Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч У.Солонго,

иргэдийн төлөөлөгч Б.Бодрой,

хохирогч Ж.Түмэнбаатар, түүний өмгөөлөгч Ш.Маам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1107),

шүүгдэгч Д.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938),

гэрч И.Мөнхбаатар, Б.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Дондогийн Даваадоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526012330 дугаартай, 2 хавтаст хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дондогийн Даваадорж, Улаанбаатар хотод 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 01 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧВ84102212, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 205 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан. 

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Д.Даваадорж нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсэрт иргэн Ж.Түмэнбаатарыг үгийн зөрүүгүй танхайн сэдэлтээр баруун нүд рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөн нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Даваадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэр рүүгээ харих гээд явж байх замдаа Мөнхбаатар, Батмөнх, Түмэнбаатар, Чинзориг нартай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 6 дугаар гудамжинд таарсан. Тухайн үед би Батмөнх ахыг таньдаг байсан учраас утсаараа яриулчих гэж гуйсан. Тэгээд Батмөнх ах нэгж байхгүй гэж хэлэхэд нь бид хоёрын дунд жаахан маргаан болсон. Тэгээд бид хоёрын хажуу талаас Түмэнбаатар ах орж ирээд намайг яагаад байгаа бацаан бэ...эцэг, эхийг чинь мэднэ, яагаад байгаа бацаан бэ гэж хэлээд намайг заамдаад тавихгүй байсан. Түмэнбаатар ахыг тавиач гэж хэлэхэд тавихгүй байсан. ...Намайг очиход Мөнхбаатар, Түмэнбаатар, Батмөнх, Чинзориг нар архи ууж байсан. Тухайн үед би найзынхаа гэрт нэг шил архи хуваагаад ууж байхад манай найзын эцэг, эх хоёр нь орж ирэхээр нь ууж байсан тал шил архиа аваад гарсан. Тэгээд Мөнхбаатар, Түмэнбаатар, Батмөнх, Чинзориг нартай авч явсан тал шил архиа хувааж уусан. Тэгээд Батмөнх ах бид хоёрын дунд маргаан болж байхад эргүүлийн хоёр цагдаа ирээд одоо тар гэж хэлсэн. Тэгээд бид нарыг байж байхад Батсайхан гэдэг залуу Хангай зах дээрээс ирж байна. Надад 100.000 төгрөг байна гэж...нэг шил архи авсан. Цагдаа нар явсаны дараа Батсайханы авсан нэг шил архийг уусан зүйл байхгүй. Түмэнбаатар  ах бид хоёрыг маргалдаж байхад Мөнхбаатар ах ирээд салгасан. ...Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4 дүгээр гудамжны үзүүрт байдаг дэлгүүрийн үүдэн дээрээс Батсайхан бид хоёр салсан. Тухайн үед Түмэнбаатар ах намайг заамдаад тавихгүй байхаар нь түүний шанаа нь тус газарт нэг удаа түлхсэн. Харин сүүлд нь  нэг удаа цохисон, харин хүнд гэмтэл учрах хэмжээний хүчтэй цохисон зүйл байхгүй...өшиглөсөн зүйл байхгүй. Мөнхжаргал гэдэг хүний ярьж байгаа шиг өшиглөсөн зүйл байхгүй. Намайг эмнэлгийн гадна сууж байхад Мөнхжаргал нь согтуу, нэг нүдийг нь Хангай захын нэг пизда сохолсон. Намайг ялаа хүлээнэ биз дээ гээд дайраад байсан... гэв.

Хохирогч Ж.Түмэнбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би нэг айлд очоод хүн байхгүй болохоор нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 6 дугаар гудамжаар гараад ирэхэд Даваадорж, Батмөнх хоёр гар утаснаас болж маргалдаж байсан. Тэгэхээр нь би ахмад настай хүний хувьд тэгж болохгүй гээд Даваадоржийн мөрөн дээрээс нь татаж Батмөнхыг салгаж авсан. Тухайн үед Батмөнх нь газарт хэвтсэн байхаар нь татсаар байж салгасан. Тэгээд би амьсгаагаа дарах гээд газар суух үед миний нүднээс гал маналзаад явсан. Тэгэхээр нь би Даваадоржоо яаж байна, миний нүдийг сохолчихлоо гэж хэлсэн чинь Даваадорж гүйгээд яваад өгсөн. Харин Батмөнх газарт хэвтэж байгаад босож ирээд миний баруун гарнаас татаад явсан бэ гэж асуухаар нь миний нүд сохорчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд Батмөнх намайг босгож байхад миний зүүн гарнаас нэг хүн бариад авахаар нь хэн бэ гэж асуухад Мөнхбаатар байсан. Тэгээд Мөнхбаатар, Батмөнх хоёр намайг манай дүүгийн гэрт хүргэж өгсөн. ...Тухайн гудамжинд Батмөнх, Даваадорж бид гурваас өөр хүн байхгүй байсан. Тэгээд 3 дугаар эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Би шүүгдэгч Даваадоржоос нийт 21.614.000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ нь...хөдөлмөрийн чадвараа алдсан гээд...нэг жилийн орлого нь 5.500.000 төгрөгөөр бодсон. 2016 оны цалин тэтгэмжийн зөрүү 2.600.000 төгрөг, ...60 нас хүртлээ ажил хөдөлмөр эрхэлнэ гэж үзээд 8 жилийн хугацаанд олох ёстой байсан орлого нь 44.000.000 төгрөг болж байгаа. Үүнээс хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж 8 жилийн хугацаанд 22.560.000 төгрөгийг улсаас авч байгаа учраас энэ мөнгийг хасаад, 8 жилийн хугацаанд олох ёстой байсан цалин хөлс нь 21.440.000 төгрөг болж байна. Мөн эхнэр Чимгээ нь оёдолчноор ажиллаж сард 900.000 төгрөгийг орлого олдог байсан. Тэгээд 11 сараас хойш 100 хувь хараагүй болсон нөхрөө асран хамгаалж сард 58.000 төгрөгийг орлоготой болсон. Хууль ёсны төлөөлөгч Чимгээгийн орлого нь 2016 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл 7.650.000 төгрөгийн орлого олох ёстой байсан...нөхрөө харж сарын 58.000 төгрөгийн орлоготой болсон. Энэ 58.000 төгрөгийг 8 сарын хугацаанд 460.000 төгрөг болж байгаа. Чимгээгийн олох ёстой байсан 7.650.000 төгрөгөөс 460.000 төгрөгөө хасахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чимгээгийн 8 сарын хугацаанд олох ёстой байсан орлого нь 7.244.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч...хууль ёсны төлөөлөгч нарын олох ёстой байсан орлого нь нийт 31.364.000 төгрөг болсон. Үүнээс шүүгдэгч Даваадорж нь эмчилгээний зардалд 3.750.000 төгрөгийг төлсөн. Мөн баруун салаанд байрлалтай зуслангийн газрыг 7.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. Нийт 10.750.000 төгрөгийг хохиролд тооцож авсан. Энэ газрыг ямар нэгэн үнэлгээ хийсэн зүйл байхгүй. Нийт нэхэмжилсэн 31.364.000 төгрөгөөс 10.750.000 төгрөгийг хохирлоо бодож авсан. Одоо шүүгдэгч Даваадоржоос 20.864.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ж.Түмэнбаатарын мөрдөн байцаалтад

Батмөнх Даваадорж хоёрын хооронд зөрчил болж байсан, түүнийг нь салгаад амьсгаа дараад сууж байхад Даваадорж өшиглөсөн талаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлснээс гадна 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр И.Мөнхбаатартай нүүрэлдүүлэн байцаахад, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б.Батмөнхтэй нүүрэлдүүлэн байцаахад, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр,  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус тогтвортой мэдүүлсэн байна. гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116, 193-196 дахь тал), (2 дугаар хавтаст хэргийн 29-31, 73-75 дахь тал),

Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр...дэлгүүр орж ганцаараа 2 шил пиво аваад...уусан. Тэгээд гэр рүүгээ орохоор явж байтал уг 6 дугаар гудамжинд Батмөнх газар хэвтчихсэн миний утсыг аваарай гээд орилоод, хажууд нь Даваадорж гартаа утсыг нь барьчихсан зогсож байсан ба толгой руу нь дэвсэх гээд байгаа бололтой зогсож байхаар нь би очсон. Намайг очих үед тэнд өөр хүн байгаагүй. Би очоод Даваадоржийг хойш нь татаж салгах гэхэд үгэнд орохгүй зууралдаад хэсэг хугацаанд зууралдаад татаж салгаад Батмөнхөөс 2-3 алхамын зайтай зогссон. Тэгсэн би амьсгаадаад байхаар нь амьсгаагаа дарахаар газарт явган суусан. Тэгэхэд Батмөнх босч яваагүй газартаа хэвтэж байсан юм. Тэгээд сууж байтал араас Даваадорж өшиглөсөн. ...тухайн үед Батмөнх, Даваадорж нар л байсан. Түүнээс өөр ямар нэгэн хүн байгаагүй. ...Мөнхбаатар намайг очих үед байгаагүй. ...Даваадорж нь намайг сууж байхад араас гуталтай хөлөөрөө нэг удаа нүд рүү өшиглөсөн. Даваадорж бид хоёрт маргалдсан зүйл байхгүй. Би Даваадоржийг салгасан чинь уурлаад намайг өшиглөсөн. Би маш их гомдолтой байна. ...би жилдээ 5.500.000 төгрөгийн орлоготой байсан. Гэтэл одоо халамжийн мөнгө жилд 2.820.000 төгрөг авдаг болсон. Тэгэхээр энэ хоёрын зөрүү болох 2016 оных нь 2.680.000 төгрөг болно. Мөн би одоо 52 настай, 60 хүртэл ажиллах байсан гэж бодоод нийт 21.440.000 төгрөг нэхэмжилнэ. Эхнэр Чимэгээ сард оёдол хийгээд 900.000 төгрөгийн орлогтой байсан. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс намайг асарч ажлаа бүрэн хийж чадахаа больсон. Энэ тооцоог 2016 оны 8 дугаар сарын 09-ний байдлаар гаргасан. ...Түүний ажилгүй байсан хугацааны цалин нийт 7.650.000 төгрөг, төрөөс асран хамгаалагчийн цалин гэж сард 58.000 төгрөг авч байсан. Тэр нь ажилгүй байсан хугацаандаа нийт 406.000 төгрөг авсан. Үүний зөрүү 7.244.000 төгрөгийг мөн нэхэмжилсэнээс Даваадорж нь зуслангийн газрыг өөрсдөө 7.000.000 төгрөгөөр үнэлээд өгсөн. Үүний зөрүү яг одоогийн байдлаар эцэслэн нэхэж байгаа мөнгөн дүн 20.614.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал),

2. Гэрч И.Мөнхбаатар мөрдөн байцаалтад

...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 6 дугаар гудамж өгсөөд явж байсан чинь Батмөнх, Түмэнбаатар, Даваадорж нар зогсож байсан. Би Даваадорж, Батмөнх, Түмэнбаатар нарыг таньдаг болохоор мэнд мэдэх гээд очоод цаашаа явсан. Батмөнх, Даваадорж нар миний өмнө алхаж байхдаа маргалдаад нэг нэгнийхээ хувцаснаас заамдалцаж байсан. Даваадорж, Батмөнхийг гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэр хоёрыг зодолдоод эхлэхээр нь очоод салгасан. Тэгсэн Батмөнх миний гэдэс өвдөөд байна, намайг харж бай, найз нь бие засаадахъя гэхээр нь Батмөнхтэй хамт Тоосгоны 6 дугаар гудамжны үзүүрт очоод зогсож байсан чинь Даваадорж ирээд Батмөнхийг зодох гээд байхаар нь за боль, чи согтсон байна гэж хэлээд явуулсан. Тэр үед Түмэнбаатар ах намайг араас дуудаад миний нүд юм харахаа больчихлоо гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би Батмөнхийн хамт очиход Түмэнбаатар газар нүдээ дараад явган сууж байсан. Нүдийг нь харсан чинь нүднээс нь цус гараад байсан. Батмөнх бид хоёр Түмэнбаатарыг 2 талаас нь бариад дүүгийнх нь гэрт хүргэж өгсөн... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32, 118-120, 194 дэх тал), (2 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Мөн түүний сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн тогтвортой мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 42-43, 51-52, 79-81, 102 дахь тал),

3. Гэрч Ж.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчим гэртээ байж байсан чинь гаднаас манай ах Түмэнбаатарын нүднээс цус гарсан байдалтай, Батмөнх, Мөнхбаатар нараар хоёр талаасаа сугадуулсан орж ирсэн. Би тухайн үед Түмэнбаатар ахын нүднээс цус гарсан байсан болохоор их сандарсан. Ах надад түргэн тусламж дуудаарай гэж хэлэхээр нь би түргэн тусламж дуудсан. Би ах Түмэнбаатараас таныг хэн зодсон юм бэ гэхэд Даваадорж миний нүд рүү өшиглөсөн гэсэн. Тэгэхээр нь би Даваадоржийн эгч Золзаяа руу гар утсаар залгаад танай дүү манай ахыг зодсон байна гэж хэлсэн. Батмөнх надад хэлэхдээ танай ахыг Даваадорж зодсон гэж хэлсэн. Түргэн тусламж 40 минутын дараа ирсэн, ингээд эмнэлэгт очсон гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал),

4. Гэрч Н.Чимэгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед нөхөр Түмэнбаатар миний гар утас руу залгаад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи архи уухаараа ингэдэг юм, чи сайн архи уугаад бай гэж хэлсэн чинь уурлаад утсаа салгасан. Ундрам гэх хүн над руу залгаад Түмэнбаатар ах хүнд зодуулаад нүд нь гэмтсэн байна, одоо түргэн тусламж авч явна гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг явж бай гэж хэлээд 3 дугаар эмнэлэгт ирэхэд Түмэнбаатар дотогшоо үзүүлэх гээд орсон байсан. Энхжаргал Түмэнбаатар ахын нүдний доод талд язарсан байсан гэж хэлсэн. Түмэнбаатар маргааш нь надад хэлэхдээ Даваадорж намайг явган сууж байсан чинь хөлөөрөө нүүр рүү нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27, 35 дахь тал),

5. Гэрч Ч.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...Түмэнбаатар ахыг хагалгаанд орно гэхээр нь машинаа зарчихаад мөнгө аваачиж өгөхөөр эмнэлэг дээр очиход зодсон гэх залуу болох Даваадорж, ээжтэйгээ, мөн Батмөнх гэх залуу коридорт зогсож байсан. Тэгэхэд манайхнаас тэр зодсон залуу нь гээд Даваадоржийг зааж би анх харсан. Тэгээд хагалгаа дуусаад гараад ирэхэд нь би Чимэгээ эгчтэй очиж ахыг аваад өрөө рүү нь оруулж өгсөн. Чимэгээ эгч эмчтэй нь уулзаад гарч ирэхдээ уйлаад хараа орохгүй гэж байна гэж хэлсэн. Би шоконд ороод хэсэг байж байснаа...гадаа гарч тамхи татах гээд гарахад Даваадорж гэх залуу ганцаараа эмнэлгийн гадна талын үүдний сандал дээр сууж байсан. Би бухимдсан байсан болохоор очоод чи яадаг пизда вэ хүний ганц гэж чи мэдэх үү, хүний ганцхан юм шүү дээ гэсэн чинь Даваадорж харин тийм ээ гээд өөр юм дуугарахгүй байхаар нь чи бакалаар өшиглөчихсөн юм уу гэхэд тэр үгүй ээ би энүүгээр өшиглөсөн гээд хөлөө бага зэрэг өргөөд өөрийнхөө өмсөж явсан өвлийн гэмээр памбагар пүүзээ харуулж байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100, 101 дэх тал),

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 16465 дугаар актад

...Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний зовхи хавантай, дээд, доод зовхи хүрэн ягаан цус хуралттай, алимны салст тархмал улаан ягаан цус хуралттай, зовхины завсараар нуух гарч хатсан.

ШУГТЭмнэлгийн 15922 тоот өвчний түүхэнд: хэвтсэн 2015.11.14, зовиур-баруун нүд хөндүүрлэж өвдөнө, баруун нүднээс цус гоожсон, толгой, нүд ухархай хөшиж, хатгуулж өвдөнө,...2015.11.14-ний хагалгааны тэмдэглэлд: хагалгааны талбайг ариутган салстыг лимбээр нээж шархыг шалгахад 3-9 цагийн хооронд склер лимбийн дагуу урагдаж судаслаг бүрхүүл хавчигдсан, 3 цагаас арагш экватор өнгөртөл урагдсан, шархыг викрил утсаар 8 ширхэг оёдол тавив, онош-баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, склерийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт гэжээ. ДҮГНЭЛТ:

1. Түмэнбаатарын биед баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, салслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар хөдөлмөрийн чадварын тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээч эмч Г.Энхбаатарын дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал),

- Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: Түмэнбаатарын зүүн нүд ямар байдлаар хараагүй болсоныг мэдэхгүй байна. Харин баруун нүд бол шинэ гэмтлээс болж хараагүй болсон. Баруун нүд эмчилгээ хийгээд ч хараа орох боломжгүй байна. Босоо байдалтай байх үед нь хөлөөрөө өшиглөх, мөн гараараа цохиход үүсэх боломжтой гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал),

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 62 тоот шинжээчдийн дүгнэлт:

1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16465 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Зүүн нүдний хуучин гэмтэл нь баруун нүдний шинэ гэмтэлд нөлөөлөхгүй.

3. Түмэнбаатарын биед баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, салслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь хэрэг болсон гэх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой гэх шинжээч эмч Ч.Эрдэмболор, О.Болороо, Д.Мөнхбат нарын дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 39, 40 дэх тал),

- Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: Хохирогч Түмэнбаатарын биед үүссэн гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл, уг гэмтэл нь босоо үед гараар болон хөлөөрөө өшиглөх үед аль алинаар нь үүсэх боломжтой гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал),

- Шинжээч эмч Д.Мөнхбат мөрдөн байцаалтад өгсөн: ...хохирогчийн биед учирсан баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо гэдэгт хурц ирмэггүй зүйлээр цохих, гараар цохих хөлөөр өшиглөх аль ч тохиолдол орж болно. Түүний биед учирсан дээрх гэмтэл нь түүнийг сууж байх үед гараар цохих хөлөөр өшиглөх үед...үүсэх боломжтой. Гэхдээ түүнийг сууж байсан, босч байсан болохыг тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал),

8. Түргэн тусламжийн дуудлагын хуудас № МСGK17461640-д ...өвчний түүх хэсэгт өнөөдөр нүд рүүгээ өшиглүүлсэн гэнэ гэх (1 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал),

 

9. Шүүгдэгч Д.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз Батсүрэнгийн гэрт очоод Хараа нэртэй 0.5 граммын нэг шил архи хувааж ууж байгаад 15 цагийн орчим найзынхаа гэрээс гараад гэртээ харих гээд явж байсан чинь Батмөнх, Мөнхбаатар, Түмэнбаатар ах нар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5 дугаар гудамжинд архи уугаад байж байсан. Би Батмөнх ахыг сайн таньдаг болохоор Батмөнх ах дээр очоод эхнэр Дэлгэрмөрөнтэй гар утсаар ярих яаралтай хэрэг гараад Батмөнх ах дээр очоод гар утсаараа ганц яриулчих гэсэн чинь нэгж байхгүй гээд яриулахгүй гэхээр нь маргалдаж байхад Түмэнбаатар ах ирээд салгах гээд зууралдсан. Би Батмөнхийг цохих гэж байгаад Түмэнбаатар ахын нүд рүү цохисон. Түмэнбаатар ахтай маргалдсан зүйлгүй. Намайг хувцаснаас бариад тавихгүй болохоор нь эхлээд шанаа руу нэг удаа түлхсэн. Дараа нь нүүрэн тус газар нь зүүн гараараа нэг удаа цохисон. Түмэнбаатар ахыг цохих үед Мөнхбаатар хажууд байсан. Батмөнх хаана байсан талаар санахгүй байна. Намайг Түмэнбаатар заамдаад босоо байдалтай байх үед нь нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-55, 128 дахь тал),

10. Хохирогчийн өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 6), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 7), гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 8), мөрдөн байцаагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 65), зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 111),

- Хохирогч Ж.Түмэнбаатарт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 86, 126, 2 дугаар хавтаст хэргийн 16), хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 88-90), Улсын гуравдугаар төв эмнэлгийн өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 147-163), амбулаторийн картны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 91-108), Асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон Засаг даргын захирамж (1 дүгээр хавтаст хэргийн 185), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, тэтгэвэрийн дэвтэр, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэрийн хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 139-145), хохирол нэхэмжилсэн тооцоо (2 дугаар хавтаст хэргийн 18),

- Шүүгдэгч Д.Даваадорж иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 69), жолоочийн үнэмлэхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 70), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 62), шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 173-189), эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгуулагаас авсан лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 56, 57), хувийн байдлыг тогтоосон баримт (1 дүгээр хавтаст хэргийн 73) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэж заасныг баримталж хэлэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Даваадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 6 дугаар гудамжинд бусдыг илт үл хүндэтгэн, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх ёс журмыг зөрчин Ж.Түмэнбаатарын баруун нүд рүү өшиглөн түүний биед баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

- Хохирогч Ж.Түмэнбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: намайг сууж байхад Даваадорж өшиглөсөн гэх 10 удаагийн тогтвортой мэдүүлэг,

- Гэрч И.Мөнхбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Түмэнбаатар ах намайг дуудаад миний нүд юм харахаа больчихлоо гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би Батмөнхийн хамт очиход Түмэнбаатар газар нүдээ дараад явган сууж байсан гэх 8 удаагийн тогтвортой мэдүүлэг,

- Гэрч Ж.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би ах Түмэнбаатараас таныг хэн зодсон юм бэ гэхэд Даваадорж намайг нүд рүү өшиглөсөн гэсэн. ...Батмөнх надад хэлэхдээ танай ахыг Даваадорж зодсон гэж хэлсэн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34),

- Гэрч Н.Чимэгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Түмэнбаатар маргааш нь надад хэлэхдээ Даваадорж намайг явган сууж байсан чинь хөлөөрөө нүүр рүү нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27, 35),

- Гэрч Ч.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би бухимдсан байсан болохоор очоод чи яадаг пизда вэ хүний ганц гэж чи мэдэх үү, хүний ганцхан юм шүү дээ гэсэн чинь Даваадорж харин тийм ээ гээд өөр юм дугарахгүй байхаар нь чи бакалаар өшиглөчихсөн юм уу гэхэд тэр үгүй ээ би энүүгээр өшиглөсөн гээд хөлөө бага зэрэг өргөөд өөрийнхөө өмсөж явсан өвлийн гэмээр памбагар пүүзээ харуулж байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100, 101 дэх тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 62 тоот шинжээчдийн дүгнэлт:

1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16465 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...3. Түмэнбаатарын биед баруун нүдний алимны хүнд зэргийн няцрал, баруун нүдний алимны салст бүрхүүлийн урагдал, салслаг бүрхүүлийн хавчуулагдалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь хэрэг болсон гэх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой гэх шинжээч эмч Ч.Эрдэмболор, О.Болороо, Д.Мөнхбат нарын дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 39, 40) зэрэг дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д.Даваадоржийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх Д.Даваадоржийн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн Д.Даваадоржийн ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарч байгаа тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй байх ба тухайн тохиолдолд шүүгдэгч Д.Даваадоржийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, тухайн хэрэгт шалгавал зохих нэр бүхий хүмүүсийг шалгаагүй буюу гэрчийн мэдүүлэгт хөтлөгдөн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, шүүхийн тогтоолын заалтыг биелүүлээгүй, мөн Түмэнбаатар, Мөнхбаатар, Батмөнх, Галбадрах нарыг дахин сэжигтнээр тооцож хэргийг тусгаарлаж шийдвэрлэснийдараа шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж... гэж санал хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Учир нь хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэвэл:

Хохирогч Ж.Түмэнбаатар, гэрч И.Мөнхбаатар, Б.Батмөнх нарын мэдүүлэгт хэргийн гол үйл баримтын талаар буюу Даваадорж нь Ж.Түмэнбаатарыг өшиглөсөн, Түмэнбаатар ах намайг араас дуудаад миний нүд юм харахаа больчихлоо гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би Батмөнхийн хамт очиход Түмэнбаатар газар нүдээ дараад явган сууж байсан талаар зөрүүгүй мэдүүлснээс гадна хэрэгт авагдсан бусад гэрч Ж.Энхжаргал, Ч.Мөнхжаргал нарын мэдүүлэгт Даваадоржийн өшиглөлтөөс Ж.Түмэнжаргалын нүд гэмтсэн талаар дамжмал байдлаар давхар гэрчилсэн, түүнчлэн удаа дараа гарсан шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлгүүдээр гадны хүчин зүйлийн үйлчлэлээр Ж.Түмэнжаргалын баруун нүдэнд гэмтэл учирсан, хараагүй болсон буюу хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан талаар дүгнэсэн, тайлбарласан нь шүүгдэгч Даваадоржийг гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь тухайн үйл баримт болохоос өмнө ямар асуудал болсон, хэн хэн байсан талаар гэрч, хохирогч нар зөрүүтэй мэдүүлснийг шалгуулах, өөрөөр хэлбэл, тухайн үйл баримт болохоос өмнө Ж.Түмэнбаатар, Б.Батмөнх, Даваадорж нар  эсхүл Ж.Түмэнбаатар, Б.Батмөнх, И.Мөнхбаатар нар хамт байсан эсэх, эсхүл  гэрч И.Мөнхбаатар нь хэдийд ирсэн болох, үйл баримт болох үед байсан эсэх талаар зөрүүтэй мэдүүлснийг арилгах шаардлагатай гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан гэрч И.Мөнхбаатар, хохирогч Ж.Түмэнбаатар нарын мэдүүлэгт тухайн үйл баримт болохоос өмнө Даваадорж, Батмөнхийн дунд маргаан болсон, Даваадорж нь Батмөнх рүү чиглэсэн үг хэлж, үйлдэл хийж байсан талаар дурдагдсан байх тул гэрч И.Мөнхбаатарыг үйл баримт болохоос өмнө, хэрэг болох үед байгаагүй, мөн өөрийн мэдүүлгийг өөр хэн нэгний мэдүүлэг дээр үндэслэсэн,  таамаглаж ярьсан гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн гэрч Ж.Энхжаргалын мэдүүлэгт ...ах Түмэнбаатарыг Мөнхбаатар,  Батмөнх нар хоёр талаас нь сугадаад гэрт оруулж ирсэн гэж, мөн шүүгдэгч Даваадоржийн мэдүүлэгт Мөнхбаатар тухайн үед байсан талаар мэдүүлсэн байх тул тэдгээрийг дахин байцаах, шалгуулах шаардлагагүй байна.  

Түүнчлэн И.Мөнхбаатар, Б.Батмөнх, Г.Галбадрах нарыг холбогдох зүйл ангиар сэжигтнээр тооцож шалган, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн (2 дугаар хавтаст хэргийн 109-112) нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, дахин шалгуулах нь хэрэгт ач холбогдолгүй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын талаар

Хохирогч Ж.Түмэнбаатараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 679.424 төгрөг эмчилгээнд зарцуулж баримтыг хэрэгт хавсаргасан (1 дүгээр хавтаст хэргийн 88-90) байна.

Мөн хохирогчоос 2016 оны цалин тэтгэмжийн зөрүү 2.680.000 төгрөг, 8 жилийн олох ёстой байсан орлого 21.440.000 төгрөг, асран хамгаалагч Ч.Чимэгээгийн олох ёстой байсан орлого 7.244.000 төгрөг буюу нийт 31.364.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Шүүгдэгч Д.Даваадорж нь хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримтын үнийн дүн болон нэхэмжлэлийн заримыг төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчээс 3.500.000 төгрөгийг бэлнээр (1 дүгээр хавтаст хэргийн 86, 126, 2 дугаар хавтаст хэргийн 16), өөрийн эхийн зуслангийн эзэмших зориулалтай газрын 7.000.000 төгрөг тооцож хохирогчид шилжүүлсэн. Түүнчлэн хохирогчийн эмчилгээнд зориулж 83890 төгрөг (2 дугаар хавтаст хэргийн 158-160) зарцуулсан байна.

Талуудын хэн аль нь дээрх байдлын талаар маргаагүй тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

 Харин хохирогч Ж.Түмэнбаатар нь нэхэмжлэлийн үлдэх хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхжлэх эрхтэй.

 

Эрүүгийн 201526012330 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дондогийн Даваадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Даваадоржийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваадоржид оногдуулсан 8 (найм) жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Даваадорж нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогч Ж.Түмэнбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүгдэгч Д.Даваадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Даваадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

 

                                    ШҮҮГЧИД                                           Т.АЛТАНТУЯА

 

 

                                                                                                И.ГАНБАТ