Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 718

 

 

 

 

 

 

 

2019          7              16                                          2019/ДШМ/718

 

Ж.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

хохирогч Н.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/820 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, Ж.Нд холбогдох 1806 03875 2101 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овгийн Жы Н, 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач, эрх зүйч мэргэжилтэй, ... лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Ж.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Н ... бэлэн хувцасны тасагт иргэн Н.Нямсүрэнтэй “бараа хийдэг авдраа манай газарт тавилаа” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг бараа өлгөдөг модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ж.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бэсүд овогт Жы Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Нд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Нэс 128.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Нямсүрэнд олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Түмэн-Өлзий улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчлан тогтоосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж заажээ. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Ж.Нийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчимд нийцэхгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Мядагбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хувьд шүүгдэгчийг гэм буруутай гэж анхан шатны шүүх үзсэн тул хохирол мөнгийг авах боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь үндсэндээ 1 жил болсон. Намайг гурвуулаа нийлж зодчихоод шүүгдэгч болон түүний ээж ямар ч хариуцлага тооцуулалгүй үлдэж байна. Эцсийн эцэст хохирсон хүн хохироод л үлддэг юм байна гэж ойлгож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Н ... бэлэн хувцасны тасагт иргэн Н.Нямсүрэнтэй “Бараа хийдэг авдраа манай хэсэгт тавилаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг бараа өлгөдөг модоор цохих, гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Нямсүрэнгийн “...Би дахиад авдраа зураасан дээрээ аваачтал намайг биеийн цээж хэсэг рүү 2 гараараа Ж.Н түлхтэл ард байсан сараалжин хана мөргөсөн. “Чи яаж байна аа” гээд адилхан цээж рүү нь түлхсэн чинь миний зүүн хөлний гуя руу хэд хэдэн удаа өшиглөөд, ...Ж.Н бараа өлгөдөг гар аваад толгой руу нэг удаа, зүүн гарын булчин, бугалга хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод дахиад цохих гэхээр нь баруун гараа өргөөд хамгаалахад гарын шуу цохигдсон. ...Баруун нүдний доод зовхины зулгаралтыг Саранхүү хажуу талаас гараараа цохиж учруулсан. Майжилт, цохилтонд нь тухайн үед зулгарсан. Зулайн хуйхны зөөлөн эдийн няцралыг бараа өлгөдөг миний модоор Ж.Н 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Уг модоор Ж.Н 3 удаа цохисон. 1 удаа толгойд, дараагийн удаа зүүн гарын бугалга, дараагийн цохилтыг би баруун гарын шуу, тохойн хэсгээр хааж цохиулснаар гэмтсэн. Зүүн гуя руу Ж.Н өшиглөсөн. Баруун гуя руу Саранхүү өшиглөсөн. Ж.Н намайг эхлээд өшиглөөд лангуу түшүүлээд тавьсан байсан бараа өлгөдөг модыг аваад намайг толгой, бугалга, гар руу цохисны дараа Саранхүү хүрч ирээд кофе цацаад хажуунаас өшиглөөд гараа савчаад дайрсан. ...” /хх 17-18, 78-79/,

гэрч Р.Даваагэрэлийн “...Нэг хартал Ж.Н авдар гараараа цохиод Н.Нямсүрэнгийн мөр хэсэгт Ж.Н цохиод авахад Н.Нямсүрэн цээж хэсэг рүү түлхтэл барилцаж аваад хөлөөрөө өшиглөлцөөд байсан. Тэр үед Саранхүү ирээд мөн Н.Нямсүрэнгийн хөл рүү өшиглөөд гартаа барьсан кофегоо Н.Нямсүрэн рүү цацчихсан. Тэгээд Н.Нямсүрэн, Ж.Н хоёр модон гар булаацалдаж байсан. ...” /хх 31-33/,

гэрч С.Ганчимэгийн “...Тухайн өдөр хүмүүс хашгирахаар нь хартал Н.Нямсүрэнг Саранхүү 2 охинтойгоо нийлээд зодож байсан. Н.Нямсүрэн гэдийсэн арагшаа, урагшаа хоёр гараа сарвайчихсан байдалтай, харин урдаас нь нөгөө гурав лангуу руу нь шахаад бие рүү нь цохиж байсан. Гурвуулаа цохиод байсан, яг хаашаа нь цохиод байсныг хараагүй, нэг нь хувцас өлгөдөг мод барьчихсан байсан. Яг хэн нь барьсан талаар би сайн хараагүй. ...Н.Нямсүрэнгийн нүүрэнд нүд, хамар хэсэгт цус гарсан байдалтай байсан. Хувцас өлгөдөг модоор Ж.Н цохиж байсан. Цээжнээс нь дээш хэсэгт цохиод байсан. ...” /хх 34-36/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “1. Н.Нямсүрэнгийн биед баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн 5544 дугаартай дүгнэлт /хх 46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “1. Н.Нямсүрэнгийн биед учирсан баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон нөхцөлд үүссэн байх боломжтой. 2. Н.Нямсүрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Урьд гаргасан шинжээчийн 5544 дугаартай дүгнэлтэнд Н.Нямсүрэнгийн биед учирсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. 4. Зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлээс бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн 759 дугаартай дүгнэлт /хх 55-56/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “1. Н.Нямсүрэнгийн биед зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, баруун тохой, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зулайн зүүн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, баруун тохой, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний гаргасан 5544, нэмэлтээр гаргасан 759 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.” гэх шинжээчийн 199 дугаартай дүгнэлт /хх 130-131/,

хохирогч Н.Нямсүрэнгийн гэмтлийг үзүүлсэн гэрэл зургууд /хх 58-67/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ж.Нийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Ж.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нь гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалт ба хавтас хэргийн 90 дэх талд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан байхад анхан шатны шүүх хуулийн энэ зүйл, заалтыг баримтласан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед Ж.Нд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж...оролцоно” гэж тус тус зааснаар мөрдөгч болон прокурорын үүргийг хуульчилсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг үндэслэлгүйгээр удаашруулж 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн яллах дүгнэлттэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд хүргүүлж, хайхрамжгүй хандсан байгааг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлээр прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/820 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/820 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/820 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ