Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1611

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/04785 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б” цэцэрлэгт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, 992 697 012 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” цэцэрлэг нь 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банктай 8 тоот зээлийн болон барцааны гэрээ байгуулж, 897 000 000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Хоёр тал зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тэнцүү төлөх нөхцөлтөйгээр тохирсон. Уг зээлийн барьцаанд ...........дугаарт тус тус бүртгэгдсэн өмчлөх эрхийн ............. тоот гэрчилгээтэй ........дүүргийн .......дүгээр хороо, ........ дүгээр хороолол, ........... гудамж ........дугаар байрны ........ давхрын .........тоот, 2 давхрын ..........тоот, 3 давхрын 3..........тоот, ........ давхарын .......... тоот объектийг барьцаалсан. “Б” цэцэрлэгийн захирал С.А нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Мөн 239 м.кв газрыг барьцаалсан байдаг. Зээлдэгч 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл 15 удаа нийт 95 хоног хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөлгүй гэрээний 1.3.10-1.3.12, 3.2.4, 3.2.5 дахь заалтыг зөрчсөн. Иймд зээлдэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, үндсэн зээл 789 200 249,75 төгрөг, зээлийн хүү 201 781 358,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 715 403,79 төгрөг нийт 992 697 012 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус цэцэрлэг нь 2012 оны 4 дүгээр сард Төрийн банкнаас 897 000 000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатайгаар авсан. Тодорхой нөхцөл байдлын улмаас зээлийн төлбөр хугацаа хэтрэх тохиолдол гарч байсан нь үнэн. Тухайлбал, Т банкны зүгээс 2016 оны 2 дугаар сард цагдаагийн байгуллагад манай цэцэрлэгийн захирлын нэр дээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хандсан. Цагдаа, прокурорын байгууллага шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ асуудал болж байх 2 сарын хугацаанд манай байгууллага зээлийн төлбөрөө төлж байх эсэх нь тодорхойгүй байлаа. Гэтэл банк энэ хугацааны зээл, зээлийн хүүг нэхэмжлэлдээ оруулан тооцсоныг буруу гэж үзэж байна. Уг зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусна. Урт хугацаатай зээлийн хувьд дээрх үүргийн зөрчил нь ялимгүй зөрчилд хамаарна. Мөн зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг зээлийн гэрээний хугацаагаар ойлгогдохоор байгаа бөгөөд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаа зээлийн үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн гээд гэрээ цуцлах үндэслэлд хамаарахгүй байна. Үүнээс гадна зээл авснаас хойш одоогийн байдлаар нийт 593 428 400 төгрөгийг банкинд төлсөн. Гэвч үндсэн төлбөрөөс ердөө 107 800 000 төгрөгийг хасагдсан байгааг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар банкинд өмнө нь хандаж байсан боловч дорвитой хариу өгч байгаагүй. Хүүгээ эхэлж төлдөг эргэн төлөлтийн зээлийн хуваарийг зээл авах үедээ бид сайн ойлгоогүй, банкны ажилтнууд ч үр дагаврыг нь сайн тайлбарлаж өгөөгүй, зээл шийдвэрлэгдсэнд баярлаж энэ асуудалд анхаарлаа огт хандуулаагүй. Гэтэл зээлийн ийм их дарамт ирнэ гэж бодсонгүй. Манайх төлбөрийн чадваргүй болоогүй, гэхдээ моргейжийн зээлтэй адил хүүгээ эхэлж авч байгаа нь ашгийн төлөө бус, хүүхдийн эрх ашгийн төлөө ажилладаг цэцэрлэгийн байгууллагын хувьд дарамт учруулж байна. Уг эргэн төлөлтийн хуваарийн үр дагаврыг сүүлд нь ойлгож байна. Үүнийг банкны ажилтнууд анхааруулж хэлэх ёстой байсан. Эргэн төлөлтийн хуваарь тохирохгүй байна, дарамт их байгаа талаар банкинд хандаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй, улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлэх, барьцаа хөрөнгөөс хангуулах зэрэг шүүх цагдаагийн байгууллагад хандаж байгааг ойлгохгүй байна. Аль болох зээлдэгчтэй эв зүйгээр, аль альнийхаа эрх ашигт ашигтай байдлаар шийдвэрлэж болно. Гэвч банкны зүгээс ийм бодлого огт баримтлахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Зээл эргэн төлөх сүүлийн хугацаа дуустал 6 жил буюу 72 сарын хугацаа байгаа тул барьцаа хөрөнгөөрөө зээлдүүлэгчийн шаардлагыг хангахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн цэцэрлэг нь ашгийн бус хүүхдийн төлөө ажилладаг байгууллага тул үйл ажиллагаа тасалдахгүй явуулахад саад болох, зогсоох ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг хүсэж байна. Улс нийтээрээ эдийн засгийн хямралтай байгааг харгалзан үзэж зээлдэгчид хохиролгүй байдлаар шийдвэрлэж өгнө үү. Банкинд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг одоо байгаагаас өөр байдлаар өөрчилж эвлэрэх саналыг албан ёсоор тавьж байгаа дамжуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж 5 121 435.05 төгрөгийг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасан. Тэмдэгтийн хураамжийг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь буруу байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.6-д “барьцааны шаардлагыг хангах журам”-ыг барьцааны гэрээнд тусгана, 11.2-д “Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно” гэж заасан. Талууд шүүхээс гадуур хангуулахаар гэрээгээр тохиролцсон тохиролцоогоо зөрчиж шүүхийн журмаар хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь буруу байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан анхааруулаагүй, гэрээ цуцалж байгаа бол урьдчилан мэдэгдэж анхааруулах ёстой. Гэтэл бичгээр мэдэгдээгүй бөгөөд мэдэгдсэн талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Иймд банк гэрээ цуцлаж үлдсэн хугацаанд ногдох бүх төлбөрийг шаардах эрхгүй байна. Мөн зээлдэгч нь 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл нийт 15 удаа, нийлбэр дүнгээр 95 хоног хугацаа хэтэрсэн гэжээ. Энэ нь огт төлөлт хийгдээгүй асуудал биш, энэ хугацаанд сар бүр төлөлт хийж байсан бөгөөд хамгийн бага нь 12 608 689 төгрөгийн төлөлт хийсэн байна. Эргэн төлөх графикийн хувьд зөвхөн хүүгээ төлж явахад зээлдэгчийн хувьд маш хүнд дарамт байдаг, сар бүр 12 саяас дээш төлөлт хийж байгаа нь ялимгүй зөрчил. Зээлийн гэрээний хугацаа 10 жил бөгөөд 6 жил үлдсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасны дагуу үүргийн ялимгүй зөрчил гэж үзэх тул гэрээ цуцалж, нийт төлбөрөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Банкны зүгээс эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандсан, дарамт шахалт үзүүлснээс болж төлөлт хийгдэхгүй болсон нь банкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан байдаг. С.А нь “Б” цэцэрлэгийн нэрээр 897 000 000 төгрөгийн зээл авахдаа эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр, цэцэрлэгийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр зээл авсан. Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ... цэцэрлэгт ... цэцэрлэгийн зөвлөл хэрэгжүүлнэ”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Цэцэрлэгийн өөрийн удирдлага нь цэцэрлэгийн зөвлөл байна”, Цэцэрлэгийн дүрмээр удирдах дээд байгууллага нь Цэцэрлэгийн Зөвлөл байх бөгөөд дүрмийн 2.1-д “Цэцэрлэгийн өөрийн удирдлагыг цэцэрлэгийн зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасан байхад зөвлөлд мэдэгдэлгүйгээр зээл авсан байна. Цэцэрлэгийн хувь заяатай холбоотой шийдвэрийг эрх барих дээд байгууллагын шийдвэргүйгээр шийдвэрлэсэн бөгөөд С.А нь цэцэрлэгийн удирдах байгууллага цэцэрлэгийн зөвлөл, эрхлэгчийн оролцоогүйгээр зээл авч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, өндөр хүү тохирч зээлийн гэрээ байгуулсан байна. С.А нь Цэцэрлэгийн зөвлөлийн гишүүн биш бөгөөд цэцэрлэгтэй ямар нэг байдлаар холбоотой гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн удирдлагатай ямар нэг байдлаар холбогдолгүй этгээд цэцэрлэгийн өмнөөс шийдвэр гаргаж, төлөөлж гэрээ байгуулах хууль зүйн боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Иймээс төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл, шийдвэр гаргах эрх бүхий дээд байгууллагаас шийдвэр гараагүйгээр хийсэн уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. С.А төлөөлөх бүрэн эрхтэй эсэх, шийдвэр гаргах эрхтэй эсэхийг банк шалгаагүй байгаа нь банкны өөрийн эрсдэл болж байна. Зээлийн гэрээ байгуулахдаа дараах байдлаар ноцтой төөрөгдөж байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. С.А нь “Б” цэцэрлэгийн нэрээр 897 000 000 төгрөгийн зээл авахдаа зээлийн үндсэн хүү жилийн 19.2 хувь гэж ойлгосон, гэхдээ эргэн төлөлтийн хуваарийг хийхдээ бүх төлбөр нь тэнцүү байхаар төөрөгдүүлсэн. Энэ нь зээлдэгчид хохиролтой бөгөөд эхний ээлжинд үндсэн төлбөрөөс маш бага хэмжээтэй хасагдаж явдаг тул үндсэн төлбөрийн үлдэгдэл их үлдэж түүний нийт дүнгээс хүү бодогддог. Хэрэв үндсэн төлбөр нь тэнцүү графиктай байсан бол үндсэн төлбөрөөс сар болгон тэнцүү хасагдаж, төлөлт хийх бүрт дээрх графикаас маш ялгаатай үндсэн төлбөр үлдэж түүнээс хүү бодоход маш том зөрүү гардаг. Хэрэв банк зээлдэгчид энэ төлөлтийн ялгааг тайлбарлан, үр дагаврыг танилцуулж, мэдээлэл өгсөн бол зээл авахгүй байсан, өөр бүтээгдэхүүн сонгох байсан, өөр банкийг сонгох байсан. Энэ мэдээллийг өгөөгүйгээс зээлдэгч өөрийн хүсэж байсан хэлцлээс өөр хэлцлийг хийсэн, ноцтой төөрөгдсөн. Зээлийн гэрээ нь дээрх байдлаар хүчин төгөлдөр бус тул түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу мөн хүчин төгөлдөр бус байна. Мөн уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээнд улсын бүртгэлийн тэмдэглэгээ хийгдээгүй байгаа тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Зээл олгосны шимтгэл гэж зээлийн гэрээний 2.1.7-д заасны дагуу олгосон зээлийн дүнгээс 0.5 хувиар тооцож 4 485 000 төгрөгийг зээлийн шимтгэлд авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлтэй холбоотой хууль тогтоомжоор зээлийн шимтгэл авч болно гэсэн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” цэцэрлэгтэй байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 8 тоот зээлийн болон барьцааны гэрээг цуцлах, 992 697 012 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Төрийн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 121 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Төрийн банкнаас “Б” цэцэрлэгтэй байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 8 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.2-т “зээлдэгч гэрээний 1.3.10 дахь заалтанд заасан ноцтой зөрчил гаргасан бол зээлдүүлэгч буюу банк гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж зээл хүүг хугацаанаас өмнө төлөхийг зээлдэгчээс шаардах эрхтэй” байхаар заасан байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1, 10-т “зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх ерөнхий хугацааг хэтрүүлсэн, зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацааг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол ноцтой зөрчил буюу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болохыг зохицуулсан заалт юм. Зээлдэгч “Б” цэцэрлэг нь 897 000 000 төгрөгийг 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 120 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд cap бүр зээл хүүнээс 16 915 000 төгрөг төлөх эргэн төлөлтийн график тохирсон боловч 2013 оны 01 дүгээр сарын 22-ноос хойш байнгын зээл, хүүний хугацаа хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээл, хүүний тооцооны хуудаснаас харагддаг.

Хэргийн 13-14 хуудсанд байгаа зээл, хүүний тооцооны хуудаснаас харахад нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан гэсэн хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 224,43 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 325,17 төгрөг гэх мэт байнгын хугацаа хэтрүүлж байсан байна. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.9-д “...зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцов” гэж зааснаас харахад нэмэгдүүлсэн хүү бодогдсон өдөр бүрт зээлдэгч зээлийн хэсэгчилсэн хугацааг зөрчиж байсан болох нь нотлогдож байна. 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээл, түүний хүүнээс байнгын зөрчилтэй төлж ирсэн учир банкнаас зээлийн гэрээг дангаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Зээлдэгчид зээл, хүүний төлөлтийн зөрчил үүсгэж байгааг 2013-2016 он хүртэл байнгын сануулж байсныг баримтаар тогтоох шаардлагагүй бөгөөд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд заавал албан мэдэгдэл өгсөн байхыг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зохицуулаагүй байна. Тодруулбал, талууд зээлийн гэрээгээ байгуулахдаа зээл төлбөрийн хувьд зөрчил үүсгэвэл гэрээ цуцлагдана гэдгийг ухамсарлаж гарын үсэг зурж гэрээний бүх заалтыг хүлээн зөвшөөрсөн байна.

2. Банк нь Банкны тухай хуульд заасны дагуу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, харилцагч хадгаламж эзэмшигчийн мөнгөн хадгаламжаар зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд нэг өдөр л бусдын өмнөөс зээлийн хүү төлөх нь эргээд банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг учир “Б” цэцэрлэгийг бүтэн 3 жил 4 сарын хугацаанд зээл, хүүгээ зөрчилгүй төлөх талаар эерэг талаас нь хандаж ирсэн. Банкнаас зээлдэгчид нэмэлт хугацаа тогтооход ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт байсан тул нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байсныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно.

3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу одоо байгаа зээлийн үлдэгдэл мөнгийг гаргуулах нь гэрээ цуцалснаас учирсан хохирол гэдгээс өөр ойлголт бөгөөд шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан болох нь үүгээр тогтоогдоно. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах гэдгээс өөр ойлголт болохыг бүрэн ойлгож тайлбарлаагүй байгаа нь энэ шийдвэр өөрөө хуулийг буруу тайлбарласан болохыг илтгэнэ. Үүргийн ялимгүй зөрчил гэдгийг Иргэний хуулийн тайлбараас харвал “үүргийг ялимгүй, эсхүл үлэмж хэмжээгээр зөрчсөн эсэхийг шалгахдаа талуудын ашиг сонирхолыг нийтэд нь дэнслэн үзэх шаардлагатай. Ингэхдээ гарсан доголдлыг арилгахад шаардлагатай зардлын хэмжээ, хэрэв уг доголдлыг арилгах боломжгүй бол түүнээс бий болох үр дагаврыг харгалзан үзнэ” гэжээ. Зээлдэгч “Б” цэцэрлэг нь банкнаас 897 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 5 дугаар сарын 30-ны байдлаар 992 697 012 төгрөгийн өр төлбөртэй байгаа. Банк иргэн н.Д гаас 1 тэрбум төгрөгийн хадгаламж авч гэрээ байгуулан cap бүр түүнд хүү төлнө. Мөн “Б” цэцэрлэг авсан зээлийнхээ хүүг cap бүр төлөх үүргийг зээлийн гэрээний дагуу хүлээсэн байна. “Б” цэцэрлэг хүү төлөх үүргээ хэдэн жил дарааллан зөрчилтэй гүйцэтгэснээс банк иргэн н.Д-д өгөх хүүгээ өөрийн эх үүсвэрээс төлж эхэлнэ. Банк хүүний алдагдалтай ажилласан. Банкинд ганц н.Д хадгаламж эзэмшдэггүй билээ. “Б” цэцэрлэгийн авсан зээлийн өр төлбөр нь эргээд банкны олон мянган хадгаламж эзэмшигч, харилцагч нарын эрх ашигт нөлөөлж байгаа нь түүний үр дагавар ямар болохыг харуулж буй хэрэг бөгөөд энэ мэт зээлдэгч нар банкнаас зээл аваад шүүхээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлдэг бол өнөөдөр төрийн банкны үйл ажиллагааг шүүх бүхлээр нь үгүйсгэж байгаа хэрэг. Эцсийн үр дүн нь зээл авах сонирхолтой хүн их байна. Хадгаламж эзэмшигч гэж байхгүй болсноор банк татан буугдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн зөрчлөөс үүсэх үр дагаврыг тооцоолж чадаагүй. Зээлдэгч “Б” цэцэрлэг нь 3 жил 4 сарын хугацаанд зээлийн гэрээний үүргээ үлэмж хэмжээгээр зөрчиж байсан байхад ялимгүй зөрчил гэж үзэж байгаа нь хууль бус бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь 2 талын гэрээ болохын хувьд үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй, эсхүл гэрээнд заасан ёсоор гүйцэтгээгүй бол зөрчигдсөнд тооцогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь өөрөө утга авцалдаагүй, хэт нэг талыг барьсан, банкин дахь хадгаламж эзэмшигч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан шийдвэр болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч, тухайн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Б” цэцэрлэгт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 789 200 249,75 төгрөг, зээлийн хүү 201 781 358,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 715 403,79 төгрөг нийт 992 697 012 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Зохигчдын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 8 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч “Б” цэцэрлэг нь “Т” ХХК-иас 897 000 000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 10 жил буюу 120 сарын хугацаагаар зээлж, улсын бүртгэлийн ........... дугаарт тус тус бүртгэгдсэн ......... дүүргийн ........ дүгээр хороо, .......... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж ......... байрны ........ давхрын ......... тоот, ......... дугаар давхрын ...........тоот, .........дугаар давхрын ........ тоот, ........ дугаар давхрын .......... тоот обьект, 239 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалжээ. /хэргийн 7-12 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Зээлдэгч 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл зээлийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн” гэж тайлбарласан болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3.10-1.3.12, 3.2.4, 3.2.5-т зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан хэдий ч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй”, мөн хуулийн 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж тус тус заажээ.

 

Гэтэл хариуцагчид зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг нэхэмжлэгч хүргүүлсэн байх боловч дээрх хуулийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн талуудын хоорондох зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 563 165 804 төгрөг төлсөн болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 1 289 601 859.3 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч гэрээг шууд цуцлах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч урт хугацаатай зээлийн гэрээний үүргийг зөрчсөн гэж нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээг цуцлаж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардаж байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, гэрээ цуцласнаас учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг хэрэглээгүй нь тус тус буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

 

Харин шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэрийг “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн” гэж буруу бичсэн зөрчлийг гаргасан боловч уг зөрчил нь шийдвэрийн хэрэгжилтэнд нөлөөлөхөөргүй, шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчил биш гэж үзэж залруулах боломжтой юм.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/04785 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “Хан-Уул, Сонгинохайрхан” гэснийг хасч, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227-р зүйлийн 227.1” гэснийг “221 дүгээр зүйлийн 221.3” гэж, “451.1” гэсний дараа “452 дугаар зүйлийн 452.2” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 1214 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                        С.ЭНХТӨР