Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Д.Даваадоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор У.Солонго,

хохирогч Ж.Түмэнбаатар, түүний өмгөөлөгч Ш.Маам,

хохирогч Ж.Түмэнбаатарын асран хамгаалагч Н.Чимгээ,

ялтан Д.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Г.Хандсүрэн, 

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Г.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Даваадоржид холбогдох 201526012330 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Дондогийн Даваадорж, 1984 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй,

2003 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан /РД: ЧВ84102212/;

 

Д.Даваадорж нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Түмэнбаатарыг үгийн зөрүүгүй танхайн сэдэлтээр баруун нүд рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөн “нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл” бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Даваадоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Дондогийн Даваадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Даваадоржийг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Даваадоржид оногдуулсан 8 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Даваадорж нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогч Ж.Түмэнбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Д.Даваадоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон явдалд гэмшиж байна. Хэргийг бүрэн гүйцэд шалгаж шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлгийн зөрүү, хэргийн газар байсан зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай гэрч Чинзориг, Батсайхан нараас мэдүүлэг аваагүй зөвхөн хохирогч Түмэнбаатарын худал мэдүүлгийг үндэслэн хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч Түмэнбаатарыг худал мэдүүлж байгааг гэрч Батмөнх, Мөнхбаатар нар гэрчилдэг. Анхан шатны шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад буцаасны дараа гэрч Батмөнх анх өгсөн мэдүүлгээ өөрчлөн Мөнхбаатарын мэдүүлэгт хөтлөгдөн мэдүүлэг өгсөн байдаг.

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны тоосгоны 5 дугаар гудамжид Батмөнх, Чинзориг, Түмэнбаатар, Мөнхбаатар нар архи ууж байгаатай тааран хамт архи уух үед Батмөнхтэй үл ойлголцон маргалдаж байхад Түмэнбаатар ах дундуур орж миний хоолойг бооход Батмөнх намайг үргэлжлүүлэн цохиж би доош тонгойн гараа саван хариу цохисон. Тэр үед хохирогч Түмэнбаатар ахыг цохисон юм болов уу гэж тухайн үед бодсон. Харин гэрч Батмөнхийн анхны мэдүүлэгт намайг ирэхэд Түмэнбаатар ах газар унасан байдалтай Мөнхбаатар хажууд нь зогсож байсан гэж мэдүүлсэн мэдүүлгээсээ буцсан нь эргэлзээтэй байна. Иймд хэргийн газар байсан хоёр гэрчээс мэдүүлэг авах, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, хохирогч Түмэнбаатарын сууж байхад араас өшиглөсөн эсэхийг шалгуулах. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасныг зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Даваадоржийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Д.Даваадоржид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, гүйцэд биш дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Мөн мөрдөн байцаагч мэдүүлгийг уншуулаагүй, үнэн зөв ярьсан мэт гэрч нарын мэдүүлгийг үнэлэхэд бэрхшээл учруулсан нөхцөл байдал байна. Гэрч нарыг сэжигтнээр тооцож шалгасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Дээрх байдал нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр нотлох хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэрч Мөнхбаатар, Энхжаргал, Чимгээ, Мөнхжаргал нар тухайн хэргийн газарт байгаагүй гэрч нарын өгсөн дамжмал шинжтэй мэдүүлгийг үндэслэл болгосон. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Даваадоржийн өмгөөлөгч Г.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 72 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Хэргийг буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан буюу тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлтийг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд Д.Даваадоржид нь бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч тодорхой шалтгаангүйгээр Ж.Түмэнбаатарын баруун нүд рүү хөлөөрөө өшиглөн түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж яллаж байгаа нь эргэлзээ бүхий байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Гэтэл шүүхийн тогтоолын заалтуудыг бүрэн хийж гүйцэтгээгүй байхад анхан шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийтгэх тогтоол гарсанд гомдолтой байна. Гэрч И.Мөнхбаатар, Б.Батмөнх нарт мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэх талаар танилцуулж тэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө батлан гарын үсэг зурсан байдаг. Гэтэл хэргийг мөрдөн байцаалтад буцаасны дараа хуулийн хариуцлага хүлээлгэх талаар сануулахад урд өгсөн мэдүүлгүүдээсээ татгалзаж хохирогч Түмэнбаатарын мэдүүлэгт нийцүүлэн мэдүүлэг өгсөн нь хуулийг ноцтой зөрчсөн. Урд өгсөн зарим мэдүүлгээ бид ийм зүйл яриагүй мөрдөн байцаагч бидний яриагүй зүйлийг бичсэн байна, их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, мэдэхгүй байна гэх зэргээр мэдүүлгийн зөрүү гарсан гэж үзэж шүүгдэгчид өндөр ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүхээс гэмт хэргийн сэдэлтийг зөв тогтоолгохыг тогтоолдоо дурдсан байхад шалгахгүйгээр хохирогч Түмэнбаатар, гэрч Батмөнх, Мөнхбаатар нарын үгсэн тохиролцсоноор танхай сэдэлт гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэдний өгч байсан мэдүүлгүүдээс үзэхэд Д.Даваадорж нь хохирогч Түмэнбаатарын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан уу, эсвэл гэрч Батмөнх, Мөнхбаатар нарын мэдүүлснээр “Түмэнбаатар болиоч гэж хэлээд салгах үйлдэл үзүүлэхэд Д.Даваадорж Батмөнхтэй заамдалцаж байгаад эвгүй гараа тавиад Түмэнбаатарын нүүрэн тус газар 1 удаа цохиж барьцалдаж байсан 3 хүн салсан”, гэрч Батмөнх “яг миний нүдэн тус газар нь унах явцдаа хөлөөрөө өшиглөсөн гэдгийг баттай хэлмээр байна” гэж байгаагаас үзэхэд Даваадорж нь Түмэнбаатарын нүүрэн тус газар нь санаатайгаар бус Батмөнхийг Түмэнбаатар Даваадоржоос салгах явцдаа Даваадоржийг унах үед хөлөнд нь болгоомжгүйгээр гэмтэл учруулсан уу гэдэг эргэлзээ гардаг. Энэ эргэлзээг арилгаагүй. Нөгөө талаар Батмөнх, Мөнхбаатар нарыг шалгасан дүр үзүүлсэн боловч тэдний хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй байгаа. Энэ 3 хүний хэн нь үнэн, хэн нь худлаа мэдүүлээд байгааг ялгаж салгаагүй байгаагаас үзэхэд мэдүүлгүүдийн зөрүү гарсан гэж үзэх боломжгүй байна.

Даваадорж нь хуульд зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлсөн атал нэг талыг барьж хүнд ял оногдуулсан. Хэргийн сэдэлт хохирогчид учруулсан хүнд гэмтлийг санаатай учруулсан уу, эсвэл болгоомжгүйгээр учруулсан уу гэдгийг дахин шалгуулах хүсэлттэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ж.Түмэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өгсөн мэдүүлэг үнэн. Тухайн үед Д.Даваадорж Батмөнхийн дээр гарчихсан зууралдаад байхаар Даваадоржийг Батмөнхийн дээрээс татаж салгаад амьсгаагаа дарах гээд явган суухад Д.Даваадорж намайг өшиглөсөн...” гэв.

 

Хохирогч Ж.Түмэнбаатарын өмгөөлөгч Ш.Маам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Түмэнбаатар анхнаасаа Д.Даваадорж, Батмөнх хоёрыг маргалдаж байхад нь салгаад амьсгаагаа дарах гээд суухад өшиглөсөн гэж тогтвортой мэдүүлдэг. Хохирогч хараагүй болж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Батсайхан, Чинзориг нарын талаар нэг ч удаа яриагүй атлаа анхны анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Гэрч, хохирогч нар Батсайхан, Чинзориг гэдэг хүн байгаагүй гэж мэдүүлдэг. Хэрэв Батсайхан, Чинзориг нар хэрэг гарахад байсан бол яагаад мөрдөн байцаалтын ажиллагаанаас яриагүй гэдэг нь эргэлзээтэй байна. Д.Даваадорж учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрдөг атлаа хэргээ үнэн зөвөөр мэдүүлэхгүй мөрдөн байцаалтад буцаалгаж, шүүхийн ажиллагааг хүндрүүлж байгаад харамсаж байна...” гэв. 

 

Хохирогч Ж.Түмэнбаатарын асран хамгаалагч Н.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бүрэн хараагүй болсон учраас байнгын асаргаа шаардлагатай болж, энэ хүн ажилгүй, би ажилгүй болсон учир манайх амьжиргааны түвшингийн хувьд үнэхээр хүндэрсэн. Анхнаасаа Даваадоржид өшиглүүлснээ хэлж байсан...” гэв.

 

Прокурор У.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ж.Түмэнбаатарын анх өгсөн тайлбар гэрч Мөнхбаатар, Батмөнх нарын тайлбар, хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл, гэрчээр дахин байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хоорондоо тохирдог. Анхан шатны шүүх хэргийг бодитойгоор үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 10,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Д.Даваадоржид холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Д.Даваадорж нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Түмэнбаатарыг сууж байхад нь танхайн сэдэлтээр баруун нүд рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөн “нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл” гэсэн хүнд гэмтлийг санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Ж.Түмэнбаатарын удаа дараа мэдүүлсэн “...Би тэр хоёрыг салгах гэж байгаад нилээд амьсгаадаад байхаар нь доошоо болоод хөл дээрээ явган суусан. Тэгтэл хажууд зогсож байсан Даваадорж миний нүд рүү өшиглөсөн. Тэгтэл миний нүднээс гал манараад толгой эргээд явсан. Тэгээд би Даваадоржид хандаад “чи яаж байнаа, миний нүдийг сохолчихлоо” гэж хэлтэл Даваадорж цаашаагаа гүйгээд явчих шиг болсон. Тэгтэл миний баруун гар талаас Батмөнх бариад “яав, юу болов” гээд асуухаар нь “Батмөнхөө миний баруун нүднээс цус гараад байх шиг байнаа, чи хар даа” гэж хэлтэл “тийм байна, цус гарч байна” гээд миний баруун гар талаас сугадаад дээш нь өргөсөн. Тэгтэл бас миний зүүн гараас хүн өргөхөөр нь “хэн бэ” гээд асуутал “Мөнхбаатар байна” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр миний хоёр гарнаас түшиж яваад уг гудамжид оршин суудаг манай төрсөн дүү Энхжаргалын гэрт нь хүргэж өгсөн. ...Миний хувьд Даваадоржтой маргаад муудаад байсан зүйл байхгүй. ...Даваадорж нь Батмөнхийн гар утсыг буцааж авч өгөх гэлээ гэж, мөн Батмөнхийг зодож байхад дундуур нь орж салгалаа гэж уурандаа намайг өшиглөж зодсон. Би тэр өдөр Даваадорж, Батмөнх, Мөнхбаатар нартай нийлж архи хэрэглээгүй. ...Даваадоржид би үнэхээр гомдож байна. Энэ хүн намайг шалтгаангүй зодож, миний нүдийг насан туршид минь хараагүй болгож, хөдөлмөрийн чадварыг минь 100 хувь алдагдуулсан тул надад учирсан бүх хохирлыг энэ хүнээс гаргуулж авмаар байна. Миний бие нь гэр бүлээ тэжээдэг байсан бол одоо гэр бүлээ тэжээх нь битгий хэл эхнэр Чимгээгээ ажлаас нь гаргаж өөрийгөө асруулж, манай гэр бүлийн байдал нэн ядуу өрхөд хамрагдах болсон...” /2-р хх-ийн 73-75, 96-97, 148-149 тал/, “...би жилдээ 5,500,000 төгрөгийн орлоготой байсан. Гэтэл одоо халамжийн мөнгө жилд 2,820,000 төгрөг авдаг болсон. Тэгэхээр энэ хоёрын зөрүү болох 2016 оных нь 2,680,000 төгрөг болно. Би одоо 52 настай, 60 хүртэл ажиллах байсан гэж бодоод 21,440,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эхнэр Чимэгээ сард оёдол хийгээд 900,000 төгрөгийн орлоготой байсан. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс намайг асарч ажлаа бүрэн хийж чадахаа больсон. Энэ тооцоог 2016 оны 8 дугаар сарын 09-ний байдлаар гаргасан. ...Түүний ажилгүй байсан хугацааны цалин нийт 7,650,000 төгрөг, төрөөс асран хамгаалагчийн цалин гэж сард 58,000 төгрөг авч байсан. Тэр нь ажилгүй байсан хугацаандаа нийт 406,000 төгрөг авсан. Үүний зөрүү 7,244,000 төгрөгийг мөн нэхэмжилсэнээс Даваадорж нь зуслангийн газрыг өөрсдөө 7,000,000 төгрөгөөр үнэлээд өгсөн. Үүний зөрүү яг одоогийн байдлаар эцэслэн нэхэж байгаа мөнгөн дүн 20,614,000 төгрөг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 96-97 тал/,

гэрч И.Мөнхбаатарын “...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 6 дугаар гудамж өгсөөд явж байсан чинь Батмөнх, Түмэнбаатар, Даваадорж нар зогсож байсан. Би Даваадорж, Батмөнх, Түмэнбаатар нарыг таньдаг болохоор мэнд мэдэх гээд очоод цаашаа явсан. Батмөнх, Даваадорж нар миний өмнө алхаж байхдаа маргалдаад нэг нэгнийхээ хувцаснаас заамдалцаж байсан. Даваадорж, Батмөнхийг гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэр хоёрыг зодолдоод эхлэхээр нь очоод салгасан. Тэгсэн Батмөнх миний гэдэс өвдөөд байна, намайг харж бай, найз нь бие засаадахъя гэхээр нь Батмөнхтэй хамт Тоосгоны 6 дугаар гудамжны үзүүрт очоод зогсож байсан чинь Даваадорж ирээд Батмөнхийг зодох гээд байхаар нь за боль, чи согтсон байна гэж хэлээд явуулсан. Тэр үед Түмэнбаатар ах намайг араас дуудаад миний нүд юм харахаа больчихлоо гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би Батмөнхийн хамт очиход Түмэнбаатар газар нүдээ дараад явган сууж байсан. Нүдийг нь харсан чинь нүднээс нь цус гараад байсан. Батмөнх бид хоёр Түмэнбаатарыг 2 талаас нь бариад дүүгийнх нь гэрт хүргэж өгсөн...” /1-р хх-ийн 32, 118-120, 194, 2-р хх-ийн 34-35, 150-151 тал/,

гэрч Ж.Энхжаргалын “...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчим гэртээ байж байсан чинь гаднаас манай ах Түмэнбаатарын нүднээс цус гарсан байдалтай, Батмөнх, Мөнхбаатар нараар хоёр талаасаа сугадуулсан орж ирсэн. Би тухайн үед Түмэнбаатар ахын нүднээс цус гарсан байсан болохоор их сандарсан. Ах надад түргэн тусламж дуудаарай гэж хэлэхээр нь би түргэн тусламж дуудсан. Би ах Түмэнбаатараас таныг хэн зодсон юм бэ гэхэд Даваадорж миний нүд рүү өшиглөсөн гэсэн. Тэгэхээр нь би Даваадоржийн эгч Золзаяа руу гар утсаар залгаад танай дүү манай ахыг зодсон байна гэж хэлсэн. Батмөнх надад хэлэхдээ танай ахыг Даваадорж зодсон гэж хэлсэн. Түргэн тусламж 40 минутын дараа ирсэн, ингээд эмнэлэгт очсон...” /1-р хх-ийн 34 тал/,

гэрч Н.Чимгээгийн “...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед нөхөр Түмэнбаатар миний гар утас руу залгаад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи архи уухаараа ингэдэг юм, чи сайн архи уугаад бай гэж хэлсэн чинь уурлаад утсаа салгасан. Ундрам гэх хүн над руу залгаад Түмэнбаатар ах хүнд зодуулаад нүд нь гэмтсэн байна, одоо түргэн тусламж авч явна гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг явж бай гэж хэлээд 3 дугаар эмнэлэгт ирэхэд Түмэнбаатар дотогшоо үзүүлэх гээд орсон байсан. Энхжаргал Түмэнбаатар ахын нүдний доод талд язарсан байсан гэж хэлсэн. Түмэнбаатар маргааш нь надад хэлэхдээ Даваадорж намайг явган сууж байсан чинь хөлөөрөө нүүр рүү нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн...” /1-р хх-ийн 27, 35 тал/,

гэрч Ч.Мөнхжаргалын “...Түмэнбаатар ахыг хагалгаанд орно гэхээр нь машинаа зарчихаад мөнгө аваачиж өгөхөөр эмнэлэг дээр очиход зодсон гэх залуу болох Даваадорж, ээжтэйгээ, мөн Батмөнх гэх залуу коридорт зогсож байсан. Тэгэхэд манайхнаас тэр зодсон залуу нь гээд Даваадоржийг зааж би анх харсан. Тэгээд хагалгаа дуусаад гараад ирэхэд нь би Чимгээ эгчтэй очиж ахыг аваад өрөө рүү нь оруулж өгсөн. Чимгээ эгч эмчтэй нь уулзаад гарч ирэхдээ уйлаад хараа орохгүй гэж байна гэж хэлсэн. Би шоконд ороод хэсэг байж байснаа...гадаа гарч тамхи татах гээд гарахад Даваадорж гэх залуу ганцаараа эмнэлгийн гадна талын үүдний сандал дээр сууж байсан. Би бухимдсан байсан болохоор очоод чи яадаг пизда вэ хүний ганц гэж чи мэдэх үү, хүний ганцхан юм шүү дээ гэсэн чинь Даваадорж харин тийм ээ гээд өөр юм дуугарахгүй байхаар нь чи бакалаар өшиглөчихсөн юм уу гэхэд тэр үгүй ээ би энүүгээр өшиглөсөн гээд хөлөө бага зэрэг өргөөд өөрийнхөө өмсөж явсан өвлийн гэмээр памбагар пүүзээ харуулж байсан...” /2-р хх-ийн 100-101 тал/,

шинжээч эмч Г.Энхбаатарын “...Түмэнбаатарын зүүн нүд ямар байдлаар хараагүй болсныг мэдэхгүй байна. Харин баруун нүд бол шинэ гэмтлээс болж хараагүй болсон. Баруун нүд эмчилгээ хийгээд ч хараа орох боломжгүй байна. Босоо байдалтай байх үед нь хөлөөрөө өшиглөх, мөн гараараа цохиход үүсэх боломжтой...” /1-р хх-ийн 45 тал/,

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Хохирогч Түмэнбаатарын биед үүссэн гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл, уг гэмтэл нь босоо үед гараар болон хөлөөрөө өшиглөх үед аль алинаар нь үүсэх боломжтой...” /1-р хх-ийн 125 тал/,

шинжээч эмч Д.Мөнхбатын “...хохирогчийн биед учирсан баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо гэдэгт хурц ирмэггүй зүйлээр цохих, гараар цохих хөлөөр өшиглөх аль ч тохиолдол орж болно. Түүний биед учирсан дээрх гэмтэл нь түүнийг сууж байх үед гараар цохих хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. Гэхдээ түүнийг сууж байсан, босч байсан болохыг тогтоох боломжгүй...” /2-р хх-ийн 95 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16465 дугаар “...Түмэнбаатарын биед баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар хөдөлмөрийн чадварын тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 37 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 62 дугаар “...Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16465 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Зүүн нүдний хуучин гэмтэл нь баруун нүдний шинэ гэмтэлд нөлөөлөхгүй. Түмэнбаатарын биед баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь хэрэг болсон гэх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 39-40 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Д.Даваадорж нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Түмэнбаатарыг сууж байхад нь гуталтай хөлөөрөө баруун нүд рүү нь өшиглөн “нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл” бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан “...Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараагүй... болгосон...” гэмт хэргийн 96.2.1 дэх заалтад заасан “...танхайн сэдэлтээр...” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан байна.  

 

Хэрэг болох цаг хугацаанд н.Батсайхан, н.Чинзориг гэх хүмүүс байгаагүй буюу хохирогч Ж.Түмэнбаатар, гэрч Б.Батмөнх, И.Мөнхбаатар, шүүгдэгч Д.Даваадорж нараас өөр хүн байгаагүй болох нь хохирогч Ж.Түмэнбаатарын “...Батсайхан гэж хүн байгаагүй. Би тэр хүнийг танихгүй. Тухайн үед Батмөнх, Даваадорж бид нараас өөр хүн байгаагүй. Сүүлд Мөнхбаатар ирсэн...” /2-р хх-ийн 97 тал/, И.Мөнхбаатарын “...хэрэг болох үед Түмэнбаатар, Даваадорж, Батмөнх бид дөрөв байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй...” /2-р хх-ийн 42 тал/, Б.Батмөнхийн “...Хэрэг болох үед Даваадорж, Мөнхбаатар, Түмэнбаатар нар байсан, өөр ямар нэгэн хүн байгаагүй. Чинзориг, Батаа нарыг танина, гэхдээ хэрэг болох үед байгаагүй...” /2-р хх-ийн 46, 152 тал/ нотлогдож байх тул Д.Даваадоржийн “...хэргийн газар байсан Батсайхан, Чинзориг нараас гэрчийн мэдүүлэг аваагүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хохирогч Ж.Түмэнбаатар, шүүгдэгч Д.Даваадорж хоёрын хооронд хэрэг болох тухайн хугацаанд хувийн ямар нэг харьцаа үүссэн, маргаан болсон байдал хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож тогтоогддоггүй ба харин Б.Батмөнх, Д.Даваадорж хоёрын хооронд болсон маргаан дууссаны дараа Ж.Түмэнбаатарын нүд гэмтсэн үйл явдал болсон болох нь хохирогч Ж.Түмэнбаатарын мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч И.Мөнхбаатарын “...Даваадорж, Батмөнхийг гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэр хоёрыг зодолдоод эхлэхээр нь очоод салгасан. Тэгсэн Батмөнх миний гэдэс өвдөөд байна, намайг харж бай, найз нь бие засаадахъя гэхээр нь Батмөнхтэй хамт Тоосгоны 6 дугаар гудамжны үзүүрт очоод зогсож байсан чинь Даваадорж ирээд Батмөнхийг зодох гээд байхаар нь за боль, чи согтсон байна гэж хэлээд явуулсан. Тэр үед Түмэнбаатар ах намайг араас дуудаад миний нүд юм харахаа больчихлоо гээд орилоод эхэлсэн...”, гэрч Б.Батмөнхийн “...Түмэнбаатар, Мөнхбаатар бид гурав гудамж өгсөөд явж байхад Даваадорж араас ирээд хэн цагдаа дуудсан юм бэ гээд надтай маргалдсан. Тэгээд би бие засах гээд гудамж руу орсон. Тэгээд намайг бие засаж байхад Даваадорж ирээд миний дээрээс хэд хэдэн удаа цохиж байгаад яваад өгсөн. Мөнхбаатар Даваадоржийг салгаж явуулсан. Тэгээд жаахан байж байхад Түмэнбаатар намайг дуудаж орилохоор Мөнхбаатар, бид хоёр яваад очсон чинь Түмэнбаатарын нүднээс цус гарсан байхаар нь Мөнхбаатар бид хоёр гэрт нь хүргэж өгсөн...” /2-р хх-ийн 151 тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Д.Даваадоржийн үйлдлийг “...шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн...” танхай сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд ялтан Д.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын “...хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэнгийн “Хэргийн сэдэлт хохирогчид учруулсан хүнд гэмтлийг санаатай учруулсан уу, эсвэл болгоомжгүйгээр учруулсан уу гэдгийг дахин шалгуулах хүсэлттэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх Д.Даваадоржийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ, дэглэм зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд болон Д.Даваадоржийн хувийн байдал, гэм бурууд бүрэн тохирсон байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хохирогчийн хохирол болон гэм хорын хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

 

Д.Даваадорж нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд 2 хоног цагдан хоригдсон /1-р хх-ийн 236-237, 241-242 тал/-ыг шийтгэх тогтоолд орхигдуулсныг нэмсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Даваадоржийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай...” гэсэн нэмэлт заалт оруулж,

           

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж,

 

            ялтан Д.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Г.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.ДАВААСҮРЭН

 

                                   ШҮҮГЧИД                                             Д.ГАНСҮХ

 

                                                                                                   Д.ОЧМАНДАХ