Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамын Мягмаржав |
Хэргийн индекс | 188/2016/0088/Э |
Дугаар | 262 |
Огноо | 2017-04-18 |
Зүйл хэсэг | 094.1., |
Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 262
Д.Цэрэнпилд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Амарзаяа,
Ялтан Д.Цэрэнпил, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Цэрэнпилийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлоор Д.Цэрэнпилд холбогдох эрүүгийн 201626012508 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шар овогт Далайгийн Цэрэнпил, 1979 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 62-1 тоотод оршин суудаг,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлэн уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ВЗ79111339/,
Д.Цэрэнпил нь ялтай байхдаа 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 1-5 тоотод 08-32 УНХ улсын дугаартай “Портер” машиныг асааж хөдлөхдөө 1 нас 6 сартай Х.Сүхбатыг дайрч болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Цэрэнпилд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Цэрэнпилийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнпилийг 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнпилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Цэрэнпилийн биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнпилийн эдлэх 5 жил хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар иргэн Х.Сэргэлэнгийн эзэмшлийн “Портер” загварын 08-32 УНХ улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар уг хэргийн эд мөрийн баримт болох шаргал цаасанд боосон цаасан аяга бүхий цустай шороог устгаж, шүүгдэгч Д.Цэрэнпилд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.
Ялтан Д.Цэрэнпилийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Цэрэнпилд холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч ялтан Д.Цэрэнпил нь “Портер” загварын автомашинаа асааж хөдлөхдөө болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээсээ болоод 1 нас 6 сартай X.Сүхбатыг дайрч алсан. Гэмт хэрэг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон. Д.Цэрэнпил үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хишигдэлгэр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдэг хүсэлтээ шүүхэд ирүүлсэн. Мөн Д.Цэрэнпил нь ам бүл 4, эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны хоёр хүүхэдтэй. Тэр “Орбитын тойрог” гэх газар “Портер” машинаараа нүүрс зарж, ар гэрээ тэжээн амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Иймд тухайн гэмт хэргийн шинж чанар болон миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан оногдуулсан 3 жилийн хорих ялыг болон мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан 2 жилийн хорих ялын хэмжээг тус тус багасгаж өгнө үү” гэв.
Ялтан Д.Цэрэнпил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн болгоомжгүйгээс болж бусдын амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн. Миний эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны хоёр хүүхэдтэй. Би “Орбитын тойрог” гэх газар “Портер” машинаараа нүүрс зарж, амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Д.Цэрэнпил нь шүүхээс тэнсэгдэж, хянан харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээс оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялаас 2 жилийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нь нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосон. Хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэлийг багасгах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Д.Цэрэнпил нь ялтай байхдаа 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 1 дүгээр гудамжны 5 тоотод 08-32 УНХ улсын дугаартай “Хьюндэй Портер” загварын автомашиныг асааж хөдлөхдөө 1 нас 6 сартай Х.Сүхбатыг дайрч, болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хишигдэлгэрийн “...би Увс аймгийн Өндөрхангай суманд ах Цэлмэгдалайгийн хүүхдийг харахаар 2016 оны 9 дүгээр сард явсан. Миний хүү Сүхбат нь манай ээж Бадамгарав, аав Лхагвасүрэн нартай Улаанбаатар хотод үлдсэн. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би ээжийн утас руу залгахад ах Лхагважав “...ажил ихтэй байна, ах нь тэгэж байгаад ярья…” гэж хэлсэн. Тэгсэн миний өвөө, эмээ 2 надад хүү Сүхбатыг нас барсан талаар хэлсэн. Маш их гомдолтой байна...” /хх-26/,
гэрч Ч.Лхагвасүрэнгийн “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Бадамгарав бид хоёр Орбитын тойрог орж нүүрс авахаар явсан. Тойрог дээр хоёр залуу нүүрс зараад зогсож байсан. Би Цэрэнпил гэх залуугийн зарж байсан нүүрс нь арай их харагдаад байхаар нь авахаар болоод гэртээ авчирсан. Цэрэнпил нь манай хашаа руу “Портер” машинаа оруулаад нүүрсний амбаарын үүдэн дээр зогссон. Нүүрсээ 10 цаг өнгөрч байхад буулгаж дуусгасан. Би эхнэр зээтэйгээ гэртээ байж байсан чинь “Портер” асах чимээ гарахаар нь гүйгээд гарсан чинь манай хүү Пүрэвдорж хашааны хэсэг рүү түрж асааж өгсөн. Цэрэнпил машинтайгаа том хаалганд тулаад зогссон байсан. Би мөнгийг нь өг гэж эхнэр Бадамгаравд хэлчихээд, Пүрэвдорж дээр очоод амбаарын гадуур асгасан байсан нүүрсээ хамах гээд явж байхад Цэрэнпил машинтайгаа ухраад манай гэрийн үүдэн дээр ирж зогсож байсан. Манай эхнэр Бадамгарав нүүрсний мөнгийг Цэрэнпилд өгсөн. Би Цэрэнпил дээр очоод “утасныхаа дугаарыг өгчих, дараа нүүрс авна” гэхэд тэрээр “би байнга Орбитын тойрог дээр зогсож байдаг” гээд машинаа хөдөлгөсөн чинь эхнэр орилохоор нь би эргээд харсан чинь эхлээд юу ч харагдахгүй байсан. Машин урагшаа хөдлөөд явсан. Тэгээд эхнэр орилоод хүүхэд тэврээд авсан. Би сандраад тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Зээ хүү Сүхбат ямар ч амьсгаа аваагүй газар дээрээ нас барсан...” /хх-27-28/,
гэрч Б.Бадамгаравын “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Лхагвасүрэнтэй хамт Орбитын тойрог орж “Портер”-той нүүрс авсан. Цэрэнпил гэдэг залуу машинаа хашаа руу оруулаад нүүрсний амбаарын урд тал машинаа зогсоосон. Манай хүү Пүрэвдорж хамт буулгасан. Нөхөр Лхагвасүрэн “нүүрснийхээ мөнгөө өгөөрэй” гэж орж ирсэн. Намайг гэрээс гарахад гэрт зээ хүү Сүхбат ганцаараа үлдсэн. Тэгээд мөнгөө аваад гэрээс гараад ирсэн чинь нүүрс зардаг залуу “Портер” машиныхаа жолоон дээр суусан байсан. Би жолооч талын цонхоор нь мөнгөө өгөөд эргээд буцсан чинь хүүхэд уйлах шиг болсон. Тэгээд харсан чинь зээ хүү Сүхбат Цэрэнпилийн машины урд талын 2 дугуйны заагаар гараад ирсэн. Би “хөөе хүн аллаа, хүүхэд” гээд орилсон чинь хүүхдийн дээгүүр Цэрэнпилийн машины арын дугуй гарах шиг болсон. Би сандраад юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан машин доороос хүүхдээ авсан чинь ухаангүй, нас барсан байх шиг байсан...” /хх-29-30/,
гэрч Л.Пүрэвдоржийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил болох Зэвсэгт хүчний 120 дугаар ангиасаа чөлөө аваад гэртээ ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ээж, аав хоёр Орбитын тойрог явж “Портер” машинаар нүүрс авсан. Цэнхэр өнгийн “Портер” машинтай хүн орж ирээд нүүрсний амбаарын үүдэнд машинаа зогсоосон. Би жолооч Цэрэнпил гэдэг хүнтэй хамт нүүрсээ “Портер” машинаас зөөж буулгаад амбаар луу хийсэн. Цэрэнпил машиндаа суугаад асаах гэтэл машин нь асахгүй байсан. Би машиныг түрж асааж өгсөн. Цэрэнпил хашааны том хаалганы урд зогсож байснаа буцаж ухарч ирээд үүдний амбаарын урд талын товгор дээр зогссон. Нүүрсний амбаартаа нүүрсээ хүрзээр овоолж байсан чинь “Портер” хөдлөх шиг болсон. Ээж хүү гээд орилоод байсан. Би нүүрсний амбаараас гүйгээд гараад ирсэн чинь жолоочийн талын хойд талын давхар дугуй Сүхбатын толгой дээгүүр нь гарч байсан. Удахгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Миний бодлоор аккумлятор нь машинаа асааж хүчрэхгүй байсан. Түлхүүрээ түлхээтэй байлгаад аккумлятор нь цэнэггүй болсон байх...” /хх-38-39/,
Д.Цэрэнпилийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Орбитын тойрог дээр нүүрсээ зараад зогсож байтал цагаан машинтай 50 орчим насны хоёр хүн ирээд нүүрс авъя гэсэн. Тэгээд би өөрийн “Портер” машинтайгаа уг машиныг дагаад явсан. Хашаанд очоод машинаа амбаарынх нь ар талд зогсоосон. Тэр айлын 25 орчим насны залуутай хамт нүүрсээ буулгасан. Би машинаа асаагаад хөдлөх гэсэн чинь асахгүй байхаар нөгөө залуугаар түрүүлж асаалгуулсан. Би машинтайгаа гэрийнхэн урд талын овгор хэсэг дээр зогссон. Би машинаа асахгүй бол өнхрүүлж асаая гэж зогсоогоод мөнгөө авах гээд хүлээж байсан. Мөнгө өгөх настай эгч айл руу явсан, би хашаанд нь машин дотроо хүлээж байсан. Тэр айлын эхнэр ирээд гэрээсээ 130.000 төгрөг надад өгөөд би халаасандаа мөнгөө хийгээд машиныхаа түлхүүрийг түлхсэн чинь машин шууд асаад хөдөлсөн чинь машин “овго” гээд сонин болсон. Тэгсэн тэр айлын эгч “хөөе хүүхэд” гээд орилсон. Би машинаа зогсоогоод толинд харсан чинь машины арын дугуйны араас жоохон хүүхэд өнхрөөд гараад ирсэн. Надад мөнгө өгсөн хүн тэвэрч аваад уйлсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-90/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1996 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн чамархайн ясанд цөмөрсөн ил хугарал, арагш дагз яс руу хоёр салаалж цааш дагзны том нүх дайрч баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсны урагдал, хатуу хальсан дээрх, доорх цусан хураа /10-15 мл/ зүүн тал бөмбөлгийн зулайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт зүүн чамархайн булчинд цус хуралт, няцрал, дагз, зулайн хуйханд цус хуралт, баруун хацар, шанаа, дух баруун чихний ард зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь А /II/ бүлгийн цустай байна...” /хх-41-42/,
Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 660 дугаартай дүгнэлтэд “...уг хэрэг учрал болсон газар нь нийтийн хэрэгцээний замд болоогүй, нийтийн хэрэгцээний бус хувь хүний эзэмшлийн хашаанд гарсан тухайн тохиолдлын хувьд жолоочид хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл гэж авч үзэхгүй... болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон үйл явдал болсон байх үндэслэлтэй байна... амиа алдсан Х.Сүхбат нь замын хөдөлгөөнд оролцоогүй тул замын хөдөлгөөн дүрэм зөрчсөн үйлдэл гаргаагүй болно... 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг асран хамгаалагчид үүрэг болгосон байх боловч тухайн айлын хашаанд доторх газар нь нийтийн хэрэгцээний замд хамаарахгүй тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөн гэж үзэхгүй...” /хх-62-63/ гэх дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-22-23/, Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт /хх-67-70/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-114/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоол /хх-103-108/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Прокуророос Д.Цэрэнпилд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Д.Цэрэнпилийн урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Цэрэнпилийн биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба хуульд нийцжээ.
Анхан шатны шүүхээс Д.Цэрэнпилд хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал болон гэм бурууд нь тохирсон байх тул ялтны өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон миний үйлчлүүлэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж Д.Цэрэнпилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын хэмжээг нь багасгаж өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Д.Цэрэнпил нь автомашинаар бусдыг дайрч, амь насыг хохироосон боловч энэхүү гэмт хэрэг нийтийн зориулалттай автомашины замд бус иргэдийн эзэмшлийн газар, талбайд үйлдэгдсэн, субъектив зорилго, гэм буруугийн хэлбэрийн хувьд хайхрамжгүй хандсан үйлдэл байх тул бусдыг болгоомжгүй алсан гэж үзсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Цэрэнпилийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.МЯГМАРЖАВ