Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0224/З |
Дугаар | 221/МА2019/0661 |
Огноо | 2019-12-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2019/0661
Б.Б, Э.А, Н.Л, П.С,
М.Б, П.Г, О.Ш,
Б.Е нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Б.Б, Э.А, Н.Л, П.С, М.Б, О.Ш, П.Г, Б.Е нарын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуул /2002/-ийн 26 дүгээр зүйлийн 26.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А, П.С, Н.Л, Б.Е нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын Э.А, Н.Л, П.С, Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э.А-г Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, П.С-г Гашуунсухайт дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчийн, Н.Лыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын, Б.Е-ыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт тус тус гаалийн улсын байцаагчийн албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч М.Б, П.Г, Б.Б, О.Ш нараас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дүгээр сарын 21-нийг дуусталх хугацааны олговорт Э.А-д олгох 10 836 284 /арван сая найман зуун гучин зургаан мянга хоёр зуун наян дөрвөн/, П.С-д олгох 9 227 315 /есөн сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун арван таван/, Н.Л-т олгох 9 883 750 /есөн сая найман зуун наян гурван мянга долоон зуун тавин/, Б.Е-д олгох 11 668 375 /арван нэгэн сая зургаан зуун жаран найман мянга гурван зуун далан таван/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хасч олгох, Э.А, П.С, Н.Л, Б.Е нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, Г.Жанчив нар давж заалдах гомдолдоо: “...Б.Б нь Гаалийн ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Гаалийн газрын даргын 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тушаалаар Ховд аймаг дахь гаалийн газарт операторчноор ажилд орж ажлаас чөлөөлөгдөх хүртэл Гаалийн байгууллагад тасралтгүй 25 жил тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн мэргэшсэн төрийн албан хаагч бөгөөд 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Монголын үндэсний дээд сургуулийн эдийн засгийн ангийг эдийн засагч мэргэжлээр суралцаж D200207580 дугаартай дипломтой төгссөн болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01516 дугаар шийдвэр, Гаалийн ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Гаалийн газрын даргын 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тушаалаар Ховд аймаг дах гаалийн газарт операторчноор томилсон тушаал, 2002.5.10-ны өдрийн D200207580 дугаартай диплом, Монголын үндэсний дээд сургуулийн 2002 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Дээд боловсролын диплом, энгэрийн тэмдэг олгох тухай 177 дугаар тушаал, хавсралтын хамт,
Монголын үндэсний дээд сургууль нь 2002 онд төгссөн төгсөгчдөдөө 200205544-200207643 хүртэл дараалсан дугаар бүхий диплом олгосон үүний дотор нэхэмжлэгчид 200207580 дугаартай дипломыг гардуулсан байтал диплом, энгэрийн тэмдэг олгох тухай 177-р тушаалд 200207580 дугаар дипломыг орхигдуулж бичсэн байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь түүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхээр байна. 2009 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гааль, Эдийн засгийн дээд сургуулийн “Чиглүүлэх сургалт”-ын дамжаанд суралцаж төгссөн 09/022 дугаар гэрчилгээ, Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 168 дугаар тушаалаар нотлогдоно.
Гэтэл шүүх “ ... Б.Б Монголын үндэсний дээд сургуулийг 2002 онд эдийн засагч мэргэжлээр D200207580 дугаартай диплом /... хэвлэгдээгүй, гарын үсэг зөрүүтэй/ -тойгоор төгссөн гэдэг нь тогтоогдохгүй ... ” байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
М.Б нь Гаалийн ерөнхий газрын Орхон аймаг дахь гаалийн хорооны даргын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/313,29 дугаар тушаалаар операторчоор ажилд орсон бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 03 сарын 25-ны өдрийн 140 дугаар тушаалаар Гаалийн улсын байцаагчийн сургалтад суралцаж амжилттай төгсөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 236 дугаар тушаалаар Гаалийн улсын байцаагчаар томилогдсон ба гаалийн байгууллагад тасралтгүй 16 жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Түүнийг Гаалийн албанд ажилд орох, гаалийн улсын байцаагчаар томилогдох үед үед үйлчилж байсан Гаалийн тухай /1996 он/ хуулийн 56 дугаар зүйлийн 1-д “Гаалийн удирдах тов байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэнийг гаалийн улсын байцаагч гэнэ” гэж зааснаар гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, гаалийн улсын байцаагчийн сургалтад суралцаж амжилттай төгссөн Монгол улсын иргэн гаалийн улсын байцаагчаар ажиллаж болдог байсан тул гаалийн улсын байцаагчаар 2003 оны 4 сарын 18-ны өдрөөс гаалийн улсын байцаагчаар ажилласан.
Гаалийн тухай /2008 он/ хуулийн 273 дугаар зүйлийн 273.5 “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино” гэж заасан нь тус хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Гаалийн албанд ажилд орсон тэр тусмаа Гаалийн улсын байцаагчаар томилогдсон нэхэмжлэгч М.Б-д хамаарахгүй юм. М.Б-ийг гаалийн албанд ажилд орох үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуулиар төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах иргэн заавал дээд боловсролтой байхыг шаардаж байгаагүй болно. Гаалийн ерөнхий газрын Орхон аймаг дахь гаалийн хорооны даргын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/313,29 дугаар тушаалаар оператораар ажилд томилогдсон тушаал, Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 03 сарын 25-ны өдрийн 140 дугаар тушаал, 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 236 дугаар тушаалаар Гаалийн улсын байцаагчаар томилогдсон тушаал.
П.Г нь Улсын багшийн их сургуулийг Англи хэлний орчуулагчаар 1995 онд 16866 дугаар дипломтой төгссөн. Улсын багшийн их сургуульд суралцаж байхдаа 1 жилийн чөлөө авсан бөгөөд Улсын багшийн их сургуулийн ректорын 1995 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар тушаалын 3 дахь заалтаар “Ректорын 1994 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 110 тоот тушаалаар суралцах хугацааг нь 1 жилийн хугацаагаар хойшлуулсан П.Г-ыг үргэлжлүүлэн суралцуулсугай” гэсэн тушаалаар /хх 229-230-р тал/ 1995 онд үргэлжлүүлсэн суралцаж тухайн оныхоо 6 сард сургуулиа төгссөн. Гэтэл Улсын багшийн их сургууль одоогийн Монгол Улсын Боловсролын их сургуулиас П.Г Англи хэлний орчуулагчаар төгссөн гэх мэдээлэл байхгүй байна гэх албан бичгийг үндэслэн түүний эзэмшсэн мэргэжил, гардаж авсан дипломыг нь шүүх үгүйсгэж "... П.Г нь 1995 онд Улсын багшийн их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр 16866 /төгссөн гэх мэдээлэл байхгүй/ дугаартай дипломтойгоор... төгссөн болох нь тогтоогдохгүй...” хэмээн дүгнэж түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Улсын багшийн их сургуулийн 16866 дугаартай диплом, Улсын багшийн их сургуулийн ректорын 1995 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар тушаал, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гааль, Эдийн засгийн дээд сургуулийн “Чиглүүлэх сургалт”-ын дамжаанд суралцаж төгссөн 2010 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 10/031 дугаар гэрчилгээ.
О.Ш нь Гаалийн ерөнхий газрын даргын 1994 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тушаалаар эрэлч нохойн маллагчаар томилогдон ажиллаж эхэлсэн ба суралцаж байх хугацаандаа техник урлалын багш мэргэжлээр суралцаж 18276 дугаар дипломтойгоор төгссөн. Мөн Гаалийн ерөнхий газрын Сургалт судалгааны төвд Гаалийн улсын байцаагчийн эрх олгох суурь сургалтын 24 дэх 3 сарын курст суралцаж амжилттай төгссөн учир Гаалийн ерөнхий газраас 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаалийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг амжилттай төгссөнийг баталгаажуулж гэрчилгээ олгож, Гаалийн ерөнхий газрын даргын 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 437 дугаар тушаалаар Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдсон ба гаалийн байгууллагад 24 жил тасралтгүй ажиллаж байгаад маргаан бүхий тушаалаар гаалийн албанаас халагдсан.
Гэтэл О.Ш-ийг Гаалийн албанд анх ажилд орох үед Гаалийн тухай хууль батлагдаагүй байсан. Түүнчлэн нэхэмжлэгчийг Гаалийн улсын байцаагч болох үед Гаалийн тухай /1996 он/ хууль хэрэгжиж байсан бөгөөд түүнийг гаалийн улсын байцаагч болох үед заавал дээд боловсролтой байхыг шаардаж байгаагүй болно. Монгол улсын боловсролын их сургуулиас шүүх болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт О.Ш-ийн төгссөн гэх мэдээлэл байхгүй байна гэсэн хариуг үндэслэн түүнийг боловсролын хуурамч бичиг ашигласан, дээд боловсролгүй гэх үндэслэлээр гаалийн албанаас халж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсаар байхад анхан шатны шүүх “О.Ш Улсын багшийн их сургуулийг 1997 онд техник урлалын багш мэргэжлээр 18276 /төгссөн гэх мэдээлэл байхгүй/ дугаартай дипломтойгоор төгссөн болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Гаалийн тухай /1996 он/ хуулийн 56 дугаар зүйлийн 1, Гаалийн тухай /2008 он/ хуулийн 273.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 128/ШШ2019/0710 шийдвэрийн Б.Б, М.Б, П.Г, О.Ш нарт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т давж заалдах гомдолдоо “...Гаалийн ерөнхий газрын дарга 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн маргаан бүхий гэх “Гаалийн албанаас халах тухай” Б/620 дугаар тушаалыг батлан гаргахдаа аливаа нотлох баримтгүй, эх сурвалжгүй тушаал батлан гаргаагүй бөгөөд уг тушаалыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 тоот албан тоотыг үндэслэсэн болно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 06/4243 дугаартай албан тоотод нэхэмжлэл гаргасан нэр бүхий хүмүүсийг хуурамч эсхүл хууль ёсны болох нь тогтоогдохгүй боловсролын бичиг баримттай болохыг шалгаж баталгаажуулсан байсан бөгөөд шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхдээ уг албан тоотыг үгүйсгээгүй, хууль бус гэж тогтоогоогүй байж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримт болгон гаргаж өгсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 06/4243 албан тоот, мөн хэргийн нотлох баримтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргуулсан нийт 130 хуудас нотлох баримтуудыг үгүйсгээгүй, эсхүл хууль бус гэж тогтоосон зүйл байхгүй. Гэтэл шүүхийн шийдвэр гаргахдаа Э.А, П.С, Н.Л, Б.Е нарын нэхэмжлэлийг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэлээ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалаар “Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон” зөрчил гаргасан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их, дээд сургуулиудаас ирүүлсэн лавлагаагаар нотлогдсон хэмээн нэхэмжлэгч Б.Б, Э.А, Н.Л, П.С, М.Б, О.Ш, П.Г, Б.Е нарыг 2002 оны Төрийн албаны тухай хуулийн /цаашид Төрийн албаны тухай хууль/ 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Гаалийн ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01-1/4117 дугаартай албан бичгээр “байгууллагын хэмжээнд ажиллаж буй нийт ажилтнуудын боловсролын баримт бичигт шалгалт хийлгэх” хүсэлт гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын архив, Мэргэжлийн хяналтын мэдээллийн сан, болон холбогдох их, дээд сургуулиудаас ирүүлсэн лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн шалгалт хийжээ.
Уг шалгалтын дүнгээр нэхэмжлэгч нарын байгууллагын удирдлагадаа гарган өгсөн их, дээд сургуулиудын дипломуудыг холбогдох сургуулиуд нь нэхэмжлэгч нарт олгоогүй болохыг тогтоосон, үүнээс үзвэл эдгээр иргэд нь тус сургуулиудыг тухайн мэргэжлээр төгсөж, холбогдох дээд боловсролыг эзэмшээгүй хэрнээ хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргийг зөрчсөн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гэж үзэхээр байна. Тодруулбал,
1. Нэхэмжлэгч Э.А нь Монгол Улсын Их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийг 2001-2005 онд нягтлан бодогч мэргэжлээр суралцан төгсөж, дээд боловсрол эзэмшсэн хэмээн Гаалийн ерөнхий газарт гарган өгсөн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн D200514994 дугаартай бакалаврын диплом нь Р.Б гэх өөр хүнд олгогдсон болох нь Монгол Улсын Их сургуулийн Эрдэнэт сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дугаартай албан бичгээр тогтоогдсон,
2. Нэхэмжлэгч Н.Л нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг 1997-2001 онд эрх зүйч мэргэжлээр суралцан төгсөж, дээд боловсрол эзэмшсэн хэмээн 2001 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн D200100624 дугаартай дипломыг Гаалийн ерөнхий газарт гаргаж өгсөн, харин Н.Л тус сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөгүй болох нь Монгол Улсын Их сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2/3997 дугаартай албан бичгээр тогтоогдсон,
3. Нэхэмжлэгч П.С нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1998-2002 онд банк, зээлийн эдийн засагч-санхүүч мэргэжлээр суралцан төгсөж, дээд боловсрол эзэмшсэн хэмээн Гаалийн ерөнхий газарт гаргаж өгсөн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0202745 дугаартай дипломыг тус сургуулиас олгоогүй, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирлын 30 тоот төгсөлтийн тушаалд нэхэмжлэгчийн нэр байхгүй болох нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/1020 дугаартай албан бичгээр тогтоогдсон,
4. Нэхэмжлэгч М.Б нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг 1995-1999 онд эрх зүйч мэргэжлээр суралцан төгсөж, дээд боловсрол эзэмшсэн хэмээн 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн D9906878 дугаартай дипломыг Гаалийн ерөнхий газарт гаргаж өгсөн, харин тэрээр тус сургуулийг төгсөөгүй болох нь Монгол Улсын Их сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2/3997 дугаартай албан бичгээр тогтоогдсон,
5. Нэхэмжлэгч О.Ш нь Улсын багшийн их сургуулийг 1993-1997 онд техник урлалын багш мэргэжлээр суралцан төгсөж, дээд боловсрол эзэмшсэн хэмээн 1997 оны 18276 дугаартай дипломыг, нэхэмжлэгч П.Г нь Улсын багшийн их сургуулийг 1992-1995 онд англи хэлний орчуулагч мэргэжлээр суралцан төгсөж, дээд боловсрол эзэмшсэн хэмээн 1995 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16866 дугаартай дипломыг, нэхэмжлэгч Б.Е нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийг 2004-2008 онд биеийн тамирын багш мэргэжлээр суралцан төгсөж, дээд боловсрол эзэмшсэн хэмээн 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн D200810722 дугаартай дипломыг тус тус Гаалийн ерөнхий газарт гаргаж өгсөн, харин Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/2847 дугаар албан бичгээр Б.Еыг тус сургуулийг төгсөөгүй, П.Г, О.Ш нарыг төгссөн гэх баримт байхгүй болох нь тогтоогдсон,
6. Нэхэмжлэгч Б.Б нь Монгол Үндэсний дээд сургуулийг 1998-2002 онд эдийн засагч мэргэжлээр суралцан төгсөж, дээд боловсрол эзэмшсэн хэмээн Гаалийн ерөнхий газарт гаргаж өгсөн 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн D2002/07580 дугаартай дипломыг Монголын Үндэсний их сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/286 дугаар албан бичгээр Б.Б-ийг тус сургуулийг төгсөөгүй, тухайн дипломын бүртгэлийн дугаар өөр оюутанд бүртгэлтэй, ийм дугаартай диплом хэвлэгдээгүй буюу тус сургуулийг төгсөөгүй болох нь тогтоогдсон байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Б.Бийг Монгол Үндэсний их сургуульд суралцаж байсныг тогтоосон нь түүнийг уг сургуулийг төгсөж, дээрх дугаар бүхий дипломыг түүнд олгосон гэдгийг нотлохгүй.
Дээрх байдлаар нэхэмжлэгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “...тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх”, 17 дугаар зүйлийн 17.2-т “энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” болохыг мэдсээр байж Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалд томилогдохдоо хуурамч диплом ашигласан нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нарыг төрийн байгууллагын соёл, дэг журам болон төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн гэж үзээд хариуцагч нь тэдгээрийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг буруу дүгнэж, “...Э.А нь 1988 онд Санхүү, эдийн засгийн техникумыг банкны нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр, П.С нь 1990 онд Худалдааны техникумыг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, Б.Е нь 2010 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэгтэйгээр, Н.Л нь 2012 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Менежмент, гадаад худалдаа, гааль мэргэжлээр төгссөн болох нь тогтоогдсон, ... нэхэмжлэгч Э.А-гийн 2002 онд, Н.Л-ын 2005 онд, П.Сгийн 1999 онд, М.Бат-Эрдэнийн 2000 онд, Б.Б-ийн 1993 онд, О.Ш-ийн 1995 онд тус тус гаалийн байгууллагад анх томилогдож ажилласан оператор, шалгагч, маллагч-үйлчлэгч гэсэн албан тушаалууд нь заавал дээд боловсролын баримт бичигтэй байхыг шаардахгүй байсан ба Э.А, П.С, Н.Л, Б.Е нараас гаалийн албанд анх ажилд томилогдохдоо гаргаж өгсөн боловсролын баримт бичгүүдийг хууль ёсны дагуу олгогдоогүй гэж үзэх боломжгүй байна” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж зааснаар маргаан бүхий акт нь нэхэмжлэгч нарыг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, төрийн албан тушаалд томилогдохын тулд хуурамч диплом ашигласан үйлдэлд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулснаас биш анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “... дээд боловсрол эзэмшээгүй,.... гаалийн улсын байцаагч нь дээд боловсролтой байх шаардлагад нийцээгүй” гэх үндэслэлээр ажлаас халаагүй учраас Э.А, П.С, Н.Л, Б.Е нар нь дээд боловсрол эзэмшсэн эсэх нь маргаан бүхий актыг хүчингүй болгох, нэхэмжлэгч нарын хуурамч диплом ашигласныг зөвтгөх үндэслэл болохгүй.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ”, 3.2-т “Төрийн албаны мөн чанар нь ... төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино”, 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-т “төрийн алба мэргэшсэн ... байх” зарчмын дагуу төрийн албан хаагчийн бүхий л үйл ажиллагаа хуульд үндэслэх учиртай тул төрийн албан тушаалд томилогдохын тулд хууль зөрчиж, хуурамч бичиг баримт ашигласан нэхэмжлэгч нарыг төрийн албанд ажиллах ёс зүйн шаардлагыг зөрчөөгүй гэж үзэх, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нар нь анх Гаалийн байгууллагад томилогдсоноос хойш тус байгууллагын удирдлагын хэд хэдэн удаагийн тушаалаар өөр өөр газарт, өөр албан тушаалд томилогдсон байх бөгөөд ийнхүү томилогдоход дээрх хуурамчаар бүрдүүлсэн дипломууд нь тэдэнд давуу байдал бий болгосон гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.
Харин хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй гэх гомдлын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нарт тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байсан хэдий ч нэгэнт нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн дипломууд хуурамч болох нь тогтоогдсон энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй байсан гэж үзэхээр байх төдийгүй нэхэмжлэгч нар одоог хүртэл “Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон” болохыг няцаах баримтыг гаргаагүй байх тул сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох боломжгүй.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 17 дугаар зүйлийн 17.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Э.А, Н.Л, П.С, М.Б, О.Ш, П.Г, Б.Е нарын Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Ж нарын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН