хүргүүлээгүй, менежерт тайлан ирүүлэх шаардлагыг тавьж түүний Б.Кгийн нэрээр хүргүүлсэн үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсыг хүлээн авч дүгнэсэн байна.
Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс Б.Кгийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг нэгэнт хүлээн авсанд тооцсон бол “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу үнэлгээг өгөх ёстой.
Аймгийн Засаг даргын зүгээс Б.Кгийн илтгэх хуудсыг дүгнэх ажиллагаа явуулахдаа түүнтэй ярилцлага хийгээгүй нь “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 6.1-д заасан “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ” гэсэн журмыг зөрчсөн байна.
Мөн журмын 6.7-д заасан “гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудсанд” талууд гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж зохицуулсан ба Б.Кгийн нэрээр ирүүлсэн илтгэх хуудсанд “F“ болон “D” гэсэн үнэлгээг албажуулж тавиагүй зөвхөн ажлын хэсгийнхний илтгэх хуудсанд “F” үнэлгээ өгсөн талаар дурдагдсан, аймгийн Засаг дарга “D” гэх үнэлгээг юуг үндэслэж хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байгаа тул үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Б.Кгийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэн, захирлын албан тушаалыг эрхлэх боломжгүй гэж үнэлэхдээ тогтоосон журмын дагуу үнэлээгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай “Албан тушаал бууруулах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Кг Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Түүнчлэн маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг мэргэжил, дадлага туршалагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Өмнөговь сумын сургуулийн захиралд даалгасан байх бөгөөд Б.Кг өөр албан тушаалд бууруулан томилсон шийдвэр гараагүй болохыг тэмдэглэв.
Сонсох ажиллагааны талаар:
Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдах сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 1/75 дугаартай албан бичгээр Б.К
д хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд сонсох ажиллагааны талаарх тайлбарыг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3-д заасан хэлбэрээр буюу саналыг бичгээр авах, биечлэн уулзах хэлбэрээр хүлээн авах талаар тусгаж тайлбараа 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд Б.Кд мэдэгдлийг 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 12 цаг 29 минутанд хүлээлгэн өгсөнөөс үзэхэд Б.Кд сонсох ажиллагааны дагуу биечлэн уулзах, бичгээр тайлбар гаргах 5 цагийн хугацаа олгогдсон байна.
2017 оны 01 сарын 17-ны өдөр Б.Ктай биечлэн уулзах ажиллагааг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж, Б.Кд үр дүнгийн гэрээний дүнгийн талаар танилцуулсан нь гэрч С.Амраа, С.Днарын мэдүүлэг[11], уулзалтын тэмдэглэлийн гар бичмэл[12] зэргээр тогтоогдсон боловч шийдвэр гаргах эрх бүхий этгээд уулзалтанд оролцоогүй байна.
Сонсох ажиллагааны хугацааны хувьд Б.К хариу тайлбарыг бичгээр гаргах талаар уулзалтын үеэр мэдэгдсэн байх ба сонсох ажиллагаа нь цаг хугацааны хувьд сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийн хувьд хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангахуйцаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар гаргах, санал гаргах боломжийг хангасан байна” гэх зохицуулалттай нийцээгүй болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Кгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Б.Кг Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Кгаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Кд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ