Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0051

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр             

 

 

Дугаар 221/МА2019/0051

 

 

Улаанбаатар хот

 

“Б.О.Д.Ц” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн

тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0673 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тын давж заалдах гомдлоор, “Б.О.Д.Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0673 дугаар шийдвэрээр:

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О.Д.Ц ХХК-ийн Байгал орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:“...Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Б.О.Д.Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Захиргааны актын эрх зүйн үндэслэл нэхэмжлэгч “Б.О.Д.Ц” ХХК-ийн бодит байдалд огт нийцэхгүй байгаа тухайд:Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал нь эрх зүйн үндэслэлдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, Усны тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар саналыг тус тус үндэслэв гэжээ.

Үүнээс үзвэл “Б.О.Д.Ц” ХХК-д Баянзүрх дүүрэг, Богдхан уулын Залаатын аманд 2.1 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон газарт дээрх хуулиудын аль нэг зохицуулалтыг зөрчсөн, ядаж нэгийг нь зөрчсөн байх шаардлагатай болж байна. Гэтэл нэхэмжлэгчийн ашиглаж байгаа маргаан бүхий дээрх газарт газрыг хагалсан, ухсан, тэсэлсэн, зам тавьсан зүйл огт байхгүй. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зүйл байхгүй /нэг удаа ч ямар нэгэн зөрчил гаргаагүй/ байтал аж ахуй нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байдаг.

Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан усан сан бүхий газрын эргээс 50 м дотор хамгаалалтын бүс байна гэснийг огт зөрчөөгүй. Тухайн газар нь эргээс 200 гаруй метр зайтай байдаг. Энэ нь Усны тухай хуульд заасан онцгой ба энгийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй болохыг харуулдаг. Үүнээс үзвэл захиргааны актын үндэслэл болсон эрх зүйн зохицуулалтууд нь нэхэмжлэгч этгээдийн бодит байдалд огт нийцдэггүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлээгүй тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж захиргааны байгууллагын гаргасан захиргааны актын эрх зүйн үндэслэл маргаан бүхий үйл баримттай нийцэхгүй байгааг мэдсэн ч ирээдүйд уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд хор учруулах эрсдэлтэй байж болзошгүй гэх байдлаар хийсвэрээр сэтгэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Ирээдүйд гарах зөрчилд холбогдох хяналтаа тавиад, зөрчил гарсан тохиолдолд таслан зогсоох эрх нь захиргааны байгууллагад байгаа атал ингэж болоогүй эрсдэлийг тооцох байдлаар нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна.

Захиргааны акт үндэслэл бүхий хийгээд бодит байдал нийцсэн байх шаардлага хангаагүй бөгөөд мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй тухайд:

Актын үндэслэл хэсэгт заасан эрх зүйн зохицуулалтуудыг нэхэмжлэгч “Б.О.Д.Ц” ХХК-ийн зүгээс зөрчөөгүй, энэ нь ч маргаан бүхий газар хийсэн үзлэгээр хангалттай тогтоогдсон.

Энэ тухай ч дээр дурдсан дээрх захиргааны акттай холбоотой сонсох ажиллагаа захиргааны байгууллагаас огт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нотлогдсон байхад шүүх захиргааны энэ хууль зөрчсөн ажиллагааг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байхын тулд үндэслэл зөвтгөсөн нь захиргааны шийдвэр үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох тухай Захиргаан ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд зохицуулсан ч шүүх энэ зохицуулалтыг огт анхаарсангүй.

Энэ мэтчилэн шүүхийн зүгээс хэт их нэг талыг барьж, тусгай хамгаалалттай газар нутгийг чухам ямар байдлаар иргэн, аж ахуй нэгж ашиглаж болох талаар анхааралгүй, зөвхөн л учир зүггүй хамгаалах гэсэн байдлаар хандаж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ иргэн, аж ахуй нэгж байгууллага хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, захиргааны хууль бус /үндэслэлгүй/ шийдвэрийг хамгаалсан дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар 31-ний өдрийн 128/ШШ2018/0673 дугаар шийдвэртэй “Б.О.Д.Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал”-ыг үндэслэн гарсан байна. Уг тушаалд “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэх үндэслэл зааж нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд нэхэмжлэгч “Б.О.Д.Ц” ХХК багтжээ.

Хариуцагч маргаан бүхий актад газар ашиглах эрх нь дуусгавар болж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хамаарах зөрчлийг нэг бүрчлэн заагаагүй, нийтлэг байдлаар заасан байна.

Маргаан бүхий захиргааны актад “Б.О.Д.Ц” ХХК-ийг тухайлан ямар зөрчил гаргасан гэж буруутгаж буй талаар заагаагүй байх бөгөөд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж байна” гэж тайлбарласан болно. Нэгэнт маргаан бүхий актад тусгагдаагүй тул нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн тайлбарт дурдагдсан үндэслэлийг шүүх бодитоор оршин байгаа эсэхийг шалгаж, баталгаажуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Б.О.Д.Ц ” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  А-19 дүгээр шийдвэрээр Богдхан уулын дархан цаазат газар, Баянзүрх дүүргийн Залаатын ам гэх 2.1 га газарт 5 жилийн хугацаатай ашиглах эрх үүссэн байх боловч тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй буюу нэхэмжлэгч хашаа хатгаснаас өөр тус газрыг бодитоор ашиглаж эхлээгүйтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

Хариуцагч маргаан бүхий актаар Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм  зөрчихийг хориглоно” гэж заасныг, мөн Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг удирдлага болгож, “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэр бүхий хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.  гэвч нэхэмжлэгч нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул “дэглэм зөрчсөн үйлдэл” гаргасан гэж дүгнэх боломжгүй, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчихийн тул зайлшгүй идэвхтэй үйлдэл, үйл ажиллагаа хийсэн байх ёстой гэж шүүхээс үзэв.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч “Б.О.Д.Ц” ХХК газар ашиглах эрхээ хэрэгжүүлсний улмаас усны нөөц хэрхэн хомсдож буй талаар болон тийнхүү хомсдохоос сэргийлэх бодит шаардлага тулгарч буй талаар түүнчлэн голын бургас, мод сүйдэх талаарх нөхцөл байдлыг урьдчилж тогтоогоогүй, холбогдох судалгаа, баримт нотолгоогүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.

Маргаан бүхий актад “уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрх алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэх горимыг зөрчиж байгаа” гэх үндэслэлийг заасан байх боловч нэхэмжлэгч “Б.О.Д.Ц” ХХК тус газрыг ашигласны улмаас уул нурсан, орчны төлөв байдал, унаган төрх алдагдсан, цаашид алдагдахаар байгаа талаарх баримт нотолгоо, дүгнэлт байхгүй байхад энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. 

Мөн “Б.О.Д.Ц” ХХК дархан цаазат газрын нийтлэг мөрдөх ямар горимыг хэрхэн зөрчиж байгаа талаарх баримт нотолгоогүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2/-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцээгүй байна.

Маргаан бүхий актын бас нэг үндэслэл нь “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг үндэслэсэн” гэжээ.

Хэрэгт авагдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал гэх албан бичгээр “Усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 37 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт”-ыг хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч компани тус албан бичигт заасан алдаа дутагдлыг гаргасан талаарх баримт нотолгоог хавсаргаагүй байна.

Дээрх байдлаар хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа бодит нөхцөл шаардлага байсан эсэхийг баримтаар урьдчилж тогтоогоогүй, шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байхад нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаагүй байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гаргахдаа зайлшгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон байх, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах хуулийн шаардлагыг хангагдсан байх ёстой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хуулиар тогтоосон захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөх “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчим алдагдсан байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үндэслэлтэй эсэх, хууль ёсны эсэх, тэрхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хянаж шийдвэр гаргах үүрэгтэй болохоос бус захиргааны шийдвэрт дурдаагүй үндэслэлийг шалгаж, тогтоох түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгох, түүнчлэн тухайн асуудлаар дахин шалгаж шийдвэр гаргахыг зааварлах хууль зүйн үүрэггүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1/, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2/, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.О.Д.Ц” ХХК-ийн Байгал орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Б.О.Д.Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

          ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА

        ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР