Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/Хт2017/01252

 

“А” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00559 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1062 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : “А” ХХК

Хариуцагч :Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба

Хариуцагч :  М нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн 79 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг ШШГА-д хүргүүлэхийг Минд даалгах., Минд хадгалагдаж байгаа Анод банкны актив хөрөнгөөс гаргуулж төлбөр авагчид олгохыг ШШГА даалгах   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Б, О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Б, Мны итгэмжлэгдсэн төлөөлөгч н.О, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч н.У, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны  34 дугаартай шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “А” ХХК-д олгох 79 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Минд даалгах, Анод банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул “Анод банк” ХХК-ийн Минд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах шаардлага гаргаж байна. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 34 дүгээр шийтгэх тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж 2014-01-10-ны өдөр 14/685 дугаар зардал болон урамшууллын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг талуудын хэн аль нь ч цуцлаагүй, дуусгавар болгоогүй байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу Анод банкны эрх хүлээн авагчид гүйцэтгэх баримт бичгийг хүлээлгэн өгсөн гэх боловч гүйцэтгэх хуудас хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.2-т заасны дагуу Анод банкны эрх хүлээн авагч манай компанид эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээх ёстой. Гэтэл Анод банкны эрх хүлээн авагч нь  төлбөрийг барагдуулалгүйгээр эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан банкны эрх хүлээн авагчийн тайлан болон бусад баримтаар тодорхойлогдож байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Анод банкны Мин дахь данснаас хасалт хийх, гүйлгээг битүүмжлэх замаар төлбөрийг гаргуулж манай компанид олгох эрхтэй, үүрэгтэй болохыг хуульчилсан. Банкны эрх хүлээн авагчийн тайланд Анод банкны актив хөрөнгө дууссан гэсэн шалтгаанаар шүүхийн тогтоолд заасан өр төлбөрийг барагдуулаагүй гэж тусгагдсан бөгөөд тэрхүү тайланг М баталсан байдаг. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар “Анод банк” ХК-ийн татан буугдсан эсэх талаар Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаанд “Анод банк” ХК нь татан буугдаагүй байна. Мөн “Анод банк” ХХК-ийн эзэмшилд үл хөдлөх эд хөрөнгө байдаг   баримт бичигт дурдагджээ.  Хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болно. “Анод банк” ХК нь улсын бүртгэлээс хасагдаагүй тохиолдолд “А” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу 4.5 тэрбум төгрөгийг төлөх үүрэг дуусгавар болоогүй. Мны ерөнхийлөгчийн 1999 оны 480 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”-ын 1.2.3, Банкны тухай хуулийн 38-р банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилж,  актив хөрөнгийг захиран зарцуулах замаар харилцагчдын нэхэмжлэлийг барагдуулж, үйл ажиллагааг нь дуусгавар болгоно. Гэтэл эрх хүлээн авагч нь хэд хэдэн нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг барагдуулаагүй, хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж, хасалт хийлгээгүй байгаа нь дээрх үйл ажиллагааг үргэлжилж байгааг илэрхийлж байна.  “Анод банк” ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах үйл ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй. Түүнчлэн, Мнаас олгосон зээлээр манай компанийн шүүхийн шийдвэртэй, Анод банкны харилцах дансанд төвлөрүүлсэн байсан 4.5 тэрбум төгрөгийг олгох хууль зүйн бодит үндэслэл байгаа.  Энэ хуулийн хүрээнд 2009 -05-29 -ний өдөр Засгийн газраас Мтай байгуулсан санамж бичгийг үндэслэн Мнаас Анод банкинд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах зорилготойгоор 131.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Энд “А” ХХК-ийн харилцах дансны үлдэгдэл 4.5 тэрбум төгрөг шүүхийн шийдвэрийн дагуу хамаарч байна. Манай компани нь шүүхийн шийдвэртэй өр авлагыг барагдуулах талаар “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагч болон Минд удаа дараа хандахад эрх хүлээн авагчийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй. М үйл ажиллагаа нь доголдсон банкинд хууль ёсны дагуу хяналт тогтоож, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг нь хуульд нийцүүлэн албадлагын арга хэмжээг авч банкны үйл ажиллагаанаас учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Анод банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэх гүйцэтгэх хуудсыг төлбөр төлөгч Анод банкны эрх хүлээн авагч нь хүлээн авч Мны архивт хүлээлгэн өгсөн байдаг. Анод банкны эрх хүлээн авагчийн хувьд гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-д заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд буцаан шилжүүлэх үүрэгтэй байна. Иймд Минд хадгалагдаж байгаа гүйцэтгэх баримт бичиг нь үнэн хэрэгтээ Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлэх ёстой баримт бичиг юм. Хуулийн этгээд татан буулгах тохиолдолд уг хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах дарааллыг хуульчилсан,үүний дагуу өр төлбөрийг барагдуулах ёстой. Нөгөө талаар Банкны тухай хуульд эрх хүлээн авагч томилогдсон тохиолдолд банкны активийг худалдан борлуулсан орлогоос шаардлага хангах дарааллыг заасан.  Анод банкны эрх хүлээн авагчийн танилцуулга тайланд тусгагдсанаар М нь Анод банкны актив хөрөнгийг түүнд олгосон зээлийн төлбөрт тооцон ихээхэн хэмжээгээр бүхэлд нь шилжүүлэн авсан болох нь баримтаар тогтоогдож байгаа. Анод банкинд онцгой дэглэм тогтоохоос өмнө М тус банкинд 18.3 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар эрх хүлээн авагчийн тайланд тусгагдсан байна. “Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн төлбөр” гэдэгт банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш Мнаас олгосон зээл, Засгийн газраас гаргасан үнэт цаас, тэдгээрийн хүүгийн төлбөрийг ойлгоно. Үүнд банкны эрх хүлээн авагч томилохоос өмнө авсан зээлийн төлбөр хамаарахгүй” Мөн худалдан борлуулсан актив хөрөнгөөс ээлж дарааллын дагуу банкны өр, хадгаламжийг хувь тэнцүүлэн олгож байхыг ёстой. Эндээс үзвэл М нь  Анод банкны үлдэх бүх актив хөрөнгийг  шилжүүлэн авч хуулиар тогтоосон дарааллыг зөрчсөн байгаа нь илэрхий байна. Анод банкны эрх хүлээн авагч нь шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг  барагдуулах ёстой атал  бусад этгээдүүдийн өр төлбөрийг барагдуулж, “Анод банк” ХК-ийн нийт актив хөрөнгийг Минд зээлийн гэрээний үлдэгдэлд тооцон шилжүүлсэн байна. М “Анод банк” ХК-ийн актив хөрөнгийг шилжүүлэн авсан гэх баримт байх тул актив хөрөнгө нь дуусаагүйгээр барахгүй Мны өмчлөлд  шилжүүлсэн нь  тогтоогдож байгаа. Иймд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 34 дүгээр шийтгэх тогтоолд бичигдсэн  79 хуудас  гүйцэтгэх баримт бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Минд даалгаж өгнө үү. Мөн “Анод банк” ХХК-ийн Минд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс мөнгийг гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ. 

       Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны  34 дүгээр шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Анод банкны эрх хүлээн авагчаас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 67 тоот албан бичгээр манайд хандаж Мны ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 446 тушаалаар “Анод банк” ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсний дагуу татан буулгах комисс буюу банкны эрх хүлээн авагч татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэж байх тул гүйцэтгэх баримт бичгийг манайд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүсэлтийг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1-р 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1612 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх 77 хуудастай баримт бичгийг Анод банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн, гүйцэтгэх баримт бичгийг “Анод банк” ХХК-ийн хуульч н.Бархас 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хүлээн авсан тухай гарын үсгээ зуржээ.Гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдаагүй гэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 251 дугаар хууль бус тогтоол гарган гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаасан байна. “А” ХХК-иас Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гаргасан гомдлын дагуу Улсын ерөнхий гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хянаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133.4.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 251 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот улсын байцаагчийн актаар хүчингүйд тооцсон. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна гэсэн хариуг өгсөн.   Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот гүйцэтгэх хуудсыг хуульд заасны дагуу төлбөр төлөгч Анод банкны эрх хүлээн авагчид шилжүүлж холбогдох албан тушаалтанд гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн нь хуулийн дагуу явагдсан.” гэжээ.

            Хариуцагч М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсноор “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас өөрийн үйл ажиллагаатай холбоотой архивын баримтыг Архивын тухай хуулийн дагуу Мны архивт шилжүүлж өгсөн. Хууль болон гэрээ, шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй болно. М архивын баримт, материал хүлээн авч, хадгалж байгаа нь шүүхийн шийдвэр биелүүлэх, гүйцэтгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өмнөх нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхийн ажиллагааны явцад дээрх баримтыг Мны архиваас нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн. 2. 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хүчинтэй байхаар батлагдсан. Энэ хуулийн хүрээнд төр мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг бүрэн хариуцахаар заасны дагуу Мнаас 149.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэхүү зээлийг 2008 оны сүүлд тус банкны хадгаламж, харилцах дансны үлдэгдэлд зориулан олгосон. Дээрх зээлийг “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 76.3 тэрбумыг барагдуулж, 75.8 тэрбум төгрөгийн үндсэн, 62.151,3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Энэхүү төлбөрийн үлдэгдлийг барагдуулах зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0214/313, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0615/134 тоот гэрээгээр зээлийн төлбөрт тооцуулахаар актив хөрөнгө буюу муу зээлийн шаардах эрхийг шилжүүлсэн. М нь “Анод банк” ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас үүссэн бусдад өгөх өглөг, өр төлбөрийг төлөх үүрэг хууль, гэрээ болон шүүхийн шийдвэрээр хүлээгээгүй, хүлээх хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүхэд гаргасан албан ёсны тайлбартаа тодорхой дурдсан, түүнийгээ одоо ч дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00559 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, 63.3-т зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “А” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Минд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 35 100 төгрөг, Мнаас 35 100 төгрөгийг тус тус гаргуулж “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 03-ны өдрийн 1062 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “А” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Минд даалгах мөн “Анод банк” ХК-ийн Минд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлгүй гэж хяналтын журмаар гаргаж байна. Хэрэгт авагдсан баримт буюу Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаанаас үзэхэд “Анод банк” ХК нь татан буугдаагүй байна. Мөн “Анод банк” ХК-ийн эзэмшилд үл хөдлөх эд хөрөнгө байдаг болох нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтаар тогтоогддог. Мны Ерөнхийлөгчийн 2010-07-23-ны өдрийн 446 дугаар  тушаалаар 2010-07-22-ны өдрөөр тасалбар болгон “Анод банк” ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан байдаг. Мны Ерөнхийлөгчийн 1999 оны 480 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”-ын 1, 2.3-т “Банкыг татан буулгах гэж банкны тухай хуулийн 381 дүгээр зүйлийн дагуу банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилж, Банкны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 45, 46 дугаар зүйл /шинэчлэн найруулсан хуулиар 64 дүгээр зүйл/-ийн дагуу, актив хөрөнгийг захиран зарцуулах замаар харилцагчдын нэхэмжлэлийг барагдуулж, үйл ажиллагааг нь дуусгавар болгохыг хэлнэ гэж заасан. Улсын Дээд шүүхийн 1997-10-13-ны өдрийн 379 дүгээр тогтоолын 6-д “... Төв банк /М/-ны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "М хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй" гэсэн заалт нь Төвбанк /М/-ны тухай хуулийн банкинд хяналт тавих Мны бүрэн эрх гэсэн 24 дүгээр зүйл, Мны хянан шалгагчийн бүрэн эрх гэсэн 25 дугаар зүйл, Банкны тухай хуулийн "Хууль тогтоомж зөрчсөн банкны талаар авах албадлагын арга хэмжээ" гэсэн 31 дүгээр /шинэчлэн найруулсан хуулиар 46 дугаар зүйл/ зүйлийн дагуу Мнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хамаарахгүй гэж тайлбарласан байдаг. Дээрх хууль тогтоомж, эрх зүйн актын дагуу М нь арилжааны банкинд онцгой дэглэм тогтоох, бүрэн эрхт төлөөлөгч томилох, эрх хүлээн авагч томилох зэрэг албадлагын арга хэмжээг авсныг үйл ажиллагаа буюу дотоод хэрэгт нь бүрэн оролцож байгаа хэлбэр гэж зааглан тайлбарлажээ. Иймээс “М” нь албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн “Анодбанк” ХК-ийн үйл ажиллагаа буюу дотоод хэрэгт тодорхой хэмжээгээр оролцож байсан гэж үзэх бүрэн үндэслэл байна. Гэвч давж заалдах шатны шүүх энэ нотлох баримтыг чухам ямар шалтгааны улмаас ИХШХШТХ-ийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд илтэд үндэслэлгүй байна. “Анод банк” ХК-ийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан талаар банкны эрх хүлээн авагч тайландаа тусгажээ. Тэрхүү тайланд “А” ХХК-ийн өр төлбөрийг “Анод банк” ХК-ийн актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан гэсэн үндэслэлээр төлөөгүй гэж тухайлан тусгасан байдаг. “Анод банк” ХК-ийн эрх хүлээн авагч нь “Банкны тухай хууль”-ийн 64 дүгээр зүйлд заасан дарааллыг баримтлан банкны зүгээс бусдад төлөх өр төлбөрийг барагдуулсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй. Харин ч эсрэгээрээ дараалал зөрчсөн болох нь эрх хүлээн авагчийн шүүхэд гаргаж өгсөн тайланд тодорхой заагдсан байна. Тодруулбал: Энэхүү тайланд Анод банкны эрх хүлээн авагчийг 2009-11-30-ны өдрийн 668 дугаар тушаалаар’ томилсон бөгөөд томилогдсоноосоо хойш банкны эрх хүлээн авагч нь Мнаас 4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. М, Анод банкны бүрэн эрх төлөөлөгчтэй нийт 126.6 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд энэ нь Анод банкны мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулагдсан байжээ. Мөн Анод банкинд онцгой дэглэм тогтоохоос өмнө М тус банкинд 18.3 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар эрх хүлээн авагчийн тайланд тусгагдсан байна. Улсын Дээд шүүхийн 1997 оны “Төв банк /Мны/-ны тухай хууль, банкны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 379 дүгээр тогтоолын хоёрын 15 дугаар зүйлд “банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн төлбөр" гэдэгт банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш Мнаас олгосон зээл, Засгийн газраас гаргасан үнэт цаас, тэдгээрийн хүүгийн төлбөрийг ойлгоно. Үүнд банкны эрх хүлээн авагч томилохоос өмнө авсан зээлийн төлбөр хамаарахгүй. гэж тайлбарлажээ. Мөн уг тогтоолын хоёрын 16-д “Банкийг татан буулгасны дараа төлөх боломжтой хэмжээнээс багагүйгээр тооцож банкны өр, хадгаламжийн хүүг бууруулна” гэдгийг худалдан борлуулсан актив хөрөнгөөс Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан ээлж дарааллын дагуу банкны өр, хадгаламжийг хувь тэнцүүлэн олгож байхыг ойлгоно” гэжээ. Эндээс үзвэл М нь Банкны тухай хуулийн 64.1.7-д заасан зээлийн төлбөрийг буруу ташаа ойлгон 64.1.3-д заасантай андуурч хуулийн этгээдийн харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөрийг барагдуулалгүйгээр өөрийн олгосон нийт зээлийн төлбөрт тооцон Анод банкны актив хөрөнгийг шилжүүлэн авч хуулиар тогтоосон дарааллыг зөрчсөн байгаа нь илэрхий байна. Нөгөө талаар “Анод банк” ХК-ийн актив хөрөнгийг М болон Төрийн банкинд шилжүүлсэн тухай эрх зүйн үр дагавар бүхий баримт /актив, пассив хөрөнгө, шаардах эрх шилжүүлэх гэрээнүүд/-ууд, байгаа талаар хариуцагчийн гаргаж өгсөн баримтанд дурдсан байна. Иймд М нь “Анод банк” ХК-ийн актив хөрөнгийг шилжүүлэн авсан гэх баримт байх тул актив хөрөнгө нь дуусаагүйгээр барахгүй Мны өмчлөлд банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан дараалал зөрчин шилжсэн байдаг. Нэхэмжлэгч нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчдын тус тусынх нь хуулиар олгогдсон чиг үүрэгт хамаарах тул М нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох асуудлаар гарсан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Анхан шатны шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Баянзүрх дүүргийн шүүхийн 2013-01-10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014-01-09-ний өдрийн 62 дугаар тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж” шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх алба давж заалдах гомдол гаргаагүй. Энэ хэсэгт Мнаас аливаа хэлбэрээр 4.5 тэрбум төгрөгийг гаргуулах талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, шийдвэрийн агуулгыг  ойлголгүйгээр  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. М  шийдвэрийн "Анод банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг гаргуулан НШГА-нд хүргүүлэхийг Минд даалгасан” хэсэгт гомдол гаргаагүй. Ийнхүү гомдол гаргаагүй нь энэхүү нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж үзэхээр байна.  Магадлалд нэхэмжлэгч “А” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэхээс татгалзсан эс үйлдэхүйтэй холбоотой гомдлыг дээрх хуульд заасан хугацаанд гаргаагүй байна” гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2в/174 тоот албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-т “Төлбөр төлөгч хуулийн этгээдэд ... төлбөрийг барагдуулж дуусаагүй тохиолдолд дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлнэ” гэж заасан байх бөгөөд гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлээгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хуулийн үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн. Энэ нь гүйцэтгэх баримт бичиг тухайн үед байхгүй байгаа учраас хэрэгжүүлэх боломжгүй байгааг илэрхийлсэн болохоос шүүхийн шийтгэх тогтоолыг огт хэрэгжүүлэхгүй гэсэн агуулга биш юм. Хуульд заасан хугацаанд  гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаагүй байна гэж дүгнэсэн нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны  34 дүгээр шийтгэх тогтоолыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд  магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.           

ХЯНАВАЛ: 

        “А” ХХК нь 2015-10-12-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, М нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, “....хариуцагч нар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013-01-10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын  гүйцэтгэх бичиг баримтыг үрэгдүүлсэн буруутай үйл ажиллагааг тогтоолгох...” шаардлага тавьсан /хх 1-ийн 1/ боловч 2016-03-30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...М нь Анод банк ХХК-ийн төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох ...4.510.893.757 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах...” гэж  өөрчилсөн /хх 1-248/ байв.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2016-10-27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...Баянзүрх дүүргийн шүүхийн 2013-01-10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг М-д даалгах, М-д хадгалагдаж байгаа Анод банк ХК-н актив хөрөнгөөс төлбөр авагчид олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах ...” гэж /хх 2-ын 152-158/ өөрчилсөн бөгөөд энэ талаар зохигчид мэтгэлцэж, шүүх шийдвэр гаргажээ.    

        Хариуцагч нар буюу Шийдвэр гүйцэтгэх алба /хх 1-65, 2-63/ болон М /хх 1-82-85., 2-121-122, 176/ нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

        Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 34 дугаар шийтгэх тогтоолын 77 хуудас гүйцэтгэх баримт бичгийг Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Минд, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасан /хх 2-ын 225-235/ байна. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа “... “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1, 63.2, Иргэний хуулийн 32-р зүйлд заасны дагуу үүргээ биелүүлээгүй....татан буулгах ажиллагаагаа дуусгавар болгохгүйгээр, өөрсдийн үйл ажиллагааг зогсоож гүйцэтгэх бичиг баримтыг Минд өгсөн нь .... М архивтаа шилжүүлсэн нь хууль зөрчсөн .... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй...татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах дарааллын дагуу төлбөрийг барагдуулаагүй... “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн актив хөрөнгийг Минд шилжүүлсэн нь мөн ...хуулийн этгээдийг татан буулгах ажиллагааг дуусгавар болоогүй нь... “Анод банк” ХК-ний хөрөнгө байгаа нь  тус тус тогтоогдсон...”  гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

       Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч  гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй... хугацаа тасалдсан, зогссон гэх үндэслэл тогтоогдоогүй...“А” ХХК-д төлбөр төлөх үүрэг Минд үүссэн баримт байхгүй... Минд гүйцэтгэх баримт бичгийг хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй... баримт бичгийг М нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэггүй...” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.  /хх 3-ын 6-19/

       Нэхэмжлэгчийн гомдлыг /хх3-ын 23-26/ хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 34 дүгээр шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  хүргүүлэхийг М-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

        а/. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүх 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор /хх 2-ын 7-40/ Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас нийт 4.510.893.757 төгрөг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолын уг заалт давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэвээр үлдсэн /хх 1-н 101-173, 174-189/, шийтгэх тогтоолын энэ заалтын дагуу 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 02 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн /хх 1-ын 41,97/, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 62 дугаар тогтоолоор гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн /хх1-67/ байх бөгөөд энэ талаар маргаангүй байв.

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарыг шүүхэд гаргахдаа “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 34 дүгээр тогтоолын 77 хуудас гүйцэтгэх баримт бичгийг Анод банкны эрх хүлээн авагчид  шилжүүлсэн...” гэх бөгөөд энэ тухай тайлбараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1612 дугаар албан бичиг дэх  “... хүлээн авсан: Анод банкны хуульч Д.Бархас 2014.02.11...” гэсэн тэмдэглэлийг /хх 1-ийн 71/ үндэслэсэн, энэ үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Минд шилжүүлсэн гэх 77 хуудас гүйцэтгэх баримт бичиг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд байсан нь тогтоогджээ.

      Анод банкны эрх хүлээн авагчид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шилжүүлсэн гэх 77 хуудас гүйцэтгэх бичиг баримтыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба бус, харин  А ХХК шаардах болсон үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

       Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь буруу болжээ.

        б/. Нэхэмжлэгч 77 хуудас гүйцэтгэх бичиг баримтад ямар баримтууд хамаарч байгааг нэрлэн заагаагүй байхад шүүх энэ шаардлагыг хангасан нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй буюу шүүх биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан гэж үзнэ.

       в/. А ХХК-ийн  Минд холбогдох шаардлагын талаарх  давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

        Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.  

         2. М-д хадгалагдаж байгаа Анод банк ХК-н  актив хөрөнгөөс төлбөр авагчид олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

         а/. А ХХК нэхэмжлэлдээ “...М-д хадгалагдаж байгаа Анод банк ХК-н актив хөрөнгөөс төлбөр авагчид олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах...” шаардлага тавьсан байхад анхан шатны шүүх энэ талаар шийдвэр гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-г зөрчсөн тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв байна. 

          б/. Төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд /2002 оны/ заасны дагуу явуулж болох бөгөөд  “бусдад байгаа өмч хөрөнгө” гэдэгт   төлбөр төлөгчийн өмчлөлийн боловч түүний биш, харин өөр этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгийг ойлгоно. “хуульд заасан журмын дагуу” гэж хууль ёсны эзэмшигч, ашиглагчид байгаа төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зөвхөн хуульд заасан үндэслэл, зохицуулалтыг баримталж шаардахыг хэлнэ.

        Анод банкны төлбөрийг Мнаас эсхүл М-д хадгалагдаж байгаа Анод банк ХК-н актив хөрөнгөөс гаргуулах шийдвэр гараагүй байх тул энэ тухай шаардлага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т нийцээгүй байна.

       Дээр дурдсан үндэслэлээр А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй .

        3.  Магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлийн талаар:

         Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн зохицуулалтыг   буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

         А ХХК нэхэмжлэлдээ “...М-д хадгалагдаж байгаа Анод банк ХК-н актив хөрөнгөөс төлбөр авагчид олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  даалгах...”-г хүссэн зэргээс үзвэл төлбөр авагч нь төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийлгэхийг хүссэн  байна.

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба энэ ажиллагааг явуулж байгаагүй, “төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгө”-с төлбөр гаргуулах шийдвэр гараагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

        Иймд энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 34 дүгээр шийтгэх тогтоолын дагуу 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бичигдсэн 02 дугаартай гүйцэтгэх хуудасыг үрэгдүүлсэн гэж үзвэл шүүхэд, А ХХК Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хандахад энэ тогтоол саад болохгүй. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1062 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...34.3...” гэснийг “...34.1.4...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан “А” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ