| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0057/э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 57
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Н-ийн У-д холбогдох 1916001120063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997оны 08 сарын 15-нд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, ах, эмээ, дүү, хүүгийн хамт оршин суух хаягтай, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 4 дүгээр багийн 6 дугаар гудамжны 30 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д000000 регистрийн дугаартай, Ш овогт Н-ийн У.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.У нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг “М” караокед ажиллаж байхдаа Б.Б-ын 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 22 цагийн орчим караокегоор үйлчлүүлж байхдаа гээсэн хөх өнгийн Хуавэй ю-6 маркын гар утсыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олж, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж ашиглаж, завшсаны улмаас хохирогч Б.Б-д 440100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Ур-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...М-д ажиллаж байхад Б гэдэг цагдаа орж ирээд вип өрөө рүү орсон юм. Араас нь орох үед согтуу сууж байсан. Би тэр үед нь гарч яваад дахин гаднаас орж ирэхэд гаднаас архи оруулсан байхаар нь архи оруулдаггүй гэдэг талаар нь хэлсэн юм. Удалгүй тэр цагдаа зааланд орж ирэхэд архи авч орж болохгүй гэхэд чи мэддэг юм уу? гээд хэл амаар доромжлоод байсан юм. Би тэр үед нь Ц эгчийг дуудаад хэлэхэд эвтэйхэн аргалж байлгаж байгаад гарга гэсэн. Би дахин гар гэсэн шаардлага тавихад намайг элдвээр хараагаад цохиж унагаагаад алгадсан. Тэр өдөр ээлжинд гарч байгаа цагдаа нарыг дуудаад ирээд аваач гэж хэлсэн. Цагдаа нар ирээд авалгүй явсан. Удалгүй зааланд утас алга болсон гээд ярьж байсан юм. Камер ажиллаж байгаа юм уу? гэж асуухад нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Камер шалгах гэтэл ажиллахгүй байсан юм. Өглөө нь цэвэрлэгээ хийх гээд ирэхэд 3 номерын өрөөнд цэнхэр өнгийн утас байсан юм. Тэр үед өгөх гэсэн чинь хөдөө ажлаар явах ажил гараад өгч чадаагүй юм. Хөдөөнөөс ирээд гэртээ байж байтал Ц эгч Б цагдаа нар манайд ирсэн. Дараа нь Б цагдаатай уулзаад хохирлыг нь барагдуулах талаар ярьсан. 07 сарын сүүлээр 440100 төгрөг төлөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 02 сарын 14-ны 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг М караокений текний хажуу талын суудалд сууж байгаад өөрийн эзэмшлийн Хуавэй ю-6 маркийн гар утсаа мартчихаад гараад явсан юм. Би утсаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн мобикомийн салбараас 489.000 төгрөгөөр бодож 12 сарын хугацаатай лизингээр авсан юм. Миний утас гээгдсэн даруйдаа дуудаад байсан бөгөөд хүн авахгүй байсан. М караокений бүх хүмүүсээс асуусан тэгэхэд бүгд мэдэхгүй, хараагүй, үзээгүй гээд дайраад байсан. Миний алдсан гар утас нь Хуавэй ю-6 маркийн хөх өнгөтэй байсан ...” гэх мэдүүлэг/хх 12-13, 15-рт/,
Гэрч Д.Ц-н мэдүүлсэн: “...Б.Б гэх залуу гар утсаа гээсэн тэр орой яваад байсан. Тухайн үед Б согтуу байсан болохоор нь би өөр газар хаясан байх гэж бодоод нэг их тоогоогүй. У нь караокегоос Хуавэй ю-6 гэх гар утас олсон талаараа огт хэлээгүй. У 02 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа ирчихээд удалгүй яваад өгсөн. Б камер шүүж үзэх гэсэн боловч тогны саатал гараад камер 2 хоног ажиллахгүй байсан тул камер шүүх болмжгүй байсан. Тэр орой У бид хоёр л байсан..” гэх мэдүүлэг/хх 31-32-рт/,
Гэрч Н.Х-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ягаан өнгийн товчлууртай нокиа утсаа 2019 оны 02 дугаар сард өгсөн. Тэгээд би тэр утсыг нь барьж байгаад Увс аймагт алтанд явж байх үеэр гээчихсэн. Би 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Увс аймагруу алтанд явах гэж байхад У хөх цэнхэр өнгийн ухаалаг гар утсыг гэртээ бариад байж байсан ...” гэх мэдүүлэг/хх 41-рт/,
Гэрч Н.Э-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би У, эмээ нарын хамт амьдардаг бөгөөд У нь хөх цэнхэр өнгийн Хуавэй ю-6 маркын гар утас олсон шинэ дугаар авна гээд байсан. Хаанаас олсон эсэхээ надад хэлээгүй ...” гэх мэдүүлэг/хх 24-рт/,
Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...У-г танина, гурван жил найзалж байна. Би 2019 оны 03 сарын 12-ны өглөө Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд үдээс хойш нь У-тэй уулзахад цэнхэр хөх өнгийн Хуавэй ю-6 маркийн гар утас барьчихсан байсан. Харин тэр утсаа саяхан алга болгочихсон гээд явж байсан ...” гэх мэдүүлэг/хх 44-рт/,
Гэрч Г.Т-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 85742844 дугаарыг 2019 оны 02 дугаар сард өөрийн нөхөрлөж байсан Уранцэцэг гэх охинд худалдан авч өгсөн. Тухайн үед У бид 2 Говь-Алтай аймгийн шилэн зах дотор явж байхад Мобиком компаниас үнэгүй дугаар өгч байсан. Тэгээд Уранцэцэг надад, би иргэний үнэмлэхээ гэртээ орхиод гараад ирж, чи үнэмлэхээрээ энэ дугаарыг аваад өгнө үү гэж гуйхаар нь зөвшөөрөөд 85742844 гэсэн дугаарыг өөрийн нэрээр авч өгсөн. Би энэ дугаарыг ашигладаггүй. У ашиглаж байгаа. Тухайн үед Уранцэцэг Хуавэй маркын хөх өнгийн гар утас барьдаг байсан ...” гэх мэдүүлэг/хх 45-рт/,
“Ашид билгүүн” ХХК-ний 724/022 дугаар үнэлгээний “...Тус утас 2 сар орчим ашиглагдаж байгаа тул элэгдэл болон ашиглалтыг тооцож , Хуавэй ю-6 маркын гар утас 1 ширхэг 440100 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт /хх 51-рт/,
Гар утас зээлээр худалдан авсан 40332196 дугаартай гэрээний хуулбар /хх 5-рт/,
Н.У-н яллагдагчаар өгсөн “...Би Говь-Алтай аймагт ирээд 01 дүгээр сараас хойш Есөнбулаг сумд үйл ажиллагаа явуулдаг М гэх нэртэй караокед бармен, зөөгчөөр ажилласан. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр караокений вип өрөөг цэвэрлэж байхдаа өрөөний буйдан дээрээс Хуавэй ю-6 маркын хөх өнгийн гар утсыг олсон. Би утсыг ашиглаад өөрийн 85742844 гэсэн мобикомын дугаарыг хийж барьж байсан. Би энэхүү дугаарыг 2019 оны 02 дугаар сард найз Т-тэй шилэн зах дотор явж байгаад үнэгүй өгч байхаар нь Төмөрцэцэгийн нэр дээр дугаараа бүртгүүлээд авсан. Би өөрийн бичиг баримтгүй явж байсан болохоор Т-ийн нэрээр дугаараа бүртгүүлсэн. Тэр дугаарыг зөвхөн би ашигласан. Гар утас ямар нэгэн түгжээ кодгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 64-рт/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.У нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг “М” караокед ажиллаж байхдаа Б.Б-ын 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 22 цагийн орчим караокегоор үйлчлүүлж байхдаа гээсэн хөх өнгийн Хуавэй ю-6 маркын гар утсыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олж, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж ашиглаж, завшсаны улмаас хохирогч Б.Б-д 440100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Б-н мэдүүлэг, гэрч Д.Ц, Н.Х, Н.Э, Б.Н, Г.Т нарын мэдүүлэг болон Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний хуудас, Гар утас зээлээр худалдан авсан 40332196 дугаартай гэрээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг /хх 12-13, 15-рт/, гэрч Д.Ц-н мэдүүлэг /хх 31-32-рт/, гэрч Н.Х-н мэдүүлэг /хх 41-рт/, гэрч Н.Э-ийн мэдүүлэг /хх 24-рт/, гэрч Б.Н-ын мэдүүлэг /хх 44-рт/, гэрч Г.Т-ийн мэдүүлэг /хх 45-рт/, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний хуудас /хх 51-рт/, Гар утас зээлээр худалдан авсан 40332196 дугаартай гэрээний хуулбар /хх 5-рт/, яллагдагч Н.У-ийн мэдүүлэг /хх 64-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Н.Уранцэцэгийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Н.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийн бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.У-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Н.У нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Н.У-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Н.У нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан/хх 92-рт/ байх бөгөөд шүүгдэгч Н.У нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлтийг гаргаагүй тул улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Н-ийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Н.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан Н.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-с 440100/дөрвөн зуун дөчин мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Уранцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА