Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 820

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Хохирогч Н.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам /ҮД:0389/,

Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Нд холбогдох 1806 03875 2101 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эмэгтэй, 24 настай, дээд боловсролтой, нийгэм судлаач, эрх зүйч мэргэжилтэй, Нарантуул олон улсын худалдааны төвд бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг, ам бүл 4, нөхөр, 1-5 насны 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Орчлон хотхоны 32 дугаар байрны 111 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Жы Н /РД:............/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Нарантуул Олон улсын худалдааны төвийн бэлэн хувцасны тасагт иргэн Н.Нямсүрэнтэй “бараа хийдэг авдараа манай газарт тавилаа” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг бараа өлгөдөг модон гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Нийн өгсөн: “... Би 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бэлэн хувцасны наймаа хийдэг Нямсүрэн гэдэг хүнтэй бараагаа хийдэг авдраас болоод муудалцсан. Би муудалцахдаа Нямсүрэн гэдэг хүний толгой, нүүр гарт огтхон ч хүрээгүй.  Бид хоёр муудалцаад цагдаагийн газар очсон. Хамгийн анх биднээс байцаалт авсан Жадамбаа байцаагч бид хоёроос мэдүүлэг авахдаа биений чинь аль хэсэгт шарх сорви байна, ил харагдах шарх сорви байна уу гэж асууж байсан. Захын бид нар өглөөнөөс орой болтол зузаан хувцастай зогсдог хаана хөхөрснөө мэдэхгүй болохоор нэг нэгээрээ өрөөнд ороод хаана ямар хөхөрсөн юм байна гаргаад ир гэж хэлсэн. Ил харагдах ил шарх үзэхэд гэмтлийн зэрэг гарахаар шарх байгаагүй. Жадамбаа байцаагч та хоёр олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн учраас зөрчлийн арга хэмжээ авна гэж хэлсэн. Тэгтэл Нямсүрэн би заавал шүүх эмнэлэг явна гээд явсан. Би тухайн үед өөртөө маш итгэлтэй байсан. Би Нямсүрэнгийн толгой нүүр аманд хүрээгүй, нэг ширхэг үснээс зулгаагаагүй. Бид хоёр бие биенийхээ бэлхүүснээс доош хэсэгт өшиглөлцөөд салсан. Тухайн үед Нямсүрэнгийн өмсөж явсан малгай, нүдний шил унаагүй байхад санаанд оромгүй гэмтлийн зэрэг гарсан. Жадамбаа байцаагч олон нийтийн газар хэрэлдсэн учраас зөрчлийн арга хэмжээ авсан. Би Нямсүрэнг шүүх эмнэлэг явна гээд байхаар би бас явсан. Гэм буруугийн хувьд энэ хүн ч бас гэм буруутай. Шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд Нямсүрэнгийн толгойн хэсэгт хөнгөн зэрэг гаргаж ирсэн. Би Нямсүрэнгийн нүүр, толгойнд хүрэхээр тийм цадиггүй хүмүүжилгүй хүн биш. Би удаа дараа хүсэлтээ гаргаж өгсөн. Намайг энэ хүний толгойнд хүрсэн гэдгийг нотлоод өгөөч гэсэн. Нарантуул бол задгай талбай, тэнд байгаа хүмүүсээс харсан бол харсан гээд нотлоод өгөөчээ гэсэн. Нямсүрэн бол Алтанчимэг гэдэг хүнийг гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрлээ гэх хүн бол миний хажууд зогсдог хүн. Ганчимэг гэдэг хүн бол хаа байсан хөндлөнгийн доод эгнээнд зогсдог хүн. Бид хоёр муудалцах үед Ганчимэг гэдэг хүн байхгүй байсан, болсон явдлыг хараагүй хүн  гэрчийн мэдүүлэг өгсөнд маш их гомдолтой байна. Би гүжирдэж гүтгүүлсэндээ маш их гомдолтой байна. Бүтэн нэг жилийн хугацаанд миний ажилд саад хийлээ. Өөрөө л үр хүүхэдтэй хүн байлгүй. Хэрвээ би хүний толгой тархинд гэмтэл учруулсан бол уучлаарай эгчээ уучлаарай гээд уучлалт гуйна. Нямсүрэн гэдэг хүний гэмтэл нь нөхрөөсөө авсан гэмтэл юм уу, ахуйн гэмтэл гэдгийг нотлоогүй байж намайг ялтан болгож байна. Муудалцсан тэр орой нь нөхөр нь ирсэн. Нөхрийнх нь нүүр ам тэр чигтээ хавдчихсан байсан. Би дотроо юу гэж бодсон бэ гэхээр энэ хүн яагаад шүүх эмнэлэг явъя гэсэн байх уу урьд шөнө нөхөртэйгөө зодолдоод зодуурын бүх шарх нь байсан учраас хүнийг өдөөн турхиж хэрүүл маргаан үүсгэсэн.  Эхлээд хувийн орон зай руу халдсан хүн бол Нямсүрэн гэх энэ хүн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Нямсүрэнгийн өгсөн: “... Би 17-18 жил улсад ажилласан. 2015 оноос зах дээр наймаа хийж эхэлсэн. Анх наймаа хийж эхлэхэд захын хүмүүс шинэ хүмүүс гээд жаахан хэцүү харилцаатай. Н бид хоёрын лангуу бол өөд өөдөөсөө харсан лангуутай.  Бид хоёр урьд нь авдарнаасаа болоод ганц хоёр маргалдаж байсан. Гэхдээ нэг их айхтар маргалдаж байгаагүй. Тэр өдөр арай хэтэрчихлээ, манай тал нарийхан болоод миний үйлчлүүлэгчид ийшээ орж юмаа үзэж чадахгүй нь гээд миний дүү цаашаа болгочихооч гэтэл энэ авдрыг яаж тависан ч яадаг юм гээд миний том авдрыг хананд шахчихсан. Би Нарантуулын захиргаанаас өгсөн ёс журмын дагуу л байлгах газраа байлгаж байна гэж хэлсэн. Н чамайг яасан ч яахав гээд дахиад намайг хана руу түлхээд цээж рүү цохиж түлхсэн. Тэгээд би чи яаж байгаа юм бэ? Чи яасан гэж намайг зодож байгаа юм гэж хэлээд нэг түлхсэн. Н чамайг ер нь яасан ч яадаг юм гээд өшиглөж эхэлсэн.  Тэр хавийн хүмүүс яаж байна, хүүе гэж байхад Нийн ээж нь миний нүүр рүү халуун кофе цацсан. Тухайн үед цэврүү үсрээгүй ч улайж түлэгдсэн. Нийн ээж нь намайг өшиглөж, дүү нь араас хүрэмний малгайг хуу татаж хаяад, 3 талаас дайрсан. Би 3 хүнд зодуулсан. Би шүүх эмнэлэг рүү очиход Нийн ээж Саранхүү надад, Нараа насанд хүрээгүй хүүхэд гэхээр би оруулаагүй. Намайг зодуулж байхад гэрчээр мэдүүлэг өгсөн Ганчимэг ирээд салгасан. Хэрвээ салгаагүй байсан бол би өшөө салгаагүй байсан. Би томографын зургийг 120.000 төгрөгөөр авахуулсан, шүүх эмнэлгийн 8000 төгрөгийг нэхэмжилж байна. Эд бараа минь маш их толбо болсон тэрэн дээр би хохирол нэхээгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Н.Нямсүрэнгийн өгсөн: “... Бараа хийдэг авдараа манай газар руу шахчихсан байсан. Ямар ч хүнд бараа үзүүлэх боломжгүй болгоод тавьчихсан байхаар нь ... авдараа түлхээд зураасан дээрээ аваачсан... Би дахиад авдараа зураасан дээрээ аваачтал намайг биеийн цээжин хэсэг рүү 2 гараараа Н түлхтэл ард байсан сараалжин хана мөргөсөн. Чи яаж байнаа гээд адилхан цээж рүү нь түлхсэн чинь намайг зүүн хөлний гуя руу хэд хэдэн удаа өшиглөөд ... Н бараа өлгөдөг гар аваад толгой руу нэг удаа, зүүн гарын булчин, бугалга хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод дахиад цохих гэхээр нь баруун  гараа өргөөд хамгаалахад гарын шуу цохигдсон...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

“... Баруун нүдний доод зовхины зулгаралтыг Саранхүү хажуу талаас орж ирж гараараа цохиж учруулсан. Майжилт цохилтонд нь тухайн үед зулгарсан. Зулайн хуйхны зөөлөн эдийн няцралыг бараа өлгөдөг миний модон гараар Н 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Уг гараар Н 3 удаа цохьсон. 1 удаа толгойд, дараагийн удаа зүүн гарын бугалга, дараагийн цохилтыг би баруун гарын шуу, тохойн хэсгээр хааж цохиулснаар гэмтсэн. Зүүн гуя руу Н өшиглөсөн, баруун гуя руу Саранхүү өшиглөсөн. Н намайг эхлээд өшиглөөд, лангуу түшүүлээд тавьсан байсан бараа өлгөдөг модон гарыг аваад намайг толгой, бугалга, гар руу цохисны дараа Саранхүү хүрч ирээд кофегоо цацаад хажуунаас өшиглөөд гараа савчаад дайрсан...” гэх мэдүүлэг /хх.78-79/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Даваагэрэлийн өгсөн: “... Тэр өдөр авдарнаасаа болоод Н, Нямсүрэн нар хэрэлдэж байсан. Нэг хартал Н авдар гараараа цохиод Нямсүрэнгийн мөр хэсэгт Н цохиод авахад Нямсүрэн цээжин хэсэг рүү түлхтэл барилцаж аваад хөлөөрөө өшиглөлцөөд байсан. Тэр үед Саранхүү ирээд мөн Нямсүрэнгийн хөл рүү өшиглөөд гартаа барьчихсан кофегоо Нямсүрэн рүү цацчихсан. Тэгээд Нямсүрэн, Н хоёр модон гар булаацалдаж байсан... Тэгээд салгатал Нямсүрэн цагдаа явна гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ганчимэгийн өгсөн: “... Тухайн өдөр хүмүүс хашгирахаар нь хартал Нямсүрэнг Саранхүү 2 охинтойгоо нийлээд зодож байсан. Нямсүрэн гэдийсэн арагшаа урдаа хоёр гараа сарвайчихсан. Урдаас нь нөгөө 3 лангуу руу нь шахаад бие рүү нь цохиж байсан. Гурвуулаа цохиод байсан, яг хаашаа нь цохисныг хараагүй, нэг нь хувцас өлгөдөг модон гар барьчихсан байсан, яг хэн нь барьсан талаар би анзаарч хараагүй. Би очоод Нямсүрэнгийн урдуур ороод “та нар болиоч, яагаад гурвуулаа нийлээд нэг хүн рүү дайраад байгаа юм бэ? наад хүн чинь үхлээ шүү дээ” гэж хэлэхэд больцгоосон. Нямсүрэнгийн нүүрэнд нүд, хамар хэсэгт цус гарсан байдалтай байсан. Хувцас өлгөдөг гараар Н одоо санахад цохиж байсан. Биеийн цээжнээс дээшээ хэсэгт цохиод байсан....” гэх мэдүүлэг /хх.34-36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5544 дугаартай: “... Н.Нямсүрэнгийн биед баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.46/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 759 дугаартай: “... Н.Нямсүрэнгийн биед учирсан баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон нөхцөлд үүссэн байх боломжтой. Н.Нямсүрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Урьд гаргасан шинжээчийн 5544 дугаартай дүгнэлтэнд Нямсүрэнгийн биед учирсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. 3улайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлээс бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх нэмэлт дүгнэлт /хх.55-56/,

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатар, М.Золжаргал, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 199 дугаартай: “... Н.Нямсүрэнгийн биед зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, баруун тохой зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, баруун тохой зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь   тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Т.Амартүвшин-н гаргасан 5544, нэмэлтээр гаргасан 759 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх.130-131/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Нийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... би авдарыг нь цааш нь түлхсэн чинь буцаагаад над руу түлхсэн, тэгээд бид хоёр бие биенээ түлхээд, өшиглөж муудалцаж хувцас авдаг модон гар бариад намайг цохих гэж байгаад ээжийг цохих шиг болсон /хаана цохисныг нь мэдэхгүй/ чинь ээж хүүхэд дээрэлхээд гээд Нямсүрэнд хандаж “өдий насны авгай юм байж, байнга авдарнаас болж маргалдаж байх юм болиоч” гээд тэр хүнийг ээж түлхсэн чинь нөгөө модоороо миний зүүн талын гарны хэсэгт цохихоор нь би модыг нь барьж аваад буцаагаад зүүн талын гарны хэсэгт нь 1 удаа цохисон чинь миний давсаг хэсэг рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд давсаг хэсэг рүү нь өшиглөж байх үед ээж, Нямсүрэн нар бие биенээ түлхэж байгаад салсан чинь Нямсүрэн цагдаа дуудна гээд яваад өгсөн. Тэр хүний цээж мөрний хэсэг рүү нь 1 удаа түлхсэн, баруун талын өвдөгний дээд хэсэг рүү нь 1 өшиглөсөн, бараа авдаг модон гараар зүүн талын гарны хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлгүүд /хх.19-20, 92-93/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Нарантуул Олон улсын худалдааны төвийн бэлэн хувцасны тасагт иргэн Н.Нямсүрэнтэй “бараа хийдэг авдараа манай газарт тавилаа” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг бараа өлгөдөг модон гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Н.Нямсүрэнгийн өгсөн: “... Би дахиад авдараа зураасан дээрээ аваачтал намайг биеийн цээжин хэсэг рүү 2 гараараа Н түлхтэл ард байсан сараалжин хана мөргөсөн. Чи яаж байнаа гээд адилхан цээж рүү нь түлхсэн чинь намайг зүүн хөлний гуя руу хэд хэдэн удаа өшиглөөд ... Н бараа өлгөдөг гар аваад толгой руу нэг удаа зүүн гарын булчин бугалга хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод дахиад цохих гэхээр нь баруун  гараа өргөөд хамгаалахад гарын шуу цохигдсон...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

“... Баруун нүдний доод зовхины зулгаралтыг Саранхүү хажуу талаас орж ирж гараараа цохиж учруулсан. Майжилт цохилтонд нь тухайн үед зулгарсан. Зулайн хуйхны зөөлөн эдийн няцралыг бараа өлгөдөг миний модон гараар Н 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Уг гараар Н 3 удаа цохьсон. 1 удаа толгойд, дараагийн удаа зүүн гарын бугалга, дараагийн цохилтыг би баруун гарын шуу, тохойн хэсгээр хааж цохиулснаар гэмтсэн. Зүүн гуя руу Н өшиглөсөн, баруун гуя руу Саранхүү өшиглөсөн. Н намайг эхлээд өшиглөөд лангуу түшүүлээд тавьсан байсан бараа өлгөдөг модон гарыг аваад намайг толгой, бугалга, гар луу цохисны дараа Саранхүү хүрч ирээд кофегоо цацаад хажуунаас өшиглөөд гараа савчаад дайрсан...” гэх мэдүүлэг /хх.78-79/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Даваагэрэлийн өгсөн: “... Нэг хартал Н авдар гараараа цохиод Нямсүрэнгийн мөр хэсэгт Н цохиод авахад Нямсүрэн цээжин хэсэг рүү түлхтэл барилцаж аваад хөлөөрөө өшиглөлцөөд байсан. Тэр үед Саранхүү ирээд мөн Нямсүрэнгийн хөл рүү өшиглөөд гартаа барьчихсан кофегоо Нямсүрэн рүү цацчихсан. Тэгээд Нямсүрэн, Н хоёр модон гар булаацалдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ганчимэгийн өгсөн: “... Тухайн өдөр хүмүүс хашгирахаар нь хартал Нямсүрэнг Саранхүү 2 охинтойгоо нийлээд зодож байсан. Нямсүрэн гэдийсэн арагшаа урдаа хоёр гараа сарвайчихсан. Урдаас нь нөгөө 3 лангуу руу нь шахаад бие рүү нь цохиж байсан. Гурвуулаа цохиод байсан яг хаашаа нь цохисныг хараагүй, нэг нь хувцас өлгөдөг модон гар барьчихсан байсан, яг хэн нь барьсан талаар би анзаарч хараагүй... Нямсүрэнгийн нүүрэнд нүд, хамар хэсэгт цус гарсан байдалтай байсан. Хувцас өлгөдөг гараар Н одоо санахад цохиж байсан. Биеийн цээжнээс дээшээ хэсэгт цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.34-36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5544 дугаартай: “... Н.Нямсүрэнгийн биед баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.46/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 759 дугаартай: “... Н.Нямсүрэнгийн биед учирсан баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон нөхцөлд үүссэн байх боломжтой. Н.Нямсүрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Урьд гаргасан шинжээчийн 5544 дугаартай дүгнэлтэнд Нямсүрэнгийн биед учирсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. 3улайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлээс бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх нэмэлт дүгнэлт /хх.55-56/,

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатар, М.Золжаргал, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 199 дугаартай: “... Н.Нямсүрэнгийн биед зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, баруун тохой зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, баруун тохой зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь  тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Т.Амартүвшин-н гаргасан 5544, нэмэлтээр гаргасан 759 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх.130-131/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Нийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганбатын өгсөн мэдүүлэг /хх.25-27/,

Хохирлын баримтууд /хх.44-45/,

Хохирогч Н.Нямсүрэнгийн гэмтлийг үзүүлсэн гэрэл зургууд /хх.58-67/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.90-91/,

Ж.Нийн гаргасан хүсэлт /хх.97-98/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Оюунтуяагийн өгсөн мэдүүлэг /хх.121-122/,

Ж.Нийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх.165/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Нямсүрэнгийн өгсөн: “... Н чамайг яасан ч яахав гээд дахиад намайг хана руу түлхээд цээж рүү цохиж түлхсэн. Тэгээд би чи яаж байгаа юм бэ? Чи яасан гэж намайг зодож байгаа юм гэж хэлээд нэг түлхсэн. Н чамайг ер нь яасан ч яадаг юм гээд өшиглөж эхэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ж.Нийн “би Н.Нямсүрэнгийн толгойд цохиж гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг нөхөр нь зодсон” гэх мэдүүлэг нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Н.Нямсүрэнгийн өгсөн: “... Зулайн хуйхны зөөлөн эдийн няцралыг бараа өлгөдөг миний модон гараар Н 1 удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.78-79/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Даваагэрэлийн өгсөн: “... Тэгээд Нямсүрэн, Н хоёр модон гар булаацалдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ганчимэгийн өгсөн: “... Хувцас өлгөдөг гараар Н одоо санахад цохиж байсан. Биеийн цээжнээс дээшээ хэсэгт цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.34-36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчдийн 5544 дугаартай дүгнэлт /хх.46/, 759 дугаартай нэмэлт дүгнэлт /хх.55-56/, 199 дугаартай дахин гаргасан дүгнэлт /хх.130-131/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Ж.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Н.Нямсүрэнгийн баримтаар нэхэмжилсэн 128.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Нэс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Жы Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Нд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Нэс 128.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Нямсүрэнд олгосугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР