| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0007/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1820001900142 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хил хооронд зорчигч тээврийн ажиллагаа эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт С.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашинаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох дуслын тариурын уян зүү 300 ширхэг, виагра гэсэн бичигтэй эм 10 ширхэг, улаан өнгийн хайрцагтай Хятад бичигтэй виагра гэсэн нэртэй 32 ширхэг эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б овогт С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 08 сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын зээлийн гадаа ачаагаа аваад байж байтал Хятад улсын иргэн нэг хүн нэг ачаа авах уу гэхээр нь авъя гэж хэлээд цаасан хайрцагтай ачааг нь цоолоод үзэхэд хуванцар, хүүхдийн угж харагдахаар нь ачааг нь аваад Хятадын хил дээр ирээд хайрцагтай зүйлээ задлаад кабин дотроо асгасан чинь уян зүү, хайрцагтай шархны лент зэрэг эд зүйл гарч ирэхээр нь цаад талд нь нуугаад наанаас нь бараа ачаад Хятадын хилээр ороод Монголын хил дээр ирээд шалгуулсан чинь хориотой, хязгаарласан бараа гээд хураан авсан гэв.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “ ...Тухайн бараа, эд зүйлийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг захиргааны зөвлөлөөр оруулж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэжээ. /хх-ийн 26-27/
Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын АЗШНЦ-т үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу өдөр 13 цаг 30 минутын орчимд ... улсын дугаартай С.Б гэх хүний УАЗ 469 маркийн автомашинд үзлэг шалгалт хийхэд шалгалтаар “Viagra” 32 хайрцаг 32х10=320, уян зүү 300 ширхэг, цагаан хайрцагтай эм “Viagra” гэх 10 хайрцаг 10х4=40 ширхэг эд зүйлийг илрүүлсэн. Тухайн эд зүйлс нь эм, эмнэлгийн хэрэгслийн ангилалд багтана. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрэх ёстой байдаг....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/
Эд мөрийн баримтаар тооцож, хураан авах тухай мөрдөгчийн санал / хх-ийн 17/
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл / хх-ийн 75/
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол / хх-ийн 21/
Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33/
А ХХК-ийн “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 800.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлсон” үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40/
2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд
1. Шинжилгээнд хүргүүлсэн эд зүйл болох дуслын тариур дуслын системийг хүний биед эмийн бодисыг нэвтрүүлэх зориулалтаар ашигладаг. Viagra гэх /100mg савлагаатай/ англи хаяг шошготой эм гэх зүйлийн тайлбар хуудсанд эр бэлэг эрхтэний хөвчрөлтийг сайжруулж, дур тавилтыг удаашруулах үйлчилгээтэй гэж тэмдэглэсэн байна. Хятад хаяг шошготой эм гэх зүйлийн тайлбар хуудсанд бэлгийн сулрал, өвдөлт намдаах, шээс ялгаруулах, шээсний замын эрхтэнүүдийн сулралт, түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдах, бөөрний дутагдал үүсэх зэрэгт сайнаар нөлөөлнө гэж тэмдэглэсэн байна.
2. Дуслын систем нь стандартын шаардлага хангасан тохиолдолд хүн эмнэлэгт хэрэглэхийг зөвшөөрсөн эмнэлгийн хэрэгсэл мөн. Viagra гэх /100mg савлагаатай/, хятад хаяг шошготой эм гэх зүйлийг тодорхойлох боломжгүй.
3. Дуслын систем нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага хангасан байх шаардлагатай. Viagra гэх /100mg савлагаатай/, хятад хаяг шошготой эм гэх зүйлс нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна.
4.Viagra гэх /100mg савлагаатай/, хятад хаяг шошготой эм гэх зүйлийн найрлагыг Замын-Үүд боомт дахь ХМХА-ны итгэмжлэгдсэн лаборатори болон Дорноговь аймгийн лабораторид тодорхойлох боломжгүй.
5. Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл /эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох/-ын 15.1 дэх заалт /эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас лиценз авна, 15.6 дахь заалт /эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспорлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна/-ыг тус тус хангасан байна.
6. Дорноговь аймгийн итгэмжлэгдсэн лабораторийн 71/182 тоот сорилын дүнгээр дуслын систем гэх эд зүйл нь нянгийн ургалттай гарсан нь Монгол Улсад мөрдөгдөж буй MNS 5482:2013 техникийн ерөнхий шаардлагыг хангахгүй байна. Viagra гэх /100mg савлагаатай/, хятад хаяг шошготой эм гэх зүйлийг Замын-Үүд боомт дахь ХМХА-ны итгэмжлэгдсэн лаборатори болон Дорноговь аймгийн лабораторид тодорхойлох боломжгүй.” гэжээ. /хх-ийн 45-47/
Сорилтын лабораторын шинжилгээний дүн /хх-ийн 48/
А ХХК-ийн “эм бэлдмэл /виагра/ 8 ширхэг, нэг үнэ 12.500, нийт 100.000, улаан өнгийн хайрцагтай эм бэлдмэл 30 ширхэг, нэгжийн үнэ 12.500, нийт 375.000, уян зүү 299 ширхэг, нэгжийн үнэ 1000, нийт 299.000. Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ 774.000 төгрөг гэжээ. /хх-ийн 52-55/
А ХХК-ийн “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 800.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлсон” үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40/
С.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68/
С.Б-н ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69/
... улсын дугаартай УАЗ31512 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай, УАЗ-31512 маркийн автомашинаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох дуслын тариурын уян зүү 300 ширхэг, виагра гэсэн бичигтэй эм 10 ширхэг, улаан өнгийн хайрцагтай Хятад бичигтэй виагра гэсэн бичигтэй 32 ширхэг эмүүдийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлжээ.
Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д заасан эмийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын АЗШНЦ-т үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу өдөр 13 цаг 30 минутын орчимд ... улсын дугаартай С.Б гэх хүний УАЗ-469 маркийн автомашинд үзлэг шалгалт хийхэд шалгалтаар “Viagra” 32 хайрцаг 32х10=320, уян зүү 300 ширхэг, цагаан хайрцагтай эм “Viagra” гэх 10 хайрцаг 10х4=40 ширхэг эд зүйлийг илрүүлсэн. Тухайн эд зүйлс нь эм, эмнэлгийн хэрэгслийн ангилалд багтана. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрэх ёстой байдаг...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-32/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авах тухай мөрдөгчийн санал / хх-ийн 17/, эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл / хх-ийн 75/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20/, эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол / хх-ийн 21/, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-47/, сорилтын лабораторын шинжилгээний дүн /хх-ийн 48/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахай сэдэлтээр, нуун далдлах аргаар үйлдсэн, гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А ХХК-ийн үнэлгээний тайлангаар шүүгдэгч С.Б-н Улсын хилээр хууль бусаар оруулж ирүүлсэн эм бэлдмэл /виагра/ 8 ширхэг, нэгжийн үнэ 12.500, нийт 100.000, улаан өнгийн хайрцагтай эм бэлдмэл 30 ширхэг, нэгжийн үнэ 12.500, нийт 375.000, уян зүү 299 ширхэг, нэгжийн үнэ 1000, нийт 299.000, тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ 774.000 төгрөг гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 774.000 төгрөг гэж үзэж болохоор байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.
Хавтаст хэргийн материалд авагдсан Гаалийн улсын байцаагч Э.О-н бэхжүүлж авсан хэрэгт ач холбогдол бүхий үзлэг хйисэн тэмдэглэл / хх-ийн 7-8/, холбогдогчийн мэдүүлэг /хх-ийн 11/, саатуулсан эд зүйлийн зураг /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан тул дээрх нотлох баримтуудыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж бэхжүүлсэн тул үнэлэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчийг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, Улсын хилээр импортлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд эд мөрийн баримтаар хураагдсан 299 ширхэг дуслын систем гэх эд зүйл нь нянгийн ургалттай гарсан нь Монгол Улсад мөрдөгдөж буй MNS 5482:2013 техникийн ерөнхий шаардлагыг хангахгүй гэсэн, Хятад бичигтэй эм 30 хайрцаг, Viagra гэх /100mg савлагаатай/, хятад хаяг шошготой эм гэх зүйлс нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан тул устгахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 800.000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай, УАЗ-31512 маркийн автомашин нь шүүгдэгч С.Б-н өмчлөгчийн машин мөн болох нь тээврийн хэргслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 71/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
800.000 төгрөгний үнэ бүхий ... улсын дугаартай, УАЗ31512 маркийн, саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 11 сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгчийн иргэний баримт бичиг ирээгүй болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Б нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, хил хооронд хувиараа ачаа, болон зорчигч тээврийн үйл ажиллагааг эрхэлж, тогтмол орлоготой, шүүгдэгчийн хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нь хил хооронд хувиараа ачаа, болон зорчигч тээврийн үйл ажиллагааг эрхэлж, тогтмол орлоготой байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан эмийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Б-г 5400 / таван мянга, дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая, дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 800.000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай, УАЗ-31512 маркийн, саарал өнгийн суудлын автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуслын тариурын уян зүү 299 ширхэг, улаан хайрцагтай Хятад бичигтэй эм 30 хайрцаг, Виагра нэртэй 8 хайрцаг эм зэргийг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар 800.000 төгрөгний үнэ бүхий ... улсын дугаартай, УАЗ-31512 маркийн, саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 11 сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт нь бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ